Tuesday, March 31, 2009

О.Цогт-Очир "Од ярьж байна"

(үргэлжлэл-1)

МӨНГӨН ТОВЧ

Дотоод явдлын яамны . . дугаар хэлтсийн даргын албан тасалгаанд тагнуулын нэгэн чухал арга ажиллагааны тухай яриа болж хэлтсийн дарга хурандаа Дугаржав, тасгийн дарга ахмад Дондог, ахлах дэчлэгч Содов нар оролцов.
Дугаржав бол анхны чекист бөгөөд ажил хэрэг, ёс горимыг чанад сахиж ухаалаг тэвчээртэй ажилладаг нэр бүхий даргын нэг. Ажилд амжилт байвч тэр овойдоггүй. Тийм ч байх ёстой гэж үзнэ. Би юу гавих вэ? Манай нөхөд л юу гэж үзэх бол гээд тэдний саналыг харгалзах дуртай.
Өтгөн хар халимагаа ар тийшээ үл ялих хэлтгий самнасан нь ширхэг нийлэн толийно. Түүний нүүр өргөн дугуйдуу хэрнээ нимгэн шарамгай, намба төрхөөрөө нэг л нүдэнд дулаан. Хүзүү нь богиновтор боловч хүзүү гоолиг, ярих үедээ гараа аяархан зангана. Түвэгтэй асуудлыг шийдэх болохоороо хөмсгөө хөдөлгөн, нүдээ эргэлдүүлж, толгойгоо хоёр тийш үл мэдэг гилжийлгэнэ. Ямар ч үед дуугаа өндөр болгодоггүй, намуун эвжхэн ярьдаг атлаа онцлог юм бүхэнд хүний анхаарлыг татах содон аргатай. Хүмүүсийн санал өөрийн нь санасан зүйлтэй нийлбэл толгойгоо үл мэдэг дохин жуумалзаж сууна. Хэрэв зөрсөн санал гарвал цаасан дээр юм хурдан гэгч бичиж доогуур нь зурж дөрвөлжин гурвалжин тэмдэг буюу үсэг тавьж, үзгээ хуруундаа эмрэн эргэлдүүлэх нь тал бүрээс нь тунгааж байгаагийн шинж ажээ.
- Бүргэдийн бие засрал олохгүй насан өөд болов гэж /Лам/-аас ирэв гэж ахмад илтгэхэд хурандаа гүнээ шүүрс алдсанаа,
- Ээ хөөрхий тэгээ юу. Тоогүй юм болж. Өдий наслахдаа ёстой л уулын бүргэд шиг байж самуурайнхныг /гутал дотор хөл хөдлөхий нь анддаггүй/ соргог харж Монгол Улсынхаа энх амгалангийн төлөө бие сэтгэлээ хайргүй өгсөн хүний нэг юмсан. Бид Бүргэд шиг шинэ бүргэдийг олж уламжлуулах ажлаа яаравчлан хийх хэрэгтэй гэхэд ахмад өндөсхийн,
- Мөнгөн товч яав гэдэг сонин байна. Үүнийг мэдэх нь чухал, Бүргэд амьд сэрүүн ахуйдаа өөрийн ганц хүү Баатарыгаа Монголын төлөө ажиллах сэтгэлтэй болгох гэж санаа тавин хичээсэн хүн.
Баатар бол багаасаа хошууны сургууль, Японы мэдлийн Наран сарны хороо гэдэг сургуулийг Жамбийд төгссөн. Японыхонд нилээд итгэл олсон залуу байгаа. Бүргэд хүүгийнхээ тухай манайд ирүүлж байсан бичиг баримтаас үзэхэд зан араншин төлөв, үг цөөн хянамгай янзтай, өөрийн сонсож мэдсэн зүйлээ хүнд яриад байгаа нь ажиглагдаагүй. Намайг ийш тийш явж суухыг битүүхэн ажиглаж харж суудаг бол уу. Нэг удаа /Бадарчин/ айл сураглаж манайд ирээд би түүнтэй угсраатай тэргэний дэргэд юм ярилцсан байхыг ажигласан байв. Дараа нь
- Энэ муу бадарчинтай аав юу ярив. Бадарчингууд чинь тун муу мөсний хүмүүс байдаг болсон гэдэг шүү гэж хүү Баатар надад хэлсэн, ямар учиртай хэлснийг бүү мэд. Би, Бадарчин яахав номын мөр хөөсөн ядуу амьтад баруун хошуугаар цаг агаарын байдал ямар байгааг асуусан юм. Тэгсэн чинь Баруун хошуунд нарангууд цэрэг татаж байна гэнэ гэхэд,
- Цэргээр яах гээд байгаа юм бэ? Энд байгаа тэдний цэргүүдийн тоо цөөдөөд байгаа хэрэг үү! гэж тоожиргүй хэлээд гэртээ орсон.
Маргааш нь би хүүтэйгээ нэг шалтаг гаргаж жаал зугаа юм ярилцав. Би зориуд нарангууд бидний хань нөхөр бус. Тэд хомсхон аралдаа амьдарч чадахгүй манай газар оронг эзэлсэн юм. Гаргах заль мэхийг нь хар ухаанаар мэдэхэд бэрх. Харин манай Ар Монгол улс бол бидний яс, махны яах аргагүй тасархай болохоор нааш харвал бид жаргал үзэж болох юм гэхэд Баатар хариу юу ч дуугарсангүй бодлогширонгуй байсан. Би бодохдоо хүү маань миний бодлыг ойлгоод харин дотроо зөвшөөрч байгаа бол уу гэж санасан. Миний сэтгэл ганц зовох зүйл нь намайг насан эцэс болсны хойно ганц хүү маань Японы гар хөл болчих вий гэж айдаг явдал билээ.
Гэвч би та бүхний цэцэн ухаан сайн авралд бүрэн багтаж байгаа болохоор юм бүхэн миний бодсончлон сайхан бүтнэ хэмээн итгэж байна гэж бичсэн нь энэ гээд шарлангуй хуудастай мэдээг хурандаа өгөв.
- Баатарын тухай өөрч мэдээ бий. Тэр, япон хэл сайн сурсан тул японыхон найдлага тавьж байгаа. Ямар ч гэсэн сургууль төгсөөд нууц албанд очуулах бодолтой илтгэсэн. Бүргэд хашир хүн алдаагүй. Бидний заавраар болгосон юм. Эх орныхоо төлөө гэх сайхан сэтгэлийг Баатарын сэтгэл зүрхэнд шингээх гэж Бүргэд их зүтгэсэн. Үрдээ итгэхгүй хүн хаа байх вэ? гэлээ ч Баатарын өсөж торнисон нөхцөл тун онцлог болохоор хэцүү байсан нь лав. /Эх орныхоо төлөө та зөв шийд гаргаарай. Баатар чинь арай та биш шүү/ гэхэд / Тиймээ гэвч би хүүгээ мэднэ. Түүнд эх орон газар шорооноос үнэтэй зүйлгүй/ гэж Бүргэд хэлсэн байна. /Бүргэд/ Баатарт мөнгөн товчоо өгсөн бололтой. Тийм мэдээ өчигдөр ирсэн нь бидний бодлыг улам лавшруулав. Яаравчлах хэрэгтэй. Ахмадын боловсруулсан төлөвлөгөө зүйтэй болжээ. Өөрийн зорьсныг Од дүүрэн биелүүлнэ гэж итгэж байна. /Шарга уул/ гэгч мундаг юм хийх гэж байгаа Жанчхүүгийн тагнуулынхантай бид өрсөөд өөдөөс нь сөрөхөд хожоогоо муугүй авна гэж үзэх үндэс бий гэж хурандааг өгүүлэхэд ахмад залган авч,
- /Од/-той тагнуулын холбоо барих ёстой. /Мөнгөн товч/ олдоно бий. /Од/-д мөнгөн товчоо олоод зүүчих гэх үү? гэхэд
- Тэг ! тэг! Мөнгөн товчны шинэ эзэн хүний үрүү? өөрийн үр үү? Гэдэг асуултанд би манай эх орны төрүүлсэн үр гээд хариулах гээд байгаа юм шүү гэж хэлээд хурандаа өргөн цагаан шүдээ ярс хийлгэн инээв.

***

Балжирын бие хүндээр өвчилснөөс хойш хоёр сар өнгөрч, дээрдэх төлөвгүй байв. Лам нараас эм тан залж уривч тусыг эс олж, зөвхөн ирээдүйн чухал нэгэн хэргийг хүү Баатарынхаа хувь тавилантай холбон цаг мөчгүй бодлогошрон элдвийг эргэцүүлэх нь шаналан зовохын нэг шалтгаан болсоор аж. Тэр, Жамбын сургуулийг дуусгаж хэзээ хэзээгүй ирэх болсон хүүгээ хүлээн амьд сэрүүндээ уулзахын мөрөөдөл болж байжээ.
Баатар ашиггүй ирж хүсэл болсон хүүтэйгээ амьд уулзсандаа Балжир тэсгэлгүй баярлав. Сүүлийн хэдэн хоног дэрнээс толгой өндийлгөлгүй байснаа харин овоо сэргэж Баатартай энэ тэрийг хүүрнэнэ.
- Баатар аа, миний дэргэд бай. Цаадуулаа жаахан амраа, олон шөнө миний дэргэдээс салаагүй шүү гэж ядмагхан дуугарахад хүү нь сэтгэл зовнингуй янзтай
- Тэд зүүн гэрт орцгоосон. Би ганцаараа байна гэв.
- Миний хүү наашаа ойрт. Аав нь чамд хэлэх юм байна. Энэ хэлэх үгийг сонсоод яах билээ гэж сэтгэл зовсны хэрэггүй.
Эр хүн түмний тусын тулд төрсөн бие сэтгэлээ зориулахгүй бол цулгуй болдог. Би ингэж бодож зүтгэж явсан чи нас залуу ч гэсэн ухаан сууж яваа эр хүн. Төр улс түмэн ардын үйл хэргийн тухай одоо сэтгэж боддог цаг гээд дэрнийхээ дор эвхэж хийсэн цэнхэр торгон хүрмийг гарган өгч:
- Үүний суганд хадаастай мөнгөн товчийг ханзлан авч далд хий гэхэд Баатар нилээд гайхсан ч гэсэн аавын хэлснийг ёсоор болгов.
- Би Ар монголын ард хүн гэж үгээ эхлэн Баатарын нүүрийг ширтэх нь хүүгээ энэ үгийг сонсоод яах бол гэсэн байдал ил.Баатар ийм үг сонсоод цочирдон гайхсан байдал түүний царайд илэрсэнгүй.
- Би Ар монголоос нэгэн мянга есөн зуун гучаад онд ээжтэй чинь цуг чамайг дагуулан энд ирж амьдарсан бид хоёр төрсөн газар шороо, ах дүүгээсээ уйдаад зугтааж ирээгүй юм. Монгол Ардын Хувьсгалт Нам, эх орон минь надад даалгавар өгч явуулсан. Би түүнийг биелүүлэхийн төлөө амьд явах энэхэн насан турш зүтгэв гэж хэлэх зуур, аз хийморь сэргэн намирсан алтан соёмбот аранзал далбаа эв элхэн харагдах шиг болж, нутгаасаа гарахын өмнө ардын хувьсгалын таван жилийн ойн эх наадамд хүндтэй оролцон хязгааргүй баяр баясгалангаар бялхаж байсан төгс сайхан учрал сэтгэлд нь тод санагдахад өөрийн эрхгүй нүдний нулимс бүрхэв. Тэр нулимсаа арчснаа,
- Чи, аавынхаа яаж амьдарч, аж төрж байсныг одоо эргэн санаж байхад бүх зүйл ойлгогдох байх. Өөрийн зүрх сэтгэлдээ бодож явсан зүйлээ аав чинь чамайг юмны учир ойлгодог болсон цагаас хэлж байсныг хүү минь эрх биш эргэцүүлэн бодоорой. Наран, наран гээд байгаа улс чинь Монгол туургатны төрлийн хүмүүс бишээ. Бид өөртөө нартай, тэнгэртэй улс шүү. Тэд чинь, чиг мөрөөрөө байгаа биднийг хооронд нь эвдрүүлж залуус та нарыг хүн алахад сургаж, илүү дутууг цөлбөж байна. Өвөрмонголын олон угсаатныг баллах гэж ирсэн. Эндэхийн ноёдыг айлгаж хуурч, цорвожсон морьтой адил номхон болгосон. Одоо Ар, Өвөрмонголын хооронд яс хаяж бие биеий нь уралцуулан хөнөөж, өөрсдөө сэм ард нь газар нутгийг эзлэн суух гэсэн муу санаа өвөрлөөд байгаа юм. Хүү минь дотроо бодолтой яв. Эдний сумны зэв болбол төрсөн эцэг, түмэн олны нэрд муухай. Эцэс хойддоо нүүр хийх газаргүй олны зэвшиг болно гээд тамирдсандаа болоод нүдээ анив. Баатарт тун их гайхах, бас тэгээд бахархах сэтгэл төржээ. Аавынхаа ийм цэцэн цэлмэг үгэнд биширч түүний саяны хэлсэн үгэнд ер бусын далдын хүчин зүйлс оршиж байгаа мэт санагдана. /Аав ямар хүн бэ? Хэдэн малаа нааш цааш болгож амьдарч байсан хүн. Аавд гойд юм юу байв? Худалдаа арилжаагаар ийш тийш олонтоо явдаг. Энд тэнд танил ихтэй болохоор өр авлагатай хүмүүс зөндөө л ирдэг байсан. Бадарчингуудтай хүртэл газрын хаанаас танил болчихсон юм бэ? Бас сүйд болно гээч. Хүнийг дээр доор гэж ялгахгүй. Итгэмтгий хүн байж дээ. Аав надад нэг ширхэг мөнгөн товч өгсний учир юу вэ?/ гэж энэхэн хором бодож амжив.
Олон сар өвчинд нэрвэгдэн хэвтэрт ядарсан хүний дуу ямар олигтой байх билээ. Аав нь нүдээ нээж Баатар өөд харснаа дуулдах төдий,
- Энэ товч чамд хэрэгтэй болно. Өрөөснийг миний дотны ачлалт нөхөр чамд өгөх бий. Хүү минь тэр хүнтэй эрт орой хэзээ нэгэн цагт уулзана. Тэр хүний хүсснийг заавал биелүүлж сайн нөхрийн ёсоор тусалж яваарай. /Аврагч дээдэст танигдан хайрлагдвал асар холоос боловч өршөөн тэтгэдэг/ гэдэг юм. Бүх учрыг тэр хүн хэлэх болно. Хэнд ч хэлдэггүй үгээ чамд хэлэв. Хаяж гээв дээ хүн үзэхгүй газар хадгал. . ..хэнд ч... . ламд ч. . . / гээд амьсгаа хураав. Дахин юу ч өгүүлсэнгүй. Баатар аавыгаа юу хэлэх бол гэсэн янзтай сууснаа учрыг мэдэж нулимс гүйлгэнүүлэн гэрээс гарчээ.

***

Аавыгаа хөдөөлүүлснээс нэг хоногийн хойно нэгэн өдөр хана түшин суусан Баатар энэ мөнгөн товчинд ямар нэгэн тайлагдах утга учир бий нь лав. Аав энэ товчийг хүнээс нууж надад өгсөн, бас цаашид ч нуу гэсэн нь далдын эгзэгтэй том явдал байгаа байх. Ямар ч байсан сайн нөхөд таарна гэдэгт итгэж явахаас биш алалдах дайсан таарахгүй биз. Аав, Японыхонд хэзээний дургүй юм чинь. Харин намайг сургуульд явуулахыг хориогүй. /Аугаа хүчин бага боловч билэг сайн болбол асар хүчит дайсанд ч үл дийлд юу/ гэдэг эртний сургаал бий гэж бодохын сацуу/аав ямар хүн бэ ? хэмээх бодол сэтгэлээс гарахгүй үүнд л хариу авах юмсан гэсэн хүсэл оргилсоор ажээ.
- Аав ямар хүн бэ? гэж ээжээсээ гэнэт асуув. Ээж нь юу гэсэн үг вэ? Гэж түгдэрсхийн зөөлөн хэлсний дуугүй сууснаа.
- Ар халхынх, чамайг бага байхад энд бид хоёр ирсэн юм. Түүнийг зөвхөн би мэднэ. Өөр хэн ч эдэхгүй. Одоо чи мэдлээ. Харин ямар хүн бэ гэдгийг хэлж мэдэхгүй. Хүний мөсөөр сайн. Зөв гэсэн юмандаа амь хайрлахгүй явдаг хүн байсандаа гэж хэлээд энэ тэрийг гар хурууны үзүүрээр оролдон уух нь/өөр юу ч хэлэхгүй/ гэсэн шиг Баатарт санагдахад өөрийгөө манан дунд сүүдийх өнчин ганц хайлаас мэт зүйрлэх бөлгөө.
Баатар, аав ээжийн хэлсэн үг болон хориод нас хүртлээ нүдэнд үзэгдсэн чихэнд сонсогдсон бүхнийг сэргээн эвдүүлж оньсого тайлах лугаа адил гүн бодолд автах ажгуу.
- Ээж нь юм мартахыг яана. Өчигдөр зүүн хошууны нэгэн хүн сүм ороод ирэхдээ авга ах лам чамайг ирж уулз гэж хэлүүлсэн байна. Явахынхаа өмнө очиж уулзвал дээр гэж,
- За нөгөөдөр явъя. Би мөд ирэхгүй ч байж мэднэ гэв.
Авга ах лам хурал хурах дургүй болохоороо үүрэг үүрээд сүм хийд дамжаад гүйчихдэг сонин хүн. Энэ хийдүүдийн уншлагатай сайн лам нар бараг л танидаг. Нэг ёсондоо ном эрдмээрээ гайхагдсан гэнэ лээ гэж бодох зуур /Ар халхын/ гэсэн аав, ээжийн үг байн байн сэтгэлд орж /одоо манай эндхийн лам нар гэж болохгүй, Нарангийнхан үүнийг мэдсэн бол намайг сургуульд авахгүй байсан биз. Хэн ч мэдэхгүй болохоор одоо тэр чигээрээ үлдэж дээ /гэж бодов.

No comments:

: