Wednesday, March 25, 2009

Монгол: Зүүн Ази дахь Энэтхэгийн түнш гэнээ

Шинэ Дели хотын Батлан Хамгаалахын шинжилгээ, судалгааны институтын судлаач П. Стобданы манай порталд ирүүлсэн өгүүллийг толилуулж байна.


Монгол Улсын Ерөнхий Сайд Намбарын Энхбаярын Энэтхэгт хийсэн саяхны айлчлал мэдээллийн хэрэгслийн анхааралд төдийлөн өртөлгүй өнгөрсөн байж болох ч Зүүн Хойт Азийн бүс нутаг дахь Энэтхэг Улсын эрх ашгийн хувьд онцгой ач холбогдолтой юм.
Монгол Улс Хятад-Оросын уламжлалт зөрчилдөөнөөс ашиг, хонжоо олохоос татгалзахын хамт олон улсын өнөөгийн өөрчлөгдсөн дэг журамд илүү бие даасан үүрэг гүйцэтгэдэг болохыг зорьж байна. Монгол Улс Зөвлөлтийн ивээлд багтагчийн дүр төрхөөс татгалзаад багагүй хугацаа өнгөрч, одоо Азийн ардчилал эрчимтэй хөгжиж буй орнуудын нэгд тооцогдох болов. Хэдийгээр өөр гарцгүй, эх газрын түгжигдмэл орны (Энэтхэгийн газар нутгийн хагастай тэнцэнэ) хувьд Хятад-Оросын хүчин зүйлээр улс, орныхоо хэрэг явдлыг шийдвэрлүүлэхээс зайлсхийх нь амаргүй ч Монгол Улс гадаад бодлогодоо АНУ, Энэтхэг хоёрыг “гурав дахь хүчин зүйл” гэж тодорхойлон тунхаглаж чадсан юм.
Н.Энхбаяр пост-коммунист Монголын ирээдүйн хувь заяаг шинээр тодорхойлоход Буддын шашныг нэг хүчин зүйл болгон чадварлагаар ашигласан байна. Өнөөдөр Монгол Улс хүрсэн амжилтаараа олон улсын хэмжээнд парламентат ёсны ардчиллын тод, томруун жишээ гэж зүй ёсоор тооцогдож байна. Ерөнхийлөгч Буш хүртэл ардчиллын талаар саявтархан хэлсэн үгэндээ хүйтэн дайны дараа үед чөлөөт нийгэм байгуулж буй цөөн орны тоонд Монголыг оруулан дурсахаа мартсангүй.
Үнэндээ АНУ Монгол (дэлхийн түүхийн газар зүйн төв цэг)-ыг Азийн улс төрийн уур амьсгалыг зөөлрүүлэхэд Оуэн Латтиморын хэлсэнчлэн гол түшиц цэг болохын нь хувьд дахин шинээр нээж байгаа билээ. Өнөөгийн өөрчлөгдсөн нөхцөл байдалд Монгол, АНУ-ын аль аль нь Хятадтай харилцах стратегийн асуудалд харилцан ашигтай ашиг сонирхол бий болгохыг зорьж байна. Монгол АНУ-ыг эзэн бус түнш гэж үзэн, Хятадад илүү стратегийн нөлөө үзүүлэх замаар Вашингтонтой түншлэхийг хүсч байна. АНУ Хятадын эдийн засгийн амжилтад нэмэр хандив оруулж байгаа хэдий ч стратегийн талаар нөлөө үзүүлж чадахгүй байгаа билээ. Вашингтон Хойт Солонгосын хямралын хувьд мөн Монголын гүйцэтгэх үүрэгт үүнээс дутуугүй ач холбогдол өгдөг. Гайхалтай нь, Монголын цэргийн багавтар хэсэг Иракт америкийн хүчний хамт байрлаж байгаа. Харин бүр 12-р зуунд Чингис Хааны Монголын Энх (Pax Mongolica)-ийн үед монгол цэрэг Багдад хүрч байсан нь гайхалтай зүйл биш байв.
Хятадын хувьд бол Монгол-АНУ-ын энэхүү дотносол “үндэсний цөөнхийн нь асуудал”-д нөлөөлөх зүйл хэмээн тавгүйтдэг. Үйл явдлын өрнөлийг харахад АНУ хил, хязгаарын дагуу Монгол угсаатны угийн хэлхээ холбоог бэхжүүлэхийг дэмжих бололтой. Америкчуудын хийсэн нэгэн үнэлгээгээр бол Хятадын эзлэн түрэмгийллийн сэтгэл зүйн дарамт төвдүүд, уйгарчуудад гэхээсээ монголчуудад илүү хүнд тусдаг гэжээ. Тусгаар тогтносон Монгол Улс хөрш, зэргэлдээ байх нь Өвөрмонголд үндэсний үзлийг тэтгэн, бусад үндэстний цөөнхөд улам эрчтэй нөлөөлөх болно.
Энэ бүхэн Хятад нь Оросын оронд Монголын эдийн засгийн түнш болж буй нөхцөл байдалд үргэлжилж байна. Монгол, Хятадын худалдааны нийт эргэлт 1989 онд 24 сая ам. доллар байсан бол 2000 онд 300 сая болж өсчээ. Өрнөдийн болон олон улсын байгууллагуудын санамсаргүй үйл ажиллагаа Хятадын нөлөөг Монголд өсгөхөд дэм болсон байж магадгүй гэж эдийн засагчид, шинжээчид үздэг. Монголын чөлөөт зах зээлийн бодлого нь Хятадын компаниуд Монголын эдийн засаг, өмч хөрөнгийн уралдаант шалгаруулалтад орох зэргээр өөрийн болгож авах тааламжтай нөхцлийг бүрдүүлсэн мэт харагддаг. Олон шинжээчдийн үздэгээр тэд колоничлолын үеийн гэлтэй эдийн засгийн харилцаа улам газар авч байгаад буюу Монгол Улс түүхий эдээ экспортлож, оронд нь Хятадын гүйцэт боловсруулсан бүтээгдэхүүнийг импортлон авснаар Чин Улсын мөлжлөг, ноёрхлын үе (1644-1911он )-д Монгол Хятадад тусгаар тогтнолоо алдаж байсан урьдын алдаагаа давтаж байгаад санаа зовж байгаа байдал ажиглагддаг.
Урьдын харилцаагаа түр завсарлаад байсан Орос Улс Монголын аюулгүй байдлын талаар дуугарч эхэллээ. Хоёр тал дээд хэмжээний сүүлийн үеийн уулзалтуудаасаа хойш уламжлалт дотно холбоогоо сэргээх гэсэн байдалтай байна. ЗХУ-аас хөндийрснөөс хойш шийдвэрлэгдэхгүй байсаар өнөөг хүрсэн Монголын ЗХУ-д төлөх өрийн асуудлыг хоёр тал шийдвэрлэж чадав. Москва 11 тэрбум гаруй рублийн өрийн 98 хувийг тэглэснийг Зүүн Хойт Азийн стратегийн цогц байдалд гарсан өөрчлөлттэй холбож үзвэл зохино. ЗХУ-ын уналтаар төгсгөл болсон урьдын аюулгүй байдлын тухай хэлэлцээрийг сэргээх Монголын саналд Орос Улс төдийлөн уриалгахан хандаагүй. Оросын Гадаад Яамны сайдын Улаанбаатарт хийсэн саяхны айлчлалаас хойш хоёр улс цэргийн идэвхтэй холбоог сэргээхийг зорьж байна. Мөн Орос Улс Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага (ШХАБ) дахь Монголын ашиг, сонирхлыг хамгаалан дэмжсэн нь сонирхолтой. Бээжинд нэгдүгээр сарын 15-нд болсон ШХАБ-ын сайд нарын хэмжээний уулзалтад Монгол Улс анх удаа оролцов.
Энэтхэг Улс өөрийн зүгээс Монголтой хөгжүүлж ирсэн соёлын харилцаагаа стратегийн төвшинд гаргах ажлыг амжуулсан бололтой. Зуршил болсон нэг маягийн уриалгаас татгалзсанаараа Энэтхэг-Монголын сүүлчийн хамтарсан мэдэгдэл нь Энэтхэгийн бодлогыг Өмнөд Азиас цааш өргөтгөхөд шаардлагатай байгаа зарим ноцтой асуудлуудыг тусгасан байна. Д.Литт, Н.Энхбаяр нар ардчилал, Буддизмийг дэлгэрүүлэхийн ач холбогдлыг хэлэлцэн ярилцсан нь сайтар бодож, боловсруулсан дипломат алхам байв. Н.Энхбаярын айлчлал Бурхан Буддагийн эх оронд Монголын Бурхны шашны анхны хийдийн суурийг тавьснаараа түүхийн нэгэн шинэ үеийн эхлэлийг тэмдэглэв. Энэ нь хоёр орны харилцаанд улс төр, соёлын өндөр ач холбогдолтой үйл явдал мөн. Сансрын шинжлэх ухаан, биотехнологийн салбарт хамтран ажиллах хэлэлцээр хийсэн нь мөн үүний нэгэн адил ач холбогдолтой. Одоогоор гайгүй тодорхой болоод байгаа хэтийн бодлогоо Энэтхэг Улс цаашид тууштай баримтлах нөхцөлд Монгол Улс Энэхэгт стратеги болон эдийн засгийн талаар ихээхэн тустай байх болно. Энэтхэг Улс, Монгол Улсын Үндэсний Аюулгүйн Зөвлөлийн хооронд ажил хэргийн тогтмол уулзалт, зөвлөгөөн хийх тухай хэлэлцээрт хоёр улс гарын үсэг зурсан явдал бий болсон таатай боломжийг бүрэн , дүүрэн ашиглах замыг засах учиртай.


Шинэ Дели хотын Батлан Хамгаалахын шинжилгээ, судалгааны институтын судлаач П.Стобдан
Орчуулсан Ш.Цог

No comments:

: