Tuesday, March 24, 2009

Боснийн дайны түүхээс


Дэлхийн томоохон иргэнш лүүдийн цуст хилд хуучны Югослав улс оршиж байлаа. Гол түвшинд Хорватад Хорватын засгийн газар хорватын сербиудын эсрэг, Босни- Герцег овинд Боснийн засгийн газар нь Боснийн хорватчууд болон Боснийн сербиудын эсрэг, мөн нөгөөдүүл нь өөр хоорондоо байлджээ.
Хоёрдахь түвшинд Сербийн засгийн газар боснийн болон хорватын сербиудээ дэмжиж Аугаа Их Сербийн үзэл санааг тунхагласан ба Хорватын засгийн газар, Боснийн хорватчуудаа дэмжихээр Аугаа Хорват гэгчийг уриалав.
Гуравдахь түвшинд их иргэншлүүд уулзалдаж түүнд Герман, Австри, Ватикан, европын бусад католик улсууд болон бүлгүүд, цаашлаад АНУ Хорватын нэрийн өмнөөс, Орос, Грек, бусад үнэн алдартны улс, бүлгүүд Сербийн талд, Иран, Саудын Араб, Турк, Ливи, лалын интернационал болон лалын орнууд ерөнхийдөө Боснийн мусульманчуудын талд татагдан орсон байлаа. Эдний сүүлчийнх нь АНУ-аас универсал загварынх нь дагуу, иргэншлийн бус шугамаар дэмжлэг авсан нь нөгөө талаараа холбоотон нь холбоотондоо тусалсан хэрэг байлаа. Герман дахь хорватын, Турк лэх Боснийн элэг нэгтнүүд эх нутгаа хамгаалахаар очицгоов. Гурван талын аль алины шашин сүм хийд, шашны бүлгүүд идэвхтэй оролцов.
Адаглаад л Герман, Турк, Орос, АНУ-ын засгийн газрын үйлдэл нь эдгээр орны олон нийтийн санаа бодлоос нэлээд хэмжээгээр хамаарч байв. Мөргөлдөөний хоёрдах, гуравдахь оролцогчдын дэмжлэг дайны явцад чухал үүрэгтэй байсан ба мөн дайныг зогсооход чухал үүрэг гүйцэтгэв. Хорват, Сербийн засгийн газрууд өөр бүгд найрамдах улсуудад байлдаж буй хорват, сербиудад зэр зэвсэг, хүнс, санхүүгийн дэмжлэг үзүүлж, тэдэнд орогнол олгож, заримдаа зэвсэгт хүчнээрээ хангаж байлаа. Мөнгө, зэвсэг, хүнс, цэргийн сургалт, улс төр, дипломатын дэмжлэгийн хэлбэрээр иргэшил нэгт ахан дүүсээсээ серби, хорват, босничууд бүгд хангалттай дэмжлэг хүртжээ.
Үндсэрхэг үзэлдээ хэт даварсан, шаардлагаасаа ухарч няцахгүй улайрсан, зорилгодоо хүрэхийн тулд харгислалаас буцахааргүй байдлаараа засгийн газрын бус хорват, сербиуд ялгарч байлаа.
Анх Словени, Хорват хоёр улс тусгаар тогтнолын төлөө анхлан хөдөлж Баруун европын орнуудаас дэмжлэг хүссэнээр 1991 онд Югославын задрал эхэлсэн. Өрнийхний хариултыг Герман тодорхойлж, харин Германы тэр хариултыг католик шашны хэлхээ холбоо нь голлон тодорхойлсон юм. Католик сүмийн иерархи болон эрх баригч эвслийн түнш-Баварийн Христосын нийгмийн холбоо, *Франкфуртер альгемайне цайтунг* болон бусад олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл Боннын засгийн газрыг шахав. Ялангуяа Хорват, Словенийг хүлээн зөвшөөрөх асуудлаар германы олон нийтийн санал бодол төлөвшихөд баварын хэвлэл мэдээллийн хэрэгсэл шийдвэрлэх үүрэг гүйцэтгэжээ.
Флора Льюисын тэмдэглэснээр *дайн яг эхлээд байх үед Баварын консерватив засгийн газар, баварын католик сүм хийдийн /хорватын сүм хийдтэй холбоотой/ нөлөөн дор ажилладаг баварын телевиз нийт Герман даяар мэдээ сурвалжлагаа цацаж, үйл явдлыг хэтэрхий таамаглан мэдээлж байв.
Германы засгийн газар замын дунд тээнэгэлзэж хүлээн зөвшөөрөх хүсэлтийг шийдэж ядан байсан ч германы олон нийтийн шахалтыг бодолцон өөр сонголт үгүй болсныг ухаарчээ. Ийнхүү Хорватыг хүлээн зөвшөөрөхдөө Герман улс засгийн газрынхаа бус харин олон нийтийн шахалтын дор шийдвэрээ гаргажээ. Ингээд Словени, Хорватын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлэхээр Герман европын холбоог шахаж, үүнийгээ баталгаажуулсны дараа 1991 оны 12 сард Европын холбоо хүлээн зөвшөөрөхөөс нь өмнө өөрөө өрсөж хүлээн зөвшөөрөхөөр яаравчлав. 1995 онд Германы нэгэн судлаачын хэлснээр *Бүх мөргөлдөөний туршид Хорват түүний удирдагч Франьо Тужманыг Германы гадаад бодлогын ивээгдэгч гэж үзэж байсан ба түүний ойворгон ташаа үйлдлүүд бухимдал төрүүлдэг байсан ч тэр урьдын адил Германы дэмжлэгт найдаж болохоор байлаа. Австри, Итали улсууд 2 шинэ төрт улсыг хүлээн зөвшөөрөхөөр тэр даруй хөдөлж, тэдний жишээгээр өрнийн бусад улсууд, тэр дундаа АНУ яаравчилсан юм. Энд Ватикан ч мөн гол үүрэг гүйцэтгэсэн. Пап лам Хорватыг Христосын өмөг түшиг болно гэж зарлаад Европын холбооноос өрсөж энэ 2 улстай дипломат харилцаа тогтоохоор яаравчилсан юм. Ингэснээрээ Ватикан мөргөлдөөний нэг оролцогч болсон ба 1994 онд Пап лам 3 БНУ-д айлчлахаар төлөвлөж байх үед үр дагавар нь гарсан юм. Сербийн үнэн алдартны сүм хийд түүнийг Белградад ирүүлэхэд саад учруулж, Сербийн засгийн газар түүний аюулгүй байдлыг хангахаас татгалзсанаас Пап лам Сараевод хийх айлчлалаасаа татгалзжээ. Тэрээр Загребт очиж кардинал Алоизий Септинакийн дурсгалд хүндэтгэл үзүүлэв. Тэрээр дэлхийн 2-р дайны үед серби, цыган, жүүд нарыг хайр найргүй яргалан хөнөөсөн Фашист хорватын дэглэмтэй энэ кардинал нягт холбоотой нэгэн байжээ.
Тусгаар тогтнолоо баталгаажуулсныхаа дараа Хорват нь хуучин Югославын БНУ-уудад зэвсэг нийлүүлэхгүй байх талаар 1991 оны 9-р сард НҮБ-аас тавьсан хоригыг үл хэрэгсэн зэвсэгт хүчнийхээ тоог нэмэгдүүлж хүчээ зузаатгаж эхлэв. Герман, Польш, Унгар, зэрэг европын католик улсууд, мөн Панам, Чили, Боливи гэхчлэн Латин Америкийн орнуудаас Хорват руу зэвсэг урсан орж ирлээ. Дайн 1991 оны хурцдахад Opus Dei ихэнх хэсгийг нь хянадаг испаний зэвсгийн экспорт богино хугацааны дотор 6 дахин өссөн ба тэдгээрийн ихэнх нь Словени болон Хорват руу чиглэж байлаа. 1993 онд Герман, Польшоос Хорват хэд хэдэн МИГ-21 онгоц худалдаж авсныг цаад засгийн газрууд нь мэдэж байлаа. Хорватын батлан хамгаалах хүчинд хэдэн зуу, магадгүй хэдэн мянган сайн дурынхан *Баруун европ, хорватын элэг нэгтнүүд, Зүүн европын католик улсуудаас ирж нийлэн Сербийн коммунизм, лалын фундаментализмын аль алиных нь эсрэг загалмайтны аян дайнд мордоход бэлэн байгаагаа илэрхийлцгээв. Өрнийн орнуудын цэргийн мэргэжилтнүүд техникийн туслалцаа үзүүлэв. Садан төрөл орнуудын зүгээс үзүүлсэн тусламж, дэмжлэгийн ачаар хорватчууд цэргийн хүчээ бэхжүүлэх, сербиуд голлосон Югославын армийн эсрэг сөрөн зогсох чадвартай болжээ.
1995 онд Хорватын арми Сербийн Крайнад довтолж тэнд хэдэн зуунаар амьдарч ирсэн сербиудын хэдэн зуун мянгаар нь хөөхөд өрнийн улсууд нүдээ анин өнгөрөөжээ.Үүнд нь хорватын элэг нэгтнүүд хилийн чанадаас хангалттай тусалжээ. Америк, Баруун Европ дахь чинээлэг хорватчууд зэр зэвсэг худалдан авахад нь мөнгө хандивлаж, АНУ-дахь хорватчуудын нийгэмлэг эх орныхоо эрх ашгийн төлөө Конгресс болон ерөнхийлөгчийг лоббидов. Онцгой чухал үүргийг Герман, Канад, Австрали, АНУ дахь 600 мянган хорватчууд гүйцэтгэж сайн дурынхныг хэдэн зуугаар нь илгээжээ.
1994 онд АНУ Хорватын цэргийн хүчнийг бэхжүүлэх ажилд нэгдэж оров. НҮБ-ын хоригыг илэрхий зөрчсөнийг үл харгалзан АНУ Хорватад цэргийн сургалт явуулж, чөлөөнд гарсан дээд шатны генералуудаа зөвлөгөө өгүүлэхээр илгээв. 1995 онд Крайна руу Хорват довтлоход АНУ, Германы засгийн газрууд ногоон гэрэл асааж өгчээ. Америк маягаар үйлдсэн энэ довтолгоог төлөвлөхөд АНУ-ын цэргийн зөвлөхүүл оролцож хорватчуудын мэдээлснээр америкийн тагнуулын хиймэл дагуулын мэдээг ашиглажээ.
Сербиудын талд үнэн алдартны бүх ертөнц санал нэгтэй нэгдэх үүд хаалгыг Югoславын дайн нээсэн билээ. Оросын үндсэрхэг үзэлтнүүд, армийн офицерууд, парламентийн гишүүд үнэн алдартны сүмийнхэн Сербийг дэмжихээ илэн далангүй мэдэгдэж, Боснийн түрэгүүдийг эрээ цээргүй басамжлан, өрнийн империализм болон НАТО-г зад шүүмжлэв. Орос, сербийн үндсэрхэг үзэлтнүүд өрнийхний дэлхийн шинэ дэг журмыг эсэргүүцэх хөдөлгөөн өрнүүлэхээр хамтран ажиллав. Тэдний үзэл бодлыг Оросын олон нийт үлэмж хуваалцсан бөгөөд 1995 оны зун НАТО-ийн агаарын дайралтыг москвачуудын 60 гаруй хувь нь эсэргүүцсэн байна.
*Слoвян ахан дүүсийнхээ хэрэг явдалд оролцуулахаар Оросын үндсэрхэг бүлгүүд хэд хэдэн гол хотод залуучуудыг амжилттай элсүүлэв. Мэдээлснээр бол өөрсдийнхөө нэрлэсэн фашист-Католик, лалын идэвхтнүүдтэй байлдахаар румын, грекийн сайн дурынхны хамтаар 1 мянга илүү оросууд Сербийн зэвсэгт хүчинд бүртгүүлжээ. 1992 онд Сербийн армийн элит ангиудад оросууд алба хааж, НҮБ-ын илтгэлээс үзвэл орос, грекийн дайчид Жепа дахь НҮБ-ын аюулгүй бүс рүү сербиуд довтлоход оролцсон гэнэ. Хэдийгээр зэвсэг нийлүүлэх дээр хориг тавьсан ч түүнийг үл харгалзан үнэн алдартан нөхөд нь Сербид хэрэгцээт зэвсэг, байлдааны техник нийлүүлсээр байв. 1993 оны эхээр оросын цэргийн болон тагнуулын байгууллагаас 300 сая ам долларын өртөг бүхий Т-55 танк, пуужин, зенитийн удирдлагат пуужин худалджээ. Оросын техникчид Сербид очин дээрх зэвсгүүд дээр сургалт явуулсны дээр өөрсдөө мөн ажиллаж байв.
Үнэн алдартны бусад улсуудаас тухайлбал *хамгийн хичээнгүй* Румын, Болгар мөн Украйн хүртэл Сербид зэвсэг нийлүүлж байв. Үүний сацуу Зүүн Славонид Оросын энхийг сахиулагчид НҮБ-ын хангамжийн барааг сербиуд руу шилжүүлж, Сербийн цэргийн хөдөлгөөнийг хөнгөвчлөн, зэвсэг олоход нь тусалж байв. Эдийн засгийн хоригоос үл хамааран Румыны Тимишоара хотоос шатахуун, бусад бараа хил давуулан хууль бусаар наймаалах зэргээр сербиуд өөрсдийгөө өлхөн аваад явчих боломжтой байлаа. Ийм контрбандыг Грекийн засгийн газрын өөгшүүлснээр Румыны төрийн албан хаагчид зохион байгуулж, эхэндээ Италийн, дараа нь Грекийн компаниудын оролцоотойгоор Албаниас ихээхэн хэмжээний шатахуун, бараа бүтээгдэхүүнийг хулгайгаар хил давуулж байв. Ийнүү хуучин Югославын БНУ-уудын эсрэг тавьсан НҮБ-ын зэвсгийн хоригийн нэгэн адилаар Сербийн эсрэг авсан НҮБ-ын эдийн засгийн хоригыг долларын хахууль, соёл нэгт ахан дүүсээ гэсэн сэтгэлийн энэ хослол элэг доог болгосон юм. Грек улс бүхий л дайны турш НАТО-ын цэргийн үйл ажиллагааг эсэргүүцэж, Сербийг илэрхий дэмжиж байв.
Орос улсын ерөнхийлөгч Б.Ельцины хувьд тэрээр ацан шалаанд ороод байлаа. Нэгд, өрнөдийнхөнтэй тогтоосон ашиг хонжоотой найрсаг харилцаагаа хадгалж үлдэхХоёрт, сөрөг хүчнээ сулруулахын тулд Сербид туслахыг сонгох байв. Б.Ельцин эцэст нь 2 дахь сонголтыг хийж Орос улс дипломатын хувьд сербийг байнга дэмжив. Сербид илүү хатуу эдийн засгийн хориг тавихыг 1993, 1995 онд Оросын засгийн газар шийдвэртэй эсэргүүцэв. Оросын төрийн дум Сербийн эсрэг хориг арга хэмжээг цуцлуулахаар нэгэн дуугаар санал өргөв. Үүний сацуу лалынхны эсрэг зэвсгийн хоригийг чангалах, Хорватын эсрэг эдийн засгийн хориг тавихыг шахав. Сербийн эсрэг хориг арга хэмжээг сулруулах, ингэснээр Сербид өвлийг гэтлэхэд зориулж байгалийн хий нийлүүлэх боломж олгохыг 1993 оны 12-р сард шаардахад АНУ, Англи хориг тавьжээ. НАТО Боснийн сербиудыг бөмбөгдсөнийг Орос улс 1994, 1995 онд эсэргүүцэв.
1995 оны 2-р хагаст Оросын төрийн дум бараг 100 хувийн саналаар бөмбөгдөлтийг эсэргүүцэж, Балканд Оросын ашиг сонирхлыг хамгаалж чадаагүйн учир Оросын гадаад хэргийн сайд Андрей Козыревыг огцруулахыг шаардав. Мөн онд сербиудын эсрэг НАТО-ын геноцидыг /үй олноор нь хөнөөх/ буруушааж, хэрэв бөмбөгдөлт үргэлжилбэл Орос улс НАТО-ынхантай тогтоосон хамтын ажиллагаа, тэр дундаа НАТО-ын Энхийн төлөө түншлэлдээ ороцуулах гэж байгаад нь муугаар нөлөөлж магадгүй гэж ерөнхийлөгч Б.Ельцин анхааруулжээ. Ийнхүү оросууд хуучин Югославын БНУ-уудын эсрэг зэвсгийн хоригыг цуцлахыг тууштай эсэргүүцэн, ялангуяа Боснийн мусульманчуудын эсрэг хоригыг чангаруулахыг санаархав.
НҮБ болон ОУ-ын байгууллагад Сербийн эрх ашгийг хамгаалахын тулд Орос янз бүрийн арга зам, сувгуудыг ашигласан юм. Сербиэс Боснийн серби, Хорватын сербиудад түлш нийлүүлэх талаар лалын орнуудын санаачилсан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолд 1994 оны 12-р сард Орос улс хориг тавив. Угсаатны цэвэрлэгээ сербиуд явуулсныг буруушаасан 1994 оны 4-р сарын НҮБ-ын нэгэн тогтоолд мөн Орос улс хориг тавив. Цэргийн гэмт хэргээр сербиудын эсрэг хэрэг үүсгэх НҮБ-ын яллагчын тушаалд НАТО-ын гишүүн аль нэг орны төлөөлөгч томилохыг Орос саатуулж, Боснийн сербиудын цэргийн командлагч Радко Младичийг цэргийн гэмт хэрэгтнээр ОУ-ын шүүхэд дуудсаныг эсэргүүцэн Младичид Орост орогнохыг санал болгожээ. 1993 оны 9-р сард хуучин Югослав дахь 22 мянган энхийг сахиулагчдын мандатын хугацааг сунгахыг Орос дэмжсэн ба 1995 оны зун дахин 12 мянган энхийг сахиулагчдыг нэмж Сербид оруулах НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолыг эсэргүүцсэн боловч хориг тавиагүй. Крайна дахь сербиудын эсрэг Хорватын довтолгоог буруушааж, уг довтолгоог өрнийн засгийн газрууд таслан зогсоох чадваргүйг шүүмжилжээ.
Хамгийн өргөн хүрээтэй иргэншлийн фронт бол Боснийн мусульманчуудын нэрийн өмнөөс хөдөлсөн лалын ертөнц байлаа. Босничуудын тэмцлийг лалын орнуудад өргөнөөр дэмжиж, улсын болон хувийн янз бүрийн эх сурвалжаас босничуудад тусламж очиж, лалын шашинт орнуудын засгийн газрууд тэр дундаа Иран, Саудын Араб тусламж үзүүлэхээр өрсөлдөн түүгээрээ дамжуулан улстөрийн нөлөөгөө хадгалахаар санаархав. Суннитууд, шийтүүд, фундаменталист, секуляр, арабын, арабын бус гэхчлэн Мароккоос Малайз хүртэлх бүх лалын ертөнц Боснийг дэмжих дээр нэгдэн нягтрав. Хүмүүнлэгийн тусламжаас /1995 онд Саудын Араб 90 сая ам доллар цуглуулсан/ авахуулаад дипломатын дэмжлэг, эсвэл цэргийн томхон тусламж босничуудад лалынхнаас очжээ. Цэргийн тусламж нь бүр хүчирхийллийн хэлбэрээр, тухайлбал 1993 онд Алжирт лалын хэт даврагсад хорват иргэнийг баривчилж хөнөөснөөр илэрч байв. Боснийг дэмжих дээр лалын ертөнц эвлэлдэн нэгдсэнээр дайны явцад үлэмжхэн нөлөөлжээ. Түүнгүйгээр Боснийн төрт улс тэсч үлдэхгүй байлаа. Сербиудын эхний ялалтын дараа алдсан нутаг дэвсгэрээ эргүүлэн авахад нь лалынхны дэмжлэг асар их үүрэг гүйцэтгэжээ. Боснийн нийгмийг лалжуулах, даян дэлхийн лалын ертөнцтэй зиндаархахад нь Боснийн мусульманчуудад иргэншлийн ийм эв нэгдэл үлэмж нөлөөлж, басхүү босничуудын хэрэгцээг хангахад АНУ нааштай хандахад нөлөөлсөн байна.
Лалын засгийн газрууд тусдаа болон хамтдаа Босни дахь шашин нэгт ахан дүүстэйгээ эв санаа нэгтэйгээ байнга илэрхийлж байв. Боснийн мусульманчуудын эсрэг геноцид хийсэн загалмайн шашинт сербиудтэй хийх шашны дайн хэмээн 1992 онд Иран улс анхлан уг дайныг тодорхойлжээ. Фауд Ажамын тэмдэглэснээр ийнхүү санаачилгыг гартаа авсан Иран улс *Боснийн төрт улсыг хүлээн зөвшөөрөх тал дээр анхлан хувь нэмэр оруулснаа нотлон* Турк, Саудын Араб зэрэг лалын шашинт орнуудад үлгэр дууриал үзүүлж тэднийг түлхжээ. Иранаас уламжлан Лалын бага хурлын байгууллага Боснийн асуудлыг анхааралдаа авч, НҮБ-ын Ерөнхий Ассамблей дээр НҮБ-д Боснийн хэрэг явдлыг лоббидох бүлэг байгуулжээ. 1992 оны 8-р сард НҮБ-ын Ерөнхий Ассамблей дээр лалын төлөөлөгчид геноцидыг буруушаагаад, НҮБ-ын дүрмийн 7-р зүйлийн дагуу цэргийн хүчээр хөндлөнгөөс оролцох тогтоолын төслийг Турк улс Лалын бага хурлын байгууллагын нэрийн өмнөөс танилцуулжээ.
Босничуудыг хамгаалах арга хэмжээ авах эцсийн хугацааг лалын орнууд 1993 оны эхээр Өрнийнхөнд тулгаж, хэрэв заасан хугацаанд амжиж хамгаалахгүй бол Боснид зэвсэг зэвсэг нийлүүлэхгүй байх үүргээс чөлөөлөгдлөө гэж үзнэ хэмээн болзол тавьжээ. Боснийн мусульманчуудын аюулгүй байдлыг бүсийг хамгаалах, Сербитэй хиллэх хил дээр хяналт тавих, цэргийн ямарваа хөндлөнгийн оролцоо хийхгүй байхыг заасан өрнийнхөн ба Оросын төлөвлөгөөг Лалын бага хурлын байгууллага буруушаав. Зэвсгийн хоригыг цуцлах, сербийн хилийг хатуу хянах, лалын орнуудын цэргийг энхийг сахиулагчдын бүрэлдэхүүнд оролцуулахыг Лалын бага хурлын байгууллага /ЛБХБ/ хатуу шаардаж байв.
Серби Хорватын түрэмгийллийг буруушааж, зэвсгийн хориг цуцлахыг уриалсан тогтоолыг НҮБ-ын Хүний эрхийн бага хурлаар дараагийн сард нь өрнийнхөн ба Орос татгалзсаныг үл хэрэгсэн батлуулж чадав. Мөн өрнийнхөн саад учруулж байсан ч 1993 оны 7-р сард ЛБХБ-аас НҮБ-ын мэдэлд Иран, Турк, Малайз, Тунис, Пакистан, Бангладешийн 18 мянган энхийг сахиулагчид бүхий корпусыг санал болгов.
АНУ-ын зүгээс Ираныг эсэргүүцэж, сербиуд туркийн цэргийг улайран эсэргүүцэв. Гэвч Туркийн цэрэг 1994 оны зун Боснид ирсэн ба 1995 он гэхэд НҮБ-ын энхийг сахиулагчдын бүрэлдэхүүнд Турк, Пакистан, Индонез, Бангладеш, Малайзын 7 мянган цэрэг орсон байв. 1993 оны 8-р сард Туркийн гадаад хэргийн сайдын ахалсан ЛБХБ-ын төлөөлөгчид Бутрос Бутрос Гали, Уоррен Кристофер нарыг далдуур шахаж ятган сербийн довтолгооноос босничуудыг хамгаалуулахаар НАТО-ын агаарын довтолгоон яаравчлан эхлүүлэхээр санаархав. Өрнийнхөн ингэхээс татгалзсаны улмаас Турк болон НАТО дах түүний түншүүдийн хооронд ноцтой ан цав үүсчээ. Залгуулаад мусульманчуудыг дэмжиж байгаагаа нотлохын тулд Турк, Пакистаны Ерөнхий сайд нар Сараевод дуулиантай айлчлал хийж, Босничуудад цэргийн тусламж үзүүлэх шаардлагаа ЛБХБ дахин давтав.
Сербийн довтолгооноос хамгаалах аюулгүйн бүсийг өрнийхөн хамгаалж чадаагүйн улмаас Турк Боснид цэргийн тусламж үзүүлж Боснийн цэргүүдийг сургах, Малайз НҮБ-ын хоригыг зөрчиж Боснид зэвсэг худалдах үүрэг хүлээх, Арабын нэгдсэн Эмират улс цэргийн болон хүмүүнлэгийн зорилгоор санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр 1995 оны зун хэлэлцэн тохирчээ. НҮБ-ын зэвсгийн хоригыг хүчингүй хэмээн 1995 оны 8-р сард ЛБХБ-ын гишүүн 9 улсын Гадаад хэргийн сайд нар зарлаад Боснид эдийн засгийн тусламж үзүүлэх, Босничуудад зэвсэг нийлүүлэх тогтоолыг 9-р сард нь уг байгууллагын 52 гишүүн улс баталжээ. Лалын бүх ертөнцийн нэгдсэн дэмжлэгийг Боснийн мусульманчуудаас өөр ямар ч асуудал хүлээж байсангүй. Туркийг доргиож байсангүй. Босни нь хэрэг дээрээ 1878 он хүртэл Оттоманы эзэнт гүрний нэг хэсэг байсан ба боснийн цагаачид ба дүрвэгсэд Туркийн хүн амын 5 хувийг бүрдүүлэх болжээ. Турк иргэдийн олонх нь боснийн хэрэг явдалд харамсаж байгаагаа илэрхийлэн босничуудыг хамгаалж чадаагүй өрнийхний бүтэлгүйтэлд дургүйцэж, Туркийн Лалын нийгмийн халамжийн нам гэх сөрөг хүчин нь энэ сэтгэхүйг Засгийн газрынхаа эсрэг ашиглахаа хойш тавьсангүй. Балканы мусульманчуудын өмнө онцгой үүрэг хариуцлага хүлээхээ Засгийн газрын албаны хүмүүс илэрхийлж, боснийн мусульманчуудыг авран хамгаалахын тулд цэргийн интервенц явуулахыг НҮБ-аас байнга шаардаж байлаа. Ер нь лалын ертөнцөөс босничуудад үзүүлсэн гол тусламж нь зэр зэвсэг, зэвсэг авах мөнгө, цэргийн сургалт, сайн дурынхан гэсэн цэргийн тусламж байв.
Дайн эхэлсэн даруйд Боснийн засгийн газар мужахидуудыг урьж нэгэн эх сурвалжийн мэдээлснээр сайн дурынхны тоо 4 мянгад хүрсэн нь Серби, Хорватын талд байлдсан гадаадын иргэдийн тооноос хол давжээ. Тэдний дотор Иран болон Афганистанд дайтагчид олноороо байлаа. Сайн дурынхны нэлээдийг саудын шашны байгууллагууд ивээн тэтгэж байлаа. 1992 оны намар Ливаны шийтүүдийн Хезболла хөдөлгөөний партизанууд Боснийн армийн цэргүүдийг сургахаар очив. Залгаад Ираны Бүгд найрамдах улсаа хамгаалагчид сургалтад нэмэгдэв. Ираны 400 хүний бүрэлдэхүүнтэй отрядад Боснийн хэт даврагч партизаны террорист анги салбаруудыг сурган бэлтгэж байгааг 1994 оны өрнөдийн тагнуулын албад мэдээлжээ. АНУ-ын албаны нэгэн хүн хэлснээр *Иранчууд үүгээрээ европын хамгийн эмзэг газарт нэвтрэх боломж хайжээ*. НҮБ-ын мэдээгээр мужахидууд лалын тусгай бригадад 3000-5000 босничуудыг сургаж бэлтгэжээ. Хэдийгээр мужахидууд орон нутгийн хүн амыг түгшээж, засгийн газарт түвэг учруулж байсан ч Боснийн засгийн газар тэднийг *террорист, хууль бус үйл ажиллагаандаа цохилтын хүч маягаар ашигласан юм.
Тулалдаанд оролцогч гадаадын дайчид Босниг орхин явах үүрэг Дейтоны хэлэлцээрийн заалтын дагуу хүлээсэн боловч зарим дайчдыг үлдэхэд Боснийн засгийн газар тусалж, тэдэнд иргэний харьяалал олгон, ираны дайчдыг нийгмийн ажилтан маягаар авч үлджээ. Боснийн засгийн газар эдэнд ялангуяа Иранд ихээхэн өртэй үлдлээ. Засгийн газар Хорват, Сербиудын эсрэг сөрөн зогсоход хүч хүрэхгүй нь харагдсан. 12 сарын дараа бид гарч явна, харин мужахидууд үлдэхээр санаархана гэж америкийн нэг түшмэл 1996 оны эхээр анхааруулсан байдаг.
1992 онд дайны эхний саруудад Саудын засгийн газрын болон хувь хүмүүс хүмүүнлэгийн зорилго гэх нэрийдлээр 150 сая ам долларыг Босничуудад хандивласны ихэнх нь цэргийн зорилгоор ашиглагджээ. Дайны эхний 2 жилд Босничууд 160 сая ам долларын өртөг бүхий зэр зэвсэг хүлээн авчээ. 1993-1995 онд босничууд зэвсэглэлд зориулж нэмэлт 300 сая ам доллар, хүмүүнлэгийн гэх зорилгоор 500 сая ам доллар Саудын Арабаас хүлээн авсан ба Иран мөн онд цэргийн тусламж үзүүлэх нэг гол эх сурвалж нь байж тэд жил бүр хэдэн зуун сая долларыг зэвсэг худалдан авахад нь зарцуулжээ. Өөр нэгэн мэдээллээс үзвэл дайны эхний жилүүдэд Боснийг чиглэсэн 2 тэрбум ам долларын өртөгтэй зэр зэвсгийн 80-90 хувь нь мусульманчуудад очжээ. Санхүүгийн ийм тусламжийн ачаар босничууд зэвсгийг мянга мянган тонноор нь авах боломжтой болжээ. Тэдэнд очсон зэвсгийн дотор 4 мянган винтов 1 сая сумтайгаа, дараагийн ээлжинд 11 мянган автомат винтов, 30 миномёт, 750 мянган сумны хамтаар, мөн газар-газар ангиллын пуужин, сум галт хэрэгсэл гар буу ачигдан очжээ. Энэ бүх ачааг Иранаас ачуулж илгээсэн байх ба гол нийлүүлэгч Иранаас гадна Малайз, Турк улс зэвсгийн томоохон ханган нийлүүлэгчид нь байв. Зарим зэвсэг нь Босни руу шууд онгоцоор хүргэгдэх боловч зарим нь Хорватаар дамжин агаараар Загребт хүрээд тэндээсээ Босниг чиглэх, зарим нь хуурай газраар, эсвэл Сплит болон Хорватын бусад боомтоор дайрч далайгаар гэхчлэн хөвөрч байлаа. Ийм маршрутаар зэвсэг зөөвөрлөхийг хорватчууд сэтгэл харамгүй зөвшөөрч дамжуулсан зэвсгийн тодорхой хувийг өөрсөддөө үлдээж, ирээдүйд Боснитой байлдахад хэрэгтэй гэж тооцсон ба харин танк хүнд их бууг нутаг дэвсгэр дээгүүрээ зөөвөрлөхийг зөвшөөрөөгүй ажээ. Лалын орнуудаас авсан тэр их мөнгө, хүн хүч, цэргийн сургалт, зэвсгийнхээ ачаар *хогийн цуглуулга* болсон армиа босничууд сайтар зэвсэглэсэн, гайгүй бэлтгэгдсэн зэвсэгт хүчин болгож дөнгөжээ.
1994 оны өвөл гэхэд Боснийн армийн бүтэц зохион байгуулалт байлдах чадвар үлэмж дээшилснийг гадны ажиглагчид тэмдэглэсэн нь бий. Шинээр бүрдүүлсэн цэргийн хүчнээ хөдөлгөөнд оруулснаар босничууд гал зогсоох хэлэлцээр зөрчин амжилттай давшсаар эхлээд Хорватын сайн дурынхны, дараа нь хаврын сүүлчээр сербиудын эсрэг амжилттай байлдав. 1994 оны намар боснийн 5-р корпус Бихачийн ойролцоох НҮБ-ын аюулгүйн бүсээс хөдөлж, Сербийн цэргийн хүчийг гэдрэг ухраасан ба сербиудад эзлэгдээд байсан ихээхэн нутаг дэвсгэрээ эргүүлж авснаараа хамгийн том ялалтаа байгуулжээ.
Тусламж үзүүлэх дээр Милошевичийн тавьсан хориг сербиудыг хүнд байдалд оруулав.
1995 оны 3-р сард Босни гал зогсоох хэлэлцээрийг дахин зөрчин Тузлагийн орчмоор томхон давшилт хийн залгаад 6-р сард Сараево орчмоор давшжээ. Босни дахь хүчний харьцааг өөрчлөхөд Боснийн засгийн газарт лалын ахан дүүсээс нь үзүүлсэн тусламж иинхүү хамгийн шийдвэрлэх хүчин зүйл болжээ.
Дүгнэлт маягаар хэлэхэд, Боснийн дайн бол иргэншил хоорондын дайн байлаа. Гурван гол оролцогч нь өөр өөр иргэншилд харьялалтай, янз бүрийн шашин шүтлэгтэй байлаа. Тухайлбал лалын ертөнц тэр аяараа Боснийн мусульманчуудыг дэмжих дээр нэгдэж серби, хорватуудыг эсэргүүцжээ. Даян дэлхийн үнэн алдартны улсууд болон байгууллагууд сербиудыг дэмжин хорват, лалынхныг сөрөн зогсов. Өрнөдийн засгийн газрууд ба элитүүд хорватчуудыг дэмжин, сербиудыг ширүүнээр шүүмжлэн лалынханд бүхэлдээ ялгавартай хандаж тэднээс болгоомжлов. Дайн үргэлжлэхийн хэрээр үзэн ядалт, хагарал гүнзгийрч, талуудын шашны ба иргэншлийн онцлог төрх бэхжин, ялангуяа мусульманчуудын хувьд шашин иргэншлийн ялгаа нь илт болжээ.
Боснийн дайны нийтлэг сургамж бол: Нэгдүгээрт-Хуваагдлын шугамын дагуух дайны гол оролцогчид иргэншил нэгт ахан дүүсээсээ тусламж хүсч найдаж болно. Хоёрдугаарт-Иймэрхүү тусламж нь дайны явцад үлэмж нөлөөлж болох. Гуравдугаарт-Хуваагдлын шугамын дагуу дайн явуулахад нь ард түмэнд нөгөө нэг иргэншлийн засгийн газар ард түмэн хөлс хүч хөдөлмөрөө зориулах ёсгүй гэжээ.
Боснийн дайн түр зогссон ч хэн хэн нь ч шийдвэрлэх ялалт байгуулаагүй. Ялалт хэний талд байлаа ч дайсагналыг төгсгөл болгосонгүй. Мөн Боснийн дайн нь иргэншил хоорондын дайны хамгийн тод томруун жишээ болон түүхэнд үлджээ.
Дайн төгсгөлд Герман тэргүүтэй өрнөдийнхөн Хорватын ерөнхийлөгч Тужманыг , Орос улс Сербийн ерөнхийлөгч Милошевичээр буулт хийлгэж 1995 онд Дейтоны хэлэлцээрийг байгуулж дайныг эцэслэв. Энэхүү энхийн үйл явцыг угсаатны цэвэрлэгээ урагшлуулжээ. Тухайлбал 1995 он гэхэд Хорватын хүн ам дахь сербиудын эзлэх хувь 3 болтлоо буурч, Боснид угсаатны 3 бүлгийнхэн хүчээр зөнгөөрөө болон салцгаасан нь энх тогтооход ихээхэн нэмэр болсон юм. Хорватын хувьд Европын клубт элсэх хүсэл тэмүүллийг нь ашиглан өрнийн гүрнүүд Тужманыг олон асуудал дээр буулт хийлгүүлэв. Тухайлбал угсаатны цэвэрлэгээ цаашид хийхгүй байхыг анхааруулж, НҮБ-ын аюулгүйн хүчнийг Крайнад үлдээхийг зөвшөөрүүлжээ. Мөн өрнийн гүрнүүд Боснийн хорватыг Боснийн төр улсын бүрэлдэхүүнд лалчуудтай нэгтгэхгүй бол өрнийн хаалга Хорватын хувьд мөнхийн хаалттай гэсэн тулгалтыг тавьсан юм.
Дайн дуусахад Милошевич ОХУ-ын шахалтаар буулт хийснээрээ ард түмнийхээ дунд урвагч хэмээн шууд яллагдаж байлаа. Тухайлбал Боснийн сербиудын удирдагч Радован Каражич 1994 оны 8 сард Милошевичийн сайшаасан энхийн төлөвлөгөөг няцаав.
Харин Сербийн засгийн газар эдийн засгийн хоригийг цуцлахын төлөө зовинож буйгаа илэрхийлэн Боснийн сербиудэд хүнс, эмийн зүйлээс бусад төрлийн худалдаа хийхгүй гэдгээ мэдэгдэв. Ингэснээр НҮБ Сербийн эсрэг хоригоо сулруулжээ. Хорватын ерөнхийлөгч Тужмантай тохиролцон Крайнаас Боснийн сербиудыг хөөж гаргах боломжийг Хорватын болон Сербийн армид олгож, Боснийн сербиудын эзэлсэн Дорнод Славонийг Хорватын мэдэлд аажмаар шилжүүлэхийг зөвшөөрөв. Улмаар Милошевич их гүрнүүдийн сайшааснаар Боснийн сербиудыг төлөөлөгчдийнхөө бүрэлдэхүүнд оруулан Дейтоны хэлэлцээрийн ширээнд суусан ажээ. Үүний үр дүнд НҮБ Сербид тавьсан хоригоо цуцалсан байна. Ийнхүү 1992 онд үндсэрхэг түрэмгий үзэлтэн, угсаатны цэвэрлэгээ явуулах талын гол хүн, Аугаа Сербийн улаан фен, милитарист гэгдэж байсан тэрээр 1995 он гэхэд энхийг сахиулагч, сербиудын хувьд урвагчаараа үлджээ.

Ахан дүүсээсээ урвана гэдэг бол хуваагдлын шугамын дайн дахь энх тайвны үнэ цэнэ ажээ.

No comments:

: