Friday, March 13, 2009

Маршал Юмжаагийн Цэдэнбал


Хуучнаар Дөрвөд баруун гарын үнэн Зоригт ханы аймгийн Зоригт ханы хошуу, одоогийн Увс аймгийн Давст сумын Хандгайт багийн нутаг, бөгөөд энд 15-р жарны улаан луу жилийн намар буюу 1916 оны 9-р сарын 17-ны өдөр ард малчин Юмжаагийнд нэг хүү мэндэлсэн нь хожмын Монголын төрийн ахмад зүтгэлтэн Ю.Цэдэнбал ажээ.
Ю.Цэдэнбал Чандмань уулын аймгийн бага сургууль, Эрхүүд 1929-1938 онд монгол курс, техникумын бэлтгэл анги, Санхүү эдийн засгийн рабфак /ажилчны факультет/, Улаан-Үдийн санхүү эдийн засгийн рабфак, Эрхүүгийн Сибирийн санхүү эдийн засгийн дээд сургуульд тасралтгүй 9 жил сурч онц дүнтэй төгссөн, тухайн үедээ чамгүй өндөр мэдлэг боловсрол эзэмшжээ.
1938 онд Санхүүгийн техникумын хичээлийн эрхлэгч, улмаар 1939 оны 3-р сард Сангийн яамны дэд сайдаар, дөрвөн сарын дараа БНМАУ-ын Сангийн яамны сайдаар томилогджээ. Мөн Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн банкны ерөнхий хорооны даргаар хавсран ажиллаж байсан юм. /1939-1940/
1941-1945 онд Монголын Ардын Хувьсгалт армийн ерөнхий командлагчийн орлогч, Улс төрийн газрын дарга, Ерөнхий сайдын орлогч, улсын төлөвлөгөөний комиссын дарга, /1945-1952/, Ерөнхий Сайд, СнЗ-ийн дарга /1952-1974/, Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн даргаар /1974-1984/ ажиллаж, эрх баригч нам МАХН-ыг 40 жил удирдсан юм.
Монголын ард түмний өмнө байгуулсан гавьяаг өндөр үнэлж 1961 онд БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар цолоор, 1966 онд БНМАУ-ын баатар цолоор шагнасан юм.
1979 онд Ю.Цэдэнбалд цэргийн дээд цол – Маршал цол олгожээ.
Монголын нийгэм эдийн засаг, соёлын урьдын хоцрогдол, олон жил үргэлжилсэн дайны хүнд үе, хэн ч замнаагүй хөгжлийн тодорхой бус зам, том гүрнүүдийн эрхшээл нөлөө, засгийн эрхийн төлөө янз бүрийн бүлгүүдийн өрсөлдөөн тэмцлийн нарийн төвөгтэй нөхцөл байдал нь улс орны удирдлагад онцгой өндөр хариуцлага тавьж байсан бөгөөд чухамдаа боловсрол мэргэжлээрээ тухайн цаг үеийн өндөрлөгт байж чадсанаараа, улс орны эрх ашиг нөхцөл байдлыг гүнзгий шинжилж сайтар харгалзсан улс төрийн их төлөв зөв бодлогыг боловсруулж чадаж байснаараа, итгэл үнэмшилдээ чин үнэнч байж амьдралын идэвхтэй байр суурь баримтлан, тавьсан зорилгодоо хүрэхийн төлөө хатуу тууштай зогсдог голч зүтгэлтэй чанараараа, өмнөх үеийн төрийн зүтгэлтнүүдээ хүндэтгэх, бодлогыг нь залгамжлах ухаан, гадаа талдаа бага улсын том дуу хоолой цуурайтуулах чадвараараа, хүнлэг сэтгэл, хүнтэй харилцах уян зөөлөн, итгэмтгийн тусч байдлаараа хүмүүсийн итгэл найдварыг хүлээж, хойноосоо дагуулж, дэмжлэгийг нь хүлээж чаддаг байснаараа Ю.Цэдэнбал монголын төр засаг намын дээд албан тушаалд олон жил тэргүүлж чадсан билээ.

No comments:

: