Sunday, March 29, 2009

ӨЛГИЙ ХИЙДИЙН СҮЙРЭЛ

У.Амарсайхан

Нэг мянга гаруй ламтай байсан Дорноговь аймгийн Өлгий хийдийг тэртээ 1936 онд хэлмэгдлийн шар шуурга хэрхэн дайрч өнгөрснийг түүхэн баримт түшиглэн өгүүлье.
Эдүгээ ДЯЯ-ны мөрдөн байцаах ажлын 1792 тоот хэргийн ялын төлөвлөгөөтэй эргэн танилцахад тэр цагт баримтар хөдөлшгүй батлагдсан хэрэг үйлдэгджээ гэж хэнд ч бодогдохоор....
Уг хэргийн ялын төлөвлөгөөний “Эсэргүү бүлгэмийн анх үүссэн түүх” гэрчгаас эхлэн уншигч танаа толилуулбал:
“Энэхүү бүлгэм нь /19-20/ 1929-1930 онд анх үүссэн бөгөөд тэр үед Дорноговь аймгийн Өлгий хийдийн дээд ангийн лам нараас хувьсгалт засаг, төрд эсэргүүцэн тэмцэх зорилгоор лам нарын эсэргүү бүлгэмийг байгуулсан. Санаачлагч “удирдагч нь Өлгий хийдийн аграмба Шийнэн, гэвч Цэвээндорж, хамба Санжмятав нарын дээд толгой лам нар болно. 24 он гарах үед эл бүлгэм нь Дорноговь ба Өмнөговь аймгийн нэлээд сүм хийдийг нөлөөндөө оруулан, Өлгий хийдэд төвлөрчээ.
Энэ бүлгэмээс тус улсын засаг төр лүгээ тэмцэх ажлаа идэвхжүүлэхэд тус улсын зүүн тус дөхөм болж, тэдгээр эсэргүү этгээд нар ба удирдагчид нь урьдын алдсан эрх ямбаа эргүүлэн авах зорилтыг нэмэгдүүлсэн байна. 25 оны сүүлд энэхүү эсэргүү лам нарын бүлгэм нь Дорноговь ба Өмнөговийн өдий төдий сүм хийдийг өөрийн нөлөөндөө татан хандуулсан ба түүний төв нь Өлгий хийдэд байсан бөгөөд идэвхитэй гишүүн буюу оролцогсод нь гавж Цэвээндорж, хамба лам Санжмятав, анги Чогжав , да лам Ням, аграмба Лувсаншарав, гавч халзан Намсрай, хүүхэн унзад Агваандорж, гавч цоохор Лувсан, зүүн хувилгаан Шаравдорж, баруун хувилган Данзанчоймбол хувилгаан Рэнцэн-Осор, гэсгүй Милжав, нярав хөх Гэндэн, гавж мэргэн Гэндэн, унзад ёотуу хэмээх Цэрэндорж, лам Сномцэрэн, Сүхбаатар, Осор, анги Үржин, ард Халзанхүү нар юм. Энэ хэргийн холбогдогчид нь мөрдөн байцаалтад тус улсын тусгаар тогтнох байдал, засаг төрийг эсэргүүцэн, хувьсгалын эсэргүү ажил явуулж байснаа ту тус хүлээжээ.
Бүлгэмийн гишүүд нь гадаадын удирдлагын дор тус улсын дотоодын байдал ба эдийн засаг, улс төр, цэргийн байр байдлын тухай элдэв тагнуулын мэдээнүүдийг өргөнөөр цугларуулах явдлыг идэвхтэй гүйцэтгэж, тэдгээр цуглуулсан мэдээнүүд ба бичиг захидлыг өөрийн бүлгэмийн гишүүн буюу харилцаа баригч нараар удирдлага, заавар авч байснаас гадна Банчин богдыг биеийг Монголд цэрэг, зэвсгийн хамтаар даруй ирүүлж, шашныг хамгаалах нэрээр хувьсгалт засаг, төрийг устгахын төлөө идэвхтэй ажиллажээ.
Эсэргүү бүлгэмийн гишүүдпээс хэлсэн ёсоор Банчин богдод тусламж үзүүлэхээр сүүлийн 2 жилийн дотор олж цуглуулсан хөрөнгө хогшил ба мөнгө, эд барааны зүйлүүд нь морь 406, тэмээ 30, мөнгө төгрөг 6500, цагаан мөнгө лангаар 100 хэр, хятад төгрөг 400, ногоон цай хунзаар 5, даалимба ширхэгээр 200, эдгээрээс энэ завсар хурал номын зүйлд бага сага зарцуулсан байх ба мөн хил хязгаарыг нэвтрүүлэн, гадаадад 200 гаруй толгой морь, тэмээг гаргасан ба цагаан мөнгө лангаар 50, хятад төгрөг 400-г гаргасан байна. Мөн зарим эд барааны зүйлийг хил нэвтрүүлэхээр явуулсан боловч хязгаар дээр хураагджээ.
Тус бүлгэм нь хувьсгалын эсэргүү ажил явуулгыг ийнхүү 19-26 он хүрч иртэл идэвхтэй үргэлжлүүлж ирсэн нь тус БНМАУ-ын үндэсний тусгаар тогтносон бүрэн эрхт байдлыг бүрмөсөн алдагдуулж, олон түмэн ардыг газар шорооны хамтаар гадаадын эзэрхэг түрэмгий улсад колоний боол болгон барьж өгөөд өөрсийнхөө хэмжээгүй эрхийг олж эдлэхийг гол зорилт болгож, тус улсын өмнө ихээхэн хүнд гэмт хэргийг өдүүлсэн нь мөрдөн байцаалтаар бүрэн тодорхойгоор илэрсэн тул тус бүрийн үйлдсэн хэргийг тодорхойлон яллахыг тулд....” хэмээн ДЯЯ-ны мөрдөн байцаах ажлын 1792 тоот хэргийн ялын төлөвлөгөөнд яллан шийтгэхээр тодорхойлж, 1936 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн таслан шийтгэх эрүүгийн 18-р тогтоолоор “Улсын төрийн гэмт хэрэг үйлдэж, шүүх цаазны бичгийн 43, 44, 48, 50 дугаар зүйлд холбогдон яллагдах” энэ хэрэгт тэргүүлэн оролцсон гэх 68 настай, Өмнөговь аймгийн манлай сумын харьяат, гавч Дэжидийн Цэвээндорж, 37 настай, Дарьгангад төрсөн, гавч халзан Цэрэнгийн Намсрай, 43 нстай, Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат хүүхэн унзад Юмжавын Агваандорж нар шоронд нас барсан тул тэдний хөрөнгийг хураахаар заажээ.
Өмнөговь аймгийн Галба сумын харьяат 79 настай, гавч аграмба, хамба тушаалтай Гончигийн Санжмятав, Дорноговь аймгийн харьяат 68 настай, гавч аграмба мяндагтай Хурагийн Чогжав, Дорноговь аймгийн Ханбогд сумынхарьяат 23 настай, зүүн хувилган Бандийн Шавардорж, Дорноговь аймгийн Дулаан сумын харьяат, 20 настай баруун хувилган Дашцэрэнгийн Данзанчоймбол, Өмнөговь аймгийн Галба сумын харьяат 45 настай, урьд зайсан явсан, мяндаггүй Дондогийн Милжав, Дорноговь аймгийн Өндөр шил сумын харьяат 41 настай, жасын нярав байсан гавч Чулууны “хөх” хэмээх Гэндэн нарын зургаан хүнийг шүүх цаазны бичгийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийг үндэслэн, тусгай ангийн 13, 44 дүгээр зүйл ёсоор буудан алах ял оноосон байна.
Өмнөговь аймгийн мандал сумын харьяат 70 настай, гавж аграмба мяндагтай Юмжавын Лувсаншарав, Дорноговь аймгийн Өндөр шил сумын харьяат, 58 настай, гавж мяндагтай Гомбын “цоохор” хэмээх Лувсан нарыг шүүх цаазны бичгийн тусгай ангийн 43, 44 дүгээр зүйлд зааснаар шууд буудан алах ёстой гэж үзсэн авч эсэргүү бүлгэмд гишүүдийг төдийлөн элсүүлсэнгүй, өдүүлсэн хэрэг нь дээр дурдсан этгээдүүдээс хараахан учир ялгавартай тул гэж дурдаад, 10 жил хорихоор шийтгэжээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сумын харьяат, 46 настай, хувилгаан, дацан лмын тушаалтай Наваандуламын Рэнцэн-Очир, Өмнөговь аймгийн Галба сумын харьяат, 47 настай, унзад тушаалтай Дэмбэрэлийн “ёотуу” хэмээх Цэрэндорж нарыг шүүх цаазны бичгийн 43, 44-р зүйлээр 10 жил Өмнөговь аймгийн Галба сумын харьяат, 59 настай, занги Гончигийн Үржин, Дорноговь аймгийн Өндөршил сумын харьяат, 50 настайг гавж мяндагтай чулууны “мэргэн” гэх гэндэн, Өмнөговь аймгийн Галба сумын харьяат, 40 нстай, лам мяндаггүй, Тангадын Содномцэрэн нарыг мөн зүйлүүдийн дгуу тус бүр 5 жил, Өмнөговь аймгийн Галба сумын харьяат, 33 настай, лам мяндаг тушаалгүй, Батын Сосор, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Лувсанцэрэн нарыг шүүх цаазны бичгийн 50 дугаар зүйлд хамруулан тус бүр 3 жил хорихоор шийтгэсэн байна.
Банчин богд, оргодол Далав хутагт нарт түшиглэн, Гадаадын эзэрхэг түэрмгий нэгэн улсын хүч туслалцаатайгаар Ардын засгийг түлхэн унагаж, феодалын засаг төрийг сэргээн, шашныг мандуулах сана өвөрлөж, улмаар эрх орноосоо илт урван тэрсэлсэн гэмт хэрэг үйлдсэн хэмээн ийнхүү яллагдсан Дорноговь аймгийн Өлгий хийдийн дээрх 20 ламын хувь заяаг тодруулах зорилгоор 53 жилийн дараа буюу 1989 оны шувтаргаар НАХЯ-ны /хуучин нараар / мөрдөн байцаах хэлтсийн ахлах мөрдөн байцаагч С.Чойнзон удирдлагынхаа шийдвэрээр Дорноговь, Өмнөговь аймгийн Хатанбулаг, мандах, Ханбогд сумын нутгаар 1500 гаруй км явж, улмаар НАХЯ-ны архивын материалтай танилцан, Дорноговь аймгийн Өлгий хийдийн лам нарын “хувьсгалын эсэргүү хэрэг”-ийн үнэн мөнийг тогтоожээ.
Нөхөр С.Чойнзон яамныхаа удирдлагад илтгэсэн илтгэх хуудсандаа “1929-1930 онд Өлгий хийдийн хамба лам Д.Санжмятав, Өмнөговь аймгийн засгийн шүтээний хийдийн гавж Г.Цэвээндорж нараар удирдуулсан Өлгий хийдийн эх орноосоо урвасан хувьсгалын эсэргүү дээд толгой лам нарын бүлэг гэж зохион байгуулагдаж, хувьсгалт засаг төрийг эсэргүүцэн тэмцэх үйл ажиллагаа явуулж байсныг батлах хууль ёсны нотлох баримт хэргийн дотор байхгүй бөгөөд одоогийн шалгалтаар ч тогтоогдсонгүй” гэжээ.
Тэрбээр баримт түшин өгүүлэхдээ хэрэгтнүүдийг 1-29 удаа тулган байцааж, хэрэг хүлээхээс өөр аргагүй байдалд оруулж байсныг хэрэгтэн Д.Милжавын мэдүүлгээс иш татсан байна. Д.Милжав “Цогзолын хийдэд шавилан сууж байтал 1934 онд хуучин улирлын 10 дугаар сарын 30-ны өдөр Сулинхээрийн хоёр цэрэг ирж баривчлан, Замын-Үүдийн дотоодыг хамгаалах газарт авч ирсэн мөчөөс эдүгээ хүртэл хийсэн хэрэг юу ч үгүй атал байцаагдаж байгааг үзвэл миний биеийг монголын засаг төртэй тэмцэх эсэргүү бүлгэмийн хурлыг Хээрийн ам гэдэг газар Цэрэндорж, Үржин занги нарын зэрэг хүмүүстэй харилцаж, бүлгэмийн бичиг хэргийг эрхэлж байсан, гарын үсэг тавьсан баримт тодорхой, бүх хэргийг тухай бүр үнэн бүрнээр манай газар бий хэмээн байцаахыг сонсож үзвээс ийм улс төрийн хэрэгт харштай хэрэг байтугай ямарваа ялимгүй багач гэсэн хэрэг түвэг гаргаж байсан зүйл нэг ч үгүй билээ гэх зэргээр олон удаа туйлын үнэн зөв өчивч гурва, дөрөв хоног буюу дөрвө, тв хоногоор ч тус тус олонтаа мэдүүлэвч миний хэлсэн үнэхээрийн тусгүй болж, хуулийн өмнөөс шууд зөрчсөн этгээд болох их гэмийг бодож бүгд учир нь олдох болов уу хэмжээ бодоод нэг удаа буцаж, нэгэн удаа үнэн хэмээн мэдүүлсэн” гэжээ.
Д.Милжав 29 удаа байцаагдсын 10-т нь хэрэг хүлээгээгүй байна. Да лам Ням “Хийсэн хэргээ сайг мэдэхгүй байна. Барагцаалбал Өлгий хийдийн да лам байхад хийсэн ажил байхаас зайлахгүй болов уу. Санаанд орсон цагтаа шууд мэдүүлнэ” , унзад Д.Цэрэндорж “Энэ удаа хийсэн хэрэг санаанд орохгүй байна. Сэтгэлд орохоор нь мэдүүлье”, занги Үржин “Үржин би хэзээ боловч мэдүүлгийг өөрчлөхгүй, энэ хэргийг хүлээхгүй. Энэ хэвээр байх учрыг хамтаар мэдүүлье”, гавж Ч.Гэндэн “Энэ Санжмятаваас мэдүүлж буй зүйлүүд худал болой хэмээн мэдүүлмой”, гавч Цэвээндорж “Би аргаа барахдаа худал мэдүүлэг өгсөн, Миний урьдах мэдүүлгүүд цөм худал” гэжээ. Хэрэгтнүүдийг нүүрэлдүүлэхэд бие биеэ танихгүй тохиолдол олонта гарч байжээ.
Шалгалтын явцад ахлах мөрдөн байцаагч С.Чойнзон 1936-1937 оны үед Өлгий хийдэд сууж байгаад хэлмэгдээгүй үлдсэн бөгөөд тэр цагт 18-20 настай байсан Ш.Содномдорж, Гэндэнжав, Магсар, Тавхай, Лувсангомбо, Дамбарэнчин, Лувсандорж, нар болон эсэргүү хэрэгт баривчлагдаад шийтгэгдсэн занги Г.Үржин, зүүн хувилгаан Б.Шаравдорж, ёотуу хэмээх Д.Цэрэндорж, халзан Намсрай, Лувсанцэрэн, да лам ням нарын төрсөн хүүхэд, ах дүү нарыг олж тогтоон, гэрчээр асуун, байдлыг тогтоожээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сумын харьяат Ш.Содномдорж гуай, “Би Өлгий хийдэд 1931 онд 11 настай шавилан суугаад, 1937 онд 17 настайдаа Өлгий хийдийг тарахад хөдөө харьсан. Өлгий хийдийн хамба лам санжмятав, занги лам Чогжав, Милжав, нярав халзан Намсрай, баруун, зүүн хувилгаан Шаравдорж, Данзанчоймбол, да лам сайран Ням, Содномцэрэн, хөх Гэндэн, мэргэн Гэндэн, Занги Үржин , Сосор нарын зэрэг олон хүн баригдаад явсныг мэднэ. Хамгийн түрүүнд халзан Намсрай баригдсан болов уу. Тэднээс Үржин, Содномцэрэн хоёр ялаа эдэлж грч ирээд нас барсан. Үржин занги шоронгоос суллагдаж ирээд ярихдаа намайг танина, Хээрийн тагт болсон хуралд энэ суусан гэж гүтгэж мэдүүлсэнд би сандал бариад худлаа гээд бостол араас цагдаа нь хоёр гар бариад авсан гэж ярьж байсан. Гэтэл Галбын ууланд хээрийн таг гэж газар байхгүй, Хээрийн таг гэдэг газар байдаг юм. Тэр Хэхэрийн таг гэдэг газар Өлзий хийдээ тэр хөгшин хамба тууз тэргэнд суугаад очно гэж байхгүй, тэр жууз тэрэг нь элсэнд явахгүй. Өлгий хийдийн Дүнчүүр маанийн хурал гэдэгт нэг удаа очсон: Хийдийн өмнөхөн өндөр хогийн хавьд л хийсэн байх. Энд лам, хар, эрэгтэй, эмэгтэй олон хүн цугларсан. Нэг том асар барьсан. Цагаан будаа чанаж өгсөн, олон хүн ирсэн, явсан тийм л юм болж байсан, өргөл барьц өгдөггүй байсан байх учиртай. Харин нэгэнт бурхан номын буян үйлдэж байгаа болохоор мөнгө төгрөг, цагаан идээ өгч байсан байж мэднэ.
1937 оны өвөл Дорноговь аймгийн шашны захиргааны төлөөлөгч, капитан Дэжид гэдэг хүн Өлгий хийд дээр ирээд, хийдийн лам нарыг цуглуулж, хойшоо нүүх юмуу, эсвэл тарах 10 хоногийн хугацаа өгсөнд би тэр хуралд сууж байгаад тэр үед Өвөрхангайгаас тос ачиж ирсэн жинчингээс тэмээ гүйж унаад гэртээ харьсан. Дилав хутагт, Буянтын пүүсийн талаар дуулаагүй. Өлгий хийдийн лам нараас засаг, төрийг устгах, эсэргүүцэх бослого, хөдөлгөөн гаргах гэж байна гэж огт сонсоогүй. Би 6 жил гэсгүй Аранжуур гэдэг хүнтэй хамт нэг гэрт сууж, дэргэд нь байсан учир тийм юм байсан бол мэдэх л ёстой. Гэсгүй гуай надад янз янзын юм ярьдаг байсан.
Улс орны батлан хамгаалах ажилд туслах гэж Замын-Үүдийн цэрэгтэй шеф болж, зургаан ханатай бүрэн хэрэглэлтэй гэр өгсөн гэж сонссон. Өлгий болон Здгайтын хийдэд Банчинбогдыг залж ирэх тухай захидал, урилга явуулсан, ирэх гэж байна гэдгийг би ер сонсоогүй. Дорноговь аймгийн Хатанбулаг сумын харьяат З.Гэндэнжав гуай “Би 13 настайдаа Өлгий хийдэд шавилан суугаад 25-тайдаа 1937 оны үхэр жилийн өвөл Өлгий хийдийг тарахад хөдөө мал дээр гарсан 1000 гаруй малтай хийд байсан юм. Цагийн юмыг цагт нь хийдэг шашны номоор дүнчүүр маанийг жилийн жилд намар, зун цагт уншдаг байсан юм. Түүнээс биш гадны нөлөөгөөр өөр ямар нэг зориулалтаар дуртай цагтаа хийдэг юм биш. Хээрийн таг гэдэг газар хуралдсаныг би сонсоогүй. Банчинбогдыг ирэх гэж байна, залах гэж байна гэж сонсоогүй.
Тэр үед хил хаалттай, санаанд багтахгүй зүйл. Нам засгийг эсэргүүцсэн, улс орноо устгах гэсэн тийм юм бол лав дуулаагүй. Харин та нарын багш нар засаг төрийг устгах гэж байгаад баригдсан гэж яриа байдаг байсан. Тэгэхэд ч лам нар эсэргүүцээгүй. Худал хэрэгт олныг хавтгайруулан сүйд хийчихсэн юм. Өлгий хийдийн лам нарын гэр, хашааны үүдэнд овог, нэрийг нь бичээд л ил наачихдаг байсан. Баривчлахад зориулсан байх. Анкет бүртгэл хийхэд хүртэл хэний шавь бэ гэж асуудаг байсан юм. Тэгээд л олон шавьтайг нь барьж авдаг байсан байх.Өлгий хийд дээр хэд хэдэн хятад байсны дотор Буянт буурал Гомбо гэдэг наймаа хийдэг хүн байгаад хил хаахаас өмнө урагшаа гарсан. Өөрсдөө л явсан байх. Болохгүй болох нь гэх үедээ гарсан байх, занги Г.Үржингийн охин Дорноговь аймгийн Ханбогд сумын Номгон бригадад өндөр насны тэтгэвэрт буй Д.Хумбаа гуай, “Миний хойт эцэг Үржин гэдэг хүн байсан. Галбын говийн урд байхад нэг намр машинтай хүмүүс ирээд ваад явсан юм. Би тэгэхэд 18 настай байжээ. Эцэгмаань хэдэн жил болоод ирсэн Суллагдж ирээд ярихдаа “Нэг хэсэг улсын худал хэргээр л шийтгэгдсэн дээ. Лам Милжав бид нарыг Хэхэрийн манд эсэргүү хурал хийсэн гэж худал хэрэг хүлээгээд шийтгэсэн” гэдэг юм. Эхлээд тэр Милжав гэдэг нь тэгж хүлээгээд Өлгий хийдийн хамба том лам Санжмятав та хүлээ, тэгж хэлэхээс аргагүй юм байгаа юм гэж хэлээд л худал хэрэг хүлээлгэсэн гэж ярьдаг юм. Хэрэг хүлээлгэх гэж хоол ундгүй их өлсгөж байсан гэдэг. Хэхэрийн таг гэдэг газар хурал хийсэн гэж шийтгэсэн. Тэр газрыг нь мэдэхгүй байсан гэдэгсэн. Худал хэрэг хүлээж ам гарсан бололтой юм билээ. Хэрэв тэгж хүлээгээгүй бол амьд гарахгүй байх”, Дорноговь аймгийн Мандах сумын харьяат Ш.Дамбарэнчин гуай, “Өлгий хийдэд болон манай Мандах суманд хорлох, галдан шатаах, бослого гаргахаар бэлтгэх ажиллагаа гарч байгаагүй, би л сонсож дуулаагүй юм байна. Эсэргүү цуурхал тарааж байсныг мэдэхгүй. Шавь нартаа засаг, төрийг муучилсан юм уу, уурхал яриа ярьж бай гэж хэлдэггүй байсан юм даг” гэхчилэн тэд мэдүүлжээ.
Гэмгүй хүмүүст гэмт хэрэг тулган хүлээлгэх зорилгоор мөрдөн байцаалтын үйл ажиллагааг хэрхэн гуйвуулж байсныг ДЯЯ-ны төвийн удирдах ажилтны 1939 оны зөвлөлгөөн дээр эсэргүүцэн тагнах хэлтсийн дарга Баясгалангийн тавьсан шүүмжлэл гэрчилж байна. Тэрбээр “Мөрдөн байцаалтын ажиллагааны тухай ярья. 1937 оны сүүлчээс нийтийн дайчилгаа эхэлснээс аваад өнөөг хүртэл манай мөрдөн байцаалтын гол журам ба арга маяг нь гурван үндсэн зүйлд оршмой. Үүнд, нэгдүгээрт, хэрэгтэн этгээдийн мэдүүлгийг манай байцаагч нар өөрсдийн цээжнээс зохион бичээд, гарын үсэг зуруулж хэрэг болгодог. Хоёрдугаарт, хэрэгтэн этгээдийг хууль бусаар жижүүрлэн байцааж,хилс ташаа худал гүтгэлгийг гргуулж, түүгээр хэрэг болон ажиллаж буй, гуравдугаарт, хэрэгтэн нарыг хуулиас гадуур зодох, занчих, хөл гарыг янз бүр болгож, бие мхбодийг зовоох зэргээр эрүү шүүлтийг хэрэглэн байцаалт явуулдаг байна. лам нар зэрэг бичиг үсэг үл мэдэх этгээдийн олонхийн байцаалтыг явуулахдаа манай байцаагч нар өөрсдийн цээж, толгойноос авч, худал мэдүүлэг зохион бичээд түүнийг тэр хэрэгтэнд бүрэн уншиж сонсгохгүй буюу хагас заримыг сонсговч , хэрэгтнийг үсрдүүлэн айлгаж, албадаж байгаад гарын үсгийг зуруулж авдаг болсон. Энэ ямар учраас вэ гэвэл манай ажилтнуудын нийтээрээ элдэв хүнийг заавал ялд оруулах буюу буудан алахыг эрмэлздэг болгосон ойлголтоос болон гэмт хэргийг үнэн зөвөөр илрүүлэх буюу хууль ёсоор бүртгэлийг анхааран үздэггүй болсны учир юм. Би өөрөөр тайлбарлаваас манай ажилтнууд дан ганц хувийн нэр сүр, ашиг гавьаяны хойноос хөөцөлдөх болсон шалтгаан холбогдмой.Энэ журам арга нь төвийн хэлтэс, аймгийн аппаратуудад цөм нэгэн адил болой” гэж шүүмжилжээ.
Мөрдөн байцаалтын үйл ажиллагаанд ийнхүү завхрал гарч байсныг хот, хөдөөгийн зөвлөлгөөн дээр олон төлөөлөгч “Дээрээс мянган тооны дунд ангийн лам нарыг баривчлахаар төлөвлөн өгсөн, Үүний дагуу ямарч материалгүй хоцрогдсон гавж тушаалтан, сул аграмба, эмч гэсгүй, унзад, зоч мэтийн этгээд нарыг түүвэрлэн бүртгэж, хөтлөн байцаасан. Тэдний дотор 3-6 сар хүртэл гэсгүй, унзад явсан нөлөө багатай этгээд нрыг оролцуулсан боловч дарга нарт тэр байдлыг уламжилсангүй, шууд байцааж дуусгасан. 24 цагийн дотор 12 хүнийг байцаах хэрэгтэй хэмээн нэрсийн жагсаалт өгдөг байсан ба завдаж байцаахгүй, 5-7 буюу 8 хүртгэж байцаан дуусгаж байсан болно. Энэ мэтийн давхар хөдөлгөөнд хатуу удирдуулж, мөрдөн байцаалтыг шууд гуйвуулж байсан нь үнэн.
...Хэд хэдэн асуулттай хүснэгт хийж, бидэнд өгч тэр хүснэгтийн ёсоор түргэн байцах ба хэрэгтнийг байцаахдаа ихэнхийг элсүүлэх ба элсүүлэн авах явдал дээр шууд тулган хөтөлж, мэдүүлгийг бичиж аваад гарын үсэг зуруулж байсан.
...Зарим комисс нэгэн шөнө 15-аас доошгүй хүнийг байцаан дуусгаж байсан. Тэдний хэрэглэдэг арга нь байцаагдсан хүний багшийг асууж тэр хэмээхээр нь түүнд элсэгдсэн, түүний таних мяндаг бүхий том лам нарыг би элсүүлсэн гэх буюу түүнээс манай эсэргүү байгууллагын гишүүн хэмээхийг сонссон хэмээн мэдүүлгүүдийг хөтөлж байсан болой.
...Зарим тасаг нэг өдрийн дотор 40 хүнийг байцааж дуусгаж байсан. Тэдний авсан мэдүүлгийг үзэхэд худал бичсэн байсан тул дарга, сургагч нарт мэдэгдэхэд тэдгээрийг хэрэгсээгүй цөмийг комисст оруулан шийтгүүлсэн амой, Эрхэлж буй групп дээр байцаалтаа ийм маягаар явуулахуу хэмээж өөрийн тасгийн сургагчид хэлсэнд харин зөвшөөрөөгүй юм.
....Хичнээн хоног байцааж хэрэг хүлээлгэж чадахгүй ядаж байсн 45 хүний хэргийг өөр тасгийнхан 24 цагийн дотор дуусгаж, ял төлөвлөн, тэд нарын мэдүүлгээр баригдаагүй 100 гаруй хүнийгилрүүлэн гаргаж ирсэнд манай байцаалтын группын нөхөд цөм сонирхож, нэг талаар өөрсдийгөө голж ичсэн ба хэдий тийм боловч бас л сэжиг төрж, юунд ийм хялбархан хүлээлгэсэн болохыг зориуд шалгахад хэрэгтнүүд цөм хэргээ хүлээгээгүй бөгөөд бичигдсэн мэдүүлгийг тэд огт мэдэхгүй байсан.
Үүнд ямар учраас гарын үсэг зурсан болохыг магадлахад биеийн байцаалтыг нэг цаасны нүүрэнд бичиж, тохируулан хоёрдугаар цаасны нүүрэнд дээрх мэдүүлсэн нь үнэн бөгөөд өөр мэдүүлэх зүйлгүй тул мэдүүлгийг батлав хэмээн үсэг зуруулан тэр хоёр цаасны завсарт хэргийн тухай мэдүүлгийг бичиж хавчуулсан байсан. Энэ учрыг харьяалах даргад илтгэсэн ба дахин байцаах байх гэж бодож байсн боловч байцаагаагүй. Харин комисст оруулах тушаал авч шийтгүүлсэн. Түүнээс хойш энэ журмаар ажилладаг болсон.

...Лам нарын хорт хэргийг илрүүлэхийг чухалчлаагүй. Зөвхөн комисст оруулаад буудуулах журмаар байцаалтыг явуулж байсан нь илэрхий болно.
...Мяндаг тушаал бүхий аваас 35 наснаас дээш насны лам нарыг баривчлах явдалд заавал ордер хэмээх явдалгүй баричвлах хэрэгтэй хэмээн амаар зааварлах буюу хөдөө явах ахуйд албан захидлаар тушааж байсан явдал буй. Энэ дээрээс мяндаг тушаалтан бол лам нарыг хамаа бус баривчлах явдал байсан гэхчлэн баримтаар нотлон ажлынхаа арга барилыг шүүмжилж байжээ.
ДЯЯ-ны ажилтнууд ийм арга маягаар ажиллах болсон нь 1931, 1936, 1937, 1938 оны МАХН-ын ТХ-ны гаргасан тогтоолоор лам нарыг И.В.Сталины заалтыг дагаж, тойрон бүсэлж устгах заалт гарч, тэдгээрийгй хэрэгжүүлсэнтэй шууд холбоотой ажээ.
МАХН-ын ТХ-ны 1931 оны арван хоёрдугаар сарын 29-ний 71-р тогтоолд: “хар феодалууд ба харгис толгой феодал лам нарыг 1931/21/ оны дотор устгах тухай өөрийн гаргасан тогтоолыг дотоодыг хамгаалах газар ба шүүн таслах газруудаас эдүгээ хүртэл гүйцэтгээгүй болохыг тэмдэглэхийн хамт энэ тухай урьд гаргасан тогтоолоо зүйтэй болохыг баталж, энэхүү феодалыг устгах явдлыг хурдан түргэнээр явуулж, тус намын есдүгээр их хурлыг хүртэл үндсэн дор дуусгвал зохино...” гээд.
...Хурдан түргэнээр таслан дуусгаж байхын тулд дотоодыг хамгаалах газрын тусгай комисст шилжүүлэн шийтгүүлж байваас зохихын гадна Төв хорооноос тэмдэглэх нь эл хэргийг хурднаар уул хугацааны дотор дуусгахын тулд дотоодыг хмгаалах ба шүүн батлах газар бүх хүчээ дайчлан явуулж, уул хугацаанаа гүйцэтгэж чадна” гэжээ. 1936 оны нэгдүгээр сарын 20-ны 43-р тогтоолд “...1936 оны 11-р сард Сталинаас ... харгис та нар харгис толгой лам нартай тэмцэхгүй буюу улс орныхоо батлан хамгаалах цэргийг зузаатгахгүй юм бол Холбоот улсаас тусалсны ашиг гарахгүй бөгөөд харин Холбоот улс дайсан этгээдэд тусалсан хэрэг болно.
...Лам нарын талаар тойрон бүслэх аргыг огт явуулж чадсангүй. ... Монгол улсад 80.000 гаруй харгис толгой лам нар байгаа тул галын гол хүчийг тэд нар луу чиглүүлэн тэмцэх хэрэгтэй гэх зэргээр Гэндэн, Дэмид, Намсрай нарт шаардаж байсныг Гэндэн, Дэмид нарын сонсголд дурдсан байдаг бөгөөд Сталин, Молотов, Воршилов нартай уулзсан Гэндэн, Дэмид, Нмсрай нарын мэдээллийг авч хэлэлцсэн дээрх хурлын тогтоолын 5-р зүйлд: “хувьсаглын эсрэг лам нартай тэмцэх асуудлыг хүчтэй болгож, феодалын үндсийг эсэргүүцэн устгах зорилтыг улам бүр дэлгэрүүлэн биелүүлэхийн тулд нийт лам нарын тоог хэрхэн хорогдуулах хийгээд 18 насны хүмүүс лам болох явдлыг тоо, хэмжээ тогтоох тухай хууль гаргах ба лам нартай тэмцэх талаар явуулах ажлыг асуудлуудыг сайтар зөвлөн боловсруулж, дараагийн тэргүүлэгчдийн хуралд оруулан хэлэлцүүлсүгэй” гэжээ. 1937 оны гуравдугаар сарын 25-ны 45 дугаар тогтоолын 10 дугаарт, “Дотоод яам, Шүүх яаманд даалгаж, ойрын цагийн дотор хуулийг зөрчсөн энэхүү лам нарын бүлэг ба дээд лам нарын эх орноосоо урваж, хувьсгалын эсэргүү болсон тухай хэргүүдийг олны өмнө таслан шийтгэсүгэй” гэжээ. МАХН-ын ТХ-ны 1938 оны зургадугаар сарын 29-ний 29-р тогтоолд, тагнуулын бааз хүчин болж, хувьсгал ба улс төрд тэрсэлсэн, харгис толгой лам нарыг бутцохихыг нэг зорилго болгохыг заажээ. 1937 оны аравдугаар сарын 15-ны өдөр Улсын төв театрт олны өмнө таслан шийдвэрлэсэн байна.
Өлгий хийдийн лам нарын хэрэг гэгчийг дахин нягтлан шалгах явцад Өлгий хийд болон Өмнөговийн засгийн шүтээн, Улаан сахиусны хүрээ, хийдэд хувьсгалын эсэргүү лам нарын хөдөлгөөн гарах гэж байсан, түүнд бэлтгэж Банчинбогдыг Японы цэргийн хамтаар орж ирэхэд хөрөнгө, мөнгө хуримтлуулж лам нарын талаас нөлөөлж байсан тухай ямар нэгэн нотолгоо олдоогүй байна.
Тэрчлэн уг хэргийн бүхий л материалд дайчлан баривчлах тухай тогтоол, ордер, хорьж мөрдөх тогтоол, эд юмсад нь үзлэг нэгжлэг хийж, эсэргүү хэрэг мөрдөж байсан тухайд нь холбогдох эд мөрийн баримт болох захидал бичиг , бусад зүйл, хурааж авсан, хөрөнгийг нь битүүмжилсэн акт,хэргийн хугацаа сунгасан тогтоол зэрэг хэргийн дотор зайлшгүй байх бичиг баримт ч олдоогүй ажээ.
Ийнхүү тэртээ 30-аадоны хэлмэгдүүүлэлтийн аймшигт шуурганд өртсөн гэм зэмгүй олон мянган хүний зөвхөн 20-нийх нь хувь заяаг түүхийн баримт түшин өгүүлэхэд ийм байна. Тэд цөм цагаатгагджээ. Гэхдээ тэдний хэн нь ч өнөөдөр та бидний дунд алгаа.

1995 он

No comments:

: