Tuesday, March 24, 2009

Номхон далайн дайн


Номхон далайд хагас зуун жилийн өмнө болсон дайнаас юуг нь санаж, юуг нь мартвал зохистой вэ? Хөшөө, оршуулгын газрууд, цэргийн жагсаалууд нь өнгөрснийг сануулсан дурсуулсан зүйлүүд юмаа. Тэр дайны үеийг мөрөөдөгсөд болон тэр үеийн тамыг туулан өнгөрүүлсэн, амьд гарсан хүмүүсийн хувьд Батаан, Коррегидор, Айво-Жима, Сайпан, Перл-Харбор, Окинава, Хирошима, Нагасаки, Лейте, Лусон, Уэйкийн арал, Гуадалканал гэсэн нэр толгойноос салахгүй.
Хэдэн сая гэр бүлд өнгөрсөн явдал эцэг эх, эмээ, өвөө хөршүүдээс үе үе дамжин яригдаж ирсэн юу болсон, юу болох бол гэсэн гэдэг домог бодит амьдралын түүх болон үлдэнэ. Гэхдээ тэдний яриа түүхтэй яг нийлдэггүй. Болсон явдлын цаг хугацаа, болсон газар нь зөрөх нь олонтаа бөгөөд дайн хийсэн шалтгаан, түүнийүзэл суртлын асуудал, үр уршиг, зорилго, учир холбогдлыг ярихаасаа гол нь амь гарсандаа л сайрхана. Тэдэнд үнэн хэрэгтээ ялсан ялагдсан нь гол биш байлаа. Өндөр настан заримынх нь ийм яриа залуу үеийн нэгэн дурсгал болдог гэж цэргийн түүхчид бичиж байна. Гэвч энэ түүх яриа, бидний амьдрал, манай ард түмний соёл, түүхийн нэг хэсэг болсоор байна.
Номхон далайн баруун өмнөд хэсгийн цэргийн командлагч байсан генерал Дуглас Макартур дайны жилүүд ард хоцорч нэлээд хугацаа өгөрсний дараа мэргэжлийн цэрэг байсан үеэ ийнхүү дурсан бичжээ. “Миний хуучин цагийн өдрүүд бүдгэрэн арилжээ. Эргээд санахад нүдэнд нулимс гүйнэ….Өчигдрийн инээд бодогдоно. Бууны тачигнаан, гохны чимээ, байлдааны талбарын ер бусын гашуудалт шивэгнээн зүүдэнд минь дахин үзэгдэнэ.… Үүрэг, нэр төр, Эх орон, гэсэн үгнүүд цуурайтан, дахин цуурайтна гэжээ.
Гэтэл Палау арал дээр Пелельюд 19 настайдаа усан цэрэг байсан байсан Е.Б.Сдлежийн дурсамж өөр байна. Тэрээр алагдсан нөхдөө дурсан ингэж бичжээ.
:Нэг хүнийг мөчилсөн байлаа. Толгойг нь цээжин дээр нь тавьж гарынх нь сарвууг бугуйнаас нь тасалсан байв.…Бэлэг эрхтэнг нь тасалж ам руу нь чихсэн ба зэргэлдээх нэгэн цогцос бас тийм байлаа.…Харин гуравдахь нь араатан амьтан сэглээд хаячихсан юм шиг харагдаж байв. Гэжээ.
Айво-Жима-д нэг өдөр бид галаар төөнүүлж бүх бие нь харласан нэг япон цэрэгтэй таарсан юм. Тэрээр ус гуйсан чинь Брууклигээс ирсэн манайхны нэгэн банди яжуурын асаасан талыг аманд нь чихэж билээ.
Сайпанд бидний авсан гэрэл зургууд дотор япончуудын толгойг хулсны оройд өлгөөд инээгээд зогсож байгаа америк усан цэргүүдийн зураг байдаг юм.
Ялалтын өдөр дайны гутамшигт талыг тэмдэглэдэггүй ч яахин мартаж болох билээ. Дайны гамшгийг мартахгүйн тулд дэлхийн хэвлэлүүд ч дайнтай холбоотой материалуудыг хэвлэсээр.
Өнөөдрийн олон түүхчдийн үзэж буйгаар Дайныг ядах үзэл нь тэрхүү 20-р зууны дунд үед ч шинэ үзэгдэл биш байлаа.”Арьс өнгөөр нь ялгаварлан гадуурхах, цэргүүд доторх энгийн ажилтныг алах нь ч мөн тэр үед ердийн зүйл байжээ. Харин хүнийг олон тоогоор нь хядах нь орчин үед зайлшгүй чухал бөгөөд хийх л ёстой гэсэн ойлголтын дор явагдаж байлаа” хэмээн нэрт түүхч Жон Даудер Номхон далайн дайныг тал бүрээс нь өргөн үзүүлсэн “Өрөвддөггүй дайн” номондоо бичсэн байна. Тэр үед Адмирал Уильям Халсей “Япончуудыг ал, Япончуудыг ал” гэж уриалаад япончуудыг үлдээлгүй устгахыг уриалж байжээ. Усан цэргүүд нь “Перл Харборыг санаж тэднийг тонилгоцгоо” гэсэн уриаг мөрдөх ёстой байв. Ер нь л япончуудыг үзэн ядахад америкчуудад хялбар байсан бололтой. АНУ-ын засгийн газар нутагтаа байсан 110 мянган япончуудыг“үндэсний аюулгүй байдлын үүднээс” “нүүдлийн хорих лагерьт” хорьж, Дорнодынхныг тус улсын газар нутгаас хөөн зайлуулах хуулийг авч хэлэлцэж байлаа.Шог зураачид, сэтгүүлчид, улс төрчид, япончуудыг хагас хүн гэж үзэж байв. Нью-Йорк таймс, Нью-Йоркер зэрэг томоохон сонинууд хүртэл япончууд бол зэрлэг бүдүүлэг алуурчид, дээрэмчид, хүний адаг, зальхай сармагчид хэмээн хочилж шуугиж байсан юм. Холливудынхан ч гэсэн америкийн дайчид хэрхэн япончуудыг дийлж байгааг үзүүлсэн кинонуудыг бүтээсээр…Энэ бүхний эцэст 1945 он гэхэд Японыг устгаж, япон үндэстэнг газрын хөрснөөс арчин дуусгавар болгох уриа Вашингтоны дээд албаныхны амнаас чөлөөтэй урсан гарах болсон билээ. Тухайн дайны үеийн Хүн хүчний комиссийн даргаВ.Макнат энэ бүхнийг хөөрөгдөн дэмжиж “Япон хүн бүрийг толгой дараалан устгая гэсэн шаардлагыг тавьсан ба ерөнхийлөгчийн хүү Эллиот Рузвельт “Японы хүн амын тэн хагасыг устгатал тус орныг зогсоо зайгүй бөмбөгдөхийг шаардаж байсан. Ингээд “Японы хүн ам шигүү суудаг хотуудын модон болон цаасан байгууламжуудыг шатаах ерөнхий довтолгоо”гэсэн нэртэй генерал Жорж.С.Маршаллын төлөвлөгөөг шургуу хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд ажиллагааг явуулж дуусах хүртэл хугацаанд 66 хотыг напами, цагаан фосфор, өндөр хүчтэй бөмбөгүүдээр бөмбөгдөж нийт 2 сая 210 мянган айлын байшинг устган шатааж, 9 сая 200 мянган хүнийг орон гэргүй болгож, 400 мянган хүний амийг хөнөөсөн юм. Дайныг шударга ч гэж үзнэ үү, яг байгаа бодит байдлаар нь авч үзвэл шилдэг хүмүүсийг хүн биш болгож байсныг нь санах хэрэгтэй.
Японы засгийн газар Перл Харборыг довтлох болсноо зарлахад радиогоор ийм нэгэн маршийн дуу явж байлаа:
Тэнгисийн цаана шарилууд хөвнө
Уулсын цаана ч шарилууд хэвтэнэ
Би эзэн хааныхаа л төлөө л үхнэ
Би хэзээ ч эргэж харахгүй.
Одоо үед Японд тэрхүү дайны түүхийг бичихдээ хэт мөлийлгөж өөрсдийн үүсгэсэн дайны хариуцлагыг хүлээхгүй, эзэн хааны төлөө үйлдсэн хэргийг гэмт хэрэг гэж үзэхгүй байгаа билээ. Мөн энд жишээ болгож үндсээр нь ялгаварлан гадуурхах бодлого байна. Япончуудын соёлд бусад үндэстэн, Азийн бусад арьстныг доогуур тавьдаг үзэл нэвт шингэсэн. Ямато арьстан байна. Ямато гэдэг нь япон үндэстний анхны нэр. Энэхүү арьстан бол дэлхийн бусад арьстан ба соёлоос дээгүүр, бусдаас цэвэр гэж үздэг хэмээн Жонн Даудер бичжээ.Өнөө үед ч үндэстнээ цэвэр байлгахын тулд Вьетнамаас завиар цагаачлан очигсдыг Японд огт хүлээж авдаггүй.
Германы нацист дайнаас бүүр өмнө нь Япончууд Хятадыг эзлэх нийтийн дайнд мордсон. Нанкинийг 1937 онд бөмбөгдөж буудсаны дараа эзэн хааны арми хятадын эрэгтэй, эмэгтэйчүүдийг үй олноор нь цаазалж устгасан билээ. Алагдсан хятадуудын тоог янз бүрээр хэлдэг боловч нийтдээ 200 мянган хүн алагдсан гэдэг. Энэ нь 8 жилийн дараа Японы Хирошима, Нагасаки хотуудад АНУ-ын хаясан атомын бөмбөгт алагдсан хүний тоотой ойр очиж байгаа юм.
Хожим нь 1941-1942 онуудад Мао Цзе Дуны отрядууд байрласан мужуудад “коммунизмийг номхотгох “Гурван бүгд” буюу Бүгдийг ал, Бүгдийг шатаа, бүгдийг устга” гэсэн бодлогын дүнд нийт 19 сая хүн амиа алджээ. Тэр дайнд оролцсон япон цэрэг Уно Шинторо “Япон дайн: Аман түүх” гэсэн номонд өгсөн ярилцлагандаа “Би хувьдаа 40 хүний толгойг авсан. Өнөө үед хүн гайхаж магадгүй, гэвч хүний толгойг авахгүй 2 долоо хоног өнгөрөхөд л эвгүй оргиод байдаг байв. Булчин шөрмөсөө чангалмаар санагдаад болдоггүй. Ингэмэгц би саравч руу очоод нэгийг нь суллан гаргаж ирээд голын захад аваачиж цавчдаг байлаа. Зарим үед алдаад мөр лүү нь цавччихдаг. Нэг удаа уушиг нь бөмбөг мэт бүлт үсрэн гараад ирэхэд нь ой гутсан. Өнөөдөр би өөр болсон.
Эзэгнэгч Японы арми Малайз, Бирм, Индонез, Хятад, Энэтхэг зэрэг улс үндэстнийг боолчилсноор тэдний эв нэгдэл алга болсон. Эдгээр орны хэдэн зуун мянган хүн дайны хөлд үрэгдсэнээс гадна дор хаяад 100 мянган ази эмэгтэйчүүд /ихэнх нь Солонгос болох/ Япон цэргийн зугаа болж ашиглагджээ.
1941 оны 12 сарын 7 нд Японы цэргийнхний эхэлсэн дайны шуурга Хавайн арлаас Мидуэй арал хүртэлх /Австрали, Шинэ Зеландаас бусад/ өргөн уудам нутаг дэвсгэрийг хамарч олон орныг эзлэн хяналтандаа авсан нь Гитлер ба германы армийн эзэгнэсэн нутаг дэвсгэрээс даруй 50 хувиар илүү байлаа. Цагаан арьстан колоничлогчдыг Азиас хөөх гэсэн Японы зорилт тэнэг мөрөөдөл биш болох нь тодорхой болсон билээ. Яг хэлэхэд энэ мөрөөдөл нь дайн дууссаны дараа л биелсэн юм.
1942 оны 5 сар бол АНУ-ын хувьд бол дайны гутамшигт ялагдал, Япончуудын хувьд бол ялалтынх нь оргил болжээ. Харин үүний дараа эсрэгээр эргэж Япон цэрэг дахин хэзээ ч амжилттай байлдаж чадсангүй. Дайн зарлахаас өмнө Японы усан флотын адмирал Исорику Ямамото нь аж үйлдвэрийн агуу их хүч чадалтай АНУ-ын эсрэг дайн хийхийг эсэргүүцэж ерөнхий сайддаа: “Үр уршиг нь ямар байхаас үл хамааран намайг байлд гэвэл би эхний 6 сар юм уу нэг жилд үзүүлээд өгч чадна. Харин 2 дахь, 3 дахь жилд итгэл алга” гэж байжээ. Үнэхээр ч адмирал Ямамото амласан ёсоороо эхний 6 сард ширүүн байлдаж чадсан боловч түүний таамаг ёсоор япончуудын амжилт үүгээр дуусгавар болов. 1942 оны 6 сард Мидланд арлыг эзлэхээр явж байсан Японы флотыг америкийн нисэх онгоц тээгч 3-хан онгоц довтолж японы нисэх онгоц тээгч 3 хөлөг онгоцыг устгаж нэгийг нь гэмтээж, нэг жижиг онгоцыг живүүлсэн ажээ.Мөн адмирал Ямамото нь Гуадалканалын орчим америкийн нисэгчдэд буудуулж үхсэн байна. Америкчууд зөвхөн Йорк-Гаун арлыг л алджээ. Дараагийн 3 жилд Номхон далайн арлууд дээр үргэлжилсэн өршөөлгүй дайнд олон тооны цэрэг, эд баялгийн үлэмж хохирол учирсан. Зөвхөн 1945 оны хавар явагдсан тулалдаанд аль аль талаасаа 150 мянган цэрэг, 70-160 мянган энгийн иргэд амиа алдсан юм. Английн цэргийн түүхч Жонн Кееданы бичсэнээр АНУ нь 1941-1945 онуудад Номхон далай, Хятад, Энэтхэг, Бирмийн нутгуудад 1.2 сая цэрэг илгээснээс зөвхөн 450 мянга нь усан цэргүүд байжээ. Хэдийгээр Европын дайны талбартай харьцуулахааргүй ч 29 дивиз, 6 арми, 4 усан цэргийн дивизүүд тогтмол байлдаж байсан нь их тоо билээ. Дээр дурьдсан усан цэрэг асан Слежийн тэмдэглэлд “Пелельюд бууны сумны галын дунд очлоо. Нэг нөхөр маань их бууны сумны дэлбэрэлтэнд өртлөө. Бид түүнийг өргөн зөөх гэтэл бие нь 2 хэсэг болон салан унав. Би малгай дээрээ сууж нүүрээ таглалаа….Би ядарч цуцаж, сэтгэл санаагаар цочирдож хүч чадавхиа шавхаж , цаашид ингэж явах тэнхэлгүй болсон мэт санагдана гэж бичжээ.
Огава Масатусчу гэгч япон цэргийн дурсамжинд Энэ бол өрөвдөх зүйлгүй дайн байсан.
Нэг удаа замаар явж байтал замын хажууд нэгэн япон цэрэг харагдав. Тэр дуугарч чадахгүй, хүнд шархадсан бололтой. Миний винтов руу зааж хуруугаараа гох дарах байдал үзүүлж байв. Би түүнрүү чиглүүлж бууныхаа гохыг дарж чадаагүй. гэжээ.
Америкийн гавяаны медалийг хүртсэн олон залуусын ихэнх нь нөхрийнхөө амийг авран өөрийн амийг алдсан байна. Энэхүү шагнагдагсадын цаана эрэлхэг зоригоос гадна хүнийг хайрлах хайр агуулагдсан юм.
Тоо баримтаас үзвэл япончууд дайныг эхэлсэн 1937 оноос бууж өгөх бичигт гарын үсэг зурсан 1945 оны 9 сар хүтэл японы эзэн хааны армийн 2,5 сая цэрэг офицерууд амиа алдсанаас 600000 нь тулалдааны талбарт амиа алдсан гэдэг.

Moonrider

No comments:

: