Огторгуйн гайхамшигтай биет хар нүхний тухай

Яагаад хар нүх гэж нэрлэснийг одоо тайлбарлая. Аливаа нэг биет гэрлийн хурдаар гүйхийн тулд түүний масс тэгтэй тэнцүү байх ёстойг А.Эйнштейний харьцангуйн онол харуулсан. Иймд зөвхөн жингүй гэрэл л гэрлийн хурдаар гүйнэ. Иймээс ч энэ хурдыг гэрлийн хурд гэж нэрлэжээ. Түүний хэмжээ зүйрлэшгүй их 299792458 м/сек. Сая сая нарны масстай биетээс нэгэнт гэрэл ч тасарч гарч чадахгүй юм чинь түүний татах хүчнээс юу ч зугтааж үл чадна. Учир иймийн тул тэр биетийг гадны ажиглагч хэзээ ч олж, харж чадахгүй. Ийм биетийг хар нүх гэж нэрлэжээ. Нэгэнт нүдээр, дуран авайгаар од шиг ажиглаж болохгүй юм чинь хар нүхийг хайх ч хэрэггүй мэт бодогдоно. Гэвч түүний асар их татах хүчний нөлөөгөөр түүний ойролцоо байгаа од, гаригууд болон бусад масстай биетүүд хар нүхэнд сорогдон их хурдтайгаар түүн дээр унах явцад этгээд сонин "туяа" цацруулснаар хар нүх хаа нэгэн газар байгааг илрүүлж болохыг эрдэмтдийн тооцоо харуулсан. Хар нүхний хая-хүрээ гэсэн гайхамшигтай ойлголтыг амьд сэрүүн тунгалаг байгаа физикчдээс хамгийн алдартай гэгдэх Английн физикч С.Хоукинг оруулжээ.Хар нүхнйй хаяны дотогш бүх юм хар нүхэнд сорогдон алга болж хэзээ ч түүнээс тасарч зугтаж гарна гэсэн ойлголт байхгүй. Хар нүхний хаяны гадна байгаа биет хар нүх энд байна гэдгийг мэдэрч эхэлнэ. Харин хар нүхний хаяыг түүнийг тасралтгүй мөнхөд тойрон эргэлдэх гэрлээс бүтнэ гэж үздэг. Хар нүхний хаяны ойролцоо огторгуй-хугацааны шинж төлөв эрс өөрчлөгдөж, цагийн зүүний явалт хязгааргүй удааширч эхэлнэ. Хар нүхний хаяны орчин дахь хоосноос гэрэл цацрах үзэгдлийг Хоукингийн цацрал гэнэ. Ингэж гэрэл цацруулсан хар нүх аяндаа ширгэж үгүй болно. Энэ нь Эйнштейний харьцангуйн онолоор энерги масс хоёрын шүтэлцээний мөрдлөгөө юм. Яагаад гэвэл хар нүх хаяныхаа орчмоос гэрэл цацруулж, өөрийнхөө энергийг алдсан учир түүний массын хэмжээ багасаж эхэлнэ. Ингэж хар нүх аяндаа ууршиж үгүй болно. Энэ үзэгдэл хар нүхний физикт квант шинж чанарыг оруулснаас болж гарч ирсэн таамаглал юм.

Хар нүхний шуурга
Дээр хэлснээр хар нүхний таталцлын асар их хүчнээс болж түүн дээр унаж байгаа хүн (хүний урт 1,8 м гэж үзвэл) гурван км хүртэл утас шиг сунаж унана. Яагаад гэвэл хүний толгой, хөл хоёрын хоорондох таталцлын хүчний зөрүүгээс болж хүн ингэж утас шиг сунах юм.Хар нүхний тухай физик ойлголт хүн төрөлхтний үе үеийнхний оюун санааг эзэмдэж, түүний хачирхалтай шинж чанарыг улам бүр тодруулсаар байх юм. Жишээ нь, хар нүхийг ашиглан хүн төрөлхтөн түүн дээр хаягдал хогоо асгаж, түүнээс гарсан энергийг ашиглах санаа ч хүртэл бий.
Ц.МЯНГАНБАЯР, Х.НАМСРАЙ, М.СОВД
1 comment:
boldog bol saihan l sanaa bna
Post a Comment