
Монголчуудаас гаралтай гэж өөрсдийгөө үздэг арлын япончуудaд үүнтэй төстэй соёлын улбаа бий. Самуурай нар дайнд үрэгдсэн хүмүүсийнхээ аман хүзүүний ясыг заавал олж аваад хүндэтгэн оршуулдаг эртнээс уламжилж ирсэн онцгой сонин заншилтай ажээ. Ийм заншил ёсоор амь үрэгдсэн олзлогдсон япончуудын шарилыг чандарлахдаа аман хүзүүний ясыг олж авах шаардлага тавьж байсан гэж тухайн үед Монголд ажиллаж байсан Ямаха компанийн байнгын төлөөлөгч Какимото Юутака гуай дурсан ярьж байлаа. Түүний хэлсэн үгийг олон жил сэтгэлдээ тээж яваад Сан Франциско хотын Японы байнгын төлөөлөгчийн газар ахлах консулаар ажиллаж байсан Тацүки гуайгаас лавлан асуухад “-Харин тийм, тийм ёс байдаг. Нарийн учрыг нь би сайн мэдэхгүй” гэж ойлгомжтой сайхан монгол хэлээр цэргийн хүн шиг (уг нь тагнуулын хүн л дээ) товч тодорхой хариу өгөөд, татаж буй янжуурынхаа үнсийг ядам хуруугаараа сурмагхан унагаж, харцаа тэртээ уулын оройд шилжүүлж, эл сэдвээр ярих дургүй байгаагаа хөдөлгөөнийхөө аясаар илэрхийлж билээ. Тацуки гуай бол удаа дараалан Улаанбаатар буй Японы элчинд ажиллаж, нийтдээ 13 жил Монгол Улсад амьдарсан болохоор бидний тухай элдвийг мэддэг нэгэн.
Аман хүзүүний ясыг япон хэлээр хотокэ-сама гэж хэлэх ба утга нь “Бурхан aбугай” болно. “-Аман хүзүүний яс завилаад суусан бурхан шиг байдаг учир япончууд ихэд эрхэмлэдэг” гэж Какимото гуай Японы Тоо-мэй (Токио-Нагояа) хурдны замаар давхиж явахдаа надад тайлбарласан юм. Бөркелей дахь Кальфорны их сургуулийн Зүүн өмнөд Ази судлалын номын санд Xятаны түүхийн олон сурвалжийг хуруу чилээн эргүүлж cуухад “-Япончууд аман хүзүүний ясыг эрхэмлэх цаад санаа нь Хятанаар дамжин арлын оронд Бурханы шашинтай хамт дэлгэрсэн бөөгийн зан үйлтэй шууд холбоотой байх нээ” гэсэн бодол тархинд зурcxийж билээ. Үүнээс ургуулаад бодоход эрт цагт аман хүзээг амин хүзүү хэмээн нэрлэж байсан ч юм билэв үү. Толь бичгээс энэ үгийг сайн хайх хэрэгтэй боллоо.
.
.
Ш.Баатар
No comments:
Post a Comment