Saturday, December 27, 2008

ХХ зууны монголын түүх бичлэгийн тойм


1890-ээд оноос Монголын түүхэнд урьд өмнө гарч байгаагүй олон шинэ үзэгдэл үйл явдал бий болсон. Тухайлбал: Манжийн эсрэг тэмцэл хөдөлгөөн дээд цэгтээ хүрч хаад ноёд, хутагт хувилгаад жирийн иргэдийн адил Манжийн эсрэг тэмцэх болжээ. Энэ Тэмцлийн бодит үр дүн болж 1911 онд Үндэсний эрх чөлөөний хувьсгал ялж төрийн тусгаар тогтнолоо сэргээж шашин төрийг хослон барьсан хэмжээгүй эрхэт Монгол Улсыг байгуулжээ.Гэвч 2 хөрш орон Монголд нөлөөгөө тогтоох сонирхлынхоо дагуу Монголд нэр хүндээ дээшлүүлэхийг хичээж өнгөн дээрээ Монголын төлөө мэт боловч чухамдаа Монголыг залгих түрэмгий бодлого явуулж байлаа. 1905 оны дайнд /Орос, Японы/ ялсан Япон, Оростой тохиролцсоныхоо дагуу Монголд нөлөөгөө тогтоохыг хичээж байсан явдал Орос, Хятадын аль алинд багагүй саад болж байлаа. Энэ нь нэг талаар Орос, Хятад хоёр Монголд шууд түрэмгийлэхэд бэрхшээл учруулж байлаа. Чухам ийм ээдрээтэй НӨХЦӨЛ байдлын дунд Монгол улс төрийн тусгаар тогтнолоо бэхжүүлэхийн тулд өнгөрсөн түүхээ эргүүлэн харж, авах гээхийн ухаанаар улс орноо хөгжүүлэхийн төлөө, улс шиг улс болгохын төлөө хичээх зайлшгүй шаардлага бий болсон байна. 1913 онд Богд эзэн хаан зарлиг буулгаж эх түүхээ зохиохыг дотоод яамны тэргүүн сайдад даалгасан байна.

Зарлигаар тогтоосон МУ-ын шаштир

Хаант Монгол улс улс төрөө төвхнүүлэх их үйлсийг хэрэгжүүлэх нэг нөхцөл бол эх түүхээ судлах, боловсруулах явдал гэж үзэж байсан.1913 онд Богд хааны зарлиг бууж Монгол Улсын шастир боловсруулах, Манжийн үеэс эхлэн бичиг дансны ажил хийж байсан лам Цэрэндэндэв, Их Хүрээний Да лам, хурц билигт Гомбоцэрэн, Цэцэн хан аймгийн хурц гүн Галсандоной нар тэргүүлж гавж Заваадамдин, гүүш Сумъяа, гүн Дашням, Намсрайжав, Тогтох гэх мэт хүмүүс туслан оролцсон томоохон бүрэлдэхүүнтэй эрдэмтэд 1919 он болоход "Монголын түүх" буюу "Зарлигаар тогтоосон Монгол Улсын шаштир”-ийг бичиж дуусгасан байна.Энэ шастирт тулгуур болгосон гол зохиол, сурвалжууд бол XVIII зууны үед Манжийн хааны зарлигаар боловсруулсан "Гадаад Монгол, Хотон аймгийн ван гүнгүүдийн илтгэл шастир" хэмээх 120 дэвтэр зохиол болон ноёдын уг эх, гэрийн үеийн бичмэлийг ашигласан байна."Монгол Улсын шастир" нь 11 дэвтэр. Гэтэл одоо 7 дэвтэр /4,5,6,7,8,9,11/ олдож 1, 2, 3, 10 дэвтэр нь олдохгүй байна . Эдгээр 7 дэвтэр Монгол улсын нийтийн төв номын санд ганцхан хувь хадгалагдаж байна. Түүнийг 1997 онд Түүхийн хүрээлэн, Улсын төв номын сангаас эрхэлж хэвлүүлсэн. /2 боть/ Энэхүү шастирт 1919 оны 6-р сар хүртлэх хугацаанд халх ойрдын угсаа залгамжилсан буюу залгамжилж байсан ноёдын бүх намтар орсон байдаг. Гэхдээ зарим хүний намтрыг ойлгомжгүй, төрөөс хүлээсэн шийтгэлийг нь хагас дутуу тэмдэглэсэн байдаг.Зарим нэг засаг бус ноёдын намтартай холбогдох мэдээ бий. Энэхүү шастирт 1919-1924 онд засаг ноён залгамжилсан хүмүүсийн шастир ороогүй. Тэр үед 3 жил тутамд бүх ноёд шастираа бичиж дотоод яаманд албан ёсоор хүлээлгэн өгдөг байлаа. Тэдгээрийг олж нөхвөл 1924 он хүртлэх хугацаанд засаг залгамжилж байсан бүх ноёдын шастир гүйцэх болно. Богд хааны шастирыг 3 дэвтрээр бичсэн бололтой байдаг боловч одоогоор олдохгүй болжээ.Бурхны шашны түүхэнд тэмдэглэснээс үзвэл Богд Жавзандамба 23 удаа хувилж тaрaaсан байдаг. Тэрний 16-23 дүр буюу сүүлчийн 8 нь Монголд байнга сууж байлаа. Эдгээр 23 дүрээс 16, 17-р дүр нь /анхдугаар ба хоёрдугаар/ Монгол хүн байлаа.1911-1921 онд энэхүү шастираас гадна зарим аймаг хошуудын түүх бичсэн хэд хэдэн дэвтэр гар бичмэлээр хадгалагдаж байна. Жишээ нь: Халхын 4 аймгийн нэг болох Засагт хан аймгийн түүх бий.1911-1915 онд бурхны шашны түүхийг Монгол , Төвдөөр бичсэн олон бүтээл байдаг. Мөн нийгэм, улс төрийн тодорхой сэдвийг хөндөж бичсэн хэд хэдэн зохиол байх боловч зохиогчийн нэр нь тодорхой бус байдаг.Одоо манай улсын номын санд, Хөх хотын багшийн их сургуулийн номын санд, Бээжингийн номын санд олон гар бичмэл байдгийн дотор 1911-1920 онд холбогдох зохиолууд их байна. Гэвч эдгзэрийг нарийвчлан шинжилсэн судалгаа одоогоор алга байна.

1921-1928 оны Монголын түүх бичлэгийн тойм


Энэ үе бол Монголд Үндэсний ардчилсан хувьсгал ялж, төрийн тусгаар тогтнолоо сэргээсэн онцгой түүхт үйл явдлын эхний 8 жил юм. Энэ хугацаанд өнгөрсөн түүхээ нэхэн судлах талаар Монголын төр онцгой анхаарч нэлээд хэдэн бүтээл хэвлэгдсэн байна. Тухайлбал: Солийн Данзангийн бичсэн "Ардын нам анх үүссэн учир" хэмээх товхимол, 1122 онд Магсар хурцын бичсэн "Засаг төрийн байдал хэрхэн уламжилсныг тайлбарлан тэмдэглэсэн бичиг", мөн түүний "Монгол Улсын шинэ түүх", Буянчуулганы Ойрдын түүхтэй холбоотой хэд хэдэн бүтээл бичигдсэн байна. Гэвч эдгээрийн зарим нь хэвлэгдэж нийтийн хүртээл болоогүй гар бичмэлээр хадгалагдаж байна.1925 оны үед "Монголын шашны түүх" хэмээх томоохон бүтээл бичигдсэн байна. Зохиогчийн нэр нь тодорхой боловч бичлэгийн байдлыг ажиглахад Магсар хурцын бичиг байж болоxoop.1929-1932 он бол Монголд коминтерний заавраар буюу буруу бодлогоор хэт зүүнтний сүржин үйл ажиллагаа үргэлжилж байсан. Тэр үед 1924 онд Үндсэн хуулиар ард иргэдэд олгосон шүтэх, бишрэх эрх чөлөөг ноцтой зөрчиж, хувийн өмчид халдаж, хөрөнгө хурааж бүх хүмүүсийг МАХН-д хүчээр элсүүлж байлаа. Энэ үед зүүнтний бодлогыг сурталчилахад чиглэсэн хэд хэдэн товхимол, сонинд олон өгүүлэл нийтлэгджээ. 1932 онд намын төв хорооны нарийн бичгийн дарга Өлзийтийн Бадрахын бичсэн "Намаас баруун бөөрөнхийнүүдийн эсрэг амжилттай тэмцсэн түүхэн туршлага" 2 боть зохиол хэвлэгджээ.Энд 1921 онд Үндэсний хувьсгалын гол удирдагч Бодоо, Данзан, ерөнхий сайд Цэрэндорж, Амар, эрдэмтэн Жамсрангийн Цэвээн зэрэг хүмүүсийг баруунтан хэмээн хувьсгалын замын янз бүрийн нэр хоч өгч, үзэл бодлоор нь гутаан доромжилсон бол, коминтерний заавар зөвлөгөөг үг дуугүй хүлээн зөвшөөрсөн хүмүүсийг магтах шинжтэй бичсэн байлаа.1932 оны 6-р сард зүүнтний алдаа завхралыг засаж залруулсан. Ө.х нам төрийн бодлогыг зөв чиглэлд нь оруулсан юм.Энэ үеэс эх түүхээ судлах, боловсруулах ажил нэлээд эрчимжиж, шинжлэх ухааны хүрээлэнгийн дарга /ерөнхий сайд байсан/ Амарын санаачлагаар Монголын түүхийг нэн эртнээс эхлэн 5 ботиор хэвлүүлэх Засгийн газрын тогтоол гарсан байна. Hам, улс, цэргийн түүхийг тусгайлан судлах ажлын хэсэг байгуулжээ. 1934 онд А. Амар "Монголын товч түүх" 2 боть /I боть нь хэвлэгдсэн, II боть нь хэвлэгдээгүй гар бичмэлээр буй/, Л. Дэндэв “Монголын товч түүх" хэвлэгдсэн.Лосол, Дэмид нарын "Монгол ардын үндэсний хувьсгалын анх үүсч байгуулагдсан товч түүх" 2 боть зохиолууд хэвлэгдэж МАХН-ын 1-8-р их хурлын тухай товхимол, цэргийн түүх, МАХН-ын түүх бичигдсэн байна.1940 оноос Дэлхийн олон улсын байдал хурцдаж, дэлхийн II дайн улам бүр газар авч байлаа. Энэ үед цэрэг, эх оронч үзлийг сурталчилах, цэрэг дайчдыг ахмад үеийн хүмүүсийн үзэл бодол, үйл ажиллагаатай танилцуулах ажил онцгой чухал болсон. Тийм учраас Чойбалсан "Ардын Хатанбаатар Магсаржав", Цэдэнжав "Хатанбаатар", Навааннамжил "Зоригт баатар Тогтох", “Нацагдорж" бүтээлүүд хэвлэгджээ.Шинжлэх ухааны сэтгүүлд Пэрлээгийн бичсэн "Монголчуудын цэргийн өгүүллийн тухай" том өгүүлэл нийтлэгдсэн.Мөн 1911 оны үеийн Монголын түүхийг судалж Г. Навааннамжил "Автономитын үеийн Монголын түүх" гэдэг гэдэг 7 дэвтэр зохиол бичигдсэн байна.1950-иад оноос хойш одоо хүртлэх хугацаанд Монголын түүхийн бүх асуудлаар xaмтын бүтээл, эрдэмтдийн бичсэн 60 гаруй томоохон бүтээл нийтийн хүртээл болжээ. Тухайлбал: 1954 онд Монгол-Зөвлөлтийн эрдэмтдийн хамтран бичсэн "БНМАУ-ын түүх” 1 боть, 1964 онд "МАХН-ын товч түүх", 1966-1969 онд "БНМАУ-ын түүх" 3 боть, "БНМАУ-ын соёлын түүх" зэрэг суурь бүтээлүүд нийтлэгджээ.1990 оноос өмнө дан ганц марксист үзэл ноёрхож, олон ургалч үзлийг хязгаарлаж байсан учраас түүхийн судалгааг улс төрд захируулж байсан бол 1990 оноос хойш түүхийн судалгааг аль ч үзэл сурталд захируулахгүйгээр түүхэн үнэнийг тодруулах зорилгоор бичдэг боллоо.

No comments:

: