“Гэрэлтэй хvн”. Хаанаас ч билээ уншиж байсан эл vг Г.Аким гуайтай ярилцаж суухад бодогдсон юм. Билгvvн номчийн даруухан хєшєєгєєр угтдаг номын єргєєний эрхлэгч, их бичгийн эрхэмтэй хэсэгхэн хєєрєлдсєнєє хvргэе.
-Хуучин цагт орчуулгын номуудыг нэлээд хянадаг байсан. Сvvлийн vед орчуулагч, орчуулгын номууд тоогоо алдаж. Мэдээж энэ нь сайн талтай ч орчуулгын чанарыг хянах тал орхигдсон. Хуучны тэр хатуу шалгуурыг сэргээх боломж бий юу?
-Орчуулгын ном бvрийг ариутган шvvх боломжгvй л дээ. Тийм газар байгуулах ч аргагvй. Харин энэ олон хэвлэх vйлдвэр, газрууд єєрсдєє ариутган шvvгчтэй болох ёстой. Дээхнэ vед, бvр “Ганжуур”, “Данжуур”-ыг орчуулж байх vед орчуулагчид дєрєв хvртэлх зэрэгтэй байсан. Сайхан бvтээлийг ард тvмэндээ эх хэлээрээ хvргэж, оюуны ундааслыг нь тайлахын тулд сайн зохиолыг жинхэнэ зохиол чигээр нь уншигчдад хvргэх нь чухал.
-”Тэр зохиолыг орчуулаач”,”Тийм ном бичээч” гэсэн уншигчдын хvсэлтэд Та хэр дарагдаж байна?
-Одоо ч тийм хvсэлт тавиад, ном нэхэх хvн ховордож. Гэхдээ “Yvнийг орчуулахгvй юу” гээд номоо бариад ирэх ганц, хоёр хvн бий. Хvмvvсийн санал болгосныг орчуулж болох ч єєрийн мэдэрсэн, сэтгэлд хvрсэн зvйлээ л орчуулах нь чухал. Єєрт таалагдсан ном, зохиолоо монгол уншигчиддаа хvргэе гэсэн сэтгэлийн дуудлагаар орчуулах хэрэгтэй. Тэгж гэмээнэ хєдєлмєрлєж, нєгєєх зохиолоо нухан байж жинхэнэ бvтээл болгоно. Тэгээд ч орчуулга гэдэг нэгээс нєгєєд хуулахын нэр биш. Уран зохиол ямагт уран зохиол л байх ёстой. Англи зохиолчийн бичсэнийг англичууд уншаад инээж байхад манайхан орчуулгыг нь уншаад инээхгvй бол тэр утга зохиол биш. Тэнд уйлж байвал энд уйлж байх ёстой, тэнд инээж байвал энд ялгаагvй л инээх ёстой.
-Залуу vеийнхнээс арай єєрєєр сэтгэж, туурвиж байгаа нь Таныхаар хэн байна?
-Сайхан бичдэг залуус гарч ирж л байна. Юуны ємнє яруу найрагч Л.Єлзийтєгс, Г.Аюурзана хоёрыг хэлэх хэрэгтэй. Бас єгvvллэг бичдэг Б.Тvмэнбаяр гэдэг бvсгvй бий. Харин заримд нь нэг жигтэй юм байдаг юм. Модернист гэх залуус нь арай сонгодог тал руугаа бичдэг хэдийгээ тоохгvй. Харин нєгєє хэд нь залуусаа тоохгvй. Уг нь дэлхийн утга зохиолд энэ хоёр єєр урсгал зэрэгцээд л ирсэн хуультай. Єєрсдийнхєє тєрєлд хувь хувьдаа л сайн. Тэгэхээр маргалдаж, мэтгэлцэлгvй зэрэгцээд явах хэрэгтэй байх. Олон тvмэн аяндаа аль сайныг нь л уншина.
-”Сайн сэтгvvлч тухайн цаг vеийнхээ нийгмийн толь болдог” гэсэн Таны vг бий. Єнєєгийн залуу сэтгvvлчид сайн муугаараа их л хэлэгдэх болж?
-Нас тогтсон хvмvvс цаг vеийн хурдыг гvйцэхгvй болохоор залуус гvйх л хэрэгтэй. Гэхдээ учраа мэддэг байх нь чухал. Жишээ нь, сурвалжлага, ярилцлага хийе гэвэл тухайн хvнийхээ бvтээж туурвисныг, vvх тvvхийг нь эхлээд судлах ёстой. “Ингэхэд Та чинь юу хийсэн хvн билээ” гээд сууж байсан залуу сэтгvvлчтэй би таарч байлаа. Телевизийнхэн л гэхэд хэдхэн юмаа ярьж, єнєєх л улиг болсон асуултуудаа нуршдаг. Залуус маань хий таваргах нь ихсэж. Гэхдээ тэдний буруу биш л дээ. Бэлтгэж, тєгсгєсєн сургуулиуд нь тэдэнд єгєх ёстойгоо єгєєгvй л гэсэн vг. Сэтгvvл зvйн энэ олон сургууль хvvхдvvдийг их эвдэж байна даа.
-Yндэсний бичгээ сэргээе гэж олон жил ярилаа. Хэрэгжсэн ажил алга. Монгол бичгийн ирээдvй хэр гэгээтэй байна?
-Би уг нь єєдрєг vзэлтэй хvн. Гэхдээ гутрах юм их гарах юм. Сайн муу, гуниг баяр гээд бvхий л юмс хосоороо байдаг жамтай хорвоо юм даа.
Дээдчvvл Монгол Улсыг хєгжvvлэх цогц бодлого гэдэг юм яриад байгаа. Тэнд нь монгол бичгийг байтугай монгол хэлийг устгах асуудал хєндєгдсєн. 2020 он гэхэд монголчууд дан англиар ярьж, тєрийн хэргээ англиар хєтлєх юм гэнэ. Монгол эхийн ангир уургыг хєхєж, бvvвэйн дуунд нь торниж, монгол хэлний уянгыг мэдэрсэн хvн яавч ингэж сэтгэх учиргvй. Тэр бодлогыг санаачилсан хvмvvсийг би Англид юм уу, Америкт тєрж, англи хэлний сайхныг мэдэрсэн улс байх гэж сэжиглээд байгаа юм. Би тэр эрхэм тvшээдэд хандаж нэг бус удаа ярилцлага єгсєн. Харамсалтай нь зарим хэвлэл, мэдээллийнхэн тэдэнд хvргэх гэснийг минь хасчихаад байгаа. “Та нар минь англи соёл, англи хэлэнд тийм л хайртай юм бол тэр газраа очиж амьдар. Yр хvvхдээ монгол ёсоор хvмvvжvvлж, монгол хєрснєє гишгэж, Монголын гэсэн бvхнээ хадгалж vлдэхийг хvссэн хvмvvст битгий саад бол оо” гэж би тэр хvмvvст хэлмээр байна. Монголыг тэр чигээр нь англичлах шаардлага ч байхгvй. Монгол хvн улс орноо дээдэлж байгаа цагт монгол хэл, бичиг оршсоор л байх болно. Ер нь тvvх давтагддаг юм байна. 1980-аад оны эхээр “Малчдыг орос хэлтэй болгоно”, “Пушкиныг эх хэлээр нь уншина”, “Орос хэлийг нэгдvгээр ангиас заана” гэж хэсэг манаргасан. Гэхдээ тэр vед хамаагvй шvvмжилж болох биш. Тэр бодлогыг эсэргvvцээд хэлмэгдсэн улс ч бий. Миний санахын Отгон гэдэг хvн vvрийн дарга нарт орос хэл сургахыг шvvмжилж “Эд хотондоо очоод хоньтой ярих юм уу” гэж хэлээд хєєгдєж байсан юм даг. Харин одоо бvр тєрийн бvх ажилтнуудыг англи хэлтэй болгоно гээд байгаа. Єєрєєр хэлбэл, багийн дарга ажлаа англиар хєтлєх нь. Энэ нь манайхны ийш тийшээ савчаад голдоо тогтож єгдєггvй зантай холбоотой байх. Бид хэчнээн ч юм алгасчихав, бvгд мэднэ дээ. Боолын нийгмийг алгасаад феодализм руу, капитализмыг алгасаад социализм руу, эцэст нь коммунизмаа алгасаад капитализм руугаа эргээд харайчихсан. Аливаа юмны голчийг баримталдаг хvн барагтайд алддаггvй. Тиймээс алс ирээдvйгээ бодсон, тєвийг сахисан vзэлтэй байх хэрэгтэй болов уу. Бидний тєв Монгол маань шvv дээ.
-Эрлийзжиж эхэлсэн монгол хэл, бичгийг аврахад Б.Ринчен гуай шиг их хvмvvс дутагдаад байна аа даа?
-Б.Ринчен гуай бол аугаа хvн юм. “Бvргэдийг бvргэдээр нь бvргэд гэж нэрлэе” гэдэг vг бий. Сод хvмvvн ойр ойрхон мэндлэхгvй. Б.Ринчен гуай сvvлийн зуунд тєрєєд, єнгєрсєн. Чингис хаан гэхэд л мянганд ганц тєрж. Бvр дэлхийд ганц шvv. Зарим хvн “Чингис гэж их ярилаа. Бид єєр болсон. Шинийг цогцлооё” гэцгээдэг. Эсвэл зарим нь Чингис хааныг айхтар байлдаанч л байсан мэтээр ярьж, хий хєєрцєглєдєг. Харин их хvмvvсийн хэлсэн, vлдээснийг ухаарч, зєвийг нь хэрэгжvvлэх хvмvvс л хэрэгтэй. “Ирээдvй рvvгээ л тэмvvлье” гэх залуус бий. Єнєєдрєє маргааштай жишиж байж тєлєвлєгєє гаргахаас ирээдvйг таамаглах аргагvй шvv дээ. Єнгєрсєн маань бидний хєрс. Тvvхээ эргэж харахгvй нь агаарт хий дvvжлэгдэхээс ялгаагvй.
-Тєв номын сангийн ном хадгалалт муу гэж олонтаа дуулсан. Байдал одоогоор ямархуу байна?
-Номын хадгалалт муу. Нимгэхэн банзаар давхарласан сараалжархуу тавиуртай. Шал нь ч их муудсан. Томоохон номын сангууд сунадаг тємєр замтай байдаг. Манай санд зам тавих нь битгий хэл цаашаа гvн рvv нь явахад ч эмээмээр.Харин єнгєрсєн оны арваннэгдvгээр сард Кувейт Улсад айлчилсан Ерєнхийлєгч Н.Энхбаяр номын шинэ єргєє байгуулах тухай сайхан мэдээтэй ирлээ. Удахгvй байргvйддэг асуудал vгvй болно гэж найдаж байна.
-Шинэ ном бvрийн дээжээр сан хємрєгєє арвижуулж чадаж байна уу. Yндэсний номын сан маань хэчнээн ном, судартай вэ?
-Гадаад, дотоодын шинэ ном, сонин, сэтгvvл авахад тєрєєс жилд 40 сая тєгрєг тєсєвлєдєг. Тэр бvр хvрэлцдэггvй ч Yндэсний номын сангаа эрхбиш харж vздэг юм. Гэтэл сумын номын сангуудад саяхныг хvртэл 70 мянган тєгрєг л хуваарил¬даг байлаа. Харин энэ жилээс сая тєгрєг болгосон. Сумын номын санд сая тєгрєг гэдэг боломжийн хєрєнгє. Бас зохиолч, уран бvтээлчид маань шинэ номоо бариад л гvйгээд ирдэг. Сан хємрєг маань гурван сая гаруйд хvрсээн.
-Барагцаалбал Та хэчнээн ном уншсан бэ?
-Сvvлд Чингис хааны ертєнцийг vзэх vзлийн талаар “Хєрстєд ганц Чингис хаан буюу хєх монголчуудын єлзий учрал” гэдэг ном бичлээ. Тэр номыг бичих гэж л зуу гаруй ном уншсан гэхээр амьдралдаа уншсан бvхэн маань тоймоо алдана. Анхандаа багцаа байсаан. Одоо харин тоолоход бэрх.
-Таны орчуулсан “Зуун жилийн ганцаардал” олон хvний ширээний ном болсон. Одоо ямар бvтээл туурвиж байна. Ном орчуулж байна уу?
-Дэлхийн уран зохиол ямар хэмжээнд хvрснийг уншигчид ч, зохиолч нєхєд маань ч мэдэхгvй явсан 1980-аад оны сvvлээр би уг романыг орчуулсан. Єнєє хэр олны анхаарлыг татаж байгаа нь сайхан л хэрэг. Гэхдээ энэ миний сайных биш, Маркесын сайных. Одоогоор орчуулж байгаа ном алга. Харин бодсон юм бий.
Г.ЛХАГВАДУЛАМ
No comments:
Post a Comment