Wednesday, December 17, 2008

БИЛЭГ ТАНХАЙ НАЙРАГЧ БЭЛГЭ ҮГИЙН СУРГААЛАА БЭЛЭГ БОЛГОН БАРИВ

Өлмий дороо нумтай, өсгий дороо сумтай Өөлд түмний сэцэн хөвүүн, Ардын уран зохиолч Тангадын Галсан авгай далайн чинад орших ах дүүс, залуус хүүхдүүддээ сургаал номоо айлдсан хэшигт тэр нэгэн өдөр болбоос аргын тооллын 2008 оны 9 сарын 12 бөлгөө.

Сурвалжилсан: М. Саруул-Эрдэнэ

“Монгол Соёлын Төв”-ийн эрхэм зочны тухай тэрлэсэн энэхүү өгүүллээ нэрлэхдээ манайхны адилавтар дууддаг гурван өөр үгийг ангид бичсэнийхээ учрыг тайлан өгүүлбээс:

“Билэг танхай...” хэмээх үгийн язгуур “Бил-“ гэдэг нь эртний монгол хэлнээ язгуур нэгт түрэг хэлнээс орсон “мэд-” гэсэн утгатай үг агаад өдгөө ч түрэг хэлнүүдэд “бил-мэк”-“мэдэх” гэсэн утгаараа хэрэглэгдсээр буй, мөнөөх язгуур дээр үйл үг бүтээх –г дагавар залгахад “оюун ухаан” буюу англи хэлээр wisdom хэмээн хөрвүүлж болох үг үүснэ. Монгол бичгийн хэлнээ “билиг” хэмээн хоёр и-тэй бичдэг боловч хэрэв бид Да багшийн үсгийн дүрмийг баримтлах аваас зөөлөрсөн гийгүүлэгчийн дараа орохоос бусад тохиолдолд балархай И огт байх ёсгүйн учир ДҮД (Дамдинсүрэнгийн Үсгийн Дүрэм) ёсоор хоёр дахь үед Э бичих ёстой юм. Нэгэнт Улсын Их Хурлаас өөр дүрэм батлаагүй учир ДҮД ёсоор Чингис бус Чингэс хэмээн бичих ёстойг энд бас цухас дурдсу.
“Бэлгэ үг...” хэмээхүйд орох Бэлгэ нь “ашид ирээдүйг зөгнөн батлах” гэсэн үндсэн утгатай, үүний дээр “аливаа зүйлийг таних тэмдэг” гэсэн нэмэлт утга ч буй. Бэлгэ дэмбэрэл, бэлгэ тэмдэг хэмээх нь тиймээс адил бичигдэх учиртай бөлгөө. Тэр ч бүү хэл нэрийг нь хэлж үл болох мөнөөх эрхтнийг эерүүлэн нэрлэх үгийн утга нь эр эмийг ялган заах тэмдэг болохын тул аанай л ийн бичигдэнэ. Андуураад түрүүчийн оюун ухаан гэдэг “билэг”-ийн сууринд тавиад “бэлгэ танхай” хэмээвээс тэр хүнийг харин чухам юугаараа танхай этгээд бол хэмээн эргэлзэж, охид бүсгүйчүүл ичиж айхад хүрэх гэмтэй байна шүү.
“Бэлэг болгон барив” хэмээсний “Бэлэг” нь гар цайлгах шан харамж гэсэн утгатай, энэ бүхнийг дүгнэн хэлбээс, англи хэлээр бол wisdom, symbol, gift гэсэн огт өмнөө гурван үг буй, Монгол бичгийн хэлэнд энэ мэтчилэн утга ялган бичдэг олон өөр үг кирилл бичигт ялгаагүй болсон тухай өгүүлэхээ түр азнаад Галсан найрагчийн бэлгэ үгээс танд хүргэе.

Бэлгэ үг анхлан сонссон тухайгаа:

“Намайг сайхан морин дээр хоёр хөлийг минь ганзгаар даруулж уячхаад аав минь зэрэгцэн сумын төв рүү хатируулж явах цагт замд нэг өдий чинээ мод, өдийхөн чинээ чулуу хоёр тэмээний утасаар холбосон байх нь содон харагдах юм аа. Тэгээд би Аав аа, энд нэг хөөрхөн тоглоом байна гэтэл, аав мориноосоо буун харайгаад тэр тоглоом байсан газарт таван төгрөг тавьж, (таван төгрөг гэж тэр үеийн ханшаар нэг ирэгний үнэ) өнөөх тоглоомоор духанд минь адис хүргээд “Миний хүү харандаа баллуур хоёр элээж явах хүү байна даа” гэсэн юм. Тэр цагаас хойш би өөрийгөө харандаа баллуур элээнэ ээ гэж бодох болсон, одоо эргээд харахад нээрээ ч олон харандаа, баллуур элээж дээ. Амны бэлгэ гэж ийм сайхан юм. Хятад хүн гарын бэлэг өгдөг, монгол хүн амны бэлгэ өгдөг юм...

Бичээтэй хийгээд “бичигдээгүй хууль”-ийн тухайд

Ёс заншил гэдэг цагаан цаасан дээр хар бэхээр барлачхаад хэзээ ч хэрэгждэггүй хууль дүрмийг бодоход өдөр тутмын амьдралд Бурханы зарлиг мэт хүндлэн дагаж байдаг их сонин сайхан соёл юм даа...

Өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн тухай

Анх цаг гэж би өнгөрсөн цаг гээчийг хэлж байна. Өнгөрсөн гэхээр өнгөрчихсөн, үхчихсэн, хэрэггүй болсон гэсэн утгыг илтгээд байна. Анх цаг гэж Монголынхоо уламжлалаар, Монгол Жангарт байгаа үгээр нь нэрлэмээр. Анх цаг гэхээр цаашаа хязгааргүй явна...Энх цаг гэж би инээгээд сайхан уулзаж байгаа энэ цагийг хэлж байна. Орчуулгын сүрхий албархаг хэлэнд бол Одоо цаг гэдэг. Мөнх цаг гэж бас нэг сайхан цаг байна. Ирээдүй буюу ирээгүй цаг гээд байгаа тэр цаг. Анх цаг, энх цаг, тэр ирээгүй цаг нийлээд Мөнх цаг болно. Анх цаг урагшаагаа хязгааргүйтэй адил, Мөнх цаг хойшоогоо хязгааргүй.

Ерөөл, бэлгэ үгийн агуулгыг шинэчлэхийн тухайд:

Монгол ерөөл, туулинд эхэндээ анх цагийг өгүүлдэг юм. Жагар ардын үед... гээд л эхэлнэ, тэрийг нь өнөөгийн хүүхдүүд ойлгох уу үгүй юу? Энх цагийн тухайд өгүүлэмж бас таарахгүй болж байна. Жишээ нь хуримаа хийж байгаа айлыг Араараа дүүрэн адуутай, Өврөөрөө дүүрэн үхэртэй... гээд эхэлтэл хөөрхий хотын айл ялаанаас өөр амьтангүй байвал яах вэ? Авдрыг нь магтахдаа Арсалдсан арслантай, базгалдсан барстай гээд л, тэгээд тэр дотор нь хулсан ташууртай, хурдны боолттой... гээд л ерөөхөд тийм юмгүй айлд бол ёжлоод байгаа мэт санагдана аа даа!

Алдаж эндсэн нэгэндээ хэлэх бэлгэ үг

Орон шоронгоос дөнгөж гараад хөлөө олохгүй яваа аавын хүүд

“Хүлэг дөрвөн туурайтай ч хөндийн үлийд бүдэрдэг хорвоо, хөө
Хүний хүү ухаантай ч амьдралын үлийд энддэг хорвоо,
Ахиж битгий алдаарай
Эргэж битгий эндээрэй.

Май энүүгээр хуушуур аваад идчих” гээд таван зуун төгрөг өгчихвөл өгсөн таван зуун төгрөгөнд нь бус, хэлсэн тэр үгийг нь бодон, “Үгүй хөө, морь бүдэрсэн үлийдээ ахиж бүдэрдэггүй байхад хүний хүү би ахиж алдана гэж юу сан билээ?” хэмээн төрийн хууль, төмөр торноос олоогүй хүмүүжлээ бэлгэ үгнээс олж болох.

Элчин сайдын яамны ажилтнуудад хэлэх бэлгэ үг

Энэ их гүрний дотор улсын маань далбаа хийсч, Америкийн дотор бас Монгол улс маань байгааг харахад сайхан байна. Ингэж улсын дотор улсаа байгуулахаар яваа азтайгаасаа илүү хариуцлагатай, эрх мэдэлтэйгээсээ илүү эрдэм мэдлэгтэй хүүхдүүдийг наашаа гарахад нь:

Зээ,
Эвт дөрөв шиг эеийг хичээж яваарай
Эзний их төрийг дотроо бэхэлж яваарай.
Түмэн олондоо түшиг болж яваарай
Түүхийн аянд ТҮҮЧЭЭ нь болж яваарай. гэж хэлнэ.

Алсад нисч яваа шувууд гурвалжин хэлбэртэй байдаг, түүний хамгийн эхнийхийг нь түүчээ, эсвэл цэгц гэдэг юм. Шуналын бузар болсон муу анчин тэр түүчээг нь буудаад унагахаар сүрэг бутарч шувууд өвөлждөг болохоос нутаг дулаан болоод өвөлжиж байгаа хэрэг биш.

Хагацал үзсэн айлд хэлэх үг

Хагацал үзсэн айлд очоод духаараа хараад л, цай шожигнотол нь уугаад, бөөрөнхий махтай хоол идээд суугаад байвал нөгөө айлын гуниг улам өтгөрнө. Түүний оронд оронгуутаа хүрдийг нь нэг эргүүлчихээд, хүрд байхгүй бол Бурханых нь өмнө хадаг тавьчихаад, “Мөчир нь бүрэн мод байдаггүй хорвоо, элэг нь бүтэн хүн байдаггүй орчлон, буянтай сайхан буурал Бурханы орноо зорио юм биз ээ. Эрдэнэт хүний сайн төрлөө эргээд хурдан олоорой. Энүүгээр Маань уншуулчхаарай” гээд мөнгөө өгөхөд болно доо.

Эв хамт нийгмийг Монголчууд анх байгуулсан тухай

Латтимор гуай дээр Эв хамтын ёсыг дэлхийд байгуулсан үндэстэн бол Монголчууд гэж бичсэн байгаа. Яагаад тэгэв гэхээр, айл нүүгээд ирж яваа бараанаар л нэг хэсэг нь цай идээгээ бариад л угтдаг, дөнгөж буугаадхангуут нь тал талаас нь давхиж ирээд ханыг нь жинхэнэ амаар нь, нохойн амаар биш, тааруулаад, нэг хэсэг нь хошлонгоо татаад, тооноо өргөөд, туурга дээврээ тавьж, хамгийн сүүлд нь айлын хүү эхнэр авах болж байгаа эсэхийг үзэж, тоонон дээр өрх шидүүлж үзнэ. Бүр сүүлд нь айлын жаахаан хүүхэд шээзгийтэй аргал түүгээд ирдэг...

Яриа өндөрлөөд асуулт тавих тухайд...

За, тэгээд бэлгэ үгийн тухайд товчхондоо бол ийм байна. Манай Монголчууд хүүхэд багацуул нь холын аянчнаас чихэр, бурам горьддог, томчуул нь болохоор алсын жинчнээс үг, сонин шалгаадаг. Тийм учраас та бүхэн энэ “муухай” өвгөний уруулаас угзартугай, завьжнаас чангаатугай. Юу гэж байна, би? Манай зарим хөтлөгчийн хэлдгээр Асуугч асуух асуултаа асууна уу? гэж байна. Энэ бол үг ухнатаж байгаа хэрэг.

“Маамуу нааш ир”-ийн философи

Найрагчийн уруулаас угзрах зоригтон хараахан тодроогүй байсны учир Галсан найрагч хүмүүсийн ясыг халаах үүднээс Монгол улсын албан бус гуравдахь сүлд дууллыг дуулуулахаар болов. Ингээд хүрэлцэн ирсэн эрхэм гийчид, гурван настай охиноос эхлээд дал гарсан буурлыг хүртэл бүдүүн нарийн хоолойгоор бүгд “Маамуу нааш ир”-ийг дууллаа. Хүмүүсийн биеэ барих үл үзэгдэх хүлээс тайларсны дараа найрагч ийн өгүүлэв: Аугаа юм гэж өөр юм. Расул Гамзатов хэлсэн байдаг, хамгийн сайн гангарыг хамгийн энгийн шавраар хийдэг гэж. Энэ дууг би Лев Ошанины дуунаас ч илүү дуу гэж боддог юм. “Морь унаж давхия” гэдэг нь малчин түмнээ хэлж байна. “Машин барьж явъя” гэдэгт жолоочоос эхлээд сансрын нисэгч хүртэл бүгд орно. Хот хөдөөний ардаа ялгаагүй хэлсэн байгаа биз. “Ном сонин уншъя” гэж бөөрөнхий дотроо бөмбөрцгийг гурвантаа эргүүлсэн багш, мэргэд, сэхээтнүүд, “Ногоон модоо тарья” гээд ажилчин олон түмнээ бас хэлсэн байгаа...

Харь үгийг монголчлох тухайд

Чингэс хаан өст Татаарыг дараад Шихихутаг хүүг эцгийг минь хороосон хэмээн өс бодож тонилгоогүй, эрдэм чадлыг нь шүтэж, дэргэдээ аван хожмоо Улсын заргач болгосон билээ. Заргач гэхээр зарга гарвал хагална гэсэн сайхан монгол үг. Одоо энэ Прокурор гэхээр пор пор, кур кур гэсэн, юу хийдэг нь мэдэгдэхгүй хүн болоод байна. Харь үгийг хажиглахдаа биш, утга гарлыг нь л мэдэж хэрэглүүштэй юм даа...

Реализмын тухай

“Болор Цом”-д түрүүлсэн дөрвөн мөртүүдээ би тухайн үед бүгд дагадаг байсан реализмаас арай өөрөөр бичихийг бодсон юм. Жишээ нь ингэж байгаа:

Анаж занаж дайсан хүүгий нь хороохоор иржээ
Ачтай эх нь үрээ нүднийхээ цэцгийд нуужээ
Хартай дайсан хүүний нь хаа байгааг мэдчихжээ
Хайртай эх нь үрээ зүрхнийхээ ховдолд нуужээ.

Ухаан нь энийг заавал үнэн бодтой бичнэ гэвэл иймэрхүү л юм болно шүү дээ:

Анаж занаж цагдаа хүүгий нь баривчлахаар иржээ
Ачтай эх нь үрээ амбаар дотроо нуужээ
Хартай цагдаа хүүгий нь хашааны завсраар харчихжээ
Хайртай эх нь үрээ хайрцаг дотор нуужээ...

Энэ мэтээр Өөлд өвөө бурам мэт олон сайхан бэлгэ үг, бас чинжүү мэт голд орохоор сургаал олныг айлдсан, тэр бүрийг нэгд нэгэнгүй бичиж чадахгүйдээ уншигч танаас хүлцэл өчөөд “Монгол Соёлын Төв”-ийнхөө эрхэм анд нарын өмнөөс Галсан найрагчдаа болон бидний зохион байгуулсан ажилд хүрэлцэн ирсэн та бүхэндээ аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Юу санасан Есөн цагаан хүсэл тань Ганга мөрөн мэт ёроолоосоо ундран, Галбарваасан мод мэт үзүүрээсээ дэлгэрэн бүтэж байх болтугай.

No comments:

: