Бүтэн нэрээрээ "Хаадын үндэсний Эрдэнийн товч" гэсэн нэртэй Монголын түүxийн томоохон зохиолуудын нэг. 1662 онд Ордосын Саган сэцэн хунтайж зохиосон.
Саган сэцэн бол Батмөнх даян хааны 3-р хүү Барсболдын угсааны хүн. 1604 онд Ордосын Өөшин хошуунд Их шаварт гэдэг газар төрсөн.Эднийхэн арван хэдэн үеэрээ энэ газарт амьдарч бэйсан. /мал аж ахуй, газар тариалан эрхэлж байсан/ Энэ газар одоо нэрээрээ байгаа.Саган сэцний өвөг дээдэс тайж хүмүүс. Цөмөөрөө олны дунд нэр хүндтэй хүмүүс. Сaган сэцний өвөг эцэг Хутугтай сэцэн хунтайж гэж байсан.Түүнийг "Өнгөрснийг хөөгч, ирээдүйг угтаж мэдэх сэцэн" хэмээн цоллодог. Тэрбээр бичгийн эрдэм, цэргийн эрдмийг хослуулсан хүн байсан. 1540-1586 онд амьдарч байсан.Монголын их хаан Түмэн засагтын итгэлийг олж засаг баригч таван түшмэлийн нэг болсон. 1576 онд Төвдийн 3-р их лам буюу Далай лам Содномжамцтай уулзаж байсан. Саган Сэцэн Эрднийн товчоос гадна олон зохиолд оролцсон. Зарим зохиолоо өөрийн нэрээр хаяггүй бичсэн гэдэг мэдээ байдаг. Саган сэцэн Мин улстай Монголчууд дайтах, найрамдахад биечлэн оролцож байсан.1627 онд баруун гурван түмэн Монголын их хаан Лигдэнгээс урвасан. Үүнийг номхотгохоор Лигдэн баруун гурван түмэнд морилж нөлөө бүхэн ноёдтой уулзаж эв зүйгээ олсон. Энэ үед Монголын зүүн хойно Манж хэмээх Зүрчид угсааныхан ихээхэн хүчирхэгжиж байсан. Ийм учраас Монголчууд эв эеээ нэгтгэхгүй бол Манжийн эзэмшил бoлж тусгаар тогтнолоо алдахад хүрэх байлаа. Тийм учраас баруун түмний Лигдэнг эсэргүүцэж байгаа байдал зөвхөн гурван түмэнд төдийгүй бүх Монголд аюултай гэдгийг Саган сэцэн ухаарч, Лигдэн хааны цэрэгт орж баруун гурван түмний зарим нэгэн хэтэрхий зөрүүд ноёдыг номхотгон дарж байлаа. Саган сэцэн цэрэгт мордохдоо их улс эвдэрхийг, зургаан түмэн хагацахыг аврахын төлөө нийт түмэн, цэргийн жанжнууддаа уриалж байлаа.
Манж улс Монголын талаар хоёр янзын бодлого явуулж, юуны өмнө Монголчуудыг аргадан татах ялангуяа бурхны шашнаар номхон хүлцэнгүй болгох, өглөг буянаар аргадан татаж, хоёрдугаарт айлган сүрдүүлэх, манж түшмэл манай цэргийн эрхийг өчүүхэн төдий эсэргүүцсэн хүнийг чанга хатуу шийтгэж бусад хүмүүст сургамж болгодог байлаа. Монголын Лигдэн хаан Манжийг хүчээр эсэргүүцэж, хэзээ ч манжийн эрхшээлд орохгүйн төлөө бүх Монголоо уриалж хэд хэдэн удаа Манжтай цэрэглэн дайтсан. Гэтэл Манж нар Монголын Харчин, Хорчин аймгийг урвуулан татаж Лигдэнгийн эсрэг тавьсан. Ингэж Монголчууд дотроо сөргөлдөх болсон нь Монгол доройтох үндэс боллоо. Харчин, Хорчин Лигдэнгээс хагацан салaх үед баруун гурван түмэн дахин Монголын хаанаас урваж, Лигдэнгийн хүч чадал бүр ч доройтсон байна.Энэ үед Лигдэн хаан дээд Монголд очиж (Хөх нуурт ) хүч хуримтлуулан Манжийн эсрэг дайтахаар шийдвэрлэж баруун зүг арав гаруй мянган цэрэг, гэр бүлээ авч хөдөлсөн байна. Үүнд баруун гурван. Үүнд баруун гурван түмний ноёд дургүйцсэн.Саган сэцэн Лигдэнг дагаж баруун зүг яваагүй байна. Энэ тухай Эрдэнийн товчид өгүүлсэн. Энэ мэдээ Монголын түүхийн бусад зохиолд байдаг боловч Саган сэцэн Монгол улс, Монголын хаадын үйл ажиллагааны тухай өөрийн үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлж бичсэн байдаг. Тодруулж хэлбэл Монголын түүхийн бусад зохиолд их хаадыг ямагт магтаж бичсэн байдаг бол Саган сэцэн хаадын алдаа эндэгдлийг чин үнэн шүүн бичиж хойчид сургамжтайг анхаарсан байдаг. Тухайлбал: Лигдэн хаан баруун гурван түмэнд морилсон нь зөв. Хэтэрхий ширүүн байлдсан нь буруу. Харчин, Хорчины ноёд Манжид урвасан нь гутамшиг. Үүний шалтгаан нь Лигдэн хааны (хутагт хааны) бодлого зөв бусынх гэж бичсэн байдаг.Мин Монголын харилцааны тухай зарим зүйлийг Эрдэнийн товчид тэмдэглэсэн байгаа. Саган сэцэн Эрдэнийн товчийг бичихдээ зарим нэгэн чухал үйл явдлын талаар ялангуяа 1634 онд Лигдэнг өөд болсноос хойш ямар үйл явдал Монголд өрнөснийг тодорхой дурдсангүй. Энэ нь тургэн хугацаанд хүчирхэгжиж байсан Манж, Манжийн хаадын хэтэрхий эрс бодлого Монголд сөрөг нөлөөлөхөөс болгоомжилсон байх гэж үздэг. Тухайлбал: 1635 онд Ринчен жонон Манжид дагаж орсон. 1636 онд Өвөр Монголын 49 засаг Манжийн хааныг Монголын хаан хэмээн өргөмжилсөн тухай огт дурдаагүй өнгөрсөн.
Үүнийг зарим судлаачид үзэхдээ Саган сэцэн энэ талаар бичих нь хэрэгтэй боловч тухайн үед Манжийн дургүйцлийг хүргэхүй гэж болгоомжилсонтой холбоотой байж магадгүй гэж үздэг.Мөн 1649 онд Ордосыг 6 хошуу болгон хуваасан тухай огт дурдаагүй. Тухайн үед Монгол нийтээрээ тарж бутарч, салж сарниж байхад Монголын 6 түмэн түүний дотор Ордос 6 хэсэг болж эх захгүй бутарч байсан явдал Саган сэцэн хичнээн дургүй байсан, хэтэрхий хувиа бодсон ноёд, ухаалаг хүмүүсийн үгийг ер хайхрахгүй байлаа. Манж Монголчуудыг аль болохоор бутаргаж саланги тасархай байлгавал нэгдсэн хүчээр эсэргүүцэх явдал гарахгүй хэмээн үзэж Монголын бутарлыг дэмжиж байлаа.1635 онд Ордос Манжийг дагахад эцэг өвөгдийн үеэсээ өндөр нэр хүндтэй байсан Саган сэцэн ямарч албан тушаалгүй хоцорч жирийн иргэн болсон. Тэрбээр Манжийг дэмждэггүй байсантай холбоотой. Энэ тухай өөрийнхөө зохиолд шууд бичээгүй, тойруу утгаар тэмдэглэсэн зүйл бий. Тэр тухай "Сайжрах, муужрах, самуурах, үймрэх аль үед эрдмээ үл умарт, хэтэрхий сайжруулсан ч үлэмж бүү омгорх. Хэрэв доройтвол бүү шантар" гэж бичсэн байдаг. Саган сэцэн Монгол хүчирхэг Манжид зугуухан идэгдэж байгаа боловч хожим ирээдүйд төрийн тyсгаар тогтнолоо сэргээнэ.Үүнд шалгамал ухаантай мэргэд бүхнийг шийдвэрлэнэ гэж сургамжилж хэлсэн байдаг. Тэр тухай бичихдээ шалгамал ухаантныг хичнээн даравч шулуун эрдэм нь нэгэн , тодорно. Шатаамал зулыг урвуу хандуулан баривч шатах гол нь дээшээ дүрэлзэнэ, Эрдэм чадалтай хүнийг үл хэрэгсэх нь мунхагын явдал гэж сургаж байжээ. Саган сэцний Эрдэнийн товч зохиол бичигдэж дуусаагүй байх үеэсээ Монголын язгууртнуудын дунд түгэн дэлгэрч уншсан хүн түүнийг хуулан тарааж байжээ.Тийм ч учраас одоо "Хаадын үндэсний Эрдэний товч оршвой" гэж бичсэн хуулбар маш олон янзаар байдаг. Халх, Ойрд Өвөр Монголын олон чуулганд Эрдэнийн товчийн хуулбар байна.
1962 онд Эрдэнийн товчийг бүх нийтэд зориулан хэвлэж гаргасан. Эрдэнийн товчийн олон янзын хуулбар хоорондоо зөрүүтэй байдаг. Тийм учраас аль нь жинхэнэ эх вэ гэдгийг тодруулах боломж багатай. Монголын эрдэмтэн Насанбалжир Эрднийн товчийг хэвлэхдээ 4 янзын дэвтрийг харьцуулан зэрэгцүүлж хэвлүүлсэн байна. Өвөр монгол, Монгол улсаас гадна Манжаар бичсэн Эрднийн товч бас байдаг. Энэ бол мэдээж манжийн хаадын зарлигаар орчуулсан болно.Хожим Хятад, Япон, Герман, Орос, Англи зэрэг олон хэлээр Эрдэнийн товчийг орчуулж түүхчид, олон улсын хaрилцааны мэргэжилтнүүд, угсаатны зүйчид Эрднийн товчийг судалгааныхаа гол хэрэглэгдэхүүн болгосон байна.Эрдэнийн товчийг Манж хэлээр орчуулсан явдал бол Монголын түүхийг Манжийн хаад мэдэх зайлшгуй шаардлагатай холбоотой гэж үздэг. Ө.х эзлэн түрэмгийлж байгаа орныхоо түүхийг мэдэхгүйгээр ард түмнийг нь дагуулан захирч, эсэргүүцэл тэмцлийг даpaxaд бэpxтэй.Бусад хэл дээр орчуулсан нь Монголын түүхийг судлаачдад тус дөхөм Монгол судлалаас тухайн орон хоцрохгүй байхыг хичээсэнтэй холбоотой.Германы эрдэмтэн Хениш, Японы эрдэмтэн Нетин зэрэг хүмүүс Манжийн хааны хуучин ордон Мүгдэн хотод хадгалж байсан олон ном, судрын дотроос Эрднийн товчийн орчуулга болон эхийг олж судалсан байдаг.
Саган сэцэн Эрдэнийн товчийг бичихдээ 7 зүйлийн дэвтрийг гол болгон ашигласан. Үүнд:
1. Утгат чухал хэрэглэгч хэмээх судар
2. Гайхамшиг үзэгдэхүй цэцгийн цоморлиг нэрт шастир
3. Чанар, шалтгаан, үндсийг ухуулагч улаан дэвтэр
4. Шарав хутагын зохиосон хаадын үндэсний тууж
5. Эрдэмтний сэтгэлийг гийгүүлэхүй цэцэглэгт хэмээх Хятад шастир
6. Эрхэм дээд Чигарава хааны байлгасан номын цагаан түүх
7. Шар тууж
Энэ 7 зохиолоос 1,6,7 нь одоо олддог. Нөгөө 4 нь байдаггүй. Саган сэцэнд Цагаан түүх хадгалагдаж байсан бололтой. Тийм ч учраас түүнийг нилээн түлхүү ашигласан. Өөрөө бага байхдаа эрдэмтэн мэргэдийг дагаж олон судар, тууж уншиж ойлгосон, xожим нь Эрдэнийн товчийг бичихдээ бага залуудаа олж авснаа ашигласан гэж үздэг. Зохиолын эхлэл нь галав ертөнц тогтсоноос эхлээд Манж Чин улсын Энхамгалангийн хааны анхдугаар он /1662 он/ хүртэл хугацааг хамруулан бичсэн байна.
Эрдэнийн товчийн гол агуулга нь:
1. Галав ертөнц тогтсон, хүн амьтан үүссэн
2. Энэтхэг, Төвдийн хаадын язгyyр бурхны шашны түүх
3. Монголын хаад бурхны шашныг дэлгэрүүлсэн түүх
4. Мин улс, Манж Чин улсын түүхийн товч
Шар туужтай төстэй зүйл олон бий. Эхлээд хий, хийгээс ус, шороо ингэж огторгуй тогтсоны дараагаар хүн, 3 ертөнц, 6 зүйл амьтан үүссэн. /3 ертөнц гэдэг нь тэнгэр, газар, там, 6 зүйл амьтан гэдэг нь хүн, асар, адгуус, бэрд, тэнгэр, там юм/Энэ зохиолын 3-р хэсэгт Монголын түүхийг онцгой анхаарч бичсэн. Бөртэ чоноос Есүхэй баатар хүртэл түүхийг бичсэн хэсэг нь Монголын нууц товчоотой адил, Тэмүжиний тухай бичсэн зүйл нь Алтан товч, Шар туужтай адил, зарим нь үг, үсэг, дараалал нь таарч байгаа.Шар туужид Чингис хаан 66 насандаа таалал барaв гэж бичсэн байдаг. Алтан товчид 67 насандаа гэсэн байдаг. Тэгвэл Эрдэнийн товчид Шар туужтай адилаар тэмдэглэсэнШар тууж, Алтан товчийн аль алинд нь байхгүй зүйл Эрдэнийн товчид бий. Энэ нь судлаачдын анхаарлыг татдаг. Тухайлбал: Чингис хаан 17 настайдаа 13 настай Бөртэ үжинг гэргий болгон авсан гэж бичсэн байдаг. Мөн Чингис хаан Тайчуудтай өс хонзонтой болсон тухай Монголын нууц, товчооноос өөр байдлаар тэмдэглэсэн бий.Тэмүжинд Чингис хаан цол өргөмжилсөн тухай бичихдээ: Гэрийн өмнө дөрвөлжин чулуун дээр 5 өнгөт болжмор мэт шувуу “Чингис Чингис” хэмээн донгодсоноор дуурсах нэр нь суут богд Чингис хаан хэмээн алдаршжээ гэж тэмдэглэсэн байдаг. Чингис хааны тухай бичихдээ зарим зүйлийг домогтой хосолсон байдаг. Тухайлбал: Нэгэн чулуунаас хасбуу тамга гарч ирсэн, хурмаст тэнгэрээс эрдэнийн хос аяганд рашаан архи шагнасан. Тэмүжиний дүү нар түүнийг уух гэтэл хоолой руу нь орохгүй байсан тухай, Чингисийн сүлд нэгэн өвгөн болж хувираад /нум сум худалддаг өвгөн/ Хасар, Бэлгүдэй хоёрыг номхотгосон тухай, Тангадын Шудaргa хаан түүний хатан Гүрвэлжин нарын тухай маш уран яруугаар өгүүлсэн байдаг.
Өгөөдэй хаанаас Тогоонтөмөр хүртлэх 100 гаруй жилийн түүхийг Эрдэнийн товчид бичихдээ: Юан улсын түүх, Монголын бусад түүхийг ашигласан бололтой байдаг.Гүдэнг 1234-1251 он хүртэл 18 жил хаан суусан гэж бичсэн байгаа. Гэтэл Гүдэн Монголын хаан ер суугаагүй. Энэ тухай Шар туужид байдаг. Мөн шашны тухай, Монголд шашин нэвтэрсэн тухай, Пагва ламын тухай, Тогоонтөмөрийн тухай бичсэн зүйл нь өөрийнхөө дүгнэлтийг гаргасан байдаг.Тогоонтөмөр Бээжингээс хөөгдсөн шалтгаан нь Хоточ нохой мэт Тогтоо тайшийг тэвчиж, довтлогч чоно мэт Жүхэд хэт итгэснээс болсон.XIV зууны сүүлийн хагаст Юан улс мөхсөн явдлыг Жүхэ түшмэлтэй холбон ярьдаг домог одоо хүртэл үргэлжилсээр байгаа. Мөн Тогоонтөмөр Бээжингээс зугтаан гарахдаа ихэд гэмшин эмгэнэлийн дуу бичсэн байгаа. Тогоонтөмөр хааны гэмшлийн дууг аман тууж, түүх бичлэгт олонтоо тэмдэглэсэн байдаг. Эрдэнийн товчид бичсэн байгаа.Мин улсын үед Монголчууд урьдын их улсаа сэргээн босгохын төлөө үнэхээр хичээн тэмцэж Тогоонтөмөрөөс Лигдэн хүртлэх бүх хаад Мин улсад олон удаа дайрч довтолж байсныг бичсэн байгаа. Мин улсын үеийн Монгол, тэр үеийн хаад, тэдний үйл ажиллагааны тухай нэлээд дүгнэлт гаргаж сонирхол татахуйцаар бичсэн байна.Ойрдын Эсэн тайш Монголын ард түмний дэмжлэгийг төдий л олж чадаагүй. Тийм ч учраас ганцхан жил төр мэдэж байгаад амиа алдсан. Даян хааны үйл явдлыг урьд өмнө байгаагүй сайн цаг гэж бичсэн байгаа. 6 түмнийг нэгтгэсэн явдал Батмөнхийн гол гавьяа.Лигдэн хаан хүртэл Батмөнхийн байгуулсан их улс оршин тогтносон боловч харчин, хорчин , урианхай нар их төрийн эсрэг буруу санаж самуун өдөөж байсан тухай дурдсан байдаг. Дундад зууны үеийн Монголын засаг захиргааны зохион байгуулалтыг Эрдэнийн товчоос тодорхой мэдэж болно.
Тэнд өгүүлсэнээс үзэхэд XVII зууны сүүлийн хагас болтол Монголын засаг захиргаа 6 түмэн Монгол, 4 түмэн Ойрд буюу бүгд 10 түмэнд хуваагдаж байлаа. Түмэн нь дотроо отогт хуваагдана. Тухайлбал: Халх түмэн 12 отогт хуваагдаж байсан тухай, мөн бусад түмэд хичнээн отогт хуваагдаж байсныг нэлээд тодорхой тэмдэглэсэн нь бий. 6 түмэн Монгол баруун, зүүн хэмээн 2 хуваагдана.Их хаан зүүн 3 түмнийг захирах бөгөөд Цахарт төвлөрөн суудаг тухай, баруун 3 түмнийг жонон захирч Ордост сууна. 6 түмэн Монголын гол 2 түмэн нь XVII зууны дундaac Цахар, Ордос болж байсныг Саган сэцэн онцлон тэмдэглэсэн байна. Хаан, жонон 2 бол Монголын эрх баригч хамгийн дээд эрх мэдэлтэн гэж үздэг. Тийм учраас дээр хөхрөгчид наран саран хоёр, хөрстөд хаан жонон хоёр гэж бичсэн байгаа.Хаан жонон цолыг 4 Ойрдад өгдөггүй, 4 Ойрдыг тайш цолтой боржигин бус угсааны хүн захирна. Алтан ханы тухай, Эсэнгийн тухай нилээд сонин мэдээ бичсэн байгаа. Олон ном зохиолд Алтан ханыг гайхамшигт хүмүүн байсан гэж магтан бичсэн байдаг бол Эрдэнийн товчид Алтан ханы гавьяа зүтгэлийг бахархан тэмдэглэснээс гадна тэрбээр хатдынхаа үгэнд дэндүү захирагддаг сул талтай байсныг дурдсан байна. Жишээ нь: Алтан ханы хатан Молон /Ерөөл/ хатнаас Түвэд тайж хэмээх ганц хүү төрсөн. Тэр үгүй болсонд Молон хатан үлэмж гашуудаж 100 хүний хүүхэд алж дагуулах, 70 ингэний ботго алж ингэ буйлуулах хэмээн Алтан ханыг ятгаж зарим түшмэдийг хөдөлгөж 40 гаруй хүүхдийг алуулаад байхад Түмэд түмэн төдийгүй 6 түмэн Монголд их үймээн сэдэрч аюул үүсгэж бoлох тохиол илэрчээ. Энэ үед Монголжин аймгийн Зухан Тулай гэгч тайж ихэд уурсан гэмгүй нялх үрсийг бүү хөнөө. Оронд нь намайг алж дагуул хэмээн Алтан хан, Молон хатан нарт учирч хэлсэн байна. Үүнээс хойш Төвдийн оршуулгад нэгч хүүхэд алж дагуулахгүй хэмээн тохиролцсон байна.
Түмэн засагт ханы тухай энэ зохиолд бичсэн. Тэрбээр засаг баригч хэмээх албан тушаалтныг бий болгосон. Тэгснээр төрийн хэрэг төвширсөн тухай, Түмэн засагт, Алтан ханы харилцааны тухай тэмдэглэсэн бий. Монголын шашны шинчлэлд Алтан ханы үйлдсэн үйл ажиллагааг бахдан тэмдэглэсэн байна. Ө.х Хубилай сэцэн ханы үед төр шашин хоёрын ёсыг дээдлэх бодлого явуулсан. Гэвч хожмын хаадын үед энэ ёс ихээхэн суларсныг Алтан хан сэргээж 10 буянт номын цааз байгуулсан тухай тэмдэглэсэн байгаа. Саган сэцэн зөвхөн Монголын түүх төдийгүй Мин улсын түүхийг Монгол хүнд сургамж болохуйц байдлаар бичсэн байна.Мөн Манж Чин улсын Нурхаач хааны үйл ажиллагааг гол гол үйл явдалд нь тулгуурлан тэмдэглэсэн байна. Мин улсын түрэмгийн цэрэг Монголд нэвтэрч газар орноос нь булаах, ард иргэдийг нь өөртөө нэгтэхийг хичээж байсан тухай нилээд сонирхолтой байдлаар өгүүлсэн.
Хамарсан хугацаа нь 1368-1639 оныг багтаасан. Харин 1635 оноос хойш Мин, Манжийн тухай чимээгүй өнгөрсөн байна. Тогоонтөмөр хааны хонхирад хатан Мин улсад олзлогдож байсан тухай, түүний шалтгаан нь хятад газраас хөөгдсөн Монголчууд олон мянган иргэнээ нутагтаа авчирч чадаагүй, зэр зэвсэг, хүчин чадал дорой буурай байсан, цэргийн зарим жанжнууд урваж хөрвөж байсантай холбон тайлбарлажээ. Зохиолынхоо төгсгөлд Эеэр засагч хаан их улсыг энхжүүлж зассан тухай, Энхамгалан хаан ширээ залгаж төр гүрнийг захирсан тухай, зохиолоо бичихдээ ашигласан бүтээлийн тухай Саган сэцэн тодорхой тэмдэлэсэн байна.
_
_
mongraphy.blog.banjig.net
2 comments:
Sain baina uu. Tani blog nadad mash ih taalagdlaa. Bi anglid surdag yumaa, tegeed end Chingis haani tuhai nom bichij baigaa neg angli huniig tanidag yum. Hervee ta durguitsahgui bol tanig ter huntei taniltsuulj holbogduulj ogch boloh uu. Minii email hayag alexandraanand@yahoo.com. Tan shig mongolinhoo tuuhiig iim sain meddeg hun mash ih heregtei bn. Tanig email bichne gej naidaj bn.
Монгол хэлээрх Википедиад оруулсан шүү найзаа Эрдэнийн эрхи гээд
Post a Comment