Tuesday, December 2, 2008

Хүннү гүрэн Хятадын түшмэг улс болж байсан нь


МЭӨ 53 онд Хуханье шаньюй нэг хөвгүүнээ Хань улсын барьцаанд очуулаад дараа жил нь өөрийн биеэр Хятадын нийслэл Чачань хотод хүрэлцэн очиж Баруун Хань улсын эзэн хаан Сюаньдид бараалхажээ. Сюаньди хаан түүнийг маш найрсгаар их хүндтэй мэндтэй хүлээж аваад Хүннү улс Хань гүрний түшмэг хараат (Вассал) улс болсон тухай мэдэгдэж, хуучин төрийн тамгыг нь сольж «Хүннүгийн шаньюйн тамга» гэсэн үсэгтэй шар торгон оосортой алтан тамга шинээр гардуулан бариулжээ. Тэр нь Хүннү улсын хааны тамга гэсэн утгатай тамга байсан учир Хуханье шаньюй их дургүйлхсэнгүй хүлээн авчээ. Тамгийн үсгийн дотор Хүннүгийн төр ёс, шаньюйн хаанчлал үгүйсгэгдээгүй, тэгээд тамга гэсэн үг нь Хань улсын харъяаны муж хязгаарын ноёд захирагч нарын хэрэглэдэг тэмдэг гэсэн үгсээр солигдоогүй, чухамхүү тамга гэсэн хэвээр байсан байна.

Хүннү гүрэн тухайн үед хэдийгээр хуваагдан доройтож хань улсад дагаар орж байсан боловч төр ёс, хүчин чадал, санаа зориг нь хараахан гандан буураагүй байсан болохоор Хань улс түүнийг үгүйсгэж шууд өөрийн харъяаны энгийн нэг муж хязгаар болгож огтхон ч болохгүй гэдгийг ойлгож байсан ажээ. Хань улсын эзэн хаан нь Хуханьег хүлээн авахдаа их алсаас сүр бараатай угтуулж, хүрэлцэн ирсэн хойно нь сайд, түшмэд, ноёд, жанжин нараасаа дээгүүр суудалд суулгаад төрийн тамганаас гадна малгай, бүс, гадуур дотуур хувцас, үнэт эрдэнэ шигтгэсэн сэлэм, хутга, нум сум саадгийн хамт, сүйх тэрэг, 15 хүлэг морь, 20 жин (1 жин = 596.8 грамм) алт, 200 мянган зэс зоос, 8 мянган хэсэг янз бүрийн торгон эдлэл, 6 мянган жин хөвөн даавуу бэлэг болгон өгчээ. Хуханье шаньюй хань улсын хааны ордон, нийслэл Чанань хотод нэг сар болоод буцсан бөгөөд 20 орчим мянган хятад морьт цэрэг хамгаалан явжээ. Хааны зарлиг, өөрийнх нь хүсэлт ёсоор түүнийг Ордосоос хойших Шеүсүсянчен хэмээх Хүннү нутгийн өмнө хэсэгт Хятадуудын барьсан боомт бэхлэлтийн ойролцоо байрлуулах болсон байна. Шаньюйтай цуг Хятадад дагаар орсон бусад Хүннү нарт зориулж тэнд бас нэлээд их хэмжээний шар, цагаан будаа хүргүүлж цаашид бүр их хүнс хэрэглэгдэхүүнээр хангаж байх болсон байна.

Хүннү нарын олонх нь Чжичжи шаньюйн захиргаанд байсан боловч тэрээр хятадын талын тусламж дэмжлэгийг олсон Хуханье шаньюйгаас болгоомжилж, өргөө гэр Хангайн нуруу, Орхоны хөндийгөөс Жунгар нутгийн Тарвагайн өвөрт нүүлгэн шилжүүлжээ. Тэндээ Үсүнь нарыг довтлон цохиод умар зүг хөдөлж Үчйе аймаг, Гяньгүнь буюу Хягас (Хакас), Динлин нарыг эргүүлж эрхшээл нөлөөндөө оруулан авчээ. МЭӨ 48 үнд Чжичжи шаньюйн өргөөнд хүрэлцэн очсон Хятадын элч үл мэдэгдэх шалтгаанаар амь үрэгдсэн учир Хятадын тал өөрийн элчийг Чжичжи алсан хэмээн үзэж, түүнд эргэлт буцалтгүй өслөн дайсагнах болжээ. Тийнхүү Чжижчи хуучин нутагтаа буцаж ирэх боломжгүй болсон учир Хуханье шаньюйд түүнийг ирж довтлон дайсагнана хэмээн айж болгоомжлох хэрэггүй болсон ажээ. Тийм учир Хуханьегийн захиргаанд байсан хүмүүс Хүннү сайд, түшмэд, овог аймгийн ахлагч нар хуучин нутагтаа эргэж очиж нутаглах санал гаргах болжээ. Үнэхээр Хуханье шаньюй тэргүүтэй Хүннү нар МЭӨ 47 онд хуучин нутаглаж байсан Дорнод Монголдоо эргэж ирж нутаглажээ.

Хуханье шаньюй нэг талаас Чжичжигийн эзэмшилд хэт ойртож очихоос болгоомжилж, нөгөө талаар өөрөө угаасаа Хүннүгийн зүүн зүгийн Чжүки ноёны эзэмшил нутгаас гаралтай тул ийнхүү Богд хан уул, Баян улаан уулын аль нэгэнд юмуу тэдгээрийн хооронд ирж нутагласан байна. Хүннү гүрэн тухайн үед Хятадын хараат түшмэг улс байсан боловч жинхэнэ Монгол нутгийн үндсэн хэсэг нь Хуханьед захирагдаж, Жунгар, Казахстан, Хягас, Динлин Чжичжи шаньюйн мэдэлд байжээ. Хүннүгийн шаньюйд Ухуань зэрэг урьдын эзлэгдсэн аймаг овгууд арьс үс болон бөс даавуугаар алба барьдаг хэвээр байжээ. Чжичжи шаньюй Кангюйтай эвсэж Үсүнь нарыг цохиод Ферганд довтлон орж баахан тариа, будаа дээрэмдэж аваад Согдын эсрэг Парфитай цэрэг, улс төрийн холбоо байгуулж байсан бололтой байгаа юм. МЭӨ 41-40 оны үест Чжичжи шаньюй Синцзьяны Талас голын хөндийд тариа будаа нөөцлөн хурааж, өөрийн цэргийн гол ангийн хамт суурин суух нэгэн бэхлэлт хот байгуулж эхэлжээ.

Бат бэх сайн бэхлэлт хот барихын тул тэр талын дадлага туршлагатай Парфиас тусламж гуйсан ажээ. Парфийн эрх баригчид өөрийн дорнод хил дээр байсан Ромын цэргийн нэг зуутыг түүнд туслуулахаар өгсөн байв. Уг нь тэрхүү зуут нь Ромын жанжин Марк Крассын цэргийн нэг хэсэг байгаад Парфийн эсрэг дайны үед бууж өгч хилийн хамгаалалтанд илгээгдсэн байжээ. Чухам тэд Талас дахь Чжичжигийн бэхлэлт хотыг барьж босгоход гардан оролцоод мөн тэндээ хамгаалалцан үлдсэн байв. Бэхлэлтийг 500 хүн 2 жилийн турш барьсан бөгөөд эргэн тойрон шавар далан хэрэм, гадуураа хоёр давхар модон шорон хашаа, харуулын цамхагтай байв. Хэрмийн дотор Чжичжи шаньюйн ордон, бас бус гэр, байшин байдаг байжээ. Бэхлэлтийг Дорнод Туркестаны хот улсууд, Парфи, Ромын инженер, цэргүүд барьсан болохоор нэлээд сайн бэхлэлт болсон байв. МЭӨ 37 оны үест хятадын баруун хязгаарын цэрэг Таласын хөндийд гэнэт түрэн орж ирж бэхлэлтийг бүслэн байлджээ. Хятад цэргүүд хэрмийн гадна талын бэхлэлтэнд байсан хамгаалалтын цэргүүдийн шахан хэрэмд оруулаад модон бэхлэлтийг шатааж орхижээ. Чжичжи тэргүүтэй Хүннү, Кангюй, Ром цэргүүд хэрмийн дээр гарч тал тал тийш маш эрэлхэг байлдаж байсан боловч Хятад цэргийн алсын тусгалтай хатуу нумаар харвасан мөндөр мэт буух сумнуудад өртөөд өөрсдийнх нь харвасан сум дайсанд хүрэхгүй байв. Хэрмийн дээрхи цэргүүд хорогдсоор Чжичжи шаньюй хамрын тус газарт хүнд шарх олж, цус их алдаад байлдах чадалгүй болж, дайны талбарыг орхин, өргөө ордондоо хүргүүлж хэвтэрт оржээ.

Кангюй цэргүүд нэн түрүү зүрх алдаж, олигтой байлдаж чадахаа больжээ. Ромын цэрэг сүрхий сайн байлдаж цөм хядуулжээ. Хэрмийн дээр хамгийн сүүлд Хүннү эмэгтэй цэргүүд өчүүхэн төдий ч шатралгүй эрэлхэг зоригтой эсэргүүцэн байлдаж амь үрэгдсээр байжээ. Шөнө өнгөрч үүр цайх үеэр хятад цэргүүд хэрмийн тал талаас дайран ороход Хүннү нар бууж өгөлгүй мөн тулалдсаар байжээ. Удалгүй шаньюйн ордон шатаж, гал утаанд бүрхэгджээ. Хятад цэргүүд дайран ороход шархтай Чжичжи хөдлөх чадалгүй хэвтэж байжээ. Хятадууд түүний толгойг тас цавчин авч зүйл дуусгасны дараа Хүннү цэргүүд байлдахаа больсон боловч дайсанд бууж өгөлгүй байсаар 1518 хүн тэр дороо цаазаар авахуулжээ. Гагцхүү бусад угсааны мянгаад хүн дайсанд бууж өгч амиа хоохойлжээ. Чжичжи шаньюй түүний цэргүүдийн баатарлаг эсэргүүцэл тэмцэл тийнхүү давуу хүчинд автан эцэс болж, Жунгар, Дорнод Туркестан буюу одоогийн Синьцзян Хань улсын эхршээл нөлөөнд орсон байна. МЭӨ 33 онд Хуханье шаньюй Чанань хотод хүрэлцэн очиж, Хань улсын эзэн хаанд бараалхаад түүний хойт хилийг бусад нүүдэлчлийн довтолгооноос хамгаалах үүрэг хүлээжээ. Тэгэхдээ хань улсаас гүнж авч хоёр улсын найрамдлыг улам бэхжүүлэх санал гаргажээ.

Хань улсын эзэн хаан зөвшөөрч өөрийн охиноо оронд ордны доторхи нөөцний татвар эмс охидоос шаньюйд аль таалагдсан нэгийг гүнж болгож өгөхөөр амлажээ. Татвар охидыг гаргаж бүжиглүүлэн үзүүлэхэд цэвэр үзэсгэлэнт нэгэн охин шаньюйд төдийгүй, эзэн хаанд өөрт нь гойд их таалагджээ. Шаньюй тэр охиныг хатан болгож авах санал илэрхийлсэнд эзэн хаан нэгэнт амласан учир татгалзаж чадсангүй, арга буюу найр тавих хэрэгтэй болжээ. Яагаад ийм сайхан хүүхэн байсныг урьд түүнд өөрт нь урьдчилан мэдэгдсэнгүй вэ? хэмээн хаан ихэд гайхаж, ундууцан дургүйцжээ. Гэтэл эзэн хааны хатад татвар эм болох охидыг түүнд өөрт нь эхлээд үзүүлдэггүй, харин хамгийн сайн зураач нар зургийг нь ав адил зурж үзүүлээд таалагдвал уулзуулж учруулдаг журамтай байжээ. Тэдгээр охидын дундаас хэн нь хахууль өгнө, түүнийг зураач хамгийн түрүү сайхан зурж хаанд үзүүлдэг байсныг хэн ч сайн мэддэггүй байжээ. Хуханье шаньюй шилж сонгосон ван Чжаоцзюнь хэмээх тэр охин хөдөөнөөс шилэгдэн гайхагдаж ирсэн боловч маш ядуу байсны улмаас хээл хахууль өгч чадахгүй байсаар нэг удаа зуруулсанд зураач зориуд муухай мэнгэ нэмэн зурж гутаасан учир хаан таалсангүй өнгөрөөсөн юм байжээ.

Тэр бүхэнд дургүйцэн гутарсан охин Хүннүгийн хаанд таалагдан шилэгдэх охидуудын дунд орж бүжиглэн хаанд их таалагдсан боловч нэгэнт хожимдож шаньюйд гүнж болж очих болжээ. Тийм болно гэдгийг Ван Цзюйцзюнь охин барагцаалан мэдэж байсан учир шаньюйд шилэгдэн очсондоо тэрээр огд харамссангүй, түүний гүнж хатан болж, Ар Монголд түүнтэй цуг хүрэлцэн ирсэн байна. Ван Цзюйцзюнь Хүннү нартай ихэд дотно болж, Хуханьед Итучжясы хэмээх нэгэн хөвгүүн төрүүлж өгсөн нь дараа үед Хүннүгийн баруун этгээдийн Жичжо ноён болсон байна. МЭӨ 31 оны Хуханье шаньюй нас барж, түүний нэг хөвгүүн Фүчжүлэй-Жоди цолтой шаньюй болжээ. Тэрээр заншил ёсоор Ван Цзюйцзюнийг бас хатан болгож авснаар хоёр охин төрсөн байна. Ван Цзюйцзюн хатан Фүчжүлэй-Жоди шаньюйн эсэн мэнд ахуйд нас барсан бололтой байдаг бөгөөд Өвөр Монголын төв Хөх хотын өмнө Ван Цзюйцзюний шарилийн бунхан хэмээн алдаршсан том бөмбөгөр шороон бунхан байдаг. Гэвч Хуханье шаньюйн үеэс эхлэн Хүннүгийн өргөө ордон нь Ар Монгол нутгийн зүүн хэсэгт, тухайлбал Богд хан уул, Баян улаан бүсэд байдаг болоод шаньюй түүний хатад, овог төрлийнхнийг нэгэнт Хараагийн Ноён ууланд оршуулдаг болж байсан тул Ван Цзюйцзюн хатны шарил чухам тэнд оршуулагдсан байж болох талтай учир уг асуудлыг цаашид нарийвчлан судалмаар.

Харин Модун шаньюй, магадгүй бас Түмэн шаньюйгээс Хуханье хүртлэх Хүннүгийн шаньюй нар төвлөн сууж, тэдгээрийн шарилийг Хүнүй голын тэнд оршуулдаг байсан юм. МЭӨ , онд Хүннүгийн шаньюйн ширээнд зүүн этгээдийн Чжүки ноён Наньчжияс гэдэг сурвалжит язгууртан Үчжүлю-Жоди шаньюй байсан хэмээн өргөмжлөгджээ. Хараат түшмэг улсын байдалтай байсаар байсан боловч бас л нэлээд хүчирхэг нүүдэлчин гүрэн хэвээр үлдсэн байжээ. Түүнээс хань улс нэлээд болгоомжлон аль болохоор найрсаг харилцаатай байхыг эрхэмлэдэг, урьд эзлэгдсэн зарим улс түмэн Хүннүгийн харъяанд түр үлдээд зарим нь түүнээс хараат байдалтай оршин тогтнож, түүнд алба барьдаг байжээ. МЭӨ 5 онд Ухуань аймгийн нэг ноён Хүннүгийн зүүн өмнөд нутагт довтлон олон тооны мал, их хэмжээний эд зүйл олзлон буцсанд Үчжүлю-Жоди түүнийг нэхэн цохиж, түүний олзлон авсан бүх зүйлийг буцааж авснаар үл барам, урьд адил алба барьж, аймгийн холбооны зонхилогч нь хүүгээ Хүннүд барьцаанд хүргэж байх болгосон байна. Хань улсын засгийн газар нь Хүннүд элч илгээж хань улсын хил хязгаар руу цүлхийж орсон Хүннүгийн баруун этгээдийн нэг хэсэг газрыг шилжүүлж авах гэжээ. Гэтэл тэр газар нь гэр ба тэрэг, түүнчлэн нумны сум үйлдэхэд хэрэглэх сайн модтой, суманд бэхлэх өд бүхий сайн бүргэдтэй байсан учир шаньюй урьд үеийн хань улсын эзэн хаан манай «Хуханье шаньюйг эцгийн ёсоор энэрч, урт цагаан хэрмээс хойших бүх юм зүйлийг Хүннү гүрэнд харъяалуулан хамааруулсан юм» гээд зөвшөөрсөнгүй, нэн даруй Хятадын эзэн хаанд зарга мэдүүлжээ.

Хань улсын хаан Хүннүгээс уг газрыг хүчлэн шаардаж зүрхэлсэнгүй, харин өөрийн элчийг эрх хэмжээгээр хэтрүүлэн хэрэглэж тийм үл зохилдох шаардлага тавьсан байна, түүнийг цаазаар авбал зохих боловч өршөөл үзүүлж өмнө зүг доогуур алба хаалгахаар явуулав гэсэн хариу өгч байжээ. МЭӨ 1 онд Үчжүлю- Жоди шаньюй хань улсын эзэн хаанд бараалхахаар Чанань хотод зочлон ирсэнд тус улсын засгийн газар түүнд урьдах үеийн шаньюйн нарт өгснөөсөө илүү их бэлэг сэлт өгөөд аргадан буцааж байжээ. МЭ 1 онд Баруун хань улсын эзэн хаан нас барж, оронд нь нэг балчир хөвүүн хаан ширээнд суугаад эмэг эх нь төр хамаарах болсны улмаас түүний хайрт Ван Мань сайд Хань улсын төрийн дотоод, гадаад бодлогыг дур мэдэн өөрчилж явуулах болсон байна. Ван Мань 4 онд Ухуань нарын зүг элч зарж, Хүннү улсад алба барихыг хоригложээ. Ухуань нар Хүннүгийн алба татвар хураагч түшмэл хүрэлцэн ирэхэд барьж алжээ. Үчжүлю-Жоди шаньюй цэрэг илгээж, Ухуань нарт хүчтэй цохилт өгүүлээд нэг мянга орчим эхнэр, хүүхдийг олзлуулж аваад буцааж өгсөнгүй. Уг хэргийн эзэн Ван Мань Ухуань нарт ямар ч тусламж үзүүлсэнгүй. Баруун хязгаарын хүмүүс буюу Синцзяныхан Хятадад төдийлөн дуртай биш байсны дээр Ван Маньд нэн дургүйцэж, хоёр түшмэл нь Хүннүд зугтан нийлснийг Ван Мань шаардаж байгаад эзэн хааны ордонд хүргүүлж аваачжээ. Шаньюй хэдийгээр тэр хоёрын амийг хэлтрүүлэхийг хүссэн боловч Ван Мань тэднийг цаазаар авчээ. Тэгээд Ван Мань Хятад, Ухуань, Үсүнь болон нийт Баруун хязгаараас оргодол босуул хүлээн авч орогнуулахыг Хүннүд тас хориглосон байна. Үчжү-лю шаньюй Баруун хань улс, түүний эзэн хаадтай найрамдалтай байхыг чухалчлаад эсэргүйцсэнгүй.

Тэр байтугай Ван Мань Хятад болон түүний хараат улс орнуудад хоёр үе үсэг дуудлага бүхий нэртэй хүн байхыг хориглосон Үчжүлю шаньюй эс татгалзан өөрийн Нанчжиясы нэрийг Чжи хэмээн товчиллоо хэмээн мэдэгджээ.Гэвч тэр бүхний улмаас Ван маньд ихэд дургүй болсон байна. Гэтэл 9 онд Ван Мань Баруун Хань улсын хаан ширээг эзлэн авч Хятадын дотоодод болон гадаад харилцаанд санааны зоргоор эсэн бусын өөрчлөлт оруулан нэн ширүүнээр харгислан балмадлах болжээ. Ван Мань Хүннүгийн шаньюйн хүч нөлөөг сулруулж, дотоод мужийн захирагч, жирийн ноёдын хэмжээнд буулгахын тул «Хүннү улсын шаньюйн тамга» гэсэн үсэгтэй тэмдэг олгуулжээ. Мөн Хүннү нутагт зайлан гарсан Ухуань нарыг Хятадад гаргаж өгөхийг шаарджээ. Үчжүлю-Жоди шаньюй Ван Манийн шаардлагыг хүлээж авсан дүр үзүүлээд өөрийн нутгийн өмнөд хэсэгт орж ирсэн Ухуань нарыг хураан цуглуулж, Хятадад хүргүүлэх нэрийдлээр нэг түмэн морьт цэрэг хөдөлгөөд үнэн хэрэг дээрээ Хятадын умард хилийн Шофан боомтыг бүслүүлэн цохиулсан байна. 10 онд Ван Мань Хүннү гүрнийг задлан бусниулах зорилгоор Хуханье шаньюйн төрөл садангаас 15 шаньюй нэгэн зэрэг гаргаж ирэх гэсэн боловч Хүннү ноёд шаньюйнхаа эсрэг тийм урвалт хийхийг зөвшөөрсөнгүй. Гагцхүү Хянь гэгч Хүннү ноёныг Ван Мань гэнэдүүлэн аваачиж, албан хүчээр «шаньюй» болгоод буцаажээ. Хянь ноён нутагтаа буцаж ирээд Үчжүлю-Жоди шаньюйд юу болсныг мэдэгдэж Ван Манийн өгсөн цолыг хүчингүй болгуулжээ. Үчжүлю-Жоди шаньюй Ван Манийг Хань улсын хаадын угсааны хүн биш, төрийн эрхийг зүй бус булаан авсан этгээд хэмээн зарлаж, цаашид түүнд эс захирагдахаа мэдэгдээд Хүннү нартаа Хятадын хилд цөмрөн орж, дээрэм тонуул хийж байхийг зөвшөөрсөн байна.

80 жил энх тайван байж, баян чинээлэг болсон Хятадын умард хил хязгаар Хүннүгийн довтолгоонд эрсдэн ганцхан жилийн дотор хов хоосров хэмээн сурвалж сударт тэмдэглэн үлдээсэн үзэгдэнэ. Ван Мань маш их хилэгнэж, 300 мянган морьт цэрэг дайчилж, Хүннү гүрнийг устган, үлдсэн Хүннү нарыг Динлин нутаг буюу Саяны нурууны цаад руу түрэн зайлуулах балмад зарлиг буулгажээ. Гэсэн ч тэр нь хятадын ард иргэдийн амьдрал байдлыг эрс доройтуулж, сайд, жанжин нар нь ч дургүйцэн эсэргүүцэж байсан учир бүтсэнгүй. Харин Ван Маны азаар 13 онд Үчжүлю-Жоди шаньюй нас баржээ. Үчжүлю-Жоди шаньюй Хараагийн ноён ууланд ихээхэн хүндтэй мэндтэй оршуулагдаад 1911 жил болсон нь Оросын эрдэмтэн П.К.Козловын археологийн шинжилгээний ангид илрэн олдсон байна. Түүний булш бунхнаас олдсон зүйлс Хуханьегээс эхлэн түүний дараах Хүннүгийн шаньюй тэргүүтэй сурвалжит язгууртан ноёдыг чухамхүү ноён ууланд оршуулдаг болсныг нотлоод Монгол ба нийт Төв Азийн нүүдэлчдийн судалгаанд ихээхэн чухал хувь нэмэр оруулсан юм. Үчжүлю-Жоди шаньюй тэргүүтэй Хүннүгийн томоохон сурвалжит язгууртан, жанжин нарын дийлэнх нь Ван Манийн ба нийт Хятадын хувьд хатуу бодлого явуулж байхад хань улс, түүний дотор мөн Ван Маний хувьд найрамдах бодлого баримтлахыг хүсэгч сурвалжит язгууртан нар байжээ. Туайлбал, Хүннү нарын дунд нэлээд их хүч нөлөөтэй болоод байсан Чжаоцзюнь хатны ахан дүүс, хүргэн бэрүүд гэх зэрэг.

Тэдний дундаас Хүннүгийн төрийн шүүгчийн үүрэг гүйцэтгэж байсан, Ван Чжаоцзюнь хатны хүргэн Сюйбудан нар Хятадтай хэл амаа ололцохын тул урьд нь Ван Маний зүгээс албын хүчээр Хүннүгийн «шаньюй» болгож байсан Хянийг шаньюй болгон өргөмжилсөн байна. Дараа нь Ван Мань тэргүүтэй тухайн үеийн Хятадын эрх баригчид Ван Цзюйцзюнь хатан агсны үр ач, хамаатан садныг талдаа татаж, тэднээр дамжуулан өөрийн түрэмгий бодлогыг Хүннүд хэрэгжүүлэхийг оролдож байсан боловч тэр нь тийм амархан бүтэхгүй байжээ. Хянь шаньюйн хөвгүүн Хань улсын хааны ордонд цаазаар авахуулаад нуусан явдал илэрсэн учир шаньюй Ван Маньд үнэнчээр үйлчлэхийг хүссэнгүй, харин Хятадын хилд Хүннү нарын цөмрөн орохыг хориглохоо больсон байна. Хянь шаньюйн нэг шадар сайд нь Хятадад байсан талийгаач Ван Чжаоцзюнь хатны ахан хөвгүүнийг хил дээр дуудуулан уулзаж, Ван Маний зүгээс Ван Чжаоцзюний хамаатан садныг Хүннүгийн эсрэг ашиглах арга явуулгад хэрхэн автахгүй байх талаар санаа бодлоо солилцож байсан бололтой байгаа юм. Ван Чжаоцзюнь, түүний үр удмынхан Хүннү, Хятадын найрамдлын төлөө, дайны эсрэг байсан боловч Хүннү гүрнийг устгах гэсэн Ван Мань мэтийн балмад бодлоготны гар болж байгаагүй бололтой байдаг. 18 онд Хянь шаньюй нас барж, түүний дүү Юй гэгч Худурши Даогао-Жоди цолтой шаньюй болжээ. Гэтэл Ван Мань бас Хүннүг задлан бутаргах зорилгоо хэрэгжүүлэхийг оролдсон хэвээр байжээ. Баруун Хань улсын нийслэлд хэлэлцээр хийхээр очсон Сюйбудан ноёныг Ван Мань ноён тэр дор нь барьж аваад албан хүчээр «шаньюй» болгосон боловч тэр нь удалгүй өвчлөн нас барсан ажээ.

No comments:

: