Миний өмнө 2005 оны эрдэм шинжилгээний шилдэг номд шалгарсан Ц.Хандсүрэнгийн "Жужаны хаант улс ба түүхийн зарим асуудал" ном дэлгээтэй байна. Зохиогч Их Монгол улс байгуулагдсаны 800 жил, аав Цэндийн мэндэлсний 130 жилийн ойд зориулан 244 хуудас бүхий энэ бүтээлээ эмхэтгэн хэвлүүлжээ.
Эрдэм шинжилгээний бүтээл гэж чухам ийм л байх ёстой болов уу гэж би энэ номыг уншиж байхдаа бодсон. Жужан нарын гарал үүсэл, энэ үгийн тайлал, тэдний аж байдал зан заншил соёл, түүнчлэн Жужан аймаг хүчирхэн мандсан доройтон мөхсөн гээд ном нь өөрөө цомхон, ердөө тавин хэдхэн хуудастай. Түүхийн боловсролгүй хүн ч уншаад ойлгохоор энгийн товч тодорхой бичлэгтэй. Харин зуун тавиад хуудас бүхий "түүхийн эх сурвалж" хэмээх хавсралт нь уншихад амархан байсан эхний тавин хэдэн хуудасны бараг үг үсэг, ойлголт бүрийг нэг бүрчлэн тайлбарласан, номд ашигласан хятад япон голдуу түүхийн сурвалж бичгүүдийг монгол хэлнээ хөрвүүлэн тавьсан, хятад японоос гадна худам монгол түүхийн эх сурвалжид тулгуурлан түүхийн тухайн цаг үе мөчийн талаар нарийвчилсан тайлбар өгсөн номноосоо дутахгүй чухал мэдээлэл агуулсан "хатуухан самар" байв. Уран сэтгэмж арвинтай тааж бууддаг судлаачдын номноос ялгаатай, алхам бүрдээ эрдэм шинжилгээний баталгаа нотолгоотой, асуудал дэвшүүлсэн байв.
Түүхийн энэ томоохон бүтээлд мэргэжлийн түүхч биш бибээр үнэлгээ дүгнэлт өгч чадахгүйн учир, түүхийн шинжлэх ухааны доктор, профессор Лувсангийн Хайсандайн уг номд бичсэн өмнөтгөлөөс ишлэе:
"Профессор Цэндийн Хандсүрэн гуай бол Монголын түүх, дорно дахины судлалын нэртэй эрдэмтэн хүн. Тэрээр Монголын эртний түүхийн судалгаанд жинтэй хувь нэмэр оруулсан юм. Тухайлбал "Жужаны хаант улсын түүх"-ийг дагнан судалж, эрдэм шинжилгээний эргэлтэнд анхлан оруулсан бөгөөд тэрхүү зохиол нь Монголын түүхийн ботиудад бие даасан бүлэг болон удаа дараа хэвлэгдсэн. Мөн Монголын ба гадаадын эрдэм шинжилгээний хэд хэдэн сэтгүүл, цувралд хэсэгчлэн нийтлэгдэж байв.Түүх судлалын хувьд цоо шинээр бичигдсэн, эрдэм шинжилгээний хувьд үнэ цэнэтэй энэхүү бүтээл нь Монголын ба гадаадын эрдэмтэн судлаачдын анхаарлыг зүй ёсоор татаж буйн дээр аль хэдийнээ залуу түүхч, их дээд, дунд сургуулийн багш,оюутан, сурагч нарын гарын авлага, ширээний ном нэгэнт болсон авч одоо олдохгүй, эрэл сурал болж, маш ховор "эдийн" тоонд орчихоод байсан "цагаан толбыг" арилгаж, эрдмийн хүрээнийхний хүсэн хүлээж буйг харгалзан өргөн олон нийтийн хүртээл болгохоор уг бүтээлийг нийтэлж байна. Болгоон соёрхоно уу.
Энэ ялдамд нэгэн зүйлийг онцолж хэлэхэд профессор Ц.Хандсүрэн туурвисан "Өвөр Монголын Өөртөө Засах Орон" хамтын бүтээлийн 1911-1947 оны хэсгийг, "Түвд орон, түүний байдал төлөв", "Дагуурын зан заншил", "Япон орон" зэрэг олон арван бүтээл дурдаж болно. Үүний хамт хятад, япон эрдэмтдийн 10 шахам бүтээлийг монгол хэлнээ хөрвүүлж нийтийн хүртээл болгожээ. Түүнчлэн өөрийн эцэг Цэнд гүний орчуулсан "Монголын Нууц Товчоо"-г улам нягтлан боловсруулж, эрдэм шинжилгээний тайлбар хийн хавсаргаж "Цэнд гүн ба Монголын Нууц Товчоо" хэмээх хоёр ботийг эрхлэн хэвлүүлсэн байна." гэсэн байдаг.
Номын сүүлийн хэсэгт "Ноён уул дахь Хүннүгийн булшнаас олдсон аяаганы бичээсийг уншсан нь", Хөгшин Тээлийн хөшөөний бичээсийг унших нь", "Монголын эзэнт улсыг Юан хэмээн нэрлэх болсон нь", "Жужаны нийслэл Мумо-Чэн буюу Мөөм толгой хотын тухай" гэх зэрэг эрдэм шинжилгээний өгүүлэлүүд оржээ.
Уншигч танд энэ түүхчийн тухай өөрөө дүгнэх боломж олгохын тулд "Монголын эзэнт улсыг Юан хэмээн нэрлэх болсон нь" өгүүллэгийн хэсгийг сийрүүлэн үзүүлсү:"...Хятадын түүхч Чэн Шү "Юан" үсгийн гол утгыг "хар татаарын "хар" буюу "хөх монголын "хөх" гэснийг төсөөлсөн үг болно.” гэжээ.Энэ талаар эрдэмтэн Л.Жамсран "Юан" гэдгийг язгуур хэмээх утгаар нь тайлбарлаад язгуурын монгол улс гэдэг утга агуулдаг гэжээ.Энд нэмж хэлэхэд "Юан" үсгийн эртний тайлбараар бол "тэргүүн" гэдэг утгыг бас агуулдаг юм. Учир нь тэргүүн нь хүний бие цогцосын хамгийн дээд хэсэг болох тул хүний дээд хэсэг гэсэн утгатай болно.Тиймээс монгол улс бусад олон улс аймгуудын тэргүүн улс болохыг илэрхийлэн ийнхүү нэрлэсэн байж болох юм. Мөн "юан" үсгийг "анх", "эх", "үүсвэр", "урт", "их" гэх мэт утгаар тайлбарлаж бас болно. Түүхч Чэн Шү-гийнхээр "хар", "хөх" өнгийг илэрхийлж болох талтай.
Дашрамд дурдахад "хар" гэдэг бол үнэнч шударга, журамтай гэдэг утга агуулдаг учир монголчууд эрт дээр үеэс хар өнгийг эрхэмлэдэг байсан. Хар өнгө бол монгол уламжлалаар хольцоогүй гэсэн утгатай. Жишээ нь: байгаль ертөнцийн хүчин зүйлсийг "төгс сайн хар" гэдэг. Мөн улс орондоо шудрага журамтай, засаг захиргааны ажлыг гүйцэтгэгчийг "төрийн хар хүн" гэнэ. Хань нөхрөө "хар хүн" гэдэг нь мөн л журамтай гэдэг утгаар тийнхүү нэрлэдэг ажээ.
Юан улсын тухай эртний тулгуур бичиг "юан-ши-д: Чжи юаны 8-р он (1271)-д түшмэлийн айлтгалаар, ..."Цао муцзы" хэмээх зохиолд "Их зурхайт" номоос "агуу их тэнгэрийн язгуур" хэмээх үгийг авч улсын цол болгожээ" гэж тэмдэглэсэн байдаг."Юан" хэмээх үсгийг монгол хүн өөрийнхөө сэтгэж байсан монгол үгийн утгаар нь хятад үсэгт тохируулан хөрвүүлээд түүнийгээ улсын нэр болгон тунхагласан хэрэг. Түүнээс биш нангиадын түүх сударт тэмдэглэсэнчлэн ордны нэгэн түшмэлийн дэвшүүлэн тавьсан билэг дэмбэрэл бүхий үсгийг шууд авч хэрэглэсэн хэрэг хараахан биш мэт санагдана. Учир нь байлдан дагуулж хүчирхэг байсан тухайн үеийн Монгол улсын төрийн уриа бол "Сайн амгалан болтугай" хэмээх үг байсан. Түүний "сайн" хэмээх үгийг нангиадын утга бичгээр хөрвүүлэн тэмдэглэхдээ "Юан" гэдэг үгийг сонгон авчээ. Тэгэхээр "юан" монголын "сайн", "өлзийтэй", "дэмбэрэлтэй" гэдэг утгыг бас агуулдаг.Арга билгийн хувьсалын үндсэн зарчмаар ертөнцийг тайлбарладаг, м.э.ө зохиогдсон "зурхайт номын" шастир дахь "тэнгэрийн эрдэм" хэмээх бүлэгт "Юан хэмээгч сайны өнөд хөгжил болой" гэснээс үзэхэд "юан" үсэг нь хамгийн дээд "сайн" гэдэг утгаар томъёологдоно."Юан" 元 гэдэг утга үсгийг задлан шинжилж үзье. Энэхүү утга үсэг, хоёр утга санаа бүхий зураасын гурван хэсгээс бүтсэн байдаг. Эхний зураас "арга", дараачийн зураас "билиг", гурав дахь нь "хүний төрөлхийн мөн чанар" гэсэн утга агуулна. Үүнийг зурхайт номонд тайлбарлахдаа: "Арга билгүүнийг ёс хэмээмой. Түүнийг залгамжлагч бол сайн, түүнийг бүтээгч хүний төрөлхийн мөн чанарт оршино" гэжээ.
Хубилай хаан өөрөө бичгийн боловсролтой хүн байсан. Тийм учраас тэр үеийн монголчуудын зан заншил, хэв ёсны дагуу билэг дэмбэрэлтэй, "өлзийтэй сайн, урт удаан, мөнх билэгтэй" гэсэн утга агуулсан үсгийг нангиад хэлэнд орчуулаагүй. Харин тэр үеийн хятадын бичгийн хүмүүсийн ойлгож сэтгэдэг дөрвөн бичиг, таван номоос "Юан" гэдэг үгийг оноож авсан явдал бол хятад, монгол хоёр өөр соёлтой ард түмний хэн хэнд ойлгогдох үгээр төлөөлүүлэн "Юан" гэдэг үсгийг авч хэрэглэсэн байна.Түүнийгээ ордны хятад түшмэдэд ойлгуулахдаа: "Зурхайт номын тэнгэрийн утгатай" хэмээхэд түшмэд даруй бүрнээ ойлгон бишрэн сэтгэхэд, Монголын түшмэд, ард олондоо түүнийг "өлзийтэй, билэг дэмбэрэлтэй сайн улс" гэсэн утгатай хэмээн ойлгуулахад мөн тийнхүү сэтгэн ойлгодог байсан гэж үзэж болно." гэжээ.
Ганц "Монголын эзэнт улсыг Юан хэмээн нэрлэх болсон нь" хэмээх богино өгүүлэлийг бичиж, "Юан" утга үсгийн тайлал хийхийн тулд холбогдох арваад эх сурвалж уншиж, бусад судлаачдын санаа оноотой харьцуулан шүүн нягталж өөрийн дүгнэлт санааг дэвшүүлэхдээ хичнээн их цаг хүч зарж, судалгааны ажилд хир няхуур нямбай ханддаг болох нь харагдаж байна.
Нууц товчооны эргэн тойронд
Өмнөх хэcэгт, "Цэнд гүн ба Монголын нууц товчоо" хэмээх хоёр ботийг Ц.Хандсүрэн нягтлан боловсруулж, эрдэм шинжилгээний тайлбар хийн хавсаргаж эрхлэн хэвлүүлсэн тухай цухас дурдсан. Монголын Нууц Товчоо нь нэг талаас XIII зууны үед зохиогдсон, Монголын Их Улс мандах цаг үеийн чухал явдлуудыг үнэн мөнөөр бичсэн түүхийн хосгүй баримт бичиг, нөгөө талаас монгол ардын оюуны чадавхи авъяас билгийг илтгэсэн гайхамшигт уран зохиолын өв билээ. Мэдээж нүцгэн цөлд ганц ганган улиас ургахгүйн тул өөр өчнөөн олон түүх уран зохиолын үнэт зүйлсийн үлэмж хэсэг нүүдэл суудал, дайн байлдааны хөлд үрэгдэн алга болж, бидний үед Нууц товчоо, Гэсэр, Жангар зэрэг цөөн бүтээл л өв болон үлдсэн.
Монголын эртний зохиолын эдгээр гурван оргилоос Нууц товчоо нь уран яруу хэлээр тэр цагийн Монголын сайн сайхныг хэтэрхий дөвийлгөн магтахгүй, муу муухайг далдлан нуухгүй чухам үнэнээр бичсэнээрээ түүх, хэл судлал, зан заншил угсаатан зүй судлаач эрдэмтэд судлаачдын анхаарлыг зүй ёсоор татах энэ номын хятад үсгийн эх дөнгөж зуу гаран жилийн өмнө Европт танил болсныг хятадууд "нууц түүх" болгосонд байгаа гэж тайлжээ. "Энэ бичгийг Их хурал хуралдаж, хулгана жилийн долоон сард Хэрлэн голын Хөдөө арлын газраа бууж бүхийд бичиж дуусгабай" хэмээн тэмдэглэсэн байдаг. Энэ нь 1240 оны үе ба уг зохиолын эхний хэсгийг Чингис хааны үед бичиж, Өгөөдэй хааны үед үргэлжлүүлэн туурвисан бололтой. Гадагш тархахыг хуулиар хориглосон түүхийн сурвалж бичиг "Юан ши луцзи (Юань улсын түүх дэх умард харь үндэстний түүвэр) хэмээх зохиол улсын "алтан хоргонд" орж, хааны ордонд нууцлагдан хадгалагдах болжээ. "Монголын Нууц Товчоо" ийнхүү "нууц түүх" болсон учрыг Ц.Хандсүрэн эмхэтгэн гаргасан "Цэнд гүн ба Монголын Нууц Товчоо-2" номдоо өгүүлжээ.
Цааш нь: "Монголчууд Хятадаас гарч явсны дараа Мин улсын үед Сун Лянь зэрэг хүмүүс "Юань улсын түүхийг засамжлан бичих үед тэрхүү "нууц түүхийг" монгол хэл бичиг үл мэдэх учраас ашиглаж чадаагүй, хожим 1383 оны үед монгол үгнээс нангиад галигаар дуудлагыг хадах, утгыг хятад руу орчуулах зарлиг гарч гүйцэтгэсэн байна. Дараа нь Юн Лэ хааны (1403-1424) үед "нууц түүх"-ийг "Юань улсын нууц түүх" хэмээн нэрлээд 15 дэвтэр бүхий "Юн Лэ хааны их цаазын бичиг" болгосон түүхтэй. Энэ 15 дэвтэрт Цянь Дасин түшмэл бичсэн оршилд "..."Юань улсын нууц түүх" нь 12 дэвтэр бөгөөд Юань улсын үгээр бичсэн шаштир гэдгээр монголоор бичсэн бололтой.
Нөгөөтэйгүүр Мин улсын үеэс эхлэн "Юань улсын түүх"-ийг засамжлан бичих шалтгаанаар олон түшмэлийн гар дамжин, хувь хүний сан хөмрөгт орж бие биедээ дамжуулсаар үрэн таран болсон нь илт харагдаж байна. Тэр үед л анхны Юань улсын үгээр буюу монгол хэлээр бичигдсэн эх зохиол үрэгдэн гээгдсэн болов уу. Гэвч тухайн үеийн эрдэмтэн түшмэд басч гэж уул зохиолын үнэ цэнийг мэдэж удаа дараа гэрэлтүүлэн сийрүүлсээр эдүгээ олдоод байгаа Цянь Дасины оршил бүхий "Юань улсын нууц түүх" 15 дэвтэр, Гү Гуаньчи, Е Дэхүй нарын 12 дэвтэр бүхий хоёр хувилбар байх ажээ. Манайд тэдгээр эхийн аль нь ч байхгүй байв. 1908 онд Шарад отгийн Жамсрангийн Цэвээн агсан хятад газраас Е Дэхүйн барлуулсан 12 дэвтэр зохиолыг олж ирж агуу их гавьяа байгуулсан билээ. Тэр нь монгол үгийн аялгаар нангиад үсгээр галигласан эх байв. Энэ 12 дэвтэр нь номын гол хэсэг болох 282 зүйл, тэдгээр зүйл бүрийн ард хавсаргасан утгачилсан тайлбар болон Цянь Дасин, нэр үл мэдэгдэх хүн, Е Дэхүй, Чжан Му нарын дөрвөн хүний бичсэн оршил зэргээс бүрдэж байв." гэжээ.
Түүхч Ц.Хандсүрэнгийн эцэг Цэнд 1911 оны цагаагчин гахай жилийн үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын тэмцэлд идэвхтэй оролцож, Манлай ван Дамдинсүрэнгийн удирдсан цэрэгт багтан гамин цэргийг монгол нутгаас хөөх Долнуурын байлдаанд оролцсон гавьяа зүтгэлийг үнэлэн "Бодлогот баатар гүн" цолоор Богд Жавзандамба хутагт шагнасан байна. Хиагтын гурван этгээдийн бага хуралд Цэнд гүн оролцож байсан бөгөөд 1915 онд Богд хаант Монгол улсын Гадаад Яамны дэд сайдаар томилогдон ажиллаж байв. Цэнд гүн багаас гэрийн багшаар монгол, маж, хятад хэл заалгасан өндөр боловсролтой хүн байжээ.
Цэнд гүн Их хүрээнд Гадаад яамны дэд сайдаар ажиллаж байхдаа (1915-1917) албан ажлынхаа зав чөлөөгөөр Жамсрангийн Цэвээний хятад газраас олж авчирсан, хятад үсгээр бичигдсэн Е Дэхүй-н оршилтой 12 дэвтэр 282 зүйл Монголын Нууц Товчоог уйгаржин монгол хэлнээ хөрвүүлэн буулгасан байна. Олноо өргөгдсний долдугаар буюу 1917 оны намрын дунд сарын таванд орчуулах ажлаа өөрийн бичсэн оршил хамт дуусгажээ. Энэ орчуулгын эх бичмэл нь Санкт-Петербург дахь Дорно Дахины судлалын хүрээлэнгийн гар бичмэлийн сан хөмрөгөд хадгалагдаж байсныг Цэнд гүний охин түүхч Хандсүрэн 1970 онд эрдэм шинжилгээний томилолтоор тэнд очиж цөөхөн хоног ажиллахдаа олж авсан түүхтэй. Цэнд гүний 1917 онд хөрвүүлсэн "Монголын нууц товчоо" нь ерөөс монгол хэлнээ хөрвүүлэгдсэн анхны эх гэдгийг цохон тэмдэглэх нь зүйтэй.
Уг бичмэл нь шаргалдуу өнгийн гялгар цаасан дээр бийрээр бичигдсэн, бүгд 316 тал хуудаснаас бүрдэх бөгөөд бараг хуудас бүхэнд нь засвар хийж, бичсэн үгээ балласан буюу цагираглан дарсан байх агаад зарим хуудасны дээд зайд "энэ үгийг дахин хянах хэрэгтэй" гэсэн тэмдэглэл онцгойлон хийсэн зэргээс үзвэл Цэнд гүний хөрвүүлгийн анхны гар ноорог байсан бололтой. Энэ гар бичмэлийг Цэцэн хан аймгийн Хурц вангийн хошууны тайж, Гадаад яамны эх зохиогч түшмэл Цэвэгсүрэн хуулбарлаж авчирсан хувь одоо Улсын Төв Номын Санд хадгалагдаж буй.
"Энэ зохиолын хуучин монгол үсгээр бичигдсэн эх одоо хүртэл олдоогүй. Гагцхүү хятад үсгээр монгол хэл дээр бичигдсэн эх, хятад газраас олджээ. Анх хятад үсгээр бичигдсэн буюу уйгар монгол үсгээр бичигдсэн алин болох нь тодорхойгүй. XIII зууны үед монголчууд хятад үсгийг хэрэглэж байсан мэдээ байх тул энэ зохиолыг шууд хятад үсгээр монгол хэл дээр зохиосон байж болох ба анх уйгар монгол хэлээр бичигдээд хожим хятад үсгээр сийрүүлж бичсэн нь олдсон ба харин монгол үсгээр зохиогдсон анхны эх нь алдагдсан байж болно. Юу ч болтугай уул монгол эх мөн гэж баримтламаар бичиг байхгүй тул одоог хүртэл хятад үсгийн эхийг гол болговол зохино. Нууц товчооны хятад үсгийн эх Европт мэдэгдсээр зуу шахам жил болов. Монголын нууц түүх гэдгийг Кафаров... хятад орчуулгаас орос хэлэн дээр орчуулаад 1866 онд нийтэлснээс хойш олон газрын эрдэмтний үзэх судлах замыг нээсэн. Германы Хэниш 1931 онд Ей Дэ-хуйн эхийг латин үсгээр сийрүүлэн бичиж, түүхэнд орсон үгний толийн хамт нийтэлжээ. Монгол газар олны уншихад зориулж хэвлэсэн нь одоо хүртэл үгүй. Гагцхүү байгаа нь Цэнд гүний орчуулсан эх" гэж Ц.Дамдинсүрэн хуучин монгол хэлнээс одоогийн монгол бичгийн хэлээр орчуулсан "Монголын нууц товчооны" удиртгалд бичсэн байдаг.
Ц.Хандсүрэн эцгийнхээ хөрвүүлсэн эхийг 1970 онд хальсанд буулган Монголд авчирсан боловч, улс төр үзэл суртал хийгээд хүнд суртлын элдэв саад бэрхшээлээс хэвлүүлж чадахгүй явсаар 27 жилийн дараа ном болгон олны хүртээл болгосон байна. 1997 онд гарсан "Цэнд гүн ба Монголын нууц товчооны-1" боть нь Хандсүрэнгийн кирил монголоор бичсэн оршил ба Цэнд гүний уйгаржин орчуулга. 2002 онд гарсан "Цэнд гүн ба Монголын нууц товчооны-2" бүхэлд нь кирил болгосон ботийг уйгаржин уншиж чадахгүй хүмүүст зориулж тус тус хэвлэн олны хүртээл болгосон байна.
Түүхчийн хувийн товчоо
Түүхчийн хувийн товчоо
Өмнөх бичлэгт түүхч Хандсүрэн гуайн бүтээлээс өгүүлсэн билээ. Одоо түүний амьдралаас хүүрнэе.
1.Хүлиргэний 12 дахь үеийн Дэбу-гийн хоёр дахь хүү нь Цэнд гэж Уул овогт Билид Билиг "Цэнд гүнгийн гэрийн үеийн бичмэлийн тухай" өгүүлэлд дурдсан нь бий. Цэнд 1875-1932 онд амьдарч байв. Хоёр хатантай. Их хатан дөрвөн хүү, нэг охин, бага хатан хоёр хүү, хоёр охин тус тус төрүүлж өгсөн. Цэнд Монгол улсын Засгийн газарт бичээчийн ажил хийж байгаад 1913 онд Долнуурын цэргийн хуаранд бичээчээр тохон томилогджээ. Долнуурын байлдааны гавьяа зүтгэлийг үнэлэн "бодлогот баатар гүн" цолоор шагнагдсан. 1915 онд Богд хаант Монгол улсын Засгийн газрын Гадаад яамны дэд сайдаар томилогдон ажиллаж, Монгол-Орос-Хятад гурван улсын хэлэлцээнд оролцож байсан байна.
2. Халх бага хатан Дондог их хатны том хүүхдүүдтэй нийлж тоглохоор 16 настай жаахан охин байхдаа гүнгийнд иржээ. Бага хатан 33-хан настайдаа бэлэвсэрсэн ч ганц биеэр дахиж хүнтэй суулгүй үр хүүхдээ өсгөжээ. Олон төрийн нүүр үзэн 93 хүрсэн Дондог тэнгэрт халин хальтлаа ухаан цэлмэг байж, "эрдэм номд л сайн сур, толгойд орсон эрдмийг хулгай дээрэм авч чадахгүй үүрд өөрийн болон үлддэг юм. Чи өөдгүй муу хүүхэдтэй байгаад зуух шиг том алт үлдээсэн ч түүнийг хэдхэн сарын дотор үрэн таран хийж орхино" гэж өвөө тань сургадаг сан гэж үр хүүхэд, ач гучдаа захидаг байв. Эртний ёс журамтай өссөн хүн болоод хайрт ханиа "та" хэмээн хүндэтгэдэг байсан бөгөөд дурсан ярихдаа ч "та", "гүнтэн" гэдэг байлаа. Дондог эмээ "Тансан ламын баруун этгээд зорчсон түүх", "Гучин хоёр модон хүний үлгэр", "Шидэт хүүрийн үлгэр" зэрэг олон сайхан үлгэр домгийг олон ангит кино үзэх мэт олон үдэш дараалан нүдэнд үзэгдэж сэтгэлд хоногштол сайхан ярьдаг хүн байв.
3. Улаан халзтай ноёны жижигхэн модон өргөөг Хандсүрэнг таван настай байхад нэгэн уран хүн модоор сийлж өгчээ. Цэнд гүн бага хатантай хамт нэгэн зочинтой хууч хөөрч суухад нь охин гоё тоглоомоо гайхуулах санаатай зочинд үзүүлтэл, охинд нэг цаасан янчаан гаргаж өгөөд, "өндөр болоорой, яасан сайн хүүхэд вэ" гээд тоглоомон гэрийг нь аваад өвөртөө хийчихжээ. Жаахан охин "би танд зүгээр л үзүүлсэн шүү дээ" гэж хэлж чадалгүй тоглоомон гэрдээ их харамсан хоцорчээ. "Ноёны гэр" гэж ихэд билэгшээсэн Бөмбөө удалгүй "галдаа" болон зэрэг дэв нэмсэн гэнэ. Зэрэг дэв нэмсэн хүн охинд тэр гэрийнх нь дайтай гоё гэрхэн хийлгээд өгөхгүй дээ. Тавхан настай бяцхан охинд тэр хүний карьер хүртээлгүй хэрэг, хайртай тоглоомоо май гээд өгөөгүй байхад авч байхад хүүхэд зангаар уйлж нэхэлгүй өнгөрдөг. Гүн эцэг нь юм асуухад "тийм", "үгүй", "за" гэж хэдхэн үгээр хариулдаг, аавтай нь зэрэгцэж суугаад ярьдаггүй том ах нараа харж өссөн гүнтэний гэрийн чанга ёс бяцхан охинд нөлөөлсөн юм болов уу.
4.Гүнтэний бие чилээрхэж хэвтэрт ороод байхад өөрөө бөө, ламын алинд ч сүжиггүй боловч их хатныхаа сэтгэлийг бодож бөө бөөлүүлэхийг зөвшөөрч, дараа нь бага хатныхаа хүсэлтийг гүйцэлдүүлж лам залж гүрэм ном уншуулжээ. Гүнтэнд гүрэм ном унших лам ирэх үед найман настай Хандаа охин мухар олгойн гам барьж, гурван сар орос эмчийн өгсөн эм ууж байсан үе таарчээ. Өөх тостой махан хоол идэлгүй хярам, хатаасан талх, цагаан будаа зөгийн бал төдийхнөөр хооллосоор мухар олгойн өрөвсөл хатаж архагшаад, охин ч хатаж, яс арьс болтлоо турсан байв. "Гэгээнтэнд сайн залбирч, чин сэтгэлээсээ мөргөөд байвал өвчин чинь эдгэрнэ" гэж ээж нь хэлсэн болохоор, охин 5,10 минут тутам ламтанд орж мөргөн адис авч байв. "Хоолны цээрийг тайлж, лам багшаар тарнидуулсан бууз идүүлэх санаатай" гэж бага хатан ээж нь тавган дээр тавьсан гурван бууз, аягатай бэрээсээ авчирч, ламтан гүвэр гүвэр ном уншаад бууз руу үлээж өгснөөр охин ерийн хоолонд орж бие тэнхэрсэн гэнэ. Олон жил нам дарагдсан мухар олгой охины дунд сургууль төгсөх үед, 17-той болсон үед дахин хөдөлж мэс засал хийлгэж авахуулжээ. Эмч нар бүтэн жил биеийн тамир хийж болохгүй гэсэн тул сагсан бөмбөг тоглодог, бүр сургуулийн шигшээ багт тамирчин байсан охин гэнэт хөдөлгөөн хорьсноос жин нэмсэн гэх.
5.Гүнтэний охин дунд сургуулийн сурагч болоод өвөл зуны амралтаар гэртээ харьдаг байж. Гэртээ харихаар галт тэргээр найз охидуудтайгаа явж байхад галт тэрэгний хонгилд нэг буриад залуу ээрээд зогсчихож гэнэ. Хожмоо насны нь хань болсон Буриад хошууны Угардагын хүүтэй ийнхүү танилцжээ. Залуу хос анх хамт кино үзэхэд залуу эр киног бус охиныг хажуугаас ширтээд байсныг мэдэрсэн гэдэг. Залуу насны зурагнаас нь харахад Хандсүрэн гуай хэн хүн хараад баймаар их цэвэрхэн хүн байсан нь илт.
6.Тогоочтой, үйлчлэгчтэй өссөн хотын охин малтай айлын хөдөөний бэр болвой. Угардагийнх бас гэрийн үйлчлэгчтэй байсан ч тэр үеийн ёсоор шинэ бэр ирэнгүүт гэрийн үйлчлэгчээ "орон тооны цомхотгол"-д оруулчихаж. Гэртээ ганц ч удаа гал ноцоож үзээгүй шинэ бэр хуримын маргааш өглөө цай чанахаар ургахын улаан нартай уралдан босоод хоёр цаг оролдож байж нэг юм цайгаа бэлэн болгожээ. Хөрш айлын авгай хатаасан модноос жижгэвтэрийг сонгож аваад цээжиндээ тулгаж бариад хурц хутгаар зүссээр байгаад цэцэг шиг болгоод зууханд ширгэсэн модны дор тавиад шүдэнз зурангуут хоромхон зуур гал дүрс хийн асахыг ажиглаж гал түлэх “эрдэмд" суралцсан гэж байгаа. Хадам ээжээрээ үнээ саах, сүү машиндаж цөцгий гаргах, юм эсгэж оёх зэргийг заалгав. Түргэн ч сурч байв. Үргэлж нүдээрээ инээвхийлж байдаг эелдэг ялдам зантай сайн хадам эх таарсан аж. Удалгүй гүнгийн эрх охин биш "бэрх хамган" болсон доо. Хожим эрдмийн ажилд шамдаж байхдаа ч хүүхдүүдээ "хичээлээ хий" гээд өөрөө гэрийн ажлаа түргэн шуурхай амжуулдаг зуршил нь бүх насаар хэвээр үлдсэн юм.
7.Улсын төв музей анх байгуулагдахад урлаг хариуцсан тайлбарлагчаар ажилд оров. Мөн "Байгаль", "Түүх", "Урлаг", "Угсаатан", "Палентологи" гэж дотроо хуваагддаг музейн гурван давхар байшинд байх бүх үзмэрийг бүхэлд нь хятад хэлээр тайлбарлах давхар үүрэгтэй байв. Мэргэжлийн олон нэр томъёог толь бичгээс харж хятад хэлнээ хөрвүүлэх цээжлэх, нүсэр ажлыг нугалжээ. Музейд ийнхүү махран зүтгэж хэд хэдэн хүний хийх ажлыг ганцаараа гүйцэтгэж байсныг дээд газар үнэлж, ШУА-ын нэр дээр Бээжин Их сургуулийн япон хэлний ангид суралцуулахаар явууллаа.
8.Тэр үед хөгжмийн зохиолч Дамдинсүрэн, зураач Гомбосүрэн гээд маш олон оюутан аспирант Хятадад сурч байв. Хятадын энгийн ард олны амьдрал ядуу өлөн зэлмэндүү байсан үе. Гадаад оюутнууд тусгай дэлгүүрт орж, хоол сайнтай гуанзанд ордог тусгай "хангамжинд"байжээ. Гадаад оюутан бүр хятад туслагч оюутан гэгдэх "нүд, чих"-тэй. Хятад оюутны хоол нь бүртийх мах тосгүй, усанд чанасан ногоо голдуу байдаг болохыг ажигласан гадаад оюутнууд өөр өөрсдийн туслахаа гадаад оюутны гуанзанд дагуулан оруулж дайлдаг байдал хавтгайдаа байсныг сургуулийн захиргаа мэдээд таслан зогсоожээ. Арван хэдэн хятадтай ганц монгол нэг ангид, хичээл нь яггүй хүнд шаардлага өндөртэй байв. Нэг цагийн хичээлийн явцад нэг оюутан тав зургаа дахин асуугдана. Радио сонсгоод хятад руу, хятадаас япор руу дор бүр түргэн орчуулга хийлгэх дасгал олонтой хийлгэнэ. Хэлний дүрэм, хэлзүйгээс гадна японы түүх, уран зохиол бас орно. Гуч гарсан "хөгшин" ганц монгол оюутан хятад оюутнуудын дор орохгүй гэж, монголынхоо нэрийг гутаахгүй гэж их чармайдаг байжээ. Өдөрт 30-40 шинэ үг цээжлэх, карт хөтлөх, уран зохиолын ном унших зэргээр цаг мөч бүрийг сул өнгөрөөхгүйн төлөө хичээдэг байв. Цаг хугацаа харавсан сум мэт өнгөрч нэг мэдэхэд сургуулиа төгсөх болжээ. Нэгэнт орчуулагдаад гарсан номыг төгсөх дамжааны оюутнууд ухамсрын үүднээс харж хуулбарлахгүйгээр хятадаас япон болгон хөрвүүлэх курсын ажил хийж төгсдөг уламжлалтай байжээ. Хандсүрэнд ийм ажил сонин биш санагдаж, япон хэлний "ваа", "га" дагавараар дипломын ажил хийх хүсэлт тавьж, Джэнь хэмээх багшийн удирдлагаар дипломын буюу анхны судалгааны ажлаа амжилттай хийж, сургуулиа онц дүнтэй төгсчээ.
9.Хандсүрэн сургуулиа төгч ирээд ШУА-ын Түүхийн хүрээлэнд ажилд оров. Түүхийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Ишжамц шинэ боловсон хүчинг хүлээн аваад "аав чинь Монголын нууц товчоог анх монгол руу орчуулсан хүн тул чи энэ сэдвээр ажиллах уу" гэж асуусан хэдий ч "нууц товчоог дэлхийн олон эрдэмтэн олон талаас судлаад мөлжчихсөн, чамд судлах юм үлдээгүй" гэсэн зарим хүний үгэнд автаж, эртний монгол аймгуудын нэг "Жужан" сэдвээр эрдэм шинжилгээний ажлын гараагаа эхэлжээ. Хэдэн жилийн турш хятадын эртний сурвалж бичгүүдээс Жужаны холбогдол бүхий материал цуглуулж, түүнийгээ монголчилж байв. Эртний хятад бичиг нь орчин үеийн бичигтэй адилгүй тул "Үгсийн далай" хэмээх эртний нангиад үсэг бичгийн тайлбар толь хичээнгүйлэн эргүүлсээр дахин нэг сургууль төгссөн дайтай юм болж, эртний судар бичиг унших дадлагатай болжээ. Монголын эртний нүүдэлчин аймгийн нэгэн болох Жужан нь IV зууны эцэс, VI зууны дунд үе хүртэл 150 жил оршин тогтнож байсан хэдий ч манайд энэ аймгийн талаар гарсан ном товхимол хараахан байгаагүй, нангиадын эртний түүхийн сурвалж бичигт ч ховор энд тэнд тэмдэглэл байв. Иймд Хандсүрэн манай эрины 385-659 оныг хамарсан, 554 зүйлийг багтаасан "Жужаны материалын эмхэтгэл" бичсэн байна. Мөн "Жужаны түүхийн зарим асуудал", "Жужаны ахуй байдал, соёл зан заншлын тухай", "Жужаны нийслэл Мүмэ хот" зэрэг эрдэм шинжилгээний өгүүллүүдийг эмхэтгэн "Жужаны хаант улс" номоо бичжээ.
10.Ноён уулын Хүннүгийн Шаньюгийн булшнаас олдсон археологийн бусад олдвор дотор байсан модон аяганы ёроол дахь бичгийн талаар Японы эрдэмтэн Үмехара, монголын археологч Доржсүрэн нарын хийсэн судалгаа байсан хэдий ч, алдаатай зөрүүтэй зарим зүйл байсныг дахин нягтлан уншиж "Ноён уул дахь хүннүгийн булшнаас олдсон аяганы бичээсийг дахин уншсан нь" өгүүлэл бичиж нийтлүүлжээ.
11.Өвөрхангай аймгийн Хайрхан дулаан сумийн Хөгшин тээл хэмээх газраас 1278 оны үед хамаарах Юань улсын Хубилай хааны цэргийн гэрэлт хөшөөг 1957 онд археологч Н.Сэр-Оджав авч ирснийг 1958 онд төв музейн үзмэрт тавьжээ. Эл хөшөөний бичээсийн нангиад эх болон нэр үл мэдэгдэх хүний монголчилсон эхийг 1965 онд эрдэмтэн Х.Пэрлээ сийрүүлэн нийтлэсэн байна. Мөн оросын судлаач П.К.Коздовын 1928 онд хэвлүүлсэн "Краткий отчет о Монголо-тибетской экспедиции (1923-1926)"-д дээрхийн адил 81 үсгийг огт уншаагүй, 14 үсэг ташаа уншигдсан байжээ. Хандсүрэн уг хөшөөний бичгийг дахин нягтлан уншихад "Сүрийг бадруулагч цэрэг" хэмээх ерөнхий гарчигийн дорх 21 мөр бичээст: 1278 онд Хубилай хааны цэргийн жанжин хийгээд зүүн жигүүрийг хамгаалах шадар цэргийн захирагч сайд Цзямангуудай шадар цэргийг удирдан умар зүгт дайтахаар явж Иду ууланд хот суурин байгуулсан тухай, тэр хотод "Сүр бадруулагч цэргийн хот" гэж нэр өгсөн тухай болон бичгийн эхийг бичсэн, чулуунд сийлсэн хүмүүсийн талаар тэмдэглэсэн байв. Хожим 1989 онд японы эрдэмтэн М.Хорие энэ талаар хийсэн "Хөгшин тээл хөшөө ба Сүр бадруулагч цэргийн цайзны туурь" эрдэм шинжилгээний өгүүлэлдээ, "хатагтай Хандсүрэнгийн нийтлүүлсэн өгүүлэл энэ сэдвийн судалгааны анхны өгүүлэл, би үүнд тулгуурлан өөрийн харьцуулсан судалгаа хийсэн" гэж тэмдэглэсэн байдаг.
12.Хандсүрэн 1970 онд эрдэм шинжилгээний томилолтоор ЗХУ-ын Ленинград (хуучин нэрээр) хот дахь Дорно дахины судлалын хүрээлэнд очиж ажиллахдаа аавынхаа 1917 онд нангиад галигаас худам монгол хэлэнд хөрвүүлсэн "Монголын нууц товчооны" гар нооргийг олсон тухайгаа "миний амьдралд тохиосон хамгийн баяртай, хамгийн аз жаргалтай, хэзээ ч мартагдашгүй тийм нэгэн мөч байлаа" гэж эцгийнхээ номын оршилд бичсэн байдаг. Үнэндээ эрдэм шинжилгээний ажилтан хүнд үүнээс илүү олдох олз омог гэж юу байх билээ. Орчуулга дууссанаас 80 жилийн дараа, орчуулгын гар бичмэл олдсноос 27 жилийн дараа "Цэнд гүн ба Монголын нууц товчоо" номоо хэвлүүлж олны хүртээл болгосон байна.
13. Атомын бөмбөгийн хор хөнөөлийг эсэргүүцэх олон улсын хурал японы атомын бөмбөгт нэрвэгдсэн Нагасаки, Хирошимa хотод жил бүр болдог. Энэ уламжлалт арга хэмжээний 19 жилийн ойд оролцох зургаан хүнтэй монголын төлөөлөгчийн бүрэлдэхүүнд ШУА-ыг төлөөлөн орох болж, арлын Япон оронд анх хөл тавьжээ. Монголын төлөөлөгчдийн тэргүүн зохиолч Чойжилын Чимэд илтгэл яриагаа урьдчилан бэлддэггүй, шууд босоод чин сэтгэлийн сайхан үгээ уран яруу хэлчихдэг, Хандсүрэн ч сайхан үг хэллэгийн амт шимтийг алдагдуулахгүйг хичээн орчуулдаг, Монголын төлөөлөгчид хурал цуглаанд үг хэлэх тоолонд хүмүүс алга нижигнүүлэн ташиж, халуун дотно хүлээж авдаг байжээ. Мөн 1969 онд Улс хувьсгалын 50 жилийн ойгоор хэвлүүлэх шуудангийн марк, ил захидлыг захиалах ажлаар Улсын номын худалдааны газрын дарга Гомбосүрэнтэй хамт Японд хоёр дахь удаагаа очив. Хэлэлцээр амжилттай болж гарын үсэг үзэглэхэд Хандсүрэнг зөвхөн орчуулагч эмэгтэй биш улсаа төлөөлсөн бүрэн эрх бүхий төлөөлөгчийн нэг гэдгийг ойлгоод, эмэгтэйчүүдийг үл тоомсорлодог японуудын хандлага эрс өөрчлөгдсөн гэдэг.
14.Монголд ардчилсан хувьсгал ялж, залуучууд англи япон хэл сурахыг сонирхдог болж нийгмийн ухаан хэлний чиглэлийн олон хувийн дээд сургууль нээгдсэн билээ. Хувийн сургуулиуд нэртэй сайн багшаар оюутан сурагчдыг өөртөө татдаг нь нууц биш. Япон хэл заадаг сургууль бүр үүсгэн байгуулагдсан эхний жилүүдэд Хандсүрэн гуайг сургуульдаа багшуулахыг эрмэлзэж байв. Тэтгэвэртээ гарсан Хандсүрэн гуай ч энэ хүсэлтийг хүлээн авч "Отгонтэнгэр", "Ирээдүй" сургуулиуд гэрт нь ойрхон байранд байрлаж байх үед нь багшилж байжээ.
15.Одоо 85 насыг зооглож байгаа Хандсүрэн гуай нөхөрийн хамт гурван хүүхэд, долоон ач зээ, таван зээнцэрээ тойруулан энх тунх бидний дунд амьдарч байна.
Д.Ганга
No comments:
Post a Comment