Хамгийн ариун нигүүлсэнгүй төдийгүй шинжлэх ухаанд хамгийн ойр гэгддэг шашин бол буддын шашин. Тэр ч үүднээсээ энэ шашинг шүтэн бишрэгчдийн тоо өсөн нэмэгдсээр байгаа. Билгийн тооллын Зулын 25-нд Буддын шашны нэрт шинэтгэгч Богд Зонхов Лувсандагва (1357-1419) жанч халжээ. Tэмдэглэлт хүмүүн болох Богд Зонховын талаарх мэдээллийг хүргэж байна.
Буддын шашны томоохон чиглэл болох Монголд XYI-XYII зуунд дэлгэрсэн Шарын шашныг үндэслэгч буюу "Судрын ёс"-ны тэргүүн Зонхов /1357-1419/ нь Амдо нутгийн Цонха хэмээх газар 1357 онд мэндэлжээ. “Цонха” нь төвдөөр “сонгино” гэсэн утга үг агаад нутгийнхаа нэрээр “Зонхов” хэмээн нэрлэгдсэн гэсэн яриа бий. Түүний эцэг Тара Гаче Лүмбум Гэ нь Мэл овгоос угшилтай, баян чинээлэг, буддын шашинд сүсэгтэй нэгэн байж. Мэл овгийнхон дотор эрдэм чадалтай лам хувраг цөөнгүй байсан гэдэг. Эх Шинмо Ачо нь уян зөөлөн сэтгэлтэй, ядарсныг тэтгэдэг, сүсэг бишрэлтэй эгэл бус эмэгтэй байсан гэнэ. Зонхов энэ айлын зургаан хүүгийн дөрөв дэх нь юм. Гал бичин буюу 1356 онд түүний эцэг, эх хоёрт зүүд зөнгөөр дамжин ер бусын олон шинж тэмдгүүд үзэгдсэн аж. Зонховын төрсөн өдрийг тодорхой тогтоох аргагүй боловч билгийн тооллын аравдугаар сарын 20-25 хооронд л төрсөн болов уу гэж таамагладаг. Энэ ч ёсоор 25-ны өдөр нь шарын шашны тэмдэглэлт өдөр юм.
Түүний намтрыг харж байхад эрдэм мэдлэгийн төлөө хамаг амьдралаа зориулсан нэгэн болох нь аяндаа харагдана. Тухайн үеийн алдар хүндтэй, эрдэм чадалтай багш гэгдсэн бүхнээс мэддэг чаддагийг нь өөрийн сэтгэл оюунд юүлэх гэж уйгагүй зүтгэж байжээ. Зонхов эрдмийн мөр хөөн төв Төвдийг зүглэх болоод багштайгаа салах ёс хийн Манзушрийн магтаалын “... эргэж буцалтгүй, дахин учрахгүй” хэмээх мөрийг уншиж байхдаа төрсөн нутагтаа дахин хэзээ ч ирэхгүй нь гэдгээ мэдэрчээ. Хожим түүнийг Лхаст байхад нутгийн хүн гэрээс нь өгүүлсэн захиа, жаахан бэлэг сэлтийг авчирч өгсөн аж. Ээж нь захиандаа туг буурал үсээ хийсэн байлаа. Түүнийг хараад сэтгэл уярсан Зонхов ээжтэйгээ уулзах бодол төрсөн ч нэлээн эргэцүүлж бодсоны эцэст очиж чадахгүй учраа тайлбарласан захиа л дайлгах болжээ. Ээж нь хүүгийнхээ захиаг задлахад “а-ма” буюу “ээж ээ” хэмээх дуу гарсан гэдэг юм.
Сажава, гармава гээд бүх урсгал чиглэлийн багш нараар ном заалгасан ч Рэндаваатай хамгийн ойр дотно байсан аж. Эрдмийн мөр хөөн хэсэг хугацаанд багштайгаа уулзаагүй Зонхов Рэндаваатай уулзахдаа шавийн ёсоор хүндлэн мөргөлөө. Харин Рэндаваа “чи нэгэнт миний багш болох хэмжээнд хүрсэн болохоор хойшдоо намайг багш мэт хүндлэх нь зохимжгүй” хэмээн хэлсэн аж. Энэ үед Зонхов Рэндаваад зориулсан мөргөл зохион уншсаныг Рэндаваа ялимгүй нэмээд өөрт нь эргүүлэн уншиж өгсөн гэдэг. Тэр нь өнөөдөр Жанрайсигийн дуган дотор эгшиглэж байдаг “мигзэм” билээ.
Мигзэм нь Цастын оронд:Мигмэд зээвий дэрчин Жанрай сэгДимэд чэнбий банбуу Жамбий янГанжин хайбий зүгжан Зонхаа баЛувсан дагвий шовла солваан дэв гэж уншигддаг бөгөөд үүний мөн чанар нь Мөлмий нээгч бурхан Жанрайсэг, зөөлөн эгшигт Манзушир, цастын мэргэн гэгээн Богд Зонхов нарын өлмийд сөгдөн мөргөмүү гэсэн утгыг илэрхийлдэг ажээ. Харин Монголын маань сүм хийдүүдэд Дүдбүн малуй жомзад Санвий даг гэсэн шадыг нэмж уншдаг байна. Монголд дэлгэрснээрээ: Мигмэд зээвий дэрчин Жанрай сэгДимэд чэнбий банбуу Жамбий янДүдбүн малуй жомзад Санвий дагГанжин хайбий зүгжан Зонхаа баЛувсан дагвий шовла солваан дэв гэж уншигдах ажээ.
Зонхов олон тооны бүтээл туурвисан бөгөөд хамгийн алдартай нь Ламрим чэнмо буюу “Бодь мөрийн зэрэг” билээ. Энэ номоо тэрээр 1402 онд Радэн хийдэд бичжээ. Зонхов номынхоо “Тайван төлөв” бүлгийг бичиж дуусгаад цаашид үргэлжлүүлэх эсэхдээ эргэлзэн түр хойш тавиад байтал Манзушри бурхан “хүн зоны тусын тулд бүтээлээ дуусга” хэмээн бэлгэ үзүүлэсэн гэдэг. Шавь нарынхаа хүсэлтээр Зонхов 1409 онд Гандан хийдээ байгуулснаар өнөөгийн гэлүгбагийн урсгалын эхлэл тавигдсан гэж үздэг.
Ухамсарт амьдралынхаа жар орчим жилийг буддын шашинд зориулсан энэ их хүн 1419 онд насан хутаг болжээ. Нэгэн өглөө хуврагийн хувцсаа бүрэн өмсөж, очирт завилгаагаар суун, гүн бясалгалд орсоор 25 хоноход түүний биеэс ер бусын хурц гэрэл цацран, арван зургаан настай мэт харагдсан гэдэг. Энэ өдөр билгийн тооллын өвлийн эхэн сарын 25 байсан бөгөөд түүний гэгээн дурсгалыг хүндэтгэж жил бүр Зулын хорин тавныг тэмдэглэдэг уламжлал тогтсон юм. Богд Зонховын хүн зоны төлөө бүтээсэн ариун үйл хэргийг нь дэвжээх үүдээс эл өдөр сүсэгтэн бүр зул өргөхөөс гадна “Бодь мөрийн зэрэг” номыг уншваас билгийн мэлмий нээгдэх нигууртай аж.
Түүнийг насан өөд болсноос хойш 49 хоногийн турш тэнгэрт таван өнгийнсолонго татан, дагинасын дуу сонсогдож, цэцгэн хур буужээ. Зонховыншарилыг алтдан занданшуулж, зүүн хойш харуулан бунхалсан байна.Бунханыг тойруулан олон тооны суварга босгосон агаад голын суваргандхамгийн алдартай бүтээл болох “Бодь мөрийн зэрэг” – ийн гар бичмэлийгнь хийжээ.
Бурхны шашны аугаа гэгээрэгчид болох Будда Шагжаамунь, Асанга, Атиша нарын хойт дүрийг тодруулаагүй жишгээр Зонховын дараагийн дүрийг гаргаж ирээгүй байна. Цинхай буюу Хөх нуурт мэндэлсэн Зонховыг эцэг талаасаа монгол гаралтай гэсэн таамаг байдаг. Эл нутаг бол “Хөх нуурын монголчууд”, “Дээд монгол” гэхчилэн нэрлэдэг монгол угсаатан ба Түвдүүд холилдон амьдардаг газар юм. Зонхов богд бээр Буддын шашны анхдагч судруудыг эргэн судалсны үндсэн дээр Бурхны шашинд томоохон шинэтгэл хийж Ламайзмыг үндэслэжээ. Түүний бүтээлүүд дотроос хамгийн алдартай нь “Ламрим ченмо” буюу “Бодь мөрийн зэрэг” нэртэй гэгээрэлд хүрэх шат дамжлагын сурах бичиг юм. Богд Зонхов таалал болохынхоо өмнө шавь нартаа хандан “Миний сургаалыг уншиж дагаж байгаа хэн боловч надтай уулзаж, миний шавь болж байна гэсэн үг” хэмээн гэрээслэжээ.
No comments:
Post a Comment