17-р зууны гучаад оны үед Халхын Сэцэн Хаан Аймгийн нутгаас Барга нар нүүдэллэн Хөлөнбуйрт очиж нутаглан Шинэ Баргын Шулуун Цагаан Хошуу гэгдэх болсон ажээ. Тэр хошууны сумын занги Жамсрангийнд Дамдинсүрэн 1871 онд төржээ. 7-8 наснаасаа нутгийн бичээч хүнээр манж, монгол бичиг заалгаж сураад туслах бичээчийн ажил хийх болжээ. Удалгүй авъяаслаг залуу Дамдинсүрэн сумын жинхэнэ занги болон дэвшиж улмаар Манжийн Хаанд 1908 онд бараалхахаар очжээ. Тэр үед Бээжинд ирээд байсан Халхын Түшээт Хан Аймгийн ханжин Ханддоржтой танилцан дотно нөхөр бололцож Манжийн төрийн ялзарч буй байдлыг шүүмжлэн ийм үед бидний Монголчууд олон ширхэгийг нийлүүлэн түмэн жингийн хүндийг өргөхтэй адил хүчин чадлаа нэгтгэн нэгэн зэрэг хөдлөхгүй ямар цагийн хүлээнэ. хэмээн ярилцжээ. Дамдинсүрэн нутагтаа буцаж ирээд Ханддоржтой ийнхүү танилцсанаа итгэлтэй хүмүүстээ ярьж байсан гэнэ.
Дамдинсүрэн Чин Улсын Шинэ Засгийн Бодлогын колоничлох шинж чанарыг гүнзгий ойлгож байсан тул түүнийг эсэргүүцэж байсан бөгөөд Баргад тэр үед өрнөсөн улс төрийн үйл явдал нь Их Хүрээнд Монголын тусгаар тогтнолыг сэргээх санаачлагыг бүрэн дэмжиж байлаа. 1911 оны есдүгээр сард Баргын ноёдын нууц хуралдаан болж манж, хятадаас салан тусгаарлах асуудлыг хэлэлцэж, зэвсэгт бослогод бэлтгэх шийдвэр гаргаж, цэрэг элсүүлэн зохион байгуулж 1912 оны эхээр зэвсэгт бослого гаргаж, түүнийг толгойлогчдын нэг Дамдинсүрэн тэргүүтэй долоон хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчдийг нийслэл Хүрээ рүү томилон явуулсан Хөлөнбуйрын ард түмнийг төлөөлөн тулгар тогтсон Монголын төрд зүтгэхээр ирсэн төлөөлөгчдийг Могнол Улсын засгийн газар талархан хүлээн авч Дамдинсүрэнг улсад туслагч дэд сайдаар томилсон ба бусад нөхдийг нь бас хөхүүлэн шагнасан.
Ингэж Дамдинсүрэн Могнол улсын төрийн зүтгэлтэн болох замдаа орсон ажээ. Тэр тусгаар Монгол Улсын төрийн чухал албанд томилогдсондоо урамшиж хүч авъяасаа дайчлан ажиллаж байлаа. Тэр 1912 оны хавар Богд Хаанд төрийн үйл ажиллагааг төгөлдөржүүлэхэд чиглэсэн арван зүйлийн, мөн онд цэргийн сургууль байгуулах, эдийн засгийг сайжруулах талаар найман зүйлийн чухал саналууд тавьж байв. Дамдинсүрэн цэргийн хэрэг сайн мэддэг байсан учраас Монгол Улсын хаан түүнийг 1912 оны зун Баруун хязгаарыг төвчитгөн тогтоох сайдад Магсаржавын хамт, томилоход тэд нийслэл Хүрээнээс цөөн цэрэг авч баруун хязгаарт явах замдаа цэрэг элсүүлэн бүгд 5000 орчим цэрэг шинээр татан авч тэдний дунд зхохион байгуулалт хийж, сургуулилан боловсруулах ажил шургуу явуулсан. Хотыг дайран эзлэх ажиллагаа сайд Дамдинсүрэн, Магсаржав нар шууд удирдаж өөрсдөө тулаанд биечлэн оролцож, 8 дугаар цард Манж, Хятадуудыг буулгаж авсан юм. Дамдинсрэн үе улиран залгамжлах засаг, цэргийн жанжин, манлайбаатар цол шагнуулсан. Ийнхүү Монгол Улсын цэргийн жанжин болоод Монол Улсын цэргийн сүр хүчийг дээшлүүлэхийн тулд боловсон олон улсуудын жишээгээр Монгол Улсын цэргийг шинэчлэн байгуулах тодорхой саналыг 1912 оны өвлийн дунд сарын сүүлчээр тавьж байлаа. Хятадын залхаан цээрлүүлэх цэрэг [өмнөд] Монголын нутагт цөмрөн ирж түйвээж эхлэхэд 1913 оны эхээр Монгол Улс өмгөөлөх цэргийг таван замаар [өмнөд] Монголын нутаг руу хөдөлгөхөд Манлайбаатар Дамдинсүрэн зүүн өмнө хязгаарын цэргийг захирах жанжнаар томилогдох уг байлдааны ажиллагааг удирдаж явсан. Ар, [өмнө] Монголын цэрэг Хятадын хар цэрэгтэй удаа дараа амжилттай тулалдаж, [өмнөд] Монголоо чөлөөлөхийг зорьж байсан боловч Орос, ДИУ-ын Монголын тухай тунхаглал гарсаны дараа Монгол Улс байлдааны ажиллагааг зогсоогоод Өвөр Монголын цэргийг тарааж Халхын цэргийг гэдрэг татсан билээ.
Дамдинсүрэн бол зөвхөн цэргийн жанжин төдийгүй Монгол улсын гадаад харилцааны нэртэй зүтгэлтэн байлаа. Тэр 1913 оны гуравдугаар сард Монгол-Төвдийн гэрээ байгуулахад, 1914 онд Монгол; Орос; Хятад гурван улсын этгээдийн хэлэлцээ эхлэхэд туc туc Монголын төлөөлөгчдийн бүрэлдэхүнд оролцож байлаа. Хоёр их гүрний тулган хүлээлгэсэн гурван улсын хэлэлцээр нь Олноо Өргөгдсөн Монгол Улсын тусгаар тогтнолыг цуцалж зөвхөн Халхын дөрвөн аймаг, Ховдын хязгаарыг Гадаад Монгол гэдэг нэртэйгээр ДИУ-н харъяанд автономит эрхтэй, байлгах болсонд Дамдинсүрэн Монгoлын нийт ард түмний адил гүн хилэгнэж байлаа. 1915 оны зун [өмнө] Монголд ДИУ-г эсэргүүцсэн олон нийтийн бослого гарсан. Түүний гол удирдагч нь 1913 онд Манлайбаатар Дамдинсүрэнгийн удирдлагаар [Өмнө] Монголыг өмгөөлөн хамгаалах цэргийн нэгэн удирдагч байсан шударга баатар Бавуужав байлаа. Иймд Автономит Гадаад Монголын засгийн газар Дундад, Орос хоёр улсын шахалтаар жанжин Манлайбаатар Дамдинсүрэнг, 1915 оны 7 сард Зүүн Өмнө Хязгаарын түшмэл, цэргийг ятган тохинуулах сайдаар томилон хэдэн сар ажиллуулсан боловч зэвсэгт бослогыг зогсоож чадаагүй билээ.
Харин Орос оронд хувьсгал гарч төр солигдсон хийгээд Алс Дорнодод олон улсын хүчний харилцаа өөрчлөгдөж байгааг ДИУ харгалзан Гадаад Монголын удирдлага дахь үндэсний ухамсар дорой, тогтворгүй этгээдүүдийг ашиглан, автономит байгууллыг устгуулж өөртөө нэтггэх идэвхтэй бодлого явуулах болов. Тэгэхэд Автономит засгийн зарим эрх баригчид Манлайбаатар Дамдинсүрэн, Хатанбаатар Магсаржав нарын зэргэ хэөрөнч баатруудыг хил хязгаар сэргийлүүлэх нэрийдлээр нийслэлээс зайлуулсан. Тухайлбал: жанжин Дамдинсүрэн[г] зүүн өмнө хязгаарыг сэргийлүүлэхээр томилон явуулсан билээ. Гэтэл Хойд Хятадын цэргийн эрхтнүүд Ар Монголыг 1919 онд цэрэглэн эзэлж автономийг устгаж харгис дэглэм тогтоосныг Дамдинсүрэн хилэгнэн эсэргүүцэж байх болсон. Тэр бол зөвхөн цэрэг гадаад харилцааны нэрт зүтгэлтэн төдийгүй Монгол Улсынхаа эдийн засаг, цэрэг, улс төрийн тогтолцоо сургууль соёлыг хөгжүүлэх талаар ямагт санаа тавьдаг, гүнзгий сэтгэгч, ардчилсан үзэлтэй хүн байлаа. Тэр Хөлөнбүйраас дагаар ирсэн өөрийн харъяат нар бусад дагагчдаар бүрдэл болсон нэг хошууны засаг ноён болж хааны зарлигаар олгосон нутагт төвхнүүлэн амьдарч байлаа. Гэхдээ тэр нийслэлд алба хашиж, түүний хүү нь эцгээ төлөөлөн харъяат хошуугаа захирч байлаа.
Ардач үзэлтэй, сэтгэгч, цэргийн гарамгай жанжин, төрийн нэрт зүтгэлтэн Дамдинсүрэнгийн харъяат хошууны төв байсан тулс улсын одоогийн Дорнод аймгийн Гурванзагал сумын төв дээр түүний дурсгалд зориулан босгосон сүрлэг хөшөө бий. Эх орон харь Хятадын дарангуйлалд эрсдэж байхад Манлайбаатар; Хатанбаатар нар бусад эх орончдын хамт Халх дахиныг үндэсннийхээ эрх чөлөөний төлөө дахин босгохын тул сэмээр цэрэг элсүүлэн, Богд Хааны дэмжлэгийг авч хөдлөх гэж байгаад 1920 оны 9 дүгээр сарын 10-нд Хятадн харгисуудад баривчлагдсан.
Нугаршгүй чин зоригт, баатарлаг эх оронч Манлайбаатар 1921 оны эхээр Хятадын гaмингийн эрүү шүүлт харгислалд тэргүүнээ гудайлгахгүй босоогоороо нас барсан нь эх оронч хэн бүхэнд зоригжуулагч жишээ болж байдаг билээ.
No comments:
Post a Comment