Monday, December 8, 2008

Монголчуудын бутрал


Бутрал гэж юу вэ? Орчлон ертөнцийн бүх юмс үзэгдэл хөдөлгөөнд захирагдаж өнгөрсөн, одоо, ирээдүй гэсэн гурван цагийн хүрээнд оршин тогтнодог юмс үзэгдлийн эхлэл төгсгөлтэй хөдөлгөөнд нэгдэл бутрал сарнил зайлшгүй бий. Хөдөлгөөний олон хэлбэрүүд нэг л хэв шинжтэй байдаг. Бүх шинжлэх ухааны хаан математик бөгөөд аливаа шинжлэх ухаан өөрийн судалгаандаа математик аргыг хэрэглэх тусам олон илүү тодорхой, үнэнд ойрхон байдаг хэмээн Гаусс хэлсэн байдаг. Доорхи зүйлүүдийг объектив зөв үнэн гэж ойлгож болохгүй ч бутралын шалтгааныг миний хувьд ингэж төсөөлж болох юм: Химийн Ca(HCO3)2 ÞCaCO3+CO2+H2O.Ca(HCO3)2

Кальцын гидрокарбонат нь олон хэв шинжтэй химийн элементүүдийг нэгтгэсэн, нэгдмэл шинжтэй хүчиллэг давс бөгөөд урвалд оруулахад амархан уусдаг бодис. Энэ нь ямарч хүчирхэг эзэнт гүрэн өөр өөр угсаа гарал, соёл иргэншилтэй олон жижиг улсыг хүчээр удаан тогтоон барьж чаддаггүй амархан задран унадаг түүхэн зүй тогтолтой адилхан юм.
CaCO3 Кальцын карбонат нь усанд уусдаггүй, талст хэлбэртэй, өмнөх бодисынхоо гол шинжийг нь хадгалж үлдсэн химийн бодис. Харин нүүрстөрөгч нь (CO2) хий шинжтэй өмнөх бодисынхоо хамгийн хувьсамтгай, хөнгөн шинжийг агуулдаг бодис. Ус (H2O) бол гурван хэлбэрт амархан ордог, өөрийн бие даасан шинжтэй багаль дээр байдаг химийн хамгийн түгээмэл бодис. Кальцын карбонат нь нийгэм дэх хүмүүсийн эрчимт хэсэгтэй адил юм. Учир нь эрчимт хүмүүс нийгмийн өөрчлөлт, хөгжил дэвшилд хамгийн идэвх зүтгэлтэй манлайлан оролцож нийгмийн гол цөм нь боловч цөөнх хувийг нь сэхээтэн, элит хэсэг болж эзэлдэг. Нүүрстөрөгч шиг хөнгөхөн, өөрийн бие даасан шинжгүй хүмүүс аливаа нийгмийн өөрчлөлт, хөдөлгөөнд өөрийн бодолгүйгээр хандан үүнээсээ болж хамгийн их эрсдэж нийгмийн олонхи нь болдог бөгөөд судлаачид тэднийг ХАОС давхраа гэж нэрлэдэг. Харин ус шиг олон хэв шинжид хувирч өөрчлөгддөг боловч өөрийнхөө дотоод шинжийг хадгалан “бүлгийн эрх ашгаас хувь хүний эрх ашиг анхдагч” гэсэн зарчмыг гол зорилгоо болгодог өөрийн гэсэн бодолтой бие даасан хүмүүс олонхид ялангуяа сэхээтний давхрагад их байдаг.

Физикийн нягт : ? = m / V
Нягт бол аливаа бодисын хатуулаг, нэгдмэл шинжийг тодорхойлдог боловч энэ хатуулаг шинж нь тухайн бодисын эзэлхүүн, массаас ч мөн хамаардаг нь харагдаж байна. Нягт массаас шууд хамааралтай байдгийн учир нь масс тухайн бодисын физик мөн чанар болдог ба масс их байх тусам нягтад их сайн нөлөөлдөг. Харин эзэлхүүн нягтаас урвуу хамааралтай байдаг учир аливаа бодисын физик шинж чанар алдагдахад их хэмжээний эзэлхүүн тодорхой хэмжээгээр нөлөөлдөг байна. Дээрх тодорхойлолт ч түүхэн зүй тогтолтой адил. Ямарч хүчирхэг гүрэн их хэмжээний газар нутаг эзлэн авч, олон сая албат иргэдийг захирдагаараа бус, үндэстний (масс) шинжээ бүрэлдүүлэн дотооддоо хүчирхэг байх нь чухал болжээ. Монголын эзэнт гүрэн энэ шинжийг анх бүрэлдүүлснээрээ цөөнөөр олныг дийлэх гайхамшигийг дэлхийд анх удаа харуулж чадсан боловч асар их уудам нутгийг захирч чадалгүй 60-хан жилийн дотор задран унажээ.
Хөдөлгөөнүүд биеэ даах төвөөс зугтаах гадаад дотоод нөлөөлөл орчин гээд бутралын бүх шинж чанарыг харуулж байна. Хөдөлгөөний дээд хэлбэр болох субъектээр жолоодогддог нийгмийн бутрал хөдөлгөөнд дээрх бүх шинж чанарууд бас л бий. Нийгмийн хөдөлгөөний бутрал бол хөгжил дэвшлийн нэг хэлбэр юм. Харин түүний үр дүн нь түүхэнд хэрхэн, яаж тодорхойлогдох явдал чухал байна. Учир нь нийгмийн бутралд зөвхөн улс төрийн бутрал сарнил ордоггүй, соёл нийгмийн сэтгэлгээ , эдийн засгийн хөгжлийг үүнд хамааруулж ойлгодог. Өдөр тутмын нүүдлийн амьдралтай үе үеийн турш байлдан довтолдог догшин ширүүн шударгуу зантай монголчуудыг шалгарсан суут хүн л нэгэн тугийн дор нэгтгэхгүй бол үргэлжид бутрал сарнилийн сүнс дагадаг хуультай. Энэ нь эрх чөлөөг яс махандаа шингэтэл мэдэрдэг нөгөө л нүүдлийн зан төрх юм.

Хятадын түүх сударт 1378 онд хаан ширээнд суусан Төгстөмөр хаан 1388 онд үхсэнээр “Ар Юань” улс мөхөж , Юань улсын хаадын угсаа тасраад ерөөс төр нь мөхсөн гэж үздэг. Гэтэл Монголын төрт ёс огт тасраагүй. 1388-1408 онд Энхзоригт, Элбэг, Гүнтөмөр, Гуйлич таван хаадууд суусан. Эд нар цөм янз бүрийн хүний гарт амь үрэгдсэн “Алтан товч”-ийн мэдээ ёсоор Элбэг хааны өөрийн хүү Дүүрэнтөмөрийн эхнэрийг Өлзийтгуа гэдгийг хатан болгож авсаны гайгаар Ойрадын нэгэн захирагч Хуха Таюугийн хүү Өгчи Хашхи, Махмуд нар 10 түмэн монголоос дөрвийг нь салгаж тусгаарлан “дөрвөн ойрад” болсон. Эх сурвалжуудад Тогоонтөмөр хаан 40 түмэн монголын 10 түмнийг авч ирсэн. Түүний дөрвөн түмэн нь ойрадууд гэж бичсэн байдаг. 1400 онд Дарван ойрадыг Мөнхтөмөр захирч байгаад 3 хүүдээ захируулсан. Минь улсын шинэ хуанди Юн Лэ Монголчуудыг хямралд оруулахын тулд 1409 онд тэдгээр 3 тэргүүлэгчид цол хэргэм шагнасан байна. Үүнд дургүйцсэн Монголын хаан Буяншир 1409 онд Мингийн элчийг алж Ойрадтай байлдсан боловч ялагдаж Ойрадыг харяанаасаа бүрмөсөн гаргасан. Ийнхүү хүч нь суларсаныг ашиглан Юн лэ хаан биеэр цэрэг авч Монголд ирж Буянширийг бут цохиж түүнийг ойрадын нэг удирдагч Махмудаар алуулжээ. Махмуд Элбэгийн хүү Дэлбэгийг хаан болгон өөрөө тайш болж улсыг захирч эхэлсэн. Ийнхүү Ойрад хүчирхэг болсон учраас 1413 онд Минь улс Зүүн Монголын Аругтайд ван цол өгч дараа жил нь түүнтэй хүч хавсран Ойрадуудыг алба өгөөгүй гэдгээр шалтаглан довтлож Махмудын цэргийг хиар цохьжээ. Дэлбэг ч удалгүй 1415 онд өөд болж хаан ширээг Хэрнүүд овгийн Батболд, Өгчи хашхи нар авч баруун, зүүн монголоор нь хуваан хэсэг хугацаанд захиран суужээ. Тэдний гол түшиг тулгуур нь торгуудын Тайпин байсан ба эх сурвалжуудад тэд алтан ургийнхан биш тул “Эсхи хаад”-ын үе гэж бичигддэг. Гэвч тэднийг бусад ноёдууд дэмжээгүйн улмаас 1422 онд Хасарын удмын Хорчины Адай хаан болж Дөрвөн ойрадыг бут цохижээ. Дөрвөн ойрадынхон удалгүй дахин хүчирхэг болсон нь урьд Адай хаанд баригдан түүний хонийг хариулж байсан Тогоон нутагтаа буцан ирсэнтэй холбоотой юм. Тогоон улмаар Аругтай тайш, Адай хааныг бут цохиж ихэнх Монгол угсаатнуудыг нэгтгэжээ. Гэхдээ өөрөө Алтан ургийн хүн биш тул Чингисийн угсааны Тайсун хэмээх Тогтохбухыг хаанд өргөмжлөн өөрөө тайш нь төрийн хэргийг удирдах болсон. Төр эвдрэхийн гол үүдийг нээж өдөөдөг гол улс Минь-г бут цохих, ингэхийн тулд нийт улсыг нэгтгэн бусад том улсуудтай холбоо байгуулах бодлого явуулж байжээ. Гэвч үүнийг биелүүлж чадалгүй 1439 онд нас барж түүний хүү Эсэн нь тайш болж төрийн бүх хэргийг гартаа авч эцгийнхээ бодлогыг үргэлжлүүлжээ

Эсэн 1447 онд Урианхайг эзэлснээр ихэнх Монголчуудыг нэгтгэсэн. 1448 онд Хамиг эзэлж, Дундад азийн улсуудтай холбоо тогтоосон. Ингээд Минь улстай дайтах зөвхөн шалтаг л хүлээж байлаа. Тэр шалтаг худалдааны харилцаагаас үүдэн гарчээ. Монголын түүхийн энэ үед Хятадтай худалдаа хийхэд маш хүндрэлтэй, Минь улс нүүдэлчдийн асар их уур хилэн, барааны хомсдлоос болж гарах дээрмийн дайнаас айж байсны улмаас зөвхөн гуравхан боомтоор маш богино хугацаанд зах гаргадаг байлаа. Тэд төмөр худалдахыг хатуу хориглосон төдийгүй 2 хэлбэрээр худалдаа хийдэг байсан. 1. Зах ажиллуулах. 2. Тодорхой тооны хүн явуулж хаанд алба бариулж худалдаа хийх.

1448 оны 12-р сард олон тооны элчийг маш муу бараатай явуулж худалдаа хийлгэсний улмаас Минь улс малын үнэ өртөгийг өгөөгүй. Үүгээр шалтаглан Эсэн 20000 цэрэгтэй 4 замаар Минь улсад цөмрөн орсон. Эсэн өөрөө Датунгийн чиглэлээр, сайд Алаг Чинсан Сюань-фугийн чиглэлээр, Тайсун хаан Явдангийн чиглэлээр, Алагч чинсан Шаньси мужийн чиглэлээр цэрэг авч довтолсон. Тэр үед Минь улсын цэцэглэлтийн үе байсан, гэхдээ төрийн хэргийг Ордоны тайган Ван-Чжэн барьж байлаа. Тэр нас нь залуу Ен-зүнь хуанди-г цэргээ өөрөө удирдвал Монголчууд айн сүрдэж аяндаа ялагдана гэж сэнхрүүлэв. Цэргийн мэдлэг боловсрол багатай залуу хуандид 50000 цэрэг захирагдсанд тэр Датунд их цэргээ авч иржээ. Ойрадын цэрэг Минь-гийн цэргийг өөрийн тактиктаа оруулан мөрдөн хөөж Инь шань уулын орчим дахь Түмү цайзанд шахан бүсэлжээ. Түмү цайз бол 4 талаараа өндөр уулаар хүрээлэгдсэн, ундны усгүй газар тул Минь-гийн цэрэг хүчинд автан ялагдаж, Ен-зүнь хаан шадар нөхдийн хамт баригдав. Эсэн түүнийг ашиглаж Хятадтай найрамдлын хэлэлцээр байгуулах санаатай байсан ч Минь улсын ордных нь Ензүний дүү Чинтайг хуандид өргөмжиллөө. Үүнд хилэгнэсэн Эсэн Бээжин рүү довтолж 1449 оны 10-р сард Бээжингийн Шижиминь хаалганд ирж цэрэг, морь малаа амраажээ. Минь улсын ордныхон дотроо хагаралдаж Монголчуудын өмнө ихэд арчаагүй байдалтай болж Эсэнгийн цэргүүд тэр хавийн нутгийг галдан шатааж, дээрэмдэн тонож эхэллээ. Яг шийдвэрлэх тулалдаан эхлэх гэтэл Монгол нутагтаа очсон Тайсун хаан түүний эсрэг бослого гаргасан учир Эсэн Бээжинтэй эрх тэгш найрамдлын хэлэлцээр байгуулаад Ензүнь хааныг авч нутаг буцжээ. Ингэж Монголчуудын дотоод хямралаас болж Минь улс хятадын урьд, хождын улсууд шиг бүрэн аврагдсан түүхтэй.

Тайсун өөрийн хатан Эсэнгийн эгчээс гарсан хүүхдийг Жонон болгоогүй учраас Эсэн-Тайсун нар зөрчилдөж эхэлсэн юм. 1451 онд Тайсун-Эсэн хоёрын тулалдаан болж Тайсун дарагдаж Хэрлэн рүү зугатаж явахад нь Урианхайн Чавдан охиныг нь төрхөмд буцаасан доромжлолд нь өс санаж барьж алжээ. Баригдсан Ен-зунь хаанд овог төрлөө үл мэдэх Мулу нэрт эмийг эхнэр болгон өгч Эсэн хаан өөрийн хонийг хэсэг хугацаанд түүгээр хариулуулжээ. Ихэд туйлдсан Ен-зунь хаан өөрийн ахдаа “хаан ширээндээ дахин суухгүй” гэж андгай тангараг тавин их мөнгөөр барьцаалагдан төрөлх нутагтаа арай гэж очжээ.Эсэн Монголын ихэнх ноёдыг цуглуулж хаан ширээнд хэнийг өргөмжлүүлэх тухай хэлэлцүүлэхэд Тайсуны дүү Агваржин жононгийн нэрийг ихэнх нь дэвшүүлэхэд Эсэн:

“Өөрийн төрийг эс санасан хүн Хүний төрийг санах уу?
Өөрийн галд ус хийсэн хүн Миний галд тос хийлээ? Энэ хэнд сайн буюу?” гэж ихэнх ноёдыг ятгасны эцэст Агваржин, түүний хүү Хархуцаг, бусад ноёдыг Их хуралдайд хууран урин ирүүлж цөмийг нь алжээ. Ийнхүү “ноёдын үхэл чуулганд, нохойн үхэл ганд” гэдэг үг үеэс үед дамжин яригдан ирсэн юм.Эсэн өөрийн замд саад болсон Алтан ургийн болон бусад ноёдыг ийнхүү замаас зайлуулж бүх Монголыг эрхэндээ оруулсан. Энэ ондоо буюу 1454 онд өөрийгөө бүх Монголын их хаанд өргөмжилж зүүн зүгт Амар мөрнөөс баруун тийш Дундад ази хүртэлх өргөн уудам нутгийг захиран суужээ. Монголын түүхэн зохиолуудад энэ үеийг “Дөчин дөрвөн хоёр-нэг хааны алдар болов” гэж тэмдэглэсэн байдаг. Харамсалтай нь Эсэн удаан хаан суусангүй. Ойрадын ноёдууд нь 1. Дайны олзоо хуваасангүй. 2. Өөрийн хүүгээ тайшаар өргөмжилсөн гэдгээр шалтаглан бослого гаргалаа. Эсэн гэнэтийн довтолгоонд санд мэнд зугатааж яваад 1455 онд алагдсанаар Монголын төр дахин задран унажээ. Эсэн Моголын төрийг нэгтгэн хүчирхэг болгоод Минь улстай эрх тэгш улсын хэмжээнд харилцах бодлого явуулахаар төлөвлөж байлаа.

Эсэнг алагдсаны дараа Дөрвөн ойрадын самууныг ашиглан Хасарын удмын Хорчины Болой, Онигуудын Муульхай нар гэнэдүүлэн довтолж төрийн тамгыг Зүүн Монголд авчирч Тайсуны хүү Макакуси /Маркус/-ийг хаан болгож Болой өөрөө тайш нь болжээ. Ийнхүү Хасарын удмынхан Монголын төрийг байнга өмгөөлөн, хамгаалж байсан түүхтэй. Хятадын сударт Маркусын нэрийг бичихэд бэрхшээлтэй байсан тул “Сяо ван цзи” /бага хаад/ гэж тэмдэглэх болсноор улс төрийн эрх мэдэлгүй бага хаадын үе эхэлжээ. Маркузыг өсөж том болоод биеэ даах гэхэд нь 1465 онд Болой түүнийг алжээ. Болой, Муульхайн хооронд хагарал гарч Болой ялагдаж, Маркусын өөр эхтэй дүү Молун хаан болж, Муульхай тайш болжээ. Хорчины угсааны өсийг Өнөболд ван авч Муульхай алагдаж төр улс хэсэг хугацаанд тайшгүй явлаа. 1468 онд Молуны дараа Баянмөнх хаан суусан боловч ахдаа найр тавьж өгснөөр ноцтой алдаа гаргажээ. Эх сурвалжид бичигдснээр Баянмөнх ахтайгаа муудалцсан үеийн ашиглан Юншээбуугийн Хэрээ, Цагаан нар алсан. Үүний дараа Мандуулын хувь заяа ч дүүтэйгээ ижилхэн шийдэгдэн 1467 онд Исмалд алагджээ. Мандуул хаан залгамжлах үргүй тул том ноёдууд өөрийн эзэмшлээ тус тус захиран сууж хаан ширээ эзэнгүй байлаа. Яг тэр эгзэгтэй үед Ингүүт овгийн Чоросбай төмөр чинсангийн охин, Мандуулын бага хатан Мандухай 33 настайдаа Баянмөнх жононгийн 7 настай хүү Батмөнхийг даян хаан нэрээр Хаан ширээнд өргөмжилсөн юм. Түүнийг ердийн нэг бага хаан гэж тоогоогүйн улмаас түүнд ердөө Шилийн голын зүүн хэсэг л захирагдаж байв. Зүүн Монголыг Исмаль тайш, Ордосын нутгийг Юншээбуугийн Ибрай, Баруун Монголд Ойрадууд тус тус ноёрхож байснаас 1483-1486 онд Мандухай бие даан цэрэг авч яван Исмалийг бут цохиж эх Шихэр хатныг нь авчирсан. Дараа нь 1490-1496 онд бэлтгэл хийсний эцэст Даян хааны үхэр тэрэгт /үхэгт/ суулган Дөрвөн Ойрадыг дайлан эзэлж
“… Гэрээ орд бус өргөө гээд
Завилж суухгүй сөгдөж суу
Залаагаа 2 хуруу хий
Айрагийг цэгээ гэж нэрлэн
Махыг хутгаараа бус шүдээрээ ид “гэж цааз тогтоосон. 1500 онд Баруун түмнийг захируулахаар хоёрдугаар хүү Улсболдоо явуулсныг Ибрай алсны улмаас Өвөр Монголын Далан хар гэдэг газар их тулалдаан хийж тэднийг бут цохижээ. Ийнхүү 1500 онд Монголын 40 дөрвөн хоёр дахин нэгдэж хүн ам нь “… Хөл хөсөр, гар газар хүртэл амар мэнд жаргааваа” гэж тэмдэглэсэн байдаг. Даян хаан бутралын гол шалтгаан болсон сайд нарын соёрхол дархалсан газрыг хүчингүй болгосон, Амбагай хан үндэслэсэн тайш, чинсан цолуудыг хүчингүй болгосон, Алтан ургийн бус ноёд түшмэдүүдийг төрийн чухал албанаас шахан гаргасан гэх мэт бодлого явуулсан. Гэсэн ч бутралыг дахин болгох үндэс суурийг тавьж хөвгүүддээ ван цолыг өгч, улсаа Зүүн, баруун хоёр гар, 6 түмэн болгон хуваасан юм. Үүнд:
Зүүн 3 түмэн- Ордос, Түмэд, Юншээбуу
Баруун 3 түмэн- Цахар, Урианхай, Халх

Түүний 11 хөвгүүдийн 7 нь Мандухайнх, 4 нь бага хатан Жимсгэнийнх байснаас
1. Төрболд эцгээсээ өмнө нас барсан
2. Улсболд 1500 онд Ибрайд алагдсан
3. Барсболд жонон болсон
4. Арсболд түмэдийн 7 отог
5. Очирболд Цахар 8 отог, хишигтэн
6. Алчуболд Халхын өвөр 5 отог
7. Арболд Цахар, Хуучидын 2 отог
8. Гаруудай нас барсан
9. Гэрболд Ахан, Найманы отог
10. Увсанз Юншээбуу
11. Гэрсэнз Халхын 7 отогийг тус тус захиран суусан. Даян хаан өөд болсоны дараа Жонон Барсболд хүчээр түрий барьж хаан суусан ч удалгүй аргагүйн эрхэнд Төрболдын хүү Боди Алагт хаан ширээгээ тавьж өгчээ. Шинэ хаан Цахарт төвлөн сууснаас хаан ширээ, улсын тамга тэнд шилжлээ. Боди Алаг 28 жил хаан сууж 1547 онд өөд болсны дараа түүний хүү Дарайсүнгүдэн хаан ширээ залгамжлав. Энэ хааны үед Барсболдын хүү Алтан (1507-1582) Түмэдийг маш хүчирхэг байдалтай болгожээ. Тэр 1552 онд Дөрвөн Ойрадын довтлон эрхэндээ оруулан. 1559 онд Хөх нуурыг эзэмших болсон гэх мэтээс болгоомжлон тэр үеийн хаан Боди Алаг түүнээс болгоомжлон Цахараа аван нүүж байжээ. Алтан Минь улстай биеэ дааж харилцан, тэднийг уулгалан сүрдүүлж байгаад эрх тэгш харилцаа тогтоожээ. Минь улс түүнийг аргадаж 1570 онд ван цол олгон худалдаа хийх болсон бөгөөд түүний нэр нөлөө Монгол улсад их алдаршиж байлаа.

1558 онд хаан ширээг залгамжилсан Түмэн Алтантай нилээн хатуу байр суурь баримталж байсны улмаас өөрийн хүчирхэг вассалиа болгосон байна. Түмэн Их засаг цаазыг тогтоон “5 ханы засаг” хэмээх ноёдоор бүрэлдсэн Төв засгийн газар гэдгийг шинээр абйгуулсан. 5 ханы засаг баригч ноёд нь Цахар түмний Амудай хун тайж, Өвөр Монголын Үйжин, Ордосын хутагт сэцэн хун тайж, Түмэдийн Цэрүхэй хун тайж, Юншээбуугийн Номандарь ноён болно. Хүчирхэг нэр нөлөөтэй эдгээр ноёд 6 түмнийг төлөөлөн төрийн хэргийг зөвлөдөн шийдвэрлэх болжээ. Энэ нь бутран сарниж байсан бүх аймгуудыг ардчилалын хэлбэрээр төв засаглалд нэгдүүлсэн дэвшилтэт үйл ажиллагаа байсан. Иймээс Монголын тулгар бичгүүдэд түүнийг түмэн засагт хаан хэмээн өргөмжилөн тэмдэглэсэн юм. Тэр 35 жил хаан суухдаа ноёдуудын хямралын хэсэг хугацаанд намжааж, ард түмний аж ахуй, эдийн засагт дэвшилтэт өөрчлөлт гаргасан түүхтэй.

1592 онд Түмэн 54 настайдаа өөд болж хүү Буян сэцэн хаан болсон бөгөөд түүний дараа 1603 онд ач Лигдэн нь хаан ширээнд өргөмжлөгджээ. Лигдэн Чингисийн угсааны сүүлийн хаан байсан бөгөөд түүний нас барж, Өвөр Монгол Манжид эзлэгдсэнээр феодалын бутрал төгсгөл болсон ажгуу.
Дөрвөн Ойрадын байдал: YIII-XII зууны үед Байгаль далайн чанадад Енисей мөрөн, Баргужин төхөмд жижиг аймгийн холбооны зохион байгуулалтай нутаглаж байсан бөгөөд тэднийг ойн иргэд гэж нэрлэдэг байсан. 1207 онд Ойрадуудын зонхилогч Хутагу бэхийн шийдвэрээр Монголын харъяат болжээ. Хутагу бэхи Чингистэй худ ураг барилдсан төдийнүй түүний үр сад ч Алтан ураг, Хиад боржигингуудтай хэдэн үеийн турш ураг төрөл барилдан Монголчуудын дунд их нэр хүндтийг хүлээн Цорос овог “Цагаан яс” хэмээн өргөмжлөгджээ. Бутралын үеийн Цорос ясны анхны хүчирхэг ноён нь Өгчи Хашхи бөгөөд түүний хөвгүүд Батула чинсан, Махмуд нар Элбэг хааны үеэс эхлэн Монголын харъяанаас гарч биеэ даан холбооны шинж бүхий аймгийн холбоод болж олон жилийн турш хямрал тэмцэлд оролцож ирснийг дээр дурдсан билээ. Энэ холбоонд багтдаг олон овог, аймгуудаас Цорос, Хошууд-Торгууд, Дөрвөд, Хойдууд хамгийн хүчирхэг байсан тул Дөрвөн ойрадын холбоо гэж түүхэнд алдаршжээ. Уг холбоо нь холбоонд оролцогч улсуудын хамтын хүчээр гадаад байдлаа бэхжүүлж, дотооддоо газар нутаг, засаг захиргаа, эрх зүйн тодорхой зохицуулалт хуваарилалтыг бий болгосон тогтолцоо байсан. Даян хааны дараа Дөрвөн ойрад Тэнгэр уул руу нүүдэллэж Алтан хааны үед дахин дарагдсан боловч дотооддоо эв нэгдэлтэй байсны үр дүнд богино хугацаанд сэргэн мандаж 1562 онд Алтан ханыг, 1587 онд Халхын Шолой Увш хунтайжийг тус тус бут цохиж байжээ. Тэр үед дөрвөн ойрадын холбоонд Хошуудын Байбугас, Цоросын Хар Хул, Торгуудын Хөө Өрлөг, Дөрвөдийн Далай тайш, Хойдын Султан тайш тус тус ноёлж байсан. Тэд “Зарааны үс. Хөрөөний шүд мэт Бат дөрвөлжин мэт хүчирхэг” байсан. Тэдний нутаг дэвсгэр нь Хангай уулын бэлээс Кара Шар хүртэл. Хамил Бархөлөөс хойш Енисеин мөрөн хүртэл нутгийг хамарч байсан. Гэвч дотоодын хямралаас болж 1607 онд Торгуудын Хөө Өрлөг өөрийн албат 1 түм 5000 өрхөө дагуулж Ховог сайр, Эмилиэр дамжин Ижил мөрөнд нүүдэллэн очиж Халимаг угсаатнууд болон суусан. Халимаг гэдэг нь хальж, ойж гарсан гэдэг утгатай үг буй заа. Мөн Монголд дэлгэрсэн шашнуудаас болж гарсан дайн самуунд Хошуудууд татагдан орж өөрийн эзэмшилээс ойн гарсан. 1637 онд Хошууд Төр байх Халхын Цогтыг бут цохиж Далай ламыг Төвдийн эзэн гэж ёс төдий өргөмжилж тэнд сууришсан байна.

Дөрвөн Ойрадын хүч ийнхүү тарамдаж бүх үе буюу 1634 онд голлох овог Цоросын Хар Хул ноён өөд болжээ. Түүнийг Эрдэнэбаатар хун тайж (1634-1663) хүү нь залгамжилж Дөрвөн Ойрадын холбоог дахин нэгтгэх бодлого явуулжээ. Тэр нутгаасаа дүрвэн гарсан торгууд, хошуудыг нэхэн хөөхийн оронд, харин үлдсэн овог аймаг, албатуудаа нэгтгэн 1630-аад оны сүүл үеэс Зүүн гарын хаант улсыг (1634-1755) байгуулжээ

No comments:

: