Tuesday, December 2, 2008

Хүннү гүрэн дахин бие дааж тусгаар тогтносон нь


(Умард, Өмнөд, Баруун Хүннү)

17 онд Хятадад Ван Маний эсрэг «улаан хөмсөгтний бослого» хэмээх тариачдын бослого эхэлжээ. Түүнчлэн баруун Хань улсын төрийн эрхийг түүний үндэслэн байгуулагч Лю Баны удам угсааны Лю овогтныхны гараас булаан авч, хэрэг дээр Баруун Хань улсын төрийг мөхөөсөн Ван Маний хаанчлалыг устган Хань улсын төрийг сэргээн байгуулах гэсэн сурвалжит язгууртан, ноёд, жанжин нар бослого гаргаж «улаан хөмсөгтний бослого»-ын цэрэгтэй хүчээ нэгтгэн тэмцжээ. Юй шаньюй тэргүүтэй Хүннү нар Улаан хөмсөгтний бослогыг дэмжиж, Хятадын хил рүү довтлон Хань улсын хил дээр Хятадын цэргийн их хүчийг босогчдын эсрэг хандуулалгүй барьж байжээ. Гэхдээ Хятадад их хэмжээгээр нэвтрэн орж түйврэгсэнгүй. Босогчид 25 онд нийслэл Чанань хотод дайран орж, ширүүн тулалдаан хийж эзэн хааны ордыг эзэлж аваад Ван Манийг барьж алжээ. Лю Баны угсааны Лю Сю ноён төрийн эрхийг гартаа авч биеэ Гуан Уди хаан хэмээн өргөмжлөөд Хань улсын төрийг сэргээжээ. Тэрээр улсын нийслэлийг зүүн тийш нүүлгэж, Лоюн хотод шилжүүлсэн явдлаас үүдэн түүний сэргээсэн Хань улс нь түүхэд Зүүн Хань улс хэмээн алдаршсан юм.

Ван Манийг унагаж, Зүүн Хань улсыг байгуулахад Юй шаньюй тэргүүтэй Хүннү нар улаан хөмсөгтний бослогыг дэмжиж үнэхээр багагүй үүрэг гүйцэтгэсэн юм. Юй шаньюй тэр байтугай Хань улсыг сэргээн байгуулж, эзэн хаан болгохоор нэгэн их хүч нөлөө бүхий Лю овогтон Хятад сурвалжит язгууртнийг дэмжин өргөө ордондоо байлгаж байжээ. Тэр ноён Хүннүгийн шаньюйн хүчирхэг дэмжлэгтэй байсан учир Умард Хятадын хилийн бүсэд нэлээд хэмжээний газар нутгийг эзлэн захирч байжээ. Гуан Уди гарч ирээд түүнийг Хятадад аваачсан боловч тэр ноён нь Зүүн Хань улсыг зөвшөөрөн хүлээж, шинэ эзэн хаанд харшлан хөндөлссөнгүй, ялангуяа хүчирхэг Хүннүгийн шаньюйн идэвхитэй дэмжлэгтэй байсан зэрэг учир аливаа ял зэмлэл хүлээсэнгүй, Хүннү гүрэнд буцсан байна. Тухайн үед Хүннү гүрэн нэлээд хүчирхэг болж, Ухуань, Сяньби зэрэг зүүн зүгийн аймгуудыг эргүүлж өөрийн эрхшээл нөлөөнд оруулж аваад Баруун Хязгаарт Хятадтай амжилттай өрсөлдөн ихэнхийг өөрийн талд барьж чадан байв.

Мөн Хятадад урьд эзлэгдсэн газруудаа эргүүлэн аваад зүүн Хань улсын умард хилийн доторхи зарим газар нутгийг эзлэн авсан байв. Хүннү улс тухайн үед бараг Модун шаньюй, Лаошань шаньюй нарын эзэлсэн бараг бүх нутаг орныг захиран ноёрхсон их гүрэн болж, сэргэн мандаж байжээ. 30 онд Зүүн Хань улсын эзэн хаан Гуан Уди Хүннүгийн шаньюйд хандаж, Хухань шаньюйн үед хань улс, Хүннү гүрэн хоёр ахан дүүс, эзэн түшмэл улс болж байсан найрамдал, ургийн гэрээг сэргээн байгуулах тухай санал гаргажээ. Юй шаньюй тэр саналыг хүлээн авсангүй, Хуханьегийн үед Хүннү доройтоод Баруун Хань улс хүчирхэг болсон байсан цаг учир тийм гэрээ байгуулагдаж байсан, одоо бол Хятад сулран доройтоод Хүннү гүрэн хүчирхэг мандаж байна, тийм учир Хүннү гүрнийг Хятадтай эн сацуу улс гүрэн хэмээн хүлээн зөвшөөрч тэгш эрхтэй гэрээ байгуулбал байгуулна, үгүй бол үгүй гэж гэдийгээд Гуан Уди хааны саналыг зөвшөөрсөнгүй. 33 онд Гуан Уди хаан Хүннүгийн эсрэг их цэрэг хөдөлгөсөн боловч тэр нь ялагдаад Хүннү нар Хятадын хилийг түйвээж, Зүүн Хань улс хил хязгаарын иргэдээ нутгийн гүн рүү татан нүүлгээд тэдний байсан газрыг Хүннү нар эзлэн авч хятад орны хил хязгаар дотор Хүннүгийн эзэмшил газрууд бий болж иржээ. Хүннү нар Хятадын дотоод нутгуудад ч аюул учруулах болжээ. Олон жил үргэлжилсэн Хүннү Хятадын өрсөлдөөн тэмцэлд Хятад ялагдсан нь хэнд ч тодорхой байв.

Гагцхүү түүхийн ёгтлолоор, тухайлбал Хүннүгийн дотоод зөрчил тэмцлийн хурцдалын ачаар Хятад аврагдсан байна. 46 онд Юй шаньюй нас барсан бөгөөд түүнийг эсвэл Хуханье шаньюй, Ван Чжаоцзяны хөвгүүн Иту-Чжяны, эсхүл Үчжүлю-Жоди шаньюй хөвгүүн Би залгамжлан шаньюй болох ёстой байжээ. Юй шаньюй Хятадын эрлийзээр өөрийгөө залгамжлуулахыг хүссэнгүй, түүнийг алуулж орхижээ. Юйг түүний хоёрдугаар хөвгүүн Пүнү залгамжилж шаньюй болжээ. Сүүлийн хэдэн жил дараалан Хүннү нутагт ган, зуд болж, царцаа хорхой элбэгшээд өвс ногоо, тариа будаа ургасангүйн дээр халдварт өвчин гарч хүн, мал маш их үхэж, байдал сүрхий хүндэрчээ. Пүни шаньюй Зүүн Хань улсад элч зарж, найрамдал, ургийн гэрээ байгуулан Хятадтай дайн хийхийг түр зогсоохыг оролджээ. Түүний эцэг болон түүнтэй өөртэй нь шаньюйн ширээний төлөө өрсөлдөөнд оролцож байсан Би ноён өрсөлдөөнөө үргэлжлүүлж Хятадтай хуйвалдан , шууд урвах тийш ханджээ. Тэрээр Хүннүгийн зүүн өмнөд хэсгийн Югянь овог, аймгийг захирч байсан бөгөөд Зүүн Хань улсад Хүннүгийн ихэд нууцалдаг байсан газрын зургийг сэм илгээгээд 47 онд Хятадад дагаар орох хүсэлт гаргажээ. Би ноён нэгэнт 40 мянган цэрэгтэй байсан тул арваадхан мянган цэрэгтэй үлдсэн шаньюй түүнийг довтлон цохих гэсэн боловч хүч хүрсэнгүй. Дахин цэрэг цуглуулж байгаад цохих гэтэл нэгэнт хожимдсон байв.

48 онд Би ноён Хүннүгийн өмнөд хязгаарын 8 аймгийн зонхилогч нарыг хуралдуулж, улс орны дотоод, гадаад бодлогыг шүүмжлэн хэхэлцээд Зүүн Хань улсад дагаар орохоор шийджээ. Хуралдан чуулсан аймгуудын ноёд Би ноёныг хоёрдугаар Хухань шаньюй хэмээн өргөмжилж, аймаг овгуудаа удирдан Хятадын зүг нүүн оджээ. Би шаньюй Зүүн Хань улсын Уди хаантай гэрээ хэхэлцээр байгуулаад Пүнүгийн хамт үлдсэн Хүннү нараас Хятадын умард хилийг сэргийлэн хамгаалах үүрэг хүлээсэн байна. Тийнхүү 48 онд Хүннү гүрэн Би шаньюй тэргүүтэй Өмнөд Хүннү, Пүнү шаньюй тэргүүтэй Умард Хүннү болж хоёр хэсэг хуваагдсан байна. Түүх сударт Хухань шаньюйг анх мөн урагш нүүн Хятадтай найрамдал, ургийн гэрээ байгуулсны үндсэн дээр Өмнөд Хүннүгийн үндэс суурийг тавьсан, анхны өмнөд шаньюй хэмээн үзэх хандлага байдаг. Гэвч Хуханье шаньюй удалгүй Ар Монголдоо ирж нутагласан бөгөөд залгамжлагчид нь ч мөн тус оронд амьдарч байсны дээр тэднээс өөр ямар нэгэн Умард, Өмнөд Хүннү гэж байгаагүй юм. Хүннү гүрэн умард, өмнөд болж хуваагдсан нь чухамхүү Би шаньюй үед болсон хэрэг явдал байсан ажээ.

Өмнөд Хүннү нар хойч үеийн Өвөр Монголын Ордос, Түмэд нутаг, Хятадын Шаньси, Шэньси мужийн хойт хэсэгт нутаглах болжээ. Би шаньюй Хятадын умард хилийг сэргийлэн хамгаалж суух явдлаар үйл ажиллагаагаа хязгаарласангүй, 49 онд их говийн өмнөд дэх Пүнү шаньюй аяны өргөө ордыг довтлон цохижээ. Пүнү ухран Хангайн нуруу, Орхоны хөндий дэх гол өргөө ордондоо хүрэлцэн ирж, тэндээ байнга төвлөрөн суух болсон байна. Би шаньюйг анх хил хязгаарын хараат болж Зүүн Хань улсад дагаар ороход түүнийг Юньчжүн хэмээх газарт, тухайлбал хожмын Өвөр Монголын Урадын чуулганы өмнө захад Бугат хотын баруун хойгуур өргөө ордоо барьж төвлөн суух болгоод өмнөд Хүннү улсын шаньюйн төрийн тамга олгож их хэмжээний бэлэг сэлт гардуулсан байна. Гэвч хятадын элчийг өөрийн өргөө ордонд хүрэлцэн ирж, эзэн хааны зарлиг захидал, бэлэг сэлтийг гардуулахад Би шаньюй сөгдөж мөргөн хүлээж авч байх ёстой байжээ. Гэтэл тэр явдал Би шаньюйн нэр хүнд, сүр хүчийг түүний өөрийн харъяат нарын өмнө унагаж гутаах байсан тул тэргүүлэхгүй байхыг тэрээр нулимс унаган гуйж байжээ. Гэсэн ч тэгэхээс өөр аргагүй болсон Өмнөд Хүннүгийн шаньюй Хань улсын элчид сөгдөн мөргөж байгааг шадар сайд түшмэдүүд нь хараад мөн ихэд гутран нулимс унагахгүй байж чадсангүй ажээ. Тэдний зарим нь Өмнөд Хүннүгээс салан одож байсан байна. Тэглээ гээд Умард Хүннүгийн байдал асар их дээрдэхгүй байсан нь мэдээж хэрэг.

50-иад оны эхээр Ухуань, Сяньби нар бослого гаргаж Умард Хүннүгээс тасран салжээ. 58 оны үест Манжуур дахь Манж-тунгус угсааны овгууд бас Умард Хүннүгээс тасран салж, үндсэндээ бүрэн алдагдсан байна. Харин Баруун Хязгаар буюу Дорнод Туркестан үндсэндээ Умард Хүннүгийн захиргаанд бараг хэвээр үлдсэн байв. Гэсэн ч тэнд байдал бас түгшүүртэй болж Умард Хүннүгийн эрхшээл нөлөө сулран байсан ажээ. Би шаньюй Умард Хүннүг бут цохин нийт Хүннү гүрэнд ноёлох байр суурь эзлэх зорилгоор хэд хэдэн удаа дайран довтолсон боловч Пүнүд өөрөө цохигдоод Хятадын талаас цэргийн тусламж авч аврагдан гарч байжээ. Тэр нь Өмнөд Хүннү нарын дунд түүний нэр хүндийг улам доройтуулж байв. 55 онд Би шаньюй нас барж, Мо (55-56), Хань (56-59), Чжан (63-85) шаньюй нар удаа дараалан гарч ирж, Өмнөд Хүннүг захиран байжээ. Тухайн үед Өмнөд Хүннү нарын зарим нь Умард Хүннү нарын зүг шилжин одож, Умард Хүннү нарын нэг хэсэг нь Өмнөд Хүннүтэйгээ очиж нийлэх зэрэг янз бүрийн явдал болж байв. 64 онд Умард Хүннүгийн шаньюй нь Хятадаас хилийн худалдааны зах зээл нээлгэхийг хүсэн оролдсон боловч Зүүн Хань улсын засгийн газар зөвшөөрсөнгүй. Түүний улмаас Умард Хүннү нар 10 жилийн турш Хятадын хил хязгаарт довтлон түйвээжээ. Зүүн Хань улс, Өмнөд Хүннүгийн цэрэг хил хязгаараа найдвартай хамгаалж хүч хүрдэггүй байв.

73 онд Хятадын их цэрэг Халх нутагт дайран орсон боловч Умард Хүннү нар нутгийн хойт хэсгийн хэд хэдэн газарт зайлан одсон байсан тул Хятад цэрэг ямар ч олз омоггүй хоосон буцсан байна. Умард Хүннү нар Баруун хязгаарын Харашар зэрэг Жунгар нутагт бүрэн эзэгнэж, Шаньшань, Хотан, Күча, Аксү мэтийн Дорнод Туркестаны ихэнх газарт өөрийн түшиг тулгууртай байжээ. Дорнод Туркестанд Баруун Хязгаарын хамгийн баруун талын Кашгар хот Зүүн Хань улсад түшиглэж байсан боловч бас тийм их тогтвортой биш ажээ. Гагцхүү «Баруун Хань улсын түүх»-ийн зохиогч, түүхч Бань Гүгийн дүү, Бань Чао хэмээх бага дарга Умард Хүннү нараас Баруун хязгаарыг салган авах аян дайнд томилогдон мордоод 73 онд Балхаш нуурын тэнд амжилттай байлдаж, улмаар цөөн цэргийн хамт Дорнод Туркестанд орж очжээ. Тэнд тэрээр Хүннүгийн цэрэгт бүслэгдэн цохигдох зэрэг янз бүрийн зовлон амсч байсан боловч Шаньшань, Хотан, Яркенд хотуудыг булаан авч 90 онд Парфи-Кушаны 70 мянган цэрэгтэй байлдаж ялаад 91 оны үест нийт Баруун хязгаарыг Умард Хүннүгийн эрхшээл нөлөөнөөс үндсэнд нь салгаж авч чадсан байна. 80-аад оны үест Өмнөд Хүннү нар Хятадтай улам нягт түншлэн тариа будаа, бараа таваараар гачигдахаа больсон байхад Умард Хүннү бараа таваараар ихэд гачигдаж, 84 онд Зүүн Хань улсын засгийн газарт хандан хилийн худалдааны зах нээлгэж, хятадын бараа таваарыг чөлөөт худалдааны өрсөлдөөнд заавал оруулан хямдруулж авах гэхгүй, Зүүн Хань улсын засгийн газрын онц эрхийн дагуу түүний зааж тогтоосон өндөр үнээр худалдан авч, мал, түүнийхээ арьс үсийгхямд үнээр өгч байхыг арга буюу хүсчээ.

Хятадын засгийн газар түүнийг зөвшөөрсөн боловч Умард Хүннүгийн туун ирж байсан олон толгой малыг Өмнөд Хүннүгийнхэн замаас тосон дээрэмдэж, хилийн худалдааг тасалдуулсан байна. Байдал хүндрэх тусам Умард Хүннүгийн шаньюй, ноёд, түшмэдийн дотоодын зөрчил хурцдаж, 85 онд 73 том овог нь Хятадад дагаар оржээ. Умард Хүннүгийн хүчин тийнхүү суларч ирэхийн хамт 86 онд Өмнөд Хүннүгийн шаньюй Шиги түүнийг довтлон цохиж ноцтой хохирол учруулжээ. 87 онд Сяньби нар довтлон байлдаж, Умард Хүннүгийн шаньюй Юлюг барьж аваад амьдаар нь арьсыг нь өвчин алсан байна. 89 онд Өмнөд Хүннүгийн шаньюй Түньтүхэ Хятадын эрх баригчидтай хуйвалдан Умард Хүннү улсыг хүч хавсран цохиж бүрмөсөн устгахаар тохиролцжээ.

Өмнөд Хүннүгийн 30 мянган морьт цэрэг, Хятадын 8 мянган морьт цэрэг умард Хүннүгийн нутгийн гүнд дайран орж, Хангайн уулын тэнд Умард Хүннүгийн цэрэгт хүнд цохилт өгч 200-гаад мянган хүн олзолж буцсан байна. Дараа жил нь шаньюй Шиги 8 мянган Хүннү, цөөн тооны хятад цэрэгтэй Умард Хүннүгийн нутагт цөмрөн орж, шинэ тавигдсан нэрийг үл мэдэх шаньюйн өргөө ордыг бүслэн цохижээ. Умард шаньюй нэг мянгахан цэрэгтэйгээр дайсны эсрэг эрэлхэг тэмцэж байгаад хүнд шархдан мориноосоо унажээ. Гэвч үнэнч нөхөд баатрууд нь түүнийг шүүрэн авч эмээл дээр нь тавиад бүслэлтийг зад татан гарч, шаньюйгаа авч зугтан оджээ. Тэр дайнд Умард шаньюй төрийн хаш тамга, гэр бүлээ дайсанд алдаж үнэхээр хүнд хохирол үзсэн байна. 91 онд Умард шаньюй Хятадын цэрэгт цохигдоод зугтан алга болжээ. Түүний дараах Умард Хүннүгийн шаньюй Юйчжүгянь Хятадтай найрамдаж гэрээ байгуулахыг хүссэнд хятад зөвшөөрөх дүр үзүүлж байгаад 93 онд түүнийг мэхлэн барьж алж, түүнтэй хамт байсан цөөн хэдэн Хүннү цэргийг хяджээ. Юйчжүгянь шаньюй бол Модун шаньюйн овгоос гарсан Умард Хүннүгийн сүүлчийн шаньюй байсан бөгөөд түүнтэй Ар Монгол дахь Умард Хүннү улс эцэс болсон байна. Гэвч үүгээр Хүннү нарын улс төрийн түүх дуусаагүй юм. Тэр бүхний дараа Ар Монголд 100 мянган өрх буюу 5-6 зуун мянган Умард Хүннү нар үлдээд бусад 100 мянга баруун тийш Жунгар, Казахстан, Барабын хээр талын зүг зайлан оджээ.

Умард Хүннүгийн дотроос Хуйянь овгийн тэргүүтэй нэг хэсэг нь тийнхүү баруун тийш халин гараад Түрэг, Перс, Угро хэлтнүүдийн дунд орсон байна. Тухайн үед Кангюйн цаагуур Кавказын нурууны ар талаар Сармат гарвалт Перс-Иран хэлтэн Алан нар оршин амьдарч, Уралын нурууны тэнд Угро-Чуваш хэлтэн овог аймгууд байдаг байжээ. Умард Хүннүгээс гарагсдын ихэнх хэсэг нь Кангюй зэрэг Түрэг хэлтний дундуур дайран гарч Урал, Волга, Доны Угро хэлтэн овог аймгуудын тэнд очиж 200 гаруй жил болох зуур хэл яриа, удам угсааны талаар нэлээд хэмжээгээр ижилсэн Хүннү гарвалт, Түрэг-Угро голлосон Хүннү угсааны томоохон овог аймгууд болсон байна. Тэдгээр Хүннү-Угро аймгууд 350 оны үест хүчээ нэгэнт сэлбэж аваад Алануудыг байлдан эзэлжээ. 4-р зууны 70-аад оны үест Баламбер (Баламир) тэргүүтэй Хүннү нар Дон мөрнийг гаталж Остготуудыг цохин баруун зүг хөдөлгөснөөр Зүүн, Баруун Европ дахь «Улс түмнүүдийн их нүүдэл»-ийг эхлүүлсэн байна. 377 онд Хүннү нар Ромын эзэнт гүрний урд хилд тулж очжээ. Хүннү нар 396-397 оны үест Сири, Месопотамыг дайран өнгөрч, 420 оны үест одоогийн Унгар дахь Паннонийн хээр талд очиж суусан байна. Хүннү нарын төр улсын бүрдлийн тэргүүн Атилла (445-453) хааны өргөө ордон нь тэнд байсан бөгөөд чухам тэндээс бусад аймаг, овгуудыг эзэлж, Визант гүрнээр алба бариулж, Ромын эзэнт улстай нэгэн үе ана мана өрсөлдөн бйажээ. Гэсэн ч 451 онд Каталауны тал хэмээх газар Ром, Герман, Франц зэрэг олон янзын улс угсаатны нэгдмэл хүчинд цохигдоод 453 онд Атилла хааны нас барсны дараа Хүннү нарын төр улс бүрдэл бутран сарнисан байна.

Угрожан Хүннү нар Уралын тэртээх Чуваш угсаатан үндэстэн үүсэн бүрдэхэд хэл, удам угсааны хувьд ихэд нөлөөлсөн байна. Тухайн үеийн Хүннүнүүд, хожмын үеийн Түрэгжсэн Жужан-Авар нар унгар хэл, унгар үндэстний бүрэлдэхүүнд ижилсэн орсон талтай. Барууг зүг халин гарсан Чжичжи шаньюйн Хүннү нар болон дараа үед нь халин гарч Жунгарын Тарвагатайд нутаглан байсан умард Хүннү нарын нэг хэсэг нь Синцзяны Долоон усанд үлдэж Юэбань хэмээх жижигхэн хант улсын байгуулсан нь 5-р зууны үе хүртэл оршин тогтнож байжээ. Нөгөө нэг хэсэг нь Согд, Бактри газар очиж нутаглаад иранжин, персжээд Цагаан Хүннү, Эфталит гэх зэргээр нэрлэгдэх болжээ. Тэд улмаар Афганистан, Пакистан, Энэтхэгийн баруун хойт хил хязгаарт түрэн орж суурьшаад нутгийн бусад овог аймгуудтай ижилсэн ууссан байна. Эртний Энэтхэгийн ном сударт Монголын Хүннү, Цагаан Хүннү нарыг Хуна хэмээн нэрлэдэг байсан бөгөөд одоогийн Афганистаны зүүн урд талын нэгэн муж нь хунар гэдэг нэртэй байдаг болно. 93 онд Умард Хүннүгийн улсыг бут цохин устгахад Түньтүхэ тэргүүтэй Өмнөд Хүннү нар, ялангуяа Шиги ноён Хятадын Зүүн Хань улсад идэвхитэй тусалж, чухал үүрэг гүйцэтгэсэн бас тэгээд нэлээд тооны Умард Хүннү нар Өмнөд Хүннүд дагаар орж, хүн малын тоо олширсон боловч Өмнөд Хүннүгийн дотоод улс төрийн байдал улам ээдрээтэй болж иржээ. Мөн тэнд Түньтүхэ шаньюй нас барж, Аньго хэмээх шинэ шаньюй гарч ирсэн нь Шиги ноёнтой сүрхий зөрчилтэй байжээ.

Аньго шаньюй Умард Хүннүгээс дагаар орогсод дээр түшиглэж байхад хятадын тал Шигиг дэмжиж байжээ. 94 онд Аньгог Хятадын талыг баримтлагч хэсэг Өмнөд Хүннү нар барьж алсанд Умард Хүннүгийн дагаар орогсод бослого гаргаад Түньтүхэ шаньюй агсны хөвгүүнийг шаньюй болгож зарлажээ. Зүүн Хань улсын засгийн газар өмнөд Хүннүгийн болон хөлсний Сяньби, Ухуань, Тангад голлосон 40 мянган цэрэг хөдөлгөж байж бослогыг арай чарай дарсан байна. 98 онд Шиги ч нас баржээ. Зүүн Хань улсын засгийн газар Умард Хүннүгийн улс оршин тогтнож байхад Өмнөд Хүннүгийнхнийг тэдэнтэй нийлүүлэхгүй, аль болохоор хооронд нь зөрчилдүүлэн дайсагнаж байх бодлого явуулж, Умард Хүннүгийн эсрэг Өмнөд Хүннүг турхирдаг байжээ. Умард Хүннүг бут цохигдсоны дараа Өмнөд Хүннүг тусгайлан сүрхий дэмжих шаардлагагүй болж, өөрийн ноёрхолд бүрэн оруулж авахын тул хэрэгт нь улам улмаар дур мэдэн оролцож, элдвээр шахамдуулах болж байжээ. 140 онд Өмнөд Хүннүгийн 3 мянган хүн Хятадын мэдлээс гарч одоод хил хязгаарт нь довтолсны учир Зүүн Хань улсын түшмэд Өмнөд шаньюй, түүний хойчийг залгамжлах ёстой зүүн зүгийн Чжүки ноён хоёрыг ихэд шахамдуулан амиа хорлон үхэхэд хүргэжээ.

170 онд нэг хятад түшмэл Өмнөд шаньюйг дур мэдэн барьж хориод оронд нь шинэ шаньюй тавьж орхисон байна. 177 онд өөр бас нэг хятад түшмэл Өмнөд шаньюйг цаазаар авсан үзэгдэнэ. 215 онд Умард Хятадын тэргүүн ноён Цао Цо Өмнөд шаньюйг түүнд бараалхахаар нийслэл Есянь хотод нь хүрэлцэн очиход барьж аваад өөр шаньюй тавьж, Өмнөд Хүннүгийн төр улсыг хэрэг дээр үгүй хийж, Хятадын жирийн нэг муж хязгаарын доторх аймаг, сум мэт үзэж, 5 аймаг болгож захирсан байна. Тэгээд Өмнөд Хүннүгээс өврийн мужуудын доторхи аймаг, сумуудаас алба татдагийн нэгэн адил жил бүр албан татвар гаргуулан авах журам тогтоосон байна. Тийм байдалтайгаар Өмнөд Хүннү нар 4-р зууны эхэн хүртэл Умард Хятадын Вэй, дараа нь Цинь улсад захирагдан байв. Гэвч 304 онд Өмнөд Хүннүгийн 5 аймгийн ахлагч, зонхилогч нар хуралдаж Хятадад алдсан "эрх сүргээ цэргийн хүчээр эргүүлж авна" хэмээн шийджээ. Тэгээд тэд өөрийн цэргийн ерөнхий жанжин Лю Юань хэмээх бичиг, цэргийн өндөр боловсролтой сурвалжит язгууртан нэгэн залууг их шаньюй хэмээн өргөмжилж, Хятадын Цзинь улсын эрхшээл нөлөөнөөс тусгаарлан салснаа тунхаглан зарлажээ. 305 оноос эхлэн Лю Юань Умард Хятадын ихээхэн хэсгийн байлдан эзэлж, Өмнөд Хүннүгийн Хань улс хэмээхийг байгуулж, Пинянь хотод нийслэлжээ. 311 онд Лю Юань Эртний Хятадын зүүн, баруун хоёр нийслэл Лоянь, Чанань хотуудыг эзлэн авч Лоянь хотод нийслэлээ шилжүүлээд 318 онд биеэ эзэн хаанаар өргөмжилсөн байна. 319 онд Лю Юань нас барж, Люйо хэмээх цэргийн жанжин эзэн хаан болж, нийслэлийг Чанань хотод шилжүүлж, улсын нэрийг Чжао хэмээн өөрчилжээ. Мөн тэр үеэр Чжао улсын зүүн талд Хятад дахь Хүннү боолчуудын бослогын удирдагч Өмнөд Хүннү Шилэ гэгч хүн ялалт байгуулж, Бага Чжао хэмээх улс байгуулж, Шүндэ хотод нийслэллээд биеэ ван өргөмжилжээ. 328 онд Шилэ Өмнөд Хүннү, Умард Хятадын Чжао, Бага Чжао хоёр улсыг нэгтгэж 330 онд биеэ эзэн хаан хэмээн өргөмжилж, Есянь хотод нийслэллээд нийт Умард хятад даяар ноёлох болсон байна. Өмнөд Хүннүгийн тэрхүү эзэнт гүрний сүүлчийн эзэн хаан нь Шихү гэдэг маш харгис хэрцгий этгээд байсан бөгөөд 349 онд түүнийг нас барсны дараа түүний өргөмөл хөвгүүн Ши Минь тэргүүтэй Хятадууд бослого гаргаж Өмнөд Хүннүгийн эзэнт гүрнийг мөхөөсөн байна. Тийнхүү 4-р зууны Умард Хятадад Өмнөд Хүннүгийн ноёрхол эцэс болжээ. Гэвч Өмнөд Хүннү нарын түүх үүгээр дууссангүй, тэд цаашид ч нэг хэсэгтээ хятад, Монголын түүхийн зарим үйл явдалд идэвхитэй оролцон зарим үүрэг гүйцэтгэж байжээ. Ордост байсан Хэлянь Бобо тэргүүтэй Өмнөд Хүннү нар 407 онд Ся улс хэмээх бас нэгэн тусгаар улс байгуулсан нь 431 он болтол оршин тогтнож байжээ. Түүнчлэн 400 онд Мэн Сүн хэмээх Хүннү хүн өөрийн нөхдийн хамт цэрэглэн хөдөлж, одоогийн Хятадын Ганьсу мужийн байгаа газар нутгийг эзлэн авч, Шар мөрний баруун талд Хэси хэмээх улсыг байгуулсан нь 460 он хүртэл бүрэн бүтэн байсаар байжээ. Алдарт Дуньхуаны агуйн тэнд байдаг байсан бөгөөд буддын шашны хуврагууд тус улсыг «Умар зүгийн улс орнуудын очир алмаз» хэмээн нэрлэдэг байсан байна.

Алс өрнөдөд Атилла хааны байгуулсан хүчирхэг эрэмгий Хүннү улс түүний үлдэгдэл 469 онд мөхөж дууссан байхад Синцзяны Долоон усанд «Хүчин мөхөс Хүннү» нарын байгуулсан Юэбань улс 488 он хүртэл оршин тогтнож байжээ. Л.Н.Гумилевын цохон тэмдэглэсэнчлэн "Энэ нь эрин үеийн төгсгөл мэт санагдаж байж болох юм. Гэсэн ч хэргийн байдал хавьгүй илүү ээдрээтэй байв. Хүннү нар соёлын тэргүүний буухиа тэмдгийг алдар нэрээ мандуулагч өөр улс түмэнд гардуулан өгч чадсан юм. Юу ч боллоо, Яалаа ч гэсэн нүүдлийн соёлын эрчимт үе хэрэгжин биелсэн байв. Үүнд бас дэлхий нийтийн түүхийн өмнө Хүннү нарын байгуулсан хоёрдох гавъяа зүтгэл орших билээ". Л.Гумилев «Каспи нуурын орчин тойрны мянган жил» хэмээх зохиолынхоо дотор Хүннүгийн түүх соёлын тухай нэлээд тодорхой дурдаад түүнийгээ дүгнэж үзүүлэхдээ: " Хятадын зах хязгаар байсаар ирсэн юм шиг яригддаг Төв Азийн улс түмнүүдийг бүрэн дүүрэн чадвар, чадавхигүй хэмээн шагширдаг бэртэгчин үзэл санааг няцаахын тул бид энэ асуудлийг ингэж дэлгэрэнгүй авч үзлээ, үнэн хэрэг дээрээ тэдгээр улс түмэн бол биеэ дааж, эрчимтэй хөгжин байсан билээ" гэсэн маш зөв зүйтэй дүн шинжилгээ хийсэн байна.

No comments:

: