Tuesday, December 23, 2008

Өлзий учралаар бүрдсэн их хааны цадиг


Их хаан Чингисийнхээ байгуулсан гавьяа, баатарлаг үйлийг ярих нь байтугай нэрийг нь хэлэх хориотой байсан тухай буурал эрдэмтдийн бичсэн, ярьснаас бишгүй л сонссон.
Агуу түүхээрээ бахархах сэтгэлийг маань баллуурдах гэж оролдож байсан тэрхүү он жилүүдэд Тэмүжин хүүгийн амьдралаас өгсүүлээд, Их богд Эзэн Чингис хаан болтол нь туулсан амьдрал, байгуулсан гавьяа, хийсэн үйл хэрэг, хэлсэн сургаал, мөнх хөх тэнгэрийн тайлагдашгүй нууц, шавхагдашгүй эрчим хүчний талаар ном бүтээхийн энгүй, басхүү элэгдэшгүй хүслээр өөрийгөө хурцалж, олон жил бодож явснаа сая нэг юм гүйцээж чадсан энэхүү эрхэм хүмүүний "Хөрстөд ганц Чингис хаан буюу хөх монголчуудын өлзий учрал" Чингис хааны оюун билгийн соёрхолд мөргөмүү.

Чингис хааны маань тухай бичсэн олон ном зохиол бий. Мөн багагүй олон кино ч байдаг. Хэдийгээр бусад хүмүүс их хааны тухай ном зохиол олныг бичсэн ч бусдаасаа онцгойрон тодорсон бүтээл тэр бүр харагддаггүй. Харин ном бүтээхийн гайхамшигийг амьдралынхаа туршид мэдэрч яваа буурал зохиолчийн энэ удаад бүтээсэн "Хөрстөд ганц Чингис хаан буюу хөх монголчуудын өлзий учрал" хэмээх ном болбаас өлзий учралын ном болж чадсан хэмээн бардам хэлмээр байна.
Тиймээ, Их Чингисийн ертөнцийг үзэх үзлийг цогцод нь гаргаж тавьсан хүн хөрстөд одоохондоо үгүй. Тэгвэл тийм хүн гарсан нь Хатагин овогт Го.Аким бөлгөө. Нэрт орчуулагч, сэтгүүлч, багш сурган хүмүүжүүлэгч, зохиолч гэдгээр нь олон түмэн андахгүй. Бас дээр нь миний багш. Хорвоо дээрх хосгүй гурван холбоосын нэг багш шавь хоёрынх гэдэг. Энэхүү хосгүй холбоосын нэгэн үзүүр нь болж, энэ номын "эцэг" багштайгаа учирсандаа, шавь гэж хэлүүлэн, басхүү бага залуу гэж гололгүй уг номоо хянуулсанд нь баахан хөөрснөө нуугаад юу хийхэв.

Аливаа зүйлийг өөр өнцгөөс нь харж сур гэдэг багш маань өөрөө өөр өнцгөөс нь хэрхэн харахын сурах бичгийг хөх хавтастай уг номоороо шавь нартаа төдийгүй уншигчдад үлгэрлэсэн гэж би боддог. Өмнө Чингис хааны тухай ном бичигчдээс тэс хөндлөнгөөр сэтгэж, хэний ч өмнө дурдаж байгаагүй олон санааг дэвшүүлэн тавьсан нь "Хөрстөд ганц Чингис хаан буюу хөх монголчуудын өлзий учрал"-ыг эрдэм шинжилгээний үнэтэй бүтээл болоход нөлөөлсөн.
Эх түүх гэдэг монгол хүн болж төрөгсдийн зайлшгүй мэдвэл зохих зүйлсийн нэг. Гэвч үнэнийг гуйвуулсан худал, хэтэрхий давсалсан түүхийг судалснаас судлаагүй нь дээр, уншсанаас уншаагүй нь дээр. Тэгвэл...

...Намар бөлгөө. Хажуу булгийн аршаанаас ховдоглон залгилахуйяа шүд хага таших ажаам... "Хөрстөд ганц Чингис хаан буюу хөх монголчуудын өлзий учрал" ингэж эхэлдэг. Цааш нь, "Өгээлүн эхийг нярайлахад энэ аршаанаар цай чанаж өгсөн гэнэм. Тэмүжинг мэндлээд гурав хоноход энэ аршаанаар угаасан гэнэм...
...Харцаа уснаас салган нүдээ нэгэнтээ шудран ийш тийш хараачилбаас тэрүүхэн зүүн хойттой умрыг ширтэн цээжээ цогнойлгосхийгээд сунан хэвтээ дэлт чонын хэвтэй Дэлүүн болдог уул сунайсхийн тодормуй..."

Ном бүтээнэ гэдэг амаргүй. Эзэн богдынхоо тухай шавраар бус номоор суварга босгохын учир суудал дээрээ суусаар дуусгах бус, түүний төрж өссөн, төр улсаа байгуулсан, хаанд өргөмжлөгдсөн, хатуу бэрхийг туулсан газар орон, нутаг ус, уул хадаар хэрэн хэсч явсаар магад найман зуун жилийн өмнө эзэн хааныхаа унтаж амарсан нөмөр газар, эргэцүүлэн бодож суусан энгэр газарт нь мөн тэгж явсан л байх. Газар орны байдал түүхэн сударт бичигдсэнтэй таарч буй эсэхийг тулган шалгаж, туулж өнгөрүүлэн байж мэдсэн нь энэхүү номоо амилуулахад нь ихэд тус хүргэсэн биз ээ. Бурхан Халдун, Дэлүүн болдог, хаан цол хүртсэн Хар зүрхний Хөх нуур, Найманыг ялсан Наху гун хайрхан, Ононы цэгээн нуур, Хэрлэнгийн хөдөө арал, Сэнгүр горхин гээд л их хаантай холбоотой их ч олон газраар явж, очоогүй нутаг, гараагүй уул, гатлаагүй гол гэж алга гэмээр. Үнэн эсэхэд эргэлзэж буй бол үзэхтүн, номын сүүлийн хуудсуудыг. Өөрийнх нь авсан өнгөт гэрэл зургууд үнэхээр энэ номыг чимэглэж, үнэн гэдгийг гэрчилжээ. Номыг ингэж бүтээдэг аж!

Хөх монголчуудын шүтлэгт хөх өнгийн хавтастай уг номыг уншвал мэдээгүй, сонсоогүй, дуулаагүй олон шинэ санаа бий. Үүнээс ихийг бус энгийнийг, хэцүүг бус хэдхэнийг дурдахад л найман зууны өмнө хар туг залан мордож, Хамаг Монголыг ертөнцийн талыг цагаан сүлдэндээ нэгтгэж, өдгөө мянганы суут хүнээр тодорсон их хаан ямар хүн, юу бодож ертөнцийг хэрхэн үздэг байсныг харуулахын дээдээр харуулжээ. Тэгэхдээ бүр өөрийнх нь айлдсан айлдвар, сургасан сургаал, дайсных нь муулах гээд магтсан, Чингис хааныг үздэггүй гадаадынхны муухайчлах гээд сайханчилсан үг үсэг өгүүлбэр зэргийг нь дотоод гадаадын түүхийн судар бичгээс шүүн цөлбөж, дээр нь өөрийн бодол, эргэцүүлэл, үнэлэлт дүгнэлтийг нүдэнд харагдаж, сэтгэлд буутал зурагласан байна. Мөн Эзэн Чингис хааныг маань чухам ямар шалгуураар дэлхийн хүн төрөлхтний манлай болгож, мянганы суут хүнээр тодруулсныг эх сурвалжаас орчуулан дэлгэрэнгүйгээр бичжээ. Үүнд:
"1995 оны сүүлчээр АНУ-ын "Вашингтон Пост" сонин эл мянган жилд энэ хорвоод тодорсон суутнуудыг "Хэн ертөнцийг агшаав, хэн дэлхий даяар"ард түмэн, арга технологийг урагш хөдөлгөв, хэн энэ гарагийг чухамхүү хүн эзэгнэдэг болгон өөд татав" гэсэн гурван хэмнүүрээр цахим тооцоолуурт оруулан шалгаруулсанд Эзэн богд Чингис хаан маань хорвоо ертөнцийн тэр ижилгүй суутнуудын магнайд тэргүүн илүүгээр товойгоод мянган жилийн сод хүнээр тодрон цолгорсныг сонсохдоо орчлонгийн оор (хөх толбот) мэнгэтэн бүхэн магнай тэнийж баярласаан...Чингисийг хүлэг морь унасан, хөдсөн дээл өмссөн ган сэлэм далайсан зэрлэг бүдүүлэг нүүдэлчин овгийн тэргүүлэгч хэмээн төсөөлж дасчээ. Тийм сурталчилгаа ч хэдэн зуун жил явжээ..."

Үнэндээ бид мянганы хүнээр эзэн хаанаа тодорсныг мэдэхээс биш яг ямар шалгуураар олон түмэн алдартнуудын оройд бичигдсэнийг нь мэддэггүй байсан бол мэдэж авлаа. Бид хааныхаа гэрээслэл айлдсан сургаалыг тэр бүр баримталж чадахгүй байгаа нь гашуун үнэн. Нэгэнтээ "Хойч үе биднийгээ эмээлээ гэдсэндээ авах цагт дахин төрнө" гэсэн айлдварыг нь дахин тэмдэглээд их хаанаа ертөнцөд цор ганц удаа мэндэлсэн, дахин төрөхгүй хэмээн өөрийнхөө санааг тодоос тод буулгажээ. Хил залгаа орших хоёр том гүрэнд уусалгүй тэдэнд авталгүй өдий зэрэгтэй яваа нь хэдийгээр эх бие нь хорвоод байхгүй ч нэр алдар, айлдал сургаал нь мөнх хөх тэнгэр шигээ үлдсэж чадсан суут богдын маань ач гавьяа гэдгийг ч дурджээ. Энэ үнээн.
"Тэр морьт дайчидтайгаа XIII зууныг донсолгож, дэлхийн хилийн зурвасыг өөрчилж, ойр хавийнхаа олон соёл иргэншлийг нэгэн шинэ дэгт оруулан, зангидсан нударгаараа феодализмийн тогтолцоог нурааж, улс үндэстний шинэ сүлжээг байгуулсан. Чингис тархай бутархай олон жижиг аймгуудын эринийг эцэслэж, тэднийг худалдаанд суурилсан дэлхийн нэгдмэл гүрэн болгон нэгтгэсэн билээ. Тэр хад чулуугаар бус, улс гүрнээр уран баримал босгосон юм" гэж Америкийн монголч эрдэмтэн Ж.Ведерфорд "Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Эзэн Чингис хаан" номондоо бахдан өгүүлснийг нь номондоо ийнхүү багтаажээ.

Чингис бол Хөх Монголын гайхамшигт хаан мөн. Дэлхийн талыг нэгэн жолоонд оруулахын тулгын чулууг тулж, Монголын нэрийг дэлхий дахинаа мандуулсан хаан мөн. Монголчууд бид гайхамшигт хүнээ яг л байснаар нь үнэлж сурмаар. Харин хэнд ч ертөнцийг үзэх үзэл байдаг юм аа. Тэр тусмаа дэлхийн талыг цагаан сүлднийхээ дор нэгтгэсэн их хаанд ертөнцийг үзэх үзэл байлгүй яах вэ. Ертөнцийг үзэх үзэл гэж бодот ертөмций, түүн дотор хүмүүний эзлэх байр суурийг үзэх цогц үзэл, энэ үзлээр нөхцөлдсөн итгэл үнэмшил, адбиш зорилго, танин мэдэхүйн зарчмыг хэлмүй. Хүн ертөнцийг үзэх үзлээрээ дамжуулан бодот байдлыг хүлээн авдаг буюу. Их хаантан ч тийм байлаа" гэжээ.
Монголчууд гурвын тоонд дуртай. Тулгын гурван чулуу, ертөнцийн гурав, эрийн гурван наадам гээд л аливааг гурвын тоогоор төлөөлүүлэх нь элбэг. Тэгвэл би энэхүү номоос шинэлэг гэсэн гурван зүйлийг та бүхэнд хүргэхээр шийдлээ.

Нэгдүгээрт, Мөнх тэнгэр, мөнх тэнгэрийн хүчний ойлголт.

Мөнх тэнгэр гэж юу вэ. Юу болоод монголчуудын оюун болоод сэтгэлгээнд энэ үг хэдэн зуун жилийн турш хадгалагдаж, уулаар төсөөлбөл хамгийн дээд ноён оргилд нь оршсоор ирэв ээ.
Г.Акимын санаагаар аугаа Чингис хаан маань тэнгэр газрыг шүтэх шүтлэгийг улам боловсруулсаар Мөнх тэнгэрийг үзэл суртлын баримтлал болгон хувиргажээ. Огторгуй буюу тэнгэр гэдэг нь бидний дээр цэлийж байгаа хязгааргүй орон зай бөгөөд энэ орон зай бодтой оршиж байгаа юм. Чингэхээр энэ нь хийсвэр ч юм биш, "Оюун санаа" ч биш. Яагаад гэвэл хязгааргүй энэ орон зай тоо тоймшгүй атомуудаас бүрэлдэж, атомууд нь аугаа их дотоод эрчим хүчийг агуулж, улмаар молекулд нэгдэн матери болдог. Чингэхээр тэнгэр гэдэг бодот юм. Харин Чингис яагаад мөнх гэж нэрлэсэн бэ? Энэ бол цаг хугацааны асуудал. Цагийг тодорхойлох хэмжүүр нь нар юм. Гэтэл 10 тэрбум жилийн өмнө үүссэн нар гэгч унтарвал яах вэ? Мөнөөх их орон зай байж л байна... Нар сар, эрхэс гараг устаж үгүй болж болох боловч хязгааргүй орон зай буюу монголчуудын хэлдэгээр тэнгэр орон устахгүй юм. Энэ бүхнийг л Чингис хаан мэдэрч Мөнх тэнгэрийн үзлээ боловсруулж, чухам энэ үзэл баримтлалаар эсгий туургатан улсыг түвшитгэснээ их хаантан маань айлдаж байсан байна.
Үүнээс гадна "МНТ"-нд Чингис хаанаас өөр хэн ч Мөнх тэнгэрийн нэрийг дуудахгүй байгааг зохиогч соргог анзаарч үүнээсээ "Мөнх тэнгэрийн хүч бол Чингис хааны өөрийнх нь боловсруулсан үзэл мөн" гэсэн санааг гаргажээ. Магад түүнээс гарах их эрчим хүчийг энэ замбуулинд их хаанаас маань өөр хэн ч дахин мэдрэхгүй ч юм билүү.

Хоёрдугаарт, Мөнх тэнгэр, Газар эхийн эрчим хүчний солбицол болох Бурхан халдун уул.

Их хаантан жирийн цусан зүрхт, махан биет хүмүүн атал дэлхийн талыг хэрхэн нэгэн туган дор сөхрүүлж чадав аа. Зарим нэгэн нь их хааныг маань ид шидтэн, илбийн ухаантан мэтээр таниулсан байх нь бий. Тэгвэл үүнийг зохиогч эрс үгүйсгэж, Чингис хаан Мөнх тэнгэр болоод Газар эхийн эрчим хүчийг мэдэрч, энэ хоёрын чухамхүү энэ солбицол дээр бясалгал үйлдэж ирээдүйг мэдэрч байсан гэсэн шинэ санааг гаргажээ. Тэгвэл... Их хаантан энгийн хүн мэдэрч чадамгүй тэр энергийг өөртөө шингээн авч, басхүү Мөнх тэнгэрээ шүтдэг байсан байх нь. Тэрхүү тэнгэр газрын энергийн солбицох уулзвар нь Бурхан халдун байж.

Гуравдугаарт, Их хэргийн эхлэл.

"Монголын нууц товчоон"-д: "Тэмүжин нар ...Хүрэлхэ доторх Хар зүрхний хөх нуурт очиж буув. Алтан, Хучир, Сача бэхи бүрэн эетэлдэж Тэмүжинээ өгүүлрүүн: Чамайг хан болгоё. Тэмүжинийг хан болбаас ... ийн ам алдаж, Тэмүжинг Чингис хаан нэрийдэж хан болгов" гэжээ. Хэрэв энд Чингисийг хан болгоогүй бол 1206 оны өлзий учрал бүрдэхгүй байсан гэсэн санааг дэвшүүлжээ. Тэмүжин тэнд Чингис хан цол хүртээд үнэнч сайн нөхдийнхөө дэмжлэгээр төр, эдийн засаг, цэрэг гурав бол төрийн сацны эрхэм гурван тал гэдгийг ухаарч энэ гурвын шинэтгэлийг энд эхлүүлсэн гэсэн санааг дэвшүүлэн бичжээ. Ийнхүү зохиогч учрыг улам ухуулж, учгийг дэлгэрэнгүй тайлж өгсөн байна билээ.

Ямарваа зүйлд арга билиг нь зохирвоос ховор заяагдах хувь тавилан, түүний үр дүнд гайхамшигтай бүтээл төрж, үйл явдал тохиодог байх. Найман зууны өмнөх хөх монголчуудад ийм өлзий учрал тохиосноор дэлхий ертөнцийг донсолгож чаджээ. Магад их эзэн хааны маань сургаал ахин амилж, Монгол Улс хойч үеэ ивээн тэтгэхийн үүд нээгдэхийн эхлэл ч юм билүү. Магад энэ ном ирээдүйд хөх толбот монголчуудын хөлгөн судрын нэгэн болох ч юм билүү.

Ц.Баянмөнх

No comments:

: