"Хамаг бүхэн хаалттай
Хатуу чанд заалттай" ч "эв хамтын ертөнцийг" байгуулах уриатай асан түрүү нийгэмд өөрөөр сэтгэснийхээ горыг амсан амьдралаараа, бүхий л насаараа хохирсон зол заяагүй хүний нэг нь Хан Хэнтий нутгаас гаралтай "Япон" хэмээх Цэнд байжээ. Зохиолч Ломбын Нямаа "Ийм хүн Хэнтий нутагт ойрын зуун жилд дахин төрөхгүй" гэсэн байдаг. "Амьд ододтой хөөрөлдсөн алтан хором" ном туурвисан, яруу найрагч Б.Галсансүх, Б.Одгэрэл нарын багш энэ хүн өөрөө Монголдоо томоохонд тооцогдох сэхээтэн гэдгийг уншигчид мэдэх байх. "Хэнтийн япон Цэнд гэдэг хүний тухай битүү хатуудуу бас нэлээд нууцалсан аястай яриаг эрхлэгчийнхээ (ардын уран зохиолч С.Эрдэнэ) амнаас сонсч билээ. Тэр сонин хүний тухай "Утга зохиол, урлаг" сониндоо тавья гэхэд эрхлэгч гунигтай атлаа хөхиүнээр "Тэр ч бидний давдаг даваа биш байх аа. Гэхдээ япон Цэнд мартагдахгүй ээ. Түүнийг ямар ч гэсэн дурсах цаг ирнэ гэж хэлсэн нь чихэнд одоо ч сонсогдох шиг" гэж хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор Ч.Билэгсайхан дурссан байдаг.
Хатуу чанд заалттай" ч "эв хамтын ертөнцийг" байгуулах уриатай асан түрүү нийгэмд өөрөөр сэтгэснийхээ горыг амсан амьдралаараа, бүхий л насаараа хохирсон зол заяагүй хүний нэг нь Хан Хэнтий нутгаас гаралтай "Япон" хэмээх Цэнд байжээ. Зохиолч Ломбын Нямаа "Ийм хүн Хэнтий нутагт ойрын зуун жилд дахин төрөхгүй" гэсэн байдаг. "Амьд ододтой хөөрөлдсөн алтан хором" ном туурвисан, яруу найрагч Б.Галсансүх, Б.Одгэрэл нарын багш энэ хүн өөрөө Монголдоо томоохонд тооцогдох сэхээтэн гэдгийг уншигчид мэдэх байх. "Хэнтийн япон Цэнд гэдэг хүний тухай битүү хатуудуу бас нэлээд нууцалсан аястай яриаг эрхлэгчийнхээ (ардын уран зохиолч С.Эрдэнэ) амнаас сонсч билээ. Тэр сонин хүний тухай "Утга зохиол, урлаг" сониндоо тавья гэхэд эрхлэгч гунигтай атлаа хөхиүнээр "Тэр ч бидний давдаг даваа биш байх аа. Гэхдээ япон Цэнд мартагдахгүй ээ. Түүнийг ямар ч гэсэн дурсах цаг ирнэ гэж хэлсэн нь чихэнд одоо ч сонсогдох шиг" гэж хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор Ч.Билэгсайхан дурссан байдаг.
Б.Цэнд хуучнаар Сэцэн хан аймгийн Хөвчийн жонон вангийн хошуу өнөөгийн Хэнтий аймгийн Биндэр сумын нутаг Онон голын зүүн эргийн Сүлжээ гэдэг газар 1928 онд мэндэлжээ. Хэлмэгдэж, насаараа нутаг заагдсан энэ хүн эдүгээ амьд сэрүүн байсан бол наян настай байх байжээ. Япон хэмээн олноо алдаршсан Худай Балжмаагийн Цэндоог яруу найрагч, судлаач Н.Дарамзагд "Монголын Леонардо да Винчи" гээд сэтгэгч, физикч, одон оронч, зураач, зурхайч, цаг уурч, яруу найрагч, судлаач, хэл шинжээч, толь зохиогч, эмч, инженер, зохион бүтээгч, ирээдүйг зөгнөгч гэх мэт олон талаас нь нээж харуулахаар зорьж байгаа аж. Цэнд "18 настайдаа 18 хэл сурна" хэмээж англи, орос, япон, герман, франц, хятад зэрэг хэлийг сурсан гэдэг. Германд сурч байсан, нэрт эрдэмтэн О.Намнандорж түүнтэй дотно нөхөрлөж, хөлс өгч хэвлэлийн зураг зуруулдаг байж. Түүний япон гэгдэх болсны учир нь хятад, япон хэл сурч байхдаа олзны япон офицеруудтай танилцан, япон хувцас өмсч дэгжирхдэг байснаас үүдэлтэй аж. Тэрээр "социализм, коммунизм гэдэг чинь ор үндсээрээ худлаа байна, манай улс Оросын колони болжээ" гэж ярих болсноор До яамны ногоон малгайтнуудын хараанд өртөж эхэлжээ. 1950 оны арваннэгдүгээр сарын 13-нд түүнийг улс төрийн хэрэгтэн хэмээж дайчлан баривчилсан байна. Хэрэгт сэжиглэгдэх үндэслэл нь гэрээс нь олдсон хятад, япон, англи, орос хэлний толь бичиг, ном зохиол, Манжийн газрын зураг, герман атлас, америк сэтгүүл зэрэг болжээ.
Харгис Чингэсийг өмгөөлсөн үндэсний үзэлтэн, Зөвлөлт-Монголын ард түмний ган бат найрамдлыг үгүйсгэсэн гэсэн шалтгаанаар 10 жилийн ялаар шийтгүүлсэн Цэнд Японы Квантуны армийн хурандаа, эрдэмтэн Такао, хөгжмийн зохиолч Г.Бирваа, домогт баатар Дандар нарын гадаад, дотоодын нэр бүхий хүмүүстэй хоригдож байсан агаад Дандар баатрын хамт Тэрэлж голоор сал урсгах ялын ажил хийж байсан байна. Цэнд "Урсаж буй усыг хараад энэ бол ус гэж сэтгэдэг хүн дэмий. Харин энэ бол чулуу гэж сэтгэдэг, түүнийгээ үнэмшилтэй нотолдог хөгжсөн оюунтай хүн хэрэгтэй" гэж ярьдаг сэтгэгч нэгэн байсан гэдэг. Монголын нэрт эрдэмтэн "Дубна" Содном гэдэг хүн түүнийг Биндэрт нутаг заагдаад байхад нь очиж уулзаж байсан баримт байдаг. "Дубна" Содном хэдэн жилийн дараа Цэндэд захидал, ЗХУ-ын шинжлэх ухааны сэтгүүлийн хамт илгээж "Таны ярьж байсан зүйл батлагдахад төдгүй болж байна. Үүнийг энэ сэтгүүлээс үзээрэй" гэсэн байжээ. Ямартаа ч, Цэнд тулгуур физикийн шинэ нээлт хийж байжээ гэдгийг эл баримт нотолно.
Билгүүн номч Б.Ринчен 1966 онд их хааны нутгаар аялаад буцахдаа "Хөдөөгийн эрдэнэ хөдсөнд боолттой гэж үнэн юм. Биндэрт нэг тийм "эрдэнэтэй" таарлаа. Япон Цэнд гэж хэд хэдэн хэлтэй, эрдэмтэй залуу байна. Надтай явсан герман оюутантай германаар зэгсэн сайн ярьж байна, бас ном бүтээлтэй ч хүн юм. Би гадарлаж бас доторлох учраас хэл шинжлэлийн юм л түүнтэй жаахан ярилаа. Харин Их Наран улсын "овогт" тэр хүн одон орон, бодос зүй гээд өвгөн намайг өрхгүй сансрын өөд авч "нисчих" гээд мэдэхгүйн мянган шалтаг, айхын түмэн зовлон тоочиж байж, тэр түг түмэн од дунд нь төөрч талийчихалгүй шуу эсэн мэнд ирлээ" гэж намтар наргиан хослуулан ярьж байжээ. Цэнд өөрөө одон орны дуран хийсэн байсан гэнэ. Харамсалтай нь түүний астрономийн дуранг НАХЯ-ныхан ховор ном судрынх нь хамт хурааж аваад өгөөгүй аж. Хожим харин академич Б.Чадраа түүнд одон орны дуран бэлэглэсэн байна. Тэрээр " Наран дээр ионжиход гурав хоногийн дараа дэлхийн цаг агаар мууддаг" гэж хэлж байсан гэхээр үнэхээр гайхамшигтай. Цаг уурын "амьд лавлах" байсан гэж нутгийнхан нь одоо ч дурсан ярьсаар. Цаг уурын байдлыг урьдчилан мэдэж болох тооцоолол бүхий хүрд хийсэн нь яг тохирдог байжээ. 1980 оны мичин жилийн хавар болсон их цасан шуургыг тэрээр бүтэн сарын өмнөөс мэдэж нутгийнхандаа хэлж байжээ. "Эсэргүү" Цэндийн үгийг үл тоосон соц нийгмийн дарга нар сүүлд амаа барьж байсан гэлцэх. Энэ тухай нь Биндэр сумын иргэн Д.Бат-Очир нарын хүмүүс батлан өгүүлдэг байна. С.Нарангэрэл хэмээх хүний яриагаар бол "үсэн мэдрэмжтэй япон барометр" ч түүний даруухан гэр лабориторид байжээ.
Түүний зураачийн авьяас эрт тодорсон гэдэг. Ямар сайндаа л маршал Х.Чойбалсантай нүүр тулан уулзсан даруйдаа байгаа байдлаар нь барсгар цоохор нүүртэй зураад үеийнхээ хүүхдүүдэд үзүүлтэл цааш матагдаж "Хайрт удирдагчийг муухайгаар зурлаа" гэж хэрэгт орохоо шахаж байх вэ дээ. Нэрт гүүш Г.Амар шог зураач В.Одгийвээс ямар шавиа онцолж хэлэх вэ гэхэд "Япон Цэнд л байна даа. 1943 оны өвөл Хэнтийгээс цагаан хөдсөн дээлтэй нэг хүү ирсэн юм. Багшийн сургуулийн дэргэдэх зураачийн бүлгэмд би оруулж өгсөн. Юм юманд авьяастай, маш сэргэлэн хүүхэд" гэж дүгнэсэн байдаг бол соёлын гавьяат зүтгэлтэн, шог зураач Ц.Байды "Миний нэг танилтай япон Цэнд танил байсан юм билээ. Түүнийг хичээл зааж байхад нь Цэнд ирж уулзаад гарахдаа хүүхдүүдийг нэг гүйлгэж харчихаад гарч гэнэ. Тэгээд төд удалгүй эргэн орж ирээд өөрийг нь 20 гаруй сурагчидтай нь зурсан зургаа өгөөд гарч л дээ. Өөрийг нь ч яахав мэдэх хойно зурдаг юм гэхэд хорь гаруй хүүхдийг зэрвэс хараад тэгтлээ адилхан зурна гэдэг яавч эгэл жирийн хүний ой биш, суут хүний ой. Би энэ Цэндтэй танилцах сан гэж бодсоор яваад амжсангүй" гэж харамсан өгүүлсэн нь бий.
Биндэрийн хүн ардын олонхи нь Цэндээр гэрэл зургаа даруулсан нь одоо ч айлуудын жаазанд байгаа нь лавтай. Гэхдээ, гэрэл цахилгаан байхгүй үед тэрээр лааны гэрэлд зураг угаах технологи бий болгосон байжээ. Энэ Цэнд гэдэг хүний алдар нэр тухайн үедээ хэтийдсэн нэгэн байсан гэлтэй. Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж "Би 1950 онд хотод орж ирсэн.Тэр үед хотын сэхээтнүүдийн дунд япон Цэнд гэдэг хүн их яригддаг, нэр нь их сонсогддог байсан. Оргоод Япон руу гарчихжээ гэх цуу ч гарч байсан" гэсэн байдаг. Тэгвэл, эх орондоо ихийг сурч, мэдлэг боловсролоо улс олондоо зориулна гэж бодож явсан түүний авьяас билгийг тоолгүй хэлмэгдүүлснээр тэрээр 1990-ээд он хүртэл улс төрийн чанга чандлалд тарчилж байжээ. Юутай ч, уугуул нутаг нэгт Н.Дарамзагдын судалгааны олон талт бүтээл япон Цэндийг хожим хойчийнхонд нээх нь дамжиггүй юм.
Л.Батцэнгэл
No comments:
Post a Comment