Thursday, December 18, 2008

ХАЙКУНЫ ТЭМДЭГЛЭЛ



Яруу найрагч Аюурзанын эрхлэн гаргадаг Шинэ үеийн номын сан цувралын “ДУРЛАЛГҮЙ ЕРТӨНЦИЙН БЛЮЗ ТЭРГҮҮТЭН ХҮҮРНЭЛ ЗОХИОЛУУД”-ын “ЕСӨН ЭССЭ”-нд хавсралт “ЗУСЛАНГААС ҮҮДСЭН ХАЙКУНЫ ТЭМДЭГЛЭЛ”-ээс товчлов.

...Юунаас эхлэх вэ?

Нүцгэн мөчир дээр
Ганц хэрээ сууна
Намрын үдэш.


Мацуо Башё. Хайкуны сор болсон сонгодог жишээ. Энгийн бөгөөд гайхамшигтай. Илүү юу ч үгүй. Нүцгэн мөчир гэхийг бодоход, намар нэлээд орой аж. Орой намрын үдэш. Нам гүм ганц агшин. Бараан мөчир дээр, хар шувуу, үдэш бүхий л орчлон өнгөө алджээ. Байгалийн төрхөнд хүний сэтгэлийн хязгааргүй гүн гуниг шингэжээ.Хэрээ биш, яруу найрагч ганцаардсан мэдрэгдэнэ.

Цаасан цонхыг
Цоолох хүнгүй боллоо
Гэтэл гэрт хичнээн хүйтэн!

Энэ хайкуг унших бүрт уйлмаар болдог. Эдoгийн үеийн яруу найрагч бүсгүй Тиё нас барсан хүүхдээ санагалзан байж бичжээ. Тиё ядуу хүний эхнэр байсан гэдэг. Томоогүй үр нь цонхыг хуруугаараа цоолж, эцэг эхдээ төвөг уддаг байж л дээ. Тэр жаахан амьтныг эрлэг аваад явчихаж. Одоо хэн ч цонх цоолж, хүйтэн жавар гэрт оруулахгүй. Салхигүй дулаан байшинд гэвч ямар ч жаргал алга. “Хичнээн хүйтэн!”

... Ер нь хайку байгалийн тансгийг зураглах, түүнийг сэтгэлтэйгээ xолбож мэдрэх яруу найраг юм. Башёгоос өмнөх үеийнхэн зөвхөн байгалийг зурагладаг байж. Харин Башё хайкуд гүн ухаанийг авчирснаар энэ богино мөртүүд жинхэнэ яруу найргийн төлөвийг олжээ.

...Хайкуд заавал цохилго хэмнэл тааруулах, толгой сүүл холбох шаардлага үгүй. Хэлбэр биш, яруу найраг л байх ёстой. Энэ хамгийн чухал нь. Яруу найраг гэдэг толгой сүүл холбоход биш, тэр холбоосийг бий болгож буй сэрэл мэдрэмжид байдаг. Энэ бол хайкугийн төгөлдөржилтийн нууц.

/хайку шүлгийн талаарх таны төсөөллийг бага ч бол нэмэх зорилгоор ийн орууллаа/

No comments:

: