Tuesday, December 16, 2008

Хорин долоон жил хэлмэгдсэн марк


Одоогоос 45 жилийн өмнө буюу 1962 онд эзэн богд Чингис хааны мэндэлсний 800 жилийн ой тохиосон билээ.


1962 оны II сарын 14-нд болсон МАХН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны хурал дээр үзэл суртал хариуцсан нарийн бичгийн дарга Д.Төмөр-Очир “Чингис хааны 800 жилийн ойг тэмдэглэх тухай” асуудал оруулж ирэв. Уг хурлаас Чингис хааны 800 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал хийх, дурсгалын хөшөө босгох, шуудангийн марк гаргах болон баримтат кино хийхээр тогтжээ. Ой тэмдэглэх илтгэлийн ноорог, шуудангийн маркийн эскиз, кино зохиолын төлөвлөгөө зэргийг тухай бүрт нь УТТ нарийвчлан авч хэлэлцэж байв.

Тэр үед Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуульд сурч байсан яруу найрагч Д.Пүрэвдорж
Чингис –нумын хөвчнөөс төрөөгүй юм
Чингис-сумын зэвнээс гараагүй юм
Чингис-Өэлүн эхээс төрсөн юм
Чингис-Өрлөг Монголоос гарсан юм...

Оонын халиун зоо шиг халхын саруул талд
Онгин цагаан тамга шиг гэрээ тэр барьсан юм
Онон мөрний савд хур шиг шаагих адуунаас
Онгон хоёр загалыг мөнгөн хяруунд сойсон юм

Эх орноо өмчилсөн гурван хасгийн хүрээлэнг
Элгэн ургаа өмөөрсөн дөрвөн тотгоор түшүүлж
Тулгар төрийн баганыг хорол тоононд өргөн
Туурга тусгаар Монголын голомтыг тэр тулсан юм хэмээн тээр жил бичиж байлаа.

Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн эх зургаар Эзэн богд Чингис хаан, эзэнт төрийн цагаан сүлд, Чингисийн чулууны бичиг, гэрэгэ зэргийг дүрсэлсэн 20, 30, 50, 60 мөнгөний үнэтэй дөрвөн төрлийн нэг цуврал марк үйлдсэнийг мөн оны YI сарын 2-ны өдөр гүйлгээнд гаргажээ.


Харин энэ үед Зөвлөлтийн дээд удирдлагын хүрээнд “Чингис хааны ой тэмдэглэх нэрийн дор үндсэрхэг үзлийг дэвэргэж, яваандаа оросын эсрэг үзэл монголд газар авч магадгүй юм” хэмээн айн болгоомжилж эмзэглэж байв. ЗХУКН-ын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Н.С.Хрущев Монголын нам, төрийн тэргүүн Ю.Цэдэнбалыг дуудан “Улаанбаатарт юу болоод байгаа юм? Чингис хааны хөрөгтэй юун марк хэвлээд байгаа юм? Чингис хааны зурагтай цамц залуучууд өмсөөд байгаа гэнэ. Та тэнд юугаа харж байгаа юм бэ? ...Явж наад учраа ол” хэмээн толгой түрүүгүй загнасан гэдэг.

1962 оны IX сарын 10-нд болсон МАХН-ын ТХ-ны III бүгд хурлын шийдвэрээр зохисгүй баяр ёслол санаачлан “үндэсний үзлийг дэвэргэсэн” Намын Төв Хорооны үзэл суртал хариуцсан нарийн бичгийн дарга Д.Төмөр-Очирыг бүх албан тушаалаас нь чөлөөлж, Чингисийн марк болон бусад дурсгалын зүйлсийг яаралтай устгав. Чингисийн 800 жилийн ойд зориулж захиалж хийлгэсэн марк зарим хөрөнгөтөн оронд гарсан тухай УТТ тусгайлан авч хэлэлцсэн байна.

Ойд зориулсан шуудангийн маркийг худалдаанаас хурааж, хадгалсан хүнийг нь шийтгэж байв. Ингэж Чингис хаандаа зориулан хэвлэсэн марк хэлмэгдэж, хорин долоон жилийн турш архивын тавиур дээр тоосонд дарагдан хэвтэх болсон юм.

Тухайн цаг үеийн үзэл суртлын байдал, их гүрний дээрэнгүй бодлогоос шалтгаалан
Гал усанд элэгдсэн буурал замбуутивийн магнайд
Ган сэлмийнхээ ирээр Монгол гэж бичсэн эзэн богд Чингис хааны хөрөг бүхий маркаа хүртэл ингэж хэлмэгдүүлж байсан түүх бий.

Монгол шуудангийн анхны марк

Монгол улсын шуудангийн анхны марк нь 1924 онд гарчээ. 1924 оны YII сарын 1-нд 1, 2, 5, 10, 20, 50 цент, 1 долларын нэрлэсэн үнэтэй 5 өнгө ялгасан нэгэн багц маркийг хэвлүүлж гаргасан тухай Цахилгаан шуудангийн ерөнхий хороо, Гадаад Явдлын яамнаас 1924 оны YIII сарын 2-ны өдөр Засгийн газарт өргөсөн 42/565 тоот албан бичигт дурьдсан байдаг.


Монголчуудын эрт дээр цагаас дийлдэшгүй бат бэхийн бэлгэдэл болгон дээдлэн шүтэж, эрхэмлэж ирсэн “Элдэв-Очир” хэмээх дүрс зургийг анхны маркан дээр залж, тухайн үед үндэсний мөнгөн тэмдэгт хараахан гараагүй байсан тул америк мөнгөний нэгжээр үнэлсэн ажээ. Манай улсын шуудангийн анхны маркийн тухай билгүүн номч Бямбын Ринчен 1958 онд “Монголчуудын шуудан, шуудангийн тэмдгийн учир” өгүүлэлдээ тун тодорхой тайлбарлан бичсэн байдгийг сийрүүлбэл:

“...1924 онд ардын засгийн газраас олон улсын одоогийн жишээгээр наадаг тэмдэг анх хэрэглэж, долоон төрлийн шуудангийн наах тэмдэг Шанхайд захиж хэвлүүлсэн билээ. Тэхэд Улаанбаатар хотын хэвлэх үйлдвэр өнгөтэй будагтай хэвлэлгүй байсан учир тийнхүү Шанхайд захижээ. Тэр цагт бас Европын хэл бичиг сайн мэдэх хүн ховор учраас “почтовая марка” гэсэн үгийг оросоос монгол болгож чадаагүй, /почит марка/ монгол үсгээр ойртуулсхийн бичээд, монгол төгрөг мөнгө гараагүй учир “доллар, цент” гэж төгрөг мөнгөний оронд бичсэн билээ. 1924 онд анхны шуудангийн тэмдэгт Элдэв-Очир гэдэг солбицсон очиртой зураг зурсан нь, Очир гэж нэгэд “бат” гэсэн санаа тул Бас Очир /тэмдэг наасан захиа алдагдалгүй хүрэх “бат” гэсэн санаа/ бол Энэтхэгээс гаралтай үг бөгөөд уг очир гэдэг тэмдэг нь цахилгаан гэснийг дүрсэлсэн тул монгол цахилгаан шуудангийн анхны бэлгэ тэмдэг нь байжээ. Одоо ч гэсэн гадаад улсын цахилгаан шууданд цахилгааны дүрсээр холбоочны тэмдэг хийдэг ёс буй тул ардын засгийн анхны холбоочны тийнхүү шуудангийн тэмдгийг монголчуудын олон зуун жил мэддэг, хэрэглэдэг “очир” гэдэг тэмдгийг хэрэглэсэн нь монгол үндэсний хэлбэртэй, интернационалын утгатай тэмдэг хэрэглэсэн нь сонин бөгөөд хойшдоо холбооны тусгай тэмдэг болгож, тэр Элдэв-Очир гэдэг цахилгаан мэт хурдан, алдагдашгүй бат хүргэдэг гэсэн сонин сайхан тэмдэг юмсанжээ” гэжээ.

Хэдийгээр тухайн үед Ардын түр Засаг тогтсон ч Богд Жавзандамба хутагт хэмжээт эрхт хаан хэвээр байсан тул улсын нэрийг албан ёсоор хараахан тогтоож амжаагүй байв. Маркийн төсөл батлагдсанаас хойш даруй нэг жилийн дараа хуралдсан шинэ Монгол улсын анхдугаар их хурлаас тус улсын албан ёсны нэрийг “Бүгд Найрамдах Монгол Ард Улс” хэмээн тунхагласан билээ. Энэ мэт учир шалтгааны улмаас Монголын шуудангийн анхны марк нь улсын нэргүй хэвлэгдсэн бололтой.


Хас тэмдэгтэй шуудангийн тамга

1926 оны II сарын 25-нд гүйлгээнд оруулсан 50 цент, 5 долларын үнэтэй “Соёмбо” маркан дээр хас тэмдэг зурсан нь тодхон харагдаж байдаг. Монголын хоёрдогч маркан дээр яагаад хас тэмдэг дүрслэх болов оо?1927 оны Y сарын 28-нд Улаанбаатараас Манжуурт илгээсэн нэгэн захидал дээр дарсан “ULANBATOR MONGOLIA” хэмээсэн үгтэй дугуй тамганы доод хэсэгт нар зөв эргэлттэй хас тэмдэг сийлсэн нь дурайн буй. Монгол шуудангийн тамганд хас тэмдэг хэрэглэж байсны учир юу вэ?


Хас нь Монголын эртний бэлгэдлийн дүрс юм. Өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагт хүчирхэг байх, үзүүр бүгд нь дуусашгүй, түмэн настай, түмэн үед оршихын бэлгэдэл болсон хас бэлгэдлээр хийсэн малын тамга олон бий. Түүнчлэн манай ард түмэн олон зуун жилийн турш чимэх чимэглэх урлагт хас буюу түмэн насан хээг хэрэглэсээр ирсэн. Мөн бичгийн мэргэд маань номын тэмдэг болгон хэрэглэж ирсэн баримт ч буй. Энэ тухай сонин баримт тун олон байдгийн зах зухаас нь сонирхуулбал,

Нэгэн зүйл. Ширээтэй хас, зэтэртэй хас, жинстэй хас зэргийг монгол нутгийн олон газар малын тамга болгон үе улиран хэрэглэж ирсэн билээ.

Нэгэн зүйл. Богд хаант Монгол улсын Гадаад явдлын яамны дэргэд 1912 онд нээгдсэн анхны бага сургуулийн тэмдэг нь дундаа хастай байв.Нэгэн зүйл. 1920 оны YI сарын 25-нд байгуулагдсан МАН-ын Төв Хорооны тамга нь нар зөв эргэсэн хас тэмдэгтэй байжээ. Түүнчлэн 1920 оны XIсарын 10-наас эхлэн гаргасан МАН-ын анхны хэвлэл “Монголын үнэн” сонины толгойд Монгол ардын намын сүлдийг хас бэлгэдлээр, Оросын эв хамт намын сүлдийг таван хошуу тэмдгээр төлөөлүүлэн хийсэн байдаг. Тэгээд ч ардын түр засгийн сүлд нь 1925 он хүртэл таван хошуу дотор байрлуулсан дугуй хүрээтэй хас тэмдэг байжээ.

Нэгэн зүйл. Бүх цэргийн жанжин, цэргийн яамны сайд Д.Сүхбаатар цэргийн сахилга батыг сайжруулах, цэргийн таних тэмдэг зэргийг зөв хэрэглүүлэх тухай 1921 оны YII сарын 16-ны өдөр гаргасан 02 тоот тушаалын зургадугаар зүйлдээ цэргийн дарга болон хувьсгалт цэргүүд монголын үндэсний хас тэмдэг бүхий улаан даавуугаар хийсэн ханцуйн тэмдэг хэрэглэх ёстойг заан тушаажээ.

Нэгэн зүйл. 1921 онд Ардын засгийн газрын Сангийн яамнаас ЗСБНХОУ-д захиалан шинэ мөнгөн дэвсгэрт хийлгэж байжээ. Өнгө алагласан уран гоёмсог хас тэмдэг зурсан 1, 5, 10, 25-тын дэвсгэрт нь эдүгээ Монголбанк болон зоос, мөнгөн тэмдэгт цуглуулагчдын гар дээр хадгалагдан буй.

Нэгэн зүйл. 1922 онд Монголын Бошгийг халах залуучуудын эвлэлээс бүх дэлхийн эв хамт залуучуудын интернационалд хас тэмдэгтэй туг бэлэглэж байсан нь түүхийн гэрч болон гэрэл зурагт үлджээ.

Энэ мэт олон жишээг дурьдаж болно. 1920-1924 оны хооронд намын тамга, төв хэвлэл, цэргийн хувцас, мөнгөн дэвсгэрт дээрээ хас тэмдгийг дээдлэн хэрэглэж байсан монголчууд шуудан харилцааны тамга болон шинэ тутам гаргасан “Соёмбот” маркан дээр мөн адил хас тэмдгийг хүндэтгэн дүрсэлсэн болов уу?Монгол шуудангийн дугтуй, марк, ил захидал цуглуулагч Такенори Шимизу “Collecting Old Mongolian Postage Stamps” /УБ.2004 он/ номдоо 1922-1936 оны хооронд Нийслэл Хүрээ, Улаанбаатар хотоос Хаалган, Харбин, Манжуур, Москва, Бээжин, Берлин хүрсэн дугтуй дээр хас тэмдэгтэй тамга хэрхэн дарсаныг үзүүлсэн байдаг. Харин Монгол улсын шуудан харилцаанд 1937 оноос эхлэн хас тэмдэгтэй тамга хэрэглэхээ байжээ.
.
н.Соронзон

No comments:

: