Tuesday, December 16, 2008

Их талын хүн чулуу

Төрийн соёрхолт зохиолч Балжирын Догмид

Дорнын их говийнхон нутгийн хоймор хэмээн сүжиглэж цай сүүнийхээ дээжийг өргөдөг, газрын цээж Галшарын гурван соёо цэнхэр уулын өвөрт Мэргэн вангийн хошуу, Цэцэн ханы харваачдын наадам эхэлж шагайн тойрмыг дайвалзуулан түрэх уухайн дуунд өвс, ногоо гурван өдөр, гурван шөнө хэнзлэн ургав гэнэ.Сэргэлэн дэнжид угалзлан алаглах гэр өргөө, асар майхны гадаах олон зэл уяанд толгой хаялах морьдын эмээл хазаар үүгээр түүгээр хэд гурваараа үерхэн гунхах авгай, хүүхнүүдийн үсний шүр, сувдан даруулга, хавчаар санжуургыг ажваас говь, хангай хоёрын аль л царай зүстэй бүсгүйчүүл, хөрөнгө чадалтай эрчүүл энэхүү намрын отгон наадамд цугларцгаасан мэт. Цэцэн хан аймгийнхан хэзээний юм юманд авхаалжтай, авьяастай, хүний дор ордоггүй улсууд боловч сүүлийн хоёр жилийн шагайн наадмаа ганц хоёр сумны зөрүүгээр Говь мэргэн вангийн хөх харцуулд алдаж, унасан морьд нь хүртэл урагш алхах урам хугарч нутаг нутгийн зүг буцсан тэр өдрийг хэн яахан мартах билээ.

Говь мэргэн вангийнхан намхан өрөлттэй, сум хүндтэй ч хуруундаа эрчтэй, Цэцэн ханыхан айраг, архитай нөхөрлөхөөс буцахгүй хэрнээ нүдний ур сайтай учраас сум гээж хоосон босох нь ховорхон. Унаж яваа эмээлтэй морио мөрийд тавиад дүүжин харвасан ч алдана гэж эмээхгүй, гар хуруундаа эхнэрээсээ ч илүү итгэдэг тоглоом наадамд одтой том гарын харваачид олонтой. Морь уралдаж, бөх барилдаагүй боловч Галшарын шагайн тойрмыг хол, ойроос зорьж ирсэн хүмүүс Хан Хэнтийн Тожил тэргүүнтэй, Дарьганга, Батноровын дархцуулын урласан мөнгөн эмээл хазаар, хэт хутга, аяга ташуур, алтаар жижүүдсэн ган сийлбэртэй дөрөө, Говь мэргэн вангийн ганган хэмээх Гочоогийн унасан жороо хулан, өмссөн зүүсэн, арван засгийн наадам дээр ч ховорхон үзэгддэг олны нүд сэтгэл баясгасан үнэтэй цэнтэй, бүхнийг шохоорхон сонирхох нь шагайн тойрмын бас нэг эрхэмсэг тансаг чимэг буюу…

Говь мэргэн вангийн хошууны тэргүүн харваач Мөнхтогоо мэргэнд энэ удаа шагайн зурхай дээр байгаа хэдэн хясаанаас илүү “Энэ жил чамайг Галшарын шагайн тойрмын түрүүг аваад ирдэг юм бол би чамтай сууна” гэж хэлсэн Дэнсмаагийн үг нутгийн дээс алхсанаас хойш санаанаас нь салсангүй. Гэгээн өдөр гэрэл бариад эрсэн ч Дэнсмаа шиг хүүхнийг би Говь мэргэн вангийн хошуунаас олохгүй.
Гарт нь хийх ганц алтан бөгж аваад өгчих бэл бэнчингүй над мэтийн шалдан хархүүг Дэнсмаа шиг сайхан бүсгүйтэй суучихвал хүн амьтан юу гэх бол гэж бодтол сум тавих ээлж ирэв.
Манлай мэргэн амьсгалаа түгжин хашлагаа хясааны ёроолд, хар цагааны зааг дээр бага зэрэг ширгээсхийн зоогоод сумаа сулавтархан нясаллаа.
Хясаанууд бут үсэрч, сэтгэлийн үзүүрт сэрвэлзэн байсан Дэнсмаагийн нутаг, Адуунчулуутын хэцийг өндөлзүүлэн уухайн түрлэг долиглон одов. Балчирхан бага насанд маань Адуунчулуутын хэцээс энэ Галшарын уул тэртээ алсад тэнгэр, газрын савслаганд гурван хөх дөл адил сүүмэлзэн сүүмэлзэн харагддагсан.

Дэнсмаа өдийд наашаа харж байгаа болов уу. Шөнө энэ өндөр уулын орой дээр гал асаавал манай нутагт харагдах болов уу гэсэн хүүхдийн тэрхүү гэнэн бодол төрнө.
Оройхон, нар жаргахын алдад шагайн цуваа шувтарч, говь, хангайн хэдэн хошууны шагайчид оноо тэнцэн маргааш дүүжин харваж наадмын түрүүч тодруулахаар тохиролцов.
Үдэш, Цэцэн ханы хошууны ихэс дээдэс хөшиг, хөлтрөг алагласан нэгэн их өргөөнөө нууцаар чуулж энэ жилийн наадмын түрүүг хэрхэн яаж авах тухай зөвлөлдлөө. Дөрвөн давхар, одтой хивсэн олбог дээр суусан хижээл ноён гэрэл улаан чулуу жинстэй, тогосын гурван нүдтэй отог бүхий малгайгаа авч хойморын арслантай авдар дээр хүндэтгэлтэйеэ тавих зуураа:

- Энэ удаад бид түрүүлж эс чадвал Галшарын уулын шагайн тойромд дахин эргэж ирэх нүүргүй болно.
Тэр, Говь мэргэн Вангийн хошууны Мөнхтогоо хэмээх хөх хархүү сарны гэрэлд шагай харвасан ч сум гээхээргүй бэрх хүн гэдгийг та бүхэн сайн мэднэ.
Учир иймээс тэр хархүүг өргөөндөө урьж хоёулахнаа уулзмаар байна. Энэ довон дээр түүнээс өөр онгод нь цалиглаж, од нь гийсэн харваач алга. Иймд та нар түүнийг гадаа харуулдаж, харж байгаад морь харахаар гарч ирэхээр нь сэмхэн дуудаад “Манай ноён таныг өргөөндөө урьж байна гэж хэлээд наашаа дагуулаад аваад ир” гэж тушаал буулгалаа.
- Уриад , уриад наашаа орж ирэхгүй бол яах билээ, ноёнтоон!
- Тэр ирнээ. Хэдийвээр харь хошууны албат ч гэсэн ёс мэддэг л хүн юм бол ноён хүн урьж байхад орж ирэхгүй цааргалах учиргүй.
Гадаа үдшийн шаргал гэгээ тунарч тэнгэрийн хаяанаас түрүүчийн одод цэцэглэн гарч ирлээ. Алсад адуу тургилдан агь гангын үнэр сэрүү татуулан сэнгэнэнэ. Ихэс дээдсийн урилгаас их говийн манлай мэргэн Мөнхтогоо татгалзаж чадсангүй. Задгай орхисон энгэр заамаа бүрэн товчлоод харц хамжлага хүний ёсоор ноёны өргөөнөө доор бөхийн орж амар мэндийг эрэх агшинд ноёнтон түүнийг алга дэлгэн хоймортоо урьж хүндэтгэл үзүүлэх зуураа сая ам нээж:
- Олон жил нэг тойромд наадаж биесийг таних болсон хэдий ч өнөөдрийн өдрийг хүртэл тэгтлээ ойр дотно шадарлаж тантай нүүр учирч явсангүй. Тэгээд маргааш наадам, цэнгэл өндөрлөхөөс урьтаж таныг өргөөндөө урьж танилцах ялдамд идээ, шүүс барьж, их хүнтэй ёс гүйцэлдүүлье юү гэж мунхаглан бодсон юм хэмээн өгүүлээд Мөнхтогоод хултай айраг барилаа. Анх удаа ихэс дээдсийн өргөөний босго алхаж, ноён хүний гараас айраг хүртсэн залуу эр баахан тулгамдсан ч барьц алдаж өвдөг, хормой нь чичирсэнгүй.
- Танай Говь мэргэн вангийнхан хэзээнээсээ уургач, харваачаараа алдартайг халх даяараа мэднэ. Маргааш жин үдэд дүүжин харваж наадам өндөрлөнө. Учир мэдэх хүмүүсийн ярихыг сонсвол маргааш таныг тасархай ганцаараа түрүүлнэ гэх юм.
- Харваагүй сумны хаана яаж тусахыг хэн ч мэдэхгүй. Гар хуруутай төрсөн нь ганц би биш шүү дээ. Маргааш хэний хүүгийн магнайд од гийхийг бурхан ч урьдчилан хэлж чадахгүй биз ээ гэж өгүүлээд Мөнхтогоо аяганыхаа ирмэгийг ширтэсхийн айраг уулаа. Ноёнтон хар, хоргүй номхон нүдтэй эгэл боргилхон хархүүгийн нүүр өөд царайчлангуй харсанаа.
- Манай Цэцэн ханыхан та нарт гурвын гурван жил дараалан наадмаа алдвал цөөнгүй хүн “зодог тайлж” хашлаг сумаа энэ хойт уулын тахилга дээр залаад дахин эргэж ирэхээргүйгээр явах болов уу л гэж санаа зовох юм. Чи залуу хүн. Олон тойром чамайг хүлээж байгаа гэдгийг өөрөө сайн бодно биз дээ гэж ноёнтон дотор санаагаа шулуухан тулгалаа.
- Харанхуй шөнө ч зурхай алдахааргүй халхын энэ олон мэргэчүүл танайхан дунд байхад ноёнтон та ингэж сэтгэлээ чилээх нь юусан билээ гэвэл ноёнтон төв дөлгөөхөн өнгөтэй боловч зальтайхан хоолойгоор:
- Үгүй дээ, үгүй. Би хүнийг таньдаг юм. Үнэнийг л хэлж байна гэснээ айраг уу хэмээн өгүүллээ. Том гарын хултай айраг дундрахын алдад ёроолд нь нэг хатуу юм торхийн дугарах нь гарт мэдрэгдэв. Мөнхтогоо айрагнаас хэд том балгаад ширээн дээр тавих гэтэл ноёнтон хултай айраг барьсан гарыг нь өргөж “ахын хишиг дүүд тэр бүр олддоггүй” юм. Хуланд шавхруу үлдээлгүй ёроолыг нь гартал тогтоочихоорой гэж шахлаа. Учрыг үл ойлгосон залуу эр, энэ ноёнтон надад арай ч хор өгчихгүй байлгүй гэж бодсоноо аягыг нүүрэн дээрээ хөмрөн айргийг шавхаж балгатал нэгэн хүнд хатуу юм аманд нь ороод ирлээ. Манлай мэргэн мөнөөх бага-шаархан шагайн чинээ хатуу зүйлийг завжиндаа хийгээд ноён өөд харвал тэрбээр нүдээрээ талархангуй инээмсэглээд:
- Та бид хоёр сайхан танилцлаа. Үүнээс хойш ойр явбал манайхаар ирж айраг, цэгээ ууж байгаарай. Зуны шөнө богинохон, маргааш харваатай гэх нь, одоо яриа дуусч, хэрэг бүтэв. Эртхэн явж амар даа гэж сануулсан үг болохыг ухаарсан Мөнхтогоо:
- Өргөөндөө урьж идээ, шүүс барьж хишиг хүртээсэнд тань гялайлаа гэж доор бөхийн ноёнд ёс гүйцэтгээд хариу хүлээлгүй босов. Гадаа гарч хэд алхсанаа аманд буй нөгөө хатуу юмыг гарган харвал арван цэнгээс наашгүй жижигхэн алтан ембүү сарны гэрэлд алган дээр нь тоглон гялалзаж байх нь тэр. Хахуулийн хар сүүдэр толгой дээгүүр нь хүүшлэн, дээр сартай, дэргэд сүүдэртэй байвч газар дэлхийг гэнэт харанхуй бүрэнхий нөмрөх шиг санагдсан ч амьд явсан хүн гэдэг арван цэнгийн алтан ембүү алган дээрээ тавьж үздэг л юм байна гэсэн бяцхан омогшил төрж, баяр хөөрийн буцалмал халуун цус хамаг биеэр нь цовхцон эргэлдэв. Айл зэргэлдээ хошууны улсад аваа, өгөө байлгүй л яахав. Би гэдэг хүн Галшарын шагайн тойромд хоёр жил дараалан түрүүлж хол ойрынхныг бишгүй л нэг шуугиуллаа, одоо болоо юм биш үү гэж энэхэн мөчид бодох сацуу мөнөөх алтан ембүүгээ бүснийхээ үзүүрт алдаж осолдохооргүй зангидав. Тэр шөнө Мөнхтогоогийн нойр хулжин хол, ойрыг өнхчүүлэн бодож, эргэж хөрвөөсөөр үүр тэмдгэрэхийн алдад зүүрмэглэн, аньсага сормуус нийлүүлэв үү, үгүй юу Дарьгангын дархцуул инжаануудаар Дэнсмаад навчин хээтэй алтан ээмэг, бөгж цохиулж байна хэмээн зүүдэллээ.

Тэгээд буруу гараар орж ирсэн эд учраас бузар, нүгэл шингэсэн байж юуны магад гэхдээ аль эрт арваад жилийн тэртээ талийгаач болсон нутгийнхаа нэг өвгөн ламаар ариутгуулан сан тавиулж байна хэмээн зүүдлэв гэнэ. Маргааш нь жин үдэд товх харвах цаг боллоо. Ар, өврийн хэдэн хошуунд Цэцэн ханы дархан мэргэн гэж алдаршсан Лхасран залантай, Мөнхтогоо товх халз харвахаар хоёр талаас тохоон томилогдлоо. Мөнхтогоо, Лхасран тайж хоёр бие биенийхээ сум тавихыг амьсгалын зөрүүгүй мэднэ. Тэрбээр морь ээрэн дүнгэнэх шар хэдгэнийг ч болов нисч явахад нь алдалгүй харваж чадах тийм уран гоё нясалгаатай алдартай нэгэн билээ. Хэн нь эхэлж сум тавихыг шодохоор хөлийн цэц шоо хаялаа. Азын шооны зургаан нүд Мөнхтогоогийн талд ярсхийн буув. Тэр хоёрын хэн хэн нь алдаж харвах эрэмбэ үгүй шагаачид учраас хоорондоо тэнцэж хайнцдаггүй л юм бол нэг нэгээс илүү олон сум тавихгүй. Мөнхтогоо суудлаа засч, бие шигшин хад мэт хав дөрвөлжин өрөөд хашлагаа зоож, сумаа шившин дээр нь зөөлөн тавилаа.

Шагайн зурхай дээр тавьсан “таягт” хэмээх хятад мөнгөн төгрөг өвдөг дээрээ зоолттой буй зандан хашлагны аман дээр дүүрээд ирэхийн цагт Мөнхтогоо мэргэн “гай болоод оночих вий” гэж болгоомжлохдоо гараа сэмхэн татлаа. Тэнд хурсан чуулсан олон түмэн зурхай дээрх дугуй цагаан мөнгө, Мөнхтогоогийн өвдөг дээр зоосон хашлаг сумыг ээлжлэн амьсгал даран ширтэнэ. Манлай мэргэний тавьсан сум хэзээ хүмүүсийг уулга алдуулан шагайн зурхай дээр тасхийн бууж, хятад мөнгөн төгрөг хаашаа хангинан унаж уухайн түрлэг хэрхэн тэнгэрт хадахыг хүмүүс хүлээж ядсан тэр алтанхан хором тэсвэр тэвчээр барагдам урт байлаа. Арван цэнгийн алтан ембүү аманд өөрөө өнхрөөд ороод ирж байхад хэлээрээ түлхвэл тэнэг хэрэг болно. Энэ чинь хаана ч болдог, хэн нь ч хожиж хожигддог зүгээр л нэг шагайн наадам шүү дээ. Гэр малын эзэн болж, өрх толгойлон гэрлэх гэж байгаа нас биед хүрсэн эр хүн хэдий болтол ингэж гар хоосон ганзага сул явахав. Муу Дэнсмаа минь гэрээсээ холдож, олны дунд орж газар үзээгүй, бүсгүй богино жолоотой амьтан.

Ганц алтан бөгж гарт нь хийж нэг баярлуулъя л даа гэж бодох зуураа суудлаа дахин нэг засаад хараагаа нарийсган хашлагаа үл мэдэг өргөсхийн зоолоо. Тэр өдөр шагайн зурхай дээр тавьсан дүүжин дээр Мөнхтогоогийн онгод хийморь, онооны алтан од цацран гийж байлаа. Нүглийн салхин сэтгэлд сэвэлзэн байсан ч нүдээ аниад харвах энэхэн есхөн тохой газар манлай мэргэн Мөнхтогоод алдах сиймхий байсангүй. Хашлаг, дээр эрхий өндгөө чинэртэл хөвчилсөн хуруунуудаа амирлуулан Мөнхтогоо мэргэн сум тавьсан боловч энэ удаад хараахан оносонгүй, сул хаяж үзээгүй сум нь дүүжинг илээд өнгөрөв. Зурхайн аравч дээрээс цойлсон сум Говь мэргэн вангийнхны цохон дээр туссан мэт тэрхэн мөчид хүн бүхнийг балмагдуулав. Амьдралдаа анх удаа ийнхүү эгзэгтэй хоромд сум гээсэн алдаанаасаа цочсон Мөнхтогоо, хажуудаа зэрэгцэн суусан Лхасран заланг сум тавихыг хүлээлгүй яаран бостол түүний ард дархан мэргэний сум зурхай дээр тасхийн бууж хятад хар төгрөг хангинан унах сонсогдов. Шагайн тойрмоос буцаж ирснийхээ маргааш Мөнхтогоо мэргэн Цагаанчулуутын худаг дээр хонио усалж байсан Дэнсмаатай уулзаж цээжинд зангирсан алдаа, нүглээ нууж хаалгүй ярилаа.

- Цэцэн ханы ноёдууд надад хахууль цутгаад хүний үнэтэй, цайтай алт эрдэнийг авсандаа бантаад би яаж ч чадсангүй хожигдчихлоо. Шулуухан хэлэхэд би чамайг л бодсондоо Галшарын шагайн тойрмын түрүүг авъя ч гэж мэрийсэнгүй. Чи бид хоёр одоо энэ насандаа байтугай хойт насандаа идэх хөрөнгөтэй болсон гэж хэлээд бүснийхээ үзүүрт зангидсан арван цэнгийн алтан ембүүгээ гарган алган дээрээ дэнслэн үзүүлтэл Дэнсмаагийн номхон алаг нүд зүүний үзүүр адил жаварлан гялалзаж:
- Би чамайг ийм аминчхан арчаагүй хүн гэж даанч зүүдэлсэнгүй. Өндөр их өвгөд, дээдсээс цуутай энэ сайхан нутаг усныхаа нэр алдрыг алтаар бүү хэл амиараа ч солихгүй хүн гэж бодож явсан юмсан. Гэтэл чи...
Дэнсмаагийн амнаас ийм үг сонсоно чинээ зүүдэлсэнгүй явсан Мөнхтогоо хэлэх үгээ олж ядан тулгамдахдаа хайртай хүнээ аргадаж тайтгаруулах санаатай.
- Дэнсмаа минь чи одоо бүх юм болдгоороо болоод өнгөрсөн хойно намайг ингэтлээ зэмлээд яахав. Өдөр ямар ганц биш. Хойтон жилийн шагайн тойром ч гэж нэг том наадам намайг хүлээж байна.
- Чи одоо тийшээ очоод хэрэггүй биз дээ. Ямар нүүрээрээ тэр олон түмний өөдөөс харах юм бэ. Галшарын тойромд очлоо ч чи урьд жилүүдийнх шигээ азтай, одтой харваж чадахгүй биз гэж хэлээд Дэнсмаа хөнгөхөн санаа алдлаа.
- Би чамд харанхуй шөнө ч гэрэлтэм тийм шижир алтаар ээмэг бөгж хийлгэж өгнө.
- Хэрэггүй ээ, хэрэггүй. Би чам шиг тийм арилсан дотортой, цагаандаа гарсан хүн биш. Энэ өдрөөс хойш чи надтай битгий уулзаарай. Чи бид хоёрын зам нийлэхгүй юм байна гэж Дэнсмаа нулимсаа залгин хэлээд Мөнхтогоогийн гараас ховоогоо шүүрэн авсансан.

Цагаанчулуутын усан дээр Дэнсмаатай уулзсан тэр бүрхэг бүрэнхий өдрөөс хойш даруй дөчин жил улиран одож Мөнхтогоо мэргэн нэг л мэдэхэд их талын хүн чулуу адил өтөлж өвгөрөв. Залуудаа Цэцэн ханы ихэс, дээдсээс хээл, хахууль авч хайртай хүнээсээ хагацсан тэрбээр сэтгэлийн оёг өвчин туссан мэт нэгэн насаараа хань, ижил, үр хүүхдийн бараа харалгүй явсаар ийнхүү эр ганц биеэрээ орчлонг элээжээ. Санаснаар болдоггүй хорвоо ингэж Мөнхтогоог хар залуу насанд нь амьдаар нь оршуулан тохуурхав. Насны эцэст тэрбээр тарагны тав гурван ямаа, унах морь, хуцах нохой ч үгүй, архаг хууч өвчинд баригдсан зөнөг өвгөн болжээ. Халхын сайчуултай, шагайн зурхай дээр хясаа хуваалцаж явсны тэмдэг “Манлай мэргэн” цолоос өөр юм түүнд үлдсэнгүй. Үхье гэвч чөтгөр үл тоох, сэхье гэвч бурхан үл туслах тийм нэг хөөрхийлөлтэй өвгөн гэрийн мухар сахин гиюүрсээр хашлаг сум, шагайн тойром гэж юу байдгийг ор тас мартжээ.

Хоёр морьтой гарлаа даа
Хонгорын ширээгээр давлаа даа хэмээн

дуулан морин дэл дээр салхи татуулан давхиж цаг хэдийдсэн билээ. Хааяахан ертөнцийн явдал, өнгөрсөн одсон бүхнээ тарж бутарсан ухаандаа тасарсан эрх адил хэлхэн, өдөр хоногоор сульдан буй биеэ чагнан, унь ширтэн хэвтсэн манлай мэргэн нэгэн өдөр ор, дэрээ орхин босч идэр залуу насандаа санаж сарвайж явсан нэгэн цагийн амраг бүсгүй Дэнсмааг гэртээ яаралтай ирэхийг урин айлынхаа хүүхдээр дуудууллаа. Нэгэн нутаг усанд өдий олон жил хараа бараандаа аж төрж, амьдрахдаа мэнд ус мэдэхээс хэтрэхгүй явсан хүн яахаараа ийнхүү намайг гэнэт дуудуулдагсан билээ. Сүүлийн нэг, хоёр жилээс Мөнхтогоогийн царай зүс нэг л гундуухан харагдаад байдаг болчихсон байсан юм. Надтай уулзах их л чухал хэрэг гарч дээ хэмээн бодсоор Дэнсмаа эмгэн өвгөний гадаах шон дээр ирж мориноосоо буулаа. Залуудаа хаалгаар нь шагайгаагүй хэрнээ энэ олон жилийн дараа босгыг нь алхан орж ирсэн Дэнсмааг Мөнхтогоо залуу хархүү адил хөл, хөөр болон угтаж, “галуун хүзүүт” гэдэг усгүй хар архины бөглөө мулталлаа.

Өвгөн хоёр шаазан жүнзэнд архи хундагалах зуураа:
- Би чамайг хэзээ нэгэн өдөр ингээд нэг ороод ирэх ч болов уу гэж мөн ч олон жил хүлээсэн дээ. Чи ч хэзээний л хэвээрээ залуу хүн шиг морь унаад давхиж явдаг сүрхий хүүхэн юм аа.
- Таныг гэнэт ир гэж дуудуулахаар чинь яачихсан юм бол гэж сайн, муу юм зэрэг бодогдоод сандарч ирлээ.
Өвгөн туранхай шарлангуй царайдаа хүйтэн хөлсний ов товхон од гялалзуулан инээмсэглэж:
- Бие тэнхээрээд би гэдэг амьтан аль эрт гэрийн хүн болсон шүү дээ. Морин дээр гарах нь бүү хэл зарим өдөр орон дээр гарах ч түвэгтэй санагдах өдөр байх юм.
Дэнсмааг мөрөн дээрээ тохсон эрээн алчуураараа хөлсөө арчихад нь чихэндээ зүүсэн хоёр том алтан ээмгийг нь Мөнхтогоо хальтхан харж “Алт, мөнгөнд тиймч дургүй хүн биш л байж дээ. Би тэр гайтай алтан ембүүг тэр үед Дэнсмаад үзүүлээгүйсэн бол бид хоёр суух л байсан юм. Хохь нь дээ, хохь нь. Хар, муу санаагүй явсны маань шагнал нь тэр.
Өвгөн, эмгэнд хундагатай архи барьж:
- Өтөлснөөс үхсэн биш, хоёулаа ганц, хоёр жүнз юм тогтоочихно шүү. Манайд ганцхан удаа ирчихээд чи дургүйцэхгүй юм байгаа биз дээ гээд хөнтөрч орхив. Гадаа үхэр, тугалын зэлэн дээр тунарах явган зэрэглээ сөхөөстэй үүдээр босго даван орж ирэх нь үү гэмээр өвс, ногооны үзүүртэй орооцолдон тоглон долгилно. Өвгөн залуугийнхаа зангаар дээлийнхээ энгэр заамыг задгай орхин цээжээ ярж, толгойдоо хар хялгасан бүслүүртэй эсгий тоорцог хэлтгийдүүхэн тавьжээ.
- Дэнсмаа чи ч залуухнаараа толиотой байна.
Дэнсмаа бүсгүй хүний ааш, араншингаар нүд нь очтон сэргэж:
- Юуных нь толиотой байхав дээ. Таны нүдэнд л тэгж ануухан харагдсан юм байлгүй дээ. Нас ч талийлаа шүү дээ, Мөнхтогоо минь.
- Үстэй, зүстэй сайхан явсан хүн нас ахиж хөгширлөө ч сайхнаа ямар тавих биш дээ. Би ч чамайг хорин хэдэн наснаасаа хойш харсаар яваад үнэнд гүйцэгдэж энэ боллоо.
- Тантай суувал ч суучихъя гэж бодож явсан өдөр надад цөөнгүй л байсан юм шүү. Даанч нөгөө Галшарын тойрмын гайтай алтан ембүүнээс болоод хоёр биенээсээ хөндийрчихсөн юм. Хэн хэн маань тэнэг омголон ч байж дээ.
Өвгөний нүднээ хатуу архины хөх дөл сүүмэлзэн асч, унтран харагдана.
- Дэнсмаа чи сайн хүнтэй ханилж насны эцэст харамсахааргүй сайхан амьдарсаан. Өвгөн хойморын авдар дээрээс хөгц хөвд үнэртэй хадагт ороосон хашлаг сумаа авч задлах завсраа:
- Дэнсмаа минь чи, аан гэж байгаад анхааралтай сонс! Миний бие ханат гэрээ орхиж, хадан гэртээ очдог цаг маань ирлээ. Надад чамаас өөр үгээ хэлж үлдээх найдвартай хүн алга. Тэгээд л чамд хэвтэрт орж доройтохоосоо өмнө гэрээс захиасаа хэлье юү гэж дуудуулсан юм. Чи, нас бие, ажил амьдралд хүрсэн хүмүүжил сайтай олон сайхан хүүхэдтэй хүн. Чи бол хэзээ ч намайг хуурахгүй.
Иймд чи намайг өнгөрсний хойно Галшарын шагайн тойрмын хойт дэнж дээр халхын үе үеийн их харваачдын дурсгалд зориулж миний нэрийн өмнөөс нэг сайхан эрдэнийн суварга бүтээлгээрэй гэж захих гэсэн юм. Ингэж өгүүлээд тэрбээр дэрэн доороосоо мөнөөх хэл амтай арван цэнгийн алтан ембүүгээ гарган баранзад хадаг дээр тавиад Дэнсмаад өргөн барилаа. Дөчин хэдэн жилийн тэртээ Цагаанчулуутын усан дээр анх барааг нь харсан тэр ембүүг энэ удаа Дэнсмаа эмгэн цааргалан цаашаа түлхэж чадсангүй, алга тосон тогтоолоо.

Халамцуу өвгөн нүднийхээ зовхинд гялалзах нулимсыг эмгэнээс нууж сэмхэн арчсанаа:
- Хүн болж төрсний маань хэрэг энэхүү сайхан нартай жаргалтай өдөр сэтгэлчлэн бүтэв. Авралын дээд догшид бурхад олон ч амьддаа би тэдний барааг олж харсангүй.
Дэр нэгтгэх хувь дутсан ч Дэнсмаа минь чи миний зүрхний шүтээн юм шүү гэж өгүүлээд өнчин хясаа өврөөсөө гаргаж Дэнсмаа өөд сарвайх сацуу:
- Үүнийг хаалганы босгон дээр тавиадах гэлээ. Тэгээд өвгөн намхан модон ороо ар нуруугаараа налан суугаад олон жил авдарны ёроолд мартагдан нар, салхины бараа харалгүй удсан зандан хашлагаа өвдөг дээрээ зоолоо. Үүдний босгон дээр тавьсан өнчин хясаа зэлний наахнуур туналзах явган зэргэлээнд уусч тэртээх хяр дээр хөндөлдөн зогсох ганц зээр адил, халамцуу өвгөний нүдэнд хачин сонин үзэгдэв.
Гарынх нь тамир барагдаж, хуруу нь сумаа даахгүй болсон биз гэж бодож суутал өвгөний тавьсан сум босгон дээр гялсхийн бууж, өнчин хясаа нисэн одох нь тэр ээ. Дэнсмаа эмгэн тэнгэрээс од шүүрсэн мэт олзуурхан дуу алдаж:
- Таны бие гайхалтай сайн байгаа юм байна. Ийм хүн үхлийн тухай бодож суудаг нь илүү ажил биш үү. Эр хүнийг хөгширлөө, бууг хуучирлаа гэж бодож болдоггүй юм гэсэн, үнэн бололтой хэмээн өгүүлээд аминдаа л айлгүйтэн хөхрөхөд Мөнхтогоо мэргэн нэг муухан жуумалзмар болсноо:
- Миний энэ гар хуруу, хүний юм шиг болжээ. Архины аагаар л ганц сум тавилаа гэв.
Эмгэн, өвгөний сумыг зөөж, тэр хоёр хэсэгхэн зуур үүд, хоймор хоёрын дунд шагай наадаж найр бяцхан хавтгайрах янзтай болов.

Эр бор харцага жигүүрхэндээ хүчтэй
Идэр залуу насандаа даанчиг ажраа нь үгүй явлаа

гэдэг дууны халамцуухан аялгуу Мөнхтогоо мэргэний цээжинд сэрчигнэн эгшиглэнэ.
- Өдий олон жил өнгөрөхөд та яагаад хань ижилтэй бололгүй хорвоог ганцаараа туулав даа гэж Дэнсмааг асуухад өвгөн хүндэрч цэлхэрсэн зовхио алгуурхан өргөж түүний нүдийг гаргац муутай бичиг, захидал үсэглэж ядан унших мэт удаан ширтсэнээ сая ам нээж:
- Нэг нутаг усанд, хажууд дэргэд чамайгаа байхад би яалаа гэж эхнэр авах юм бэ гэлээ.Дэнсмаа эмгэнд хэлэх ч үг олдсонгүй. Хүүхэд шиг ийм томоогүй амьтантай юу ч ярихсан билээ. Яасан тоглоом тохуутай, ямар ч уярч хайлмаар гэнэхэн хорвоо вэ гэж сэтгэл нялхран нулимсаа арчиж суутал гэнэт манлай мэргэний тавьсан сум босгон дээр дахин тасхийн бууж тамирдангуй боловч сэргэлэн хоолойгоор өвгөн түрлэг өргөхөд уухайн дууны алтанхан шуранхуйд түүний ис утаанд дарагдсан жижигхэн бор гэр өндөлзөн, салхи үгүй бөгөөтөл оосроо дугтчин өрх нь дэрвэж байх шиг санагдав.

2007.06.01 Улаанбаатар хот

No comments:

: