С.Жаргалсайхан, Ч.Удвал нарын "Чингис хааны нууц түүх" түүхэн романыг уншаад, түүхэн их хүмүүсийн дэр хөнжилийг юунд ингэж сөхөв гэж жийрхмээр. Чингис хааныгаа шүтэж, эрхэмлэн дээдэлдэг бид түүний талаар эвгүй юм мэдэх, сонсох, харах дургүй.
Оросын найруулагч Сергей Бодров "Монгол" хэмээх кинондоо Чингис хааныг хувь хүнийх нь хувьд хэн байв гэдгийг харуулах зорилго тавьж, хүүхэд болон залуу нас, хайр дурлал, ялалт ялагдал тэр ч байтугай Зүрчидийн шоронд байгаа хэсгийг хүртэл кинондоо багтаажээ.
Нууц товчоонд их эзэн дайнд ялагдсан, тэр байтугай олзлогдсон, олон жил шоронд байсан тухай байхгүй тул энэ хэсгийг монгол хүн үзэхэд мэдээж тааламжгүй. Киноны энэ хэсгийг Л.Н.Гумилевын "Хар домог" номоос (73-77 тал) сэдэвлэсэн шиг санагдсан.
Сийрүүлбэл:"Янз бүрийн ард түмэн хулгайг өөрийнхөөрөө үздэг. Нэг газарт мөнгө хулгайлж болдоггүй байхад нөгөөд нь зөвхөн мөнгө, эд хогшил авч болдог байжээ. Тэгвэл монголчууд эд хөрөнгө, мөнгө хулгайлахыг цээрлэж, харин хазаар гүйлгэхийг болно, морийг хулгайлах ч хэрэгтэй гэж үздэг байв. Тэмүүжиний анд Жамуха сэцэний дүү эрэмгий Тайчар Тэмүүжиний адууг дээрэмдэхэд адуучин хойноос нь хөөн харваж алжээ.
Жамуха, тодруулбал түүний талынхан үүнийг ашиглан дайн дэгдээж, Тэмүүжинийхнийг довтлов. Ингэж 1184 онд анх удаа аймаг хоорондын дайн болсон юм. Энэ дайнд дайсны хүч гуравахин их байсан учир Тэмүүжин ялагдав. Гэвч Жамуха нэгэнт дийлснийх бүрмөсөн бут цохих ёстой байсан боловч тэгсэнгүй.
Сурвалж бичгүүдэд үүнээс хойших арван таван жилийн нэн хэцүү, чухал үйл явдлыг өгүүлэлгүй орхиж, Тэмүүжиний намтрыг бүрхэгдүүлжээ. Нууц түүх ч товчлогдсончлон монголчуудын албан ёсны түүх товчлогдсон нь энэ юм. Аз дайрахад зүрчидийг үздэггүй, монголчуудыг таашаадаг нэгэн хятад жанжин байсан ажээ. Тэрвээр зүрчидүүд Тэмүүжинийг аргалан барьж 13 жил нүхэн шоронд хорьсон гэж бичсэн байна. Тэмүүжин яаж ийгээд амь гарчээ. Хэрхэн оргосон нь нарийн мэдэгдэхгүй байна. Монголын түүхэнд энэ үйл явдлыг дурдсангүй. Тэмүүжинийг буцаж ирэхэд монгол тэр даяараа оргилон хөдөлж байв....Идэвхтэй хүн эхлээд ховор байсан ч яваандаа олширсоор, зууны шувтаргаар Тэмүүжинг зүрчидийн удаан жилийн олзноос буцаж ирэхэд Монгол улс тэр аяараа буцалж байгаа тогоотой цай шиг даргилж байлаа. Түүхийн шинэ эргэлт эхэлсэн нь тэр байжээ.
Олзлогдоод эзгүй байх хооронд Тэмүүжиний хүч ихээхэн хорогдож, 13 мянган морьтон байснаас 2600 болжээ."
Д.Ганга
No comments:
Post a Comment