Friday, December 19, 2008

МУИС-ийн үүдэн дэх арслан хэдэн настай вэ?


...Үнэр танар ихтэй химийн өрөө тасалгаа
Үзүүлэх юм арвинтай физик тооны кабинетууд
Үнэт хөрөг нь өлгөөтэй буурал сахалт эрдэмтнүүд
Дугуй танхимын ширээн дээр сонсож байсан лекцүүд
Дугаар заалын шалан дээр гишгэж байсан бүжгүүд хэмээн ардын уран зохиолч Шаравын Сүрэнжав “Оюутан” найраглалдаа магтан дуулсан МУИС-ийн ойролцоо манай гэр байдаг юм.

Энэ эрдмийн их өргөөний үүдээр өнгөрөх бүрийдээ миний сонирхон хардаг зүйл бол үүдэнд нь буй хос чулуун арслан билээ.Монголын уран барилгын түүхэн хөгжлөөс харвал арсланг ихэвчлэн сүм хийдийн болон ихэс дээдсийн ордны үүдэнд харуул хамгаалалтын зориулалтаар чимэглэл болгон ашиглаж ирсэн байх юм.

Тэгвэл МУИС-ийн үүдэнд буй хос чулуун арслан хэдий үед хэн гэгч уран гартны бүтээсэн бүтээл вэ? Бүтэн жарны түүхтэй МУИС-тай нас чацуутан уу, эсвэл түүнээс өмнөх үеийн түүхийн гэрч, уран барилга, чулуун урлагийн ховор бүтээлийн нэгэн дурсгал юм болов уу?

Академич Б.Ширэндэв гуай “Далайн давалгаанаар”/УБ.1993он/ туужчилсан романдаа тун сонирхолтой нэгэн түүх дурьдсан байдаг юм. Тэнд өгүүлснээр бол БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчдийн газар өөрийн орны төрийн тусгаар тогтнолын асуудлаар бүх ард түмний санал хураах ажлыг 1945 оны 10-р сарын 20-ны өдөр явуулахаар тогтоол гаргажээ. Тухайн үед санал хураалтын ажлыг явуулах улс нийтийн төв комисс байгуулсан бөгөөд Б.Ширэндэв гуай Өвөрхангай, Баянхонгор аймгийг хариуцан сар шахам ажилласан аж. Тэр үеийнхээ тухай дурсан бичихдээ:

-Би Баянхонгор, Өвөрхангай аймагт орон нутгийн домогт газар, түүхт хүмүүс, дурсгалт зүйлийг сонирхон тэмдэглэж явсан билээ. Баянхонгор аймгийн төвд үлдсэн хуучин Галуутын хүрээний барилгын үлдэгдэл, мөн түүний баруун талд ойролцоо байдаг Мандал сумын Номон хааны хүрээний барилгын чулуун гоёл сийлбэр, модон эдлэлийг харахад уран чадвартай авьяаслаг ард олон хүрээ хийдийг барихад оролцож байсан гайхамшигт зүйлс байв.

Дээрх Номон хааны хүрээн дээр хэрэглэхгүй хаясан хоёр том чулуун арсланг суурь чулууны хамт тэнд явж байсан Тээврийн яамны нэгэн ачааны машинаар Улаанбаатарт хүргүүлэн, тэндээс ирсэн хойноо улсын их сургуулийн гол барилгын үүдэнд босгуулан тавьсан нь одоо болтол байдаг юм.

Энэ хоёр арсланг Баянхонгор аймгийн Баруун урд зүгийн нэгэн сумын ард өнгөрсөн зууны 80 оны орчим ган цүүцээр сийлэн урласан гэсэн мэдээ бий. Бид тэгж явахдаа уг чулуун сийлбэрийг урласан дархны гэрт намайг дагалдаж явсан Л.Дүгэрсүрэнг очуулсан юм. Л.Дүгэрсүрэн тэр айлд очиж гэргийтэй нь ярихад тэр уг мэдээг нотлон нөхрийнхөө эдэлж байсан ган хошуутай цүүцийг үзүүлэв гэж ярьж байсан бөгөөд тэр хүний нэр овгийг тэмдэглэж авсан байсан. Арсланг их сургуулийн үүдэнд босгосны дараа би түүнийг хийсэн нөгөө ардын тухай сонинд өчүүхэн мэдээ бичиж мөнхжүүлэх гэвээс нөгөө Дүгэрсүрэн маань “Тэр мэдээ миний гэрт нэг юманд бий, би авчирна” гэсээр байгаад сүүлдээ түүнийгээ хаана хийснээ олохгүй байна гэсээр өнгөрсөн нь харамсалтай хэрэг болсон юм гэжээ.

1944-1948 онд МАХН-ын Төв Хорооны суртал ухуулга эрхэлсэн нарийн бичгийн дарга бөгөөд МУИС-ийн ректор, 1948-1951 онд МУИС-ийн ректороор дагнан ажиллаж байсан Б.Ширэндэв гуай холч ухаан гарган Номон хааны хүрээнээс залж ирсэн хос чулуун арслан номын мэргэд төрөн гардаг эрдмийн их өргөөний үүдийг жаран жилийн турш манаж буй түүх энэ ээ.

Зуун гучаад жилийн өмнө монгол дархны урласан хос арслан БНМАУ-ын тусгаар тогтнолын тухай бүх ард түмний санал хураалт явуулсан тээр жил хээрээс “олдож”, номын рашааны охь булаг болсон МУИС-ийг ил далд аюул халдлагаас хамгаалан сахиж буй нь учир ерөөлтэй, бэлгэ дэмбэрэлтэй хэрэг бус уу?
.
н.Соронзон

No comments:

: