Monday, December 22, 2008

ОЮУН УХААНТ АХАН ДҮҮСИЙНХЭЭ ЭРЭЛД


“Харь гаригийн соёл иргэншлүүдтэй холбоо тогтоох, гаднаас мэдээлэл авах нь үйл ажиллагааны бүхий л тал шинжлэх ухаан, техник магадгүй, нийгмийн туршлага солилцоход ч ашигтай, хувьсгалжуулагч нөлөө үзүүлж болох юм. Хэдийгээр ойрын үед энэ талаар амжилтанд хүрэх баталгаа алга байгаа боловч энэ чигт ажиллахгүй бол хүн төрөлхтний хувьд ухаалаг бус хэрэг болно.”

Нобелийн шагналт Андрей Сахаровын "Дэлхий ертөнц тавин жилийн дараа" өгүүллээс.

Бид одоогоос 4 тэрбум 800 сая жилийн өмнөх дэлхийг эргэн харж чаддагсан бол далай тэнгис ч үгүй, хийн мандал ч үгүй тэгэхээр хөдлөх салхи ч үгүй "амьгүй" ертөнц үзэх байжээ. Тэр цагаас эхлэн урт удаан хугацаагаар үргэлжилсэн геологийн түүхийн нэгэн үед дэлхийн анхдагч хийн мандал бүрэлдэн цахилгаан ниргэлэг, цохих долгион, нарны хэт ягаан туяа, галт уулын илч дулаан, цацраг идэвхт задрал зэрэг энергийн элдэв үйлчлэлээр эрт цагийн дэлхийд нарийн зохион байгуулалттай органик молекулууд үүсэн бодисын алгуур хувьсгалын эцэст амьд эс гэгч гайхамшиг бий болжээ. Хэвлэлийн хуудаснаа хэдхэн мөрт багтаан бичсэн энэ үйл явц байгаль дээр олон зуун сая жил үргэлжилжээ.Хүчилтөрөгчит хийн мандал одоогоос 3800 сая жилийн тэртээ үүссэн тэр үед цөм бүхий эсүүдээс тогтсон биемахбодиуд (зукорит), 1000 сая буюу нэг тэрбум жилийн өмнө араг ясгүй цэлдэн аягийн анхны олон эстэн, 600 сая жилийн өмнө араг яст махбодиуд үүсчээ. Силурын галав буюу одоогоос 400 орчим сая жилийн өмнө амьдрал уснаас эх газарт дэлгэрч дунд төрмөлийн эхэн (200 гаруй сая жилийн тэртээ) гэхэд хөхтнүүд «мэндэлжээ». Үлэг гүрвэлүүд эгшин зуур сүирлийн шинжтэй сөнөж устсан нь 65 сая орчим жилийн тэртээд буюу цэрдийн галавын эцсээр байв. Үүнээс хойш залган авсан шинэ төрмөлийн эрин шим мандлыг дахин сүрхий өөрчилж, орчин үеийнх нь төлөвт ойртуулжээ. Хөхтний ноёрхол батжин хүний амьдралын эрин эхлэх нь энэ. Энэ үйл явц одоогоос 15 сая орчим жилийн өмнө буюу хүний хамгийн эртний өвөг болох Энэтхэгээс малтаж олсон рамапитек гэгч хагас бич-хагас хүн бий болсон тэр үед эхэлжээ. Хүний генийн тогтцын өөрчлөлтийн хурдыг тооцоолсны үндсэн дээр одоогоос 2,7 сая орчим жилийн өмнө хүн үүссэн гэж үзэх боллоо. Үүнийг нотолсон олдворуудыг палентеологичид олсон билээ.Хамгийн энгийн амьд биемахбодиос оюун ухаант хүнд хүрсэн энэхүү урт удаан хөгжлийн хөдөлгөгч хүч нь санамсаргүй, статистик шинжтэй хувьсамж (мутац), байгалийн шалгарал зэрэг үйл явц байлаа. Биохимичид амьд бодисын анхны «өөдөс» бий болгосон нийлмэл органик нэгдлүүдийн нийлэгшил ямар нөхцөлд, яаж явагддагийг ойлгоход тус дехөм үзүүлсэн олон сонин туршилт хийсээр байна. Амьд язгуур чанарын хамгийн нандин шинж болсон удамшлын нууцад нэвтрэн дезоксирибонуклейний болон рибонукпейний хүчлийн молекул байгууламж, залуур зүйн утга санааг тайлбарласан нь нийт байгалийн шинжлэлийн гайхамшигт амжилт болов. Байгалийн өөрийнх нь «бүтээл» оюун ухаант хүн гэгч эргээд байгаль дэлхий, орчлонт ертөнц, өөрийнхөө үүсэл, бүтэц тогтцыг гүнзгийрүүлэн судалж байгаа нь гайхалтай.

НАРНЫ АЙМГИЙН ТУХАЙ

Нарны аймаг есөн том, 2000 орчим бага гариг, олон арван сүүлт од, хий тоосонцор зэргээс тогтоно. Нарыг тойрон эргэх эдгээр есөн гаригийн нэг нь манай дэлхий билээ. Сүүлийн хэдхэн арван жилийн дотор нарны аймгийг нарийвчлан судалсан нь онолын төдийгүй цахилгаан соронзон долгионы бүхий л мужид ажиглалт явуулж баялаг мэдээ цуглуулсан, гариг хооронд автомат хөлөг төхөөрөмжөөр бусад гариг зарим сүүлт од тэргүүтнийг нүүр тулан шинжилсэнтэй холбоотой юм. Зөвхөн нэг жишээ авахад л АНУ-ын гариг хоорондын «Пионер-10», «Пионер-11», «Вояжер» хөлгүүд алс холын Бархасбадь, Санчир гариг орчимд аль1980-аад онд хүрэлцэн очиж телевизийн нэвтрүүлэг хийн, шинжлэх ухааны асар үнэ цэнэ бүхий едий тедий мэдээ илгээсэн билээ. Оросын гариг хоорондын автомат төхөөрөмжүүд ч Ангараг, Сугар гаригт бууж гайхамшигт мэдээ илгээсэн.Нарны аймгийн хамгийн захын гариг Дэлхий ван нарнаас 400 орчим одон орны нэгж зайд оршино. Одон орны нэгж гэж Нар, Дэлхий хоёрын хоорондох зайг хэлэх бөгөөд 150 сая орчим километр билээ. Орчлонгийн хамгийн хурдтай зүйл бол гэрэл. Гэрэл хоосон орчинд ойролцоогоор секундэд 300 мянган километр зай туулдаг. Тэгвэл Дэлхий Нар хоёрын хоорондох зайг гэрэл 8 минутад гэтлэх юм. Нарны аймгийн нэг захаас нөгөө захад гарахад гэрэл 11 цаг орчим хугацаа зарцуулна. Хэрэв нарыг таван см хөндлөн огтлолтой жижиг бөмбөг гэж санаандаа сэтгэн үзвэл манай дэлхий түүнээс 5 метр 40 см зайд орших, хагас миллиметр ч хүрэхгүй хөндлөн огтлолтой өчүүхэн үрэл болж таарна. Энэ харьцаагаар нарны аймгийн захын гариг 220 орчим метрийн алсуур эргэж байх юм. Өнөөгийн одон орон судлалын асар баялаг мэдээ сурвалжаас нарны аймагт дэлхийгээс өөр газар амьдрал, чухамдаа гэвэл оюун ухаант амьдрал, амьтан байхгүй гэдэг дүгнэлт гарч байна. Харин нарны аймгийн алсын аварга гаригууд, тэдгээрийн дагуулууд дээр амьдралын ямар нэг хөлдөнги хэлбэр байж болзошгүй гэж үзэж байна. Дүгнэвэл, юутай ч гэсэн нарны аймгийн цорын ганц оюун ухаантан, «эзэн» нь өнөөдөр 6 тэрбум даваад байгаа хүн төрөлхтөн бололтой.

ОДОТ ОРЧЛОНГИЙН ТУХАЙ

Хараа сайтай хүн шөнийн тэнгэрт 6000 орчим од үзнэ. Од бол халуун цөмийн урвалын дүнд еерөөсөе аварга их энерги ялгаруулдаг нар мэт эрхэс. Тэгэхээр нар бол бидэнд хамгийн ойр байгаа од гэсэн үг юм. Бид Нар хэмээн нэрлэсэн төв одоо тойрон эргэх Дэлхий хэмээх гариг дээр амьдран аж төрж сууцгаадаг. Өөр одод ч өөрийгөө тойрсон гариг бусад эрхэсүүдтэй байх нь магад бөгөөд гагцхүү асар хол зайтай оршихын улмаас ямар ч хүчтэй дуран авайд хүртэж ажиглагддагүй ажээ. Наранд ойрхон орших одны нэг нь дөрвөн гэрлийн жилийн орчим зайд орших Өмнөд хаалганы Гялаан хэмээх од юм. Секундэд 300 мянган километр, цагт нэг тэрбум 800 сая километр зай туулж чадах гэрэл бүтэн дөрвөн жил явж байж энэ одонд хүрэх нь байна.Нар, Өмнөд хаалганы Гялаан, мөн түүнээс арай зайтай орших Хөхдэй Мэргэн гэх зэргээр оддыг тоолж бүртгэсээр байтал 150 тэрбум орчим одод нэгдэн аварга их аймгийг үүсгэнэ. Үүнийг латинаар галактик, бид бол манай одот орчлон, бас заримдаа тэнгэрийн заадал гэж ярих нь ч бий. Манай одот орчлон бөмбөрцөг, зэзрэнцэг хэлбэрийн дэд аймгуудаас тогтох ба тэр хоёрын завсар орчим орших бид гадна талын зээрэнцэг хэлбэрийн ороодсыг дотроос нь ажиглахад энэ нь тэнгэрийн заадал болж харагддаг билээ. Шөнийн тэнгэрт цайвартан харагдах үүл мэт зурвасыг ажиглаагүй хүн байдаггүй биз. Энэ бол манай одот орчлонгийн зах хаяа болох хэдэн арван тэрбум одны нийлсэн их гэгээ юм. Тэнгэрийн заадлын нэг захаас нөгөө захад гарахад гэрэл 100 мянган жил зардгийг үзвэл үнэхээр аварга ертөнц ажээ. Тэгэвч манай одот орчлонд харьцангуй ойр орших Адаг чуулганы ордны их угалзан мананцар хэмээх өөр нэг одот орчлон хүртэл гэрлийн 2сая 500 мянган жилийн зайтайг бодвол энэ нь юуны аварга байх билээ. Нэг үгээр хэлбэл адаг чуулганы мананцар хэмээх 200 гаруй тэрбум одны аймгийн нийлсэн их гэрэл 2 сая 500 мянган жил явж байж бидний нүдэнд харагдаж байгаа нь тэр. Тэгэхээр бид энэ одот орчлонгийн 2 сая 500 мянган жилийн өмнөх «түүх»-ийг л харж суугаа юм байна шүү дээ.Өнөө үед том том дуран авайн ажиглалтад өртөх их орчлонт ертөнцийн зах хаяаг хааш хаашаа 10 тэрбум гэрлийн жилийн зайтай бөмбөрцөг мэтээр багцаалж байгааг, үүн дотор манай тэнгэрийн заадал мэт үй олон одот орчлон оршин байдгийг бодоход их бага гэгч үнэхээр харьцангуй бус уу?

АНХНЫ АЛХАМ

Оддын үүсэл, хувьсал, тогтцыг судалдаг их хөгжсөн орчин цагийн онолууд бий. Тэдгээрийн үндзс нь Эйнштейний алдарт харьцангуйн ерөнхий онол, квант механик хоёр болмо. Астрофизик, космолог зэрэг орчин цагийн эдгзэр сүрт онолуудын өдий төдий дүгнэлт, мөрдлөгөөс зөвхөн одод үүсч, насалж, мөхөх өөр өөрийн тодорхой тавилантай, мөн нар бусдаас юугаар ч онцгойрон ялгарах зүйлгүй эгэл жирийн нэг од мөн гэдэг хоёр дүгнэлтийг энд онцлон дурдах учир байна. Энэ хоёр дүгнэлтийг үндэс болгон авбал оддын үүсч насалж, мөхөх тавилан ч гэх юм уу жам дунд нартай төстэй зам туулсан үй олон однууд мөн л адилхан гаригийн тогтолцоотой болж тааламжтай нөхцөл бүрдсэн тэдгээрийн зарим дээр өмнө өгүүлсэн геологийн болон амьд байгалийн тэрбум, зуу зуун сая жилийн урт удаан хөгжил, хувьслын үйл явцын эцэст материйн хөгжлийн өндөр дээд нэгэн төвшин-оюун ухаант соёл иргэншил бий болно гэсэн санаанд тулж иржээ. Ийм соёл иргэншил хичнээн байж болохыг бащаалахаар аль хэдийнээс орлдсоор ирсэн бөгөөд астрофизикч Ф.Дрейк нэгэн томьёо гаргасан байдаг. Дрейкийн томьёо гэдэг энэ томьёо нэлээд субьектив багцаа шинжийн хэд хэдэн хүчин зүйлийн сонголтоос шалтгаалдаг. Бид манай одот орчлон буюу Тэнгэрийн заадлын 150 тэрбум одны 1\10 нь гаригийн тогтолцоотой, тэдгээрийн 1\10-д нь тааламжтай нөхцөл бүрдэн амьдрал нэгэнт үүссэн, түүнээс мөн 1\10 тутам нь оюун ухаант соёл иргэншлийн төвшинд хүрсэн, мөн 1\10 нь бидэнтэй нэгэн зэрэг амьдран оршиж байгаа гэхчилэн үзвэл манайх мэт 15 сая орчим соёд иргэншилт гариг байхыг бодож олно. Энэ бол ерөнхий ойлголт өгөх төдий багцаа үнэлэлт бөгөөд үнэн хэрэгтээ энэ тоо хэдэн арваас хэдэн зуу, мянга, сая дахин бага буюу их ч байж болзошгүй юм.Орчлонт ертөнц даяар байж болох үй олон соёл иргэншлүүдийн хөгжлийн төвшинг юугаар хэмжих вэ? Бодитой хэмжүүр юу байв? Оросын астрофизикч Н.С.Кардашев нэгж хугацаанд үйлдвэрлэх энергийг үндэслэх нь илүү бодитой гэж үзээд гурван түвшинд хуваан үзсэнийг эрдэмтэд дэмжих талдаа байдаг юм.Түүний багцаалснаар доод шатны соёл иргэншил манай дэлхийнхтэй хавьцаа эрчим хүчний үйлдвэрлэлтэй байх ба дунд шатных нь төв од буюу биднийхээр бол Нарныхаа цацруулж буй энергийг гадагш нь алдалгүй бараг бүхэлд нь ашиглаж чаддаг, дээд шатных нь одот орчлон буюу мөн манайхаар бол Тэнгэрийн заадлын оддын цацруулах бүх энергийг ашиглаж чаддаг болсон байх ажээ. Н.С.Шкловский гэж Орчлонт ертөнц, амьдрал, оюун ухааны талаар дэлхийд алдаршсан судалгаа хийж ном бичсэн нэртэй одон оронч байсан. Шкловскийн үзсэнээр манай дэлхийн соёл иргэншил хэвийн явцаар хөгжин, өөрийгөө сөнөөчихдөггүй юм бол хэдэн арван мянган жилийн дараа дунд шатанд, хэдэн сая жил гэхэд дээд шатанд дөхөж очих юм.Ийнхүү үзвэл бидний хүн төрөлхтөн цаашид хөгжих уудам их замын эхэнд байгаа ажээ.Од хооронд, одот орчлонд сүлжилдэн хэлхээ холбоо тогтоосон соёл иргэншлүүдийн их гэр бүл байдаг, түүнийг нь бид мэддэггүй байж ч болох юм. Бидний дохио дамжуулах арга хэрэгслээс огт өөр зүйл ашигладаг байж болох юм. Гэлээ ч хүн төрөлхтөн өөр ертөнц тийш дохио илгээх оролдлогыг хэдийнэ хийгээд байна. 1974 онд АНУ-ын Аресибо дахь 300 метр хөндлен огтлолтой аварга том радио дуран авайн тусламжтайгаар М-13 хэмээх бөөн одод тийш дэлхийн соел иргэншлийн талаар нэлээд мэдээлэл агуулсан дохио цацсан билээ. Хэрэв тэр дохиог М-13-ын оюун ухаантнууд саадгүй хүлээн авч, тайлж уншаад бидэнд хариу явуулсныг бид мөн хүлээн авч уншжээ гэхэд хамгийн багадаа 48 мянган жилийн хугацаа зарцуулах юм.Түүнчлэн дээр дурьдсан «Вояжер» хөлөгт дэлхийн соёл иргэншлийн талаархи дүрс бичлэг бүхий хальс, гэрэл зургуудыг байрлуулсан байна. Дэлхий дээрх янз бүрийн дуу авиа, манай соёл иргэншлийн танилцуулга болсон 118 ширхэг гэрэл зураг, цаг хагас үргэлжилэх хөгжмийн нэвтрүүлэг, дэлхийн 60 улсын хэл дээр бичсэн мэндчилгээ гэх зэргийг тэнд багтаажээ. Хэдийгээр энэхүү «захиа»-г өөр ертөнцийн оюун ухаантнууд хүлээн авч танилцах магадлал өчүүхэн бага ч гэсэн хүн төрөлхтний гайхамшигт нэгэн мөрөөдөл оюун ухаант ахан дүүсээ эрж хайх оролдлогод анхны алхам болсон билээ.

No comments:

: