Monday, December 8, 2008

Монголчуудын сэргэн мандалт


Л. Н. Гумилёвын Эрчимт хүчний онолоор Монголчуудын хүчирхэгжилтийн үе буюу Оргил үе шувтарч бутрал, шарын шашин, Манжийн эрхшээлийн үе гэсэн гудайлт, уруудалт, уналт, шувтралтын үеүдийг дамжин өнгөрлөө. Тэдэнд эцэг өвгөдийнх нь баатарлаг түүхээс зөвхөн сайхан дурсамж үлдсэн бөгөөд бие биенээ эрс үгүйсгэсэн асар их харгислал, цусан балчиг, ертөнцийн хүлээснээс ангижрах гээд харин ч өөрийгөө баглан битүүмжилсэн шарын шашны мухар сүсгийн үе, хээл хахууль, мөнгө эрх мэдлээс болж бие биенээ дайсанд барьж өгч, өөрсдөө бусдын идэш болсон Манжийн талхидлын гутамшигт үеүдийг тус тус дамжин өнгөрсөөр аминч хүмүүс нь харх шиг олширсон арчаагүй хүмүүс болж хувирчээ.

Үнэхээр тэдэнд Түлхэлт л гол аврал нь болох ёстой байв. Тэр түлхэлтийг өмнөх шигээ угсаатан дотроо тэсрэлт явуулж бий болгох уу? Үгүй ээ, яагаад гэвэл Монголчууд өөрсдийн Супер этнос шинжээ алдаад 500 жил болчихжээ. Ингэхээр тэд гаднаас ирэх түлхэлтийг нь хүлээх болно. Хойшид ч тийм байх ёстой болжээ. Яагаад гэвэл шинжлэх ухаан, техник технологийн шинэ шинэ хувьсгалууд гарч хүн төрөлхтний нийгмийн хөгжлийн ялгааг өдөр шөнө шиг болгожээ. Дэлхий дахиныг зөвхөн хөгжил дэвшил, мөнгө-хөрөнгөний төлөө эцэс төгсгөлгүй эрээ цээргүй өрсөлдөөн нөмрөн авч энэхүү өрсөлдөөнөөс буурай хөгжилтэй, жижигхэн улс орнууд товойн гарах ямар ч бололцоогүй болжээ. Харанхуй бүдүүлэг европын улс орнууд шинжлэх ухаан, техникийн хувьсгалын үр дүнд хүчирхэгжин мандан дэлхийн бодлогыг тодорхойлох Их гүрнүүд болон хувирчээ. Энэ түлхэлт Өмнө-Хойно хоёр цэгээс зэрэг болж Монголчуудын ХХ зууны сэргэн мандалтын сэтгэлгээний эхлэлийг тавьжээ. Түүхч, судлаачид Монголын ХХ зууны түүхийг сэргэн мандалтын үе гэж дүгнэдэг. Энэ нь эх оронч шинж чанартай сүржин нэр томъёо юм шиг бодогдож болох юм. Учир нь Сэргэн мандалт буюу Ренесанс нь юуны өмнө урлаг, шинжлэх ухаан, хүний оюун санаанд гарсан хувьсгалт өөрчлөлттэй илүү холбоотой, нийгмийн шинж чанартай нэр томъёо гэж зарим хүмүүс үздэг. Нийгмийн үйл явцуудыг тодорхойлдог реформ, хувьсгал, өөрчлөлт, хөгжилт, хувьсал, дэвшил маш олон нэр томъёо байдаг. Гэтэл яагаад сэргэн мандалтыг зориуд сонгож авсны учрыг сүүлд тодорхойлъё.

ХХ зууны эхэн үе бол үнэхээр махчин зэрлэг үе байлаа. Энэ үед хүчтэй нь хүчгүйгээ барьж иддэг ширэнгэний хууль үйлчилж Хятад гэдэг асар том нутагтай, шороон түмэн хүн бүхий том зах зээлийг дэлхийн их гүрнүүд яг л цөөвөр чоно шиг тал талаас нь мэрж байлаа. Хятадын Манж улсын хатан хаан Цыси ХIХ зууны сүүл үеэс их гүрнүүдэд өөрийн газар нутгаа хүн амтай нь цуг худалдах “алсын хараатай бодлого” явуулжээ. Ийнхүү Хятад нь үй түмэн хүмүүсийн хөдөлмөр хүч, зах зээлийн нөөц баялагаа их гүрнүүдэд зэрэг соруулсан маш том улс болж хувирлаа. Хятадын ард түмний амьдралд энэ нь маш хүнд тусч байсан нь шороон түмэн Хятад хүнтэй, их гүрнүүдийн жижиг концессүүд нь тэр үедээ Хятадын улс төрийн бодлогод хэрэгтэй, хойшдоо үлдэх бэлэн техник технологи, үйлдвэр нь Хятадын хөгжилд маш хэрэгтэй байсан юм. Иймээс Хятад их гүрнүүдэд эзлэгдээгүй ердөө л янхан шиг биеэ худалдсан улс байлаа. Хятадыг хувааж идсэн Их гүрнүүд XIX зууны II хагасаас Кавказын нуруунаас Хянганы нуруу хүртэл орших Иран, Азербайжан, Афган, Дундад ази, Балба, Төвд, Монголд өөрсдийн ноёрхлоо тогтоох гэж өрсөлдөцгөөв. Энэ өрсөлдөөнд Их гүрнүүд нууц гэрээ, хуйвалдаан, дипломат арга хэмжээ, цэргийн түрэмгийлэл гээд л хэрэглэж болох бүх аргуудыг хэрэглэх болов. Энэ нь шинж чанараараа арга заль, ов мэх, нарийн ухаан аль алиныг нь тэнцүү шаарддаг “Хөзрийн тоглоом”-той адилхан байлаа. Харин тэр “Хөзрийн” золионд гаргахад харамсахааргүй жижиг моднууд нь жижиг буурай улсууд тухайлбал Монгол байв. Тэр үеийн улс төрийн үйл явцыг 1842 онд Артур Конноли “Их тоглоом” хэмээн ёгтлон бичжээ.

Харин Манж Чинь улс өөрсдийн колониуддаа хамгийн эхээр санаа зовж байсан нь Манжийн бодлого Хятадчилагдсаны нэг тод илрэл байжээ. Манж нар нүүдэлчид байсан болохоор өвөг Зүрчидийнхээ нэг адил маш амархан уусчихжээ. Тиймээс ХIХ зууны сүүлээс эхлэн Манж нар Монголыг Хятадын нүдээр харлаа. Энэ нь дундад зууны газар тариалан хөгжсөн Хятадуудын Монголоос эмээсэн нүд бус аж үйлдвэр, төмөр зам хөгжиж буй Хятадуудын маш шуналтай нүд байлаа. Иймээс 1900 оны 8 сард Манжийн хаан Бадаргуулт төрд (Үнэндээ Цыси-д) шинэчлэл хийх бодрол цогцолбор бичгийг хэсэг сэхээтнүүд барьжээ. Түүнд Монголчуудтай хамаатай нь “Шинэ засгийн бодлого” байв. Шинэ засгийн бодлого нь нэлээд удаан хугацаанд хэд хэдэн үе шаттай үргэлжлэх ёстой байсан бөгөөд хамгийн гол зорилго нь Монголчуудыг богино хугацаанд уусган, газар нутгийг нь эзэмших явдал байлаа. Шинэ засгийн бодлогод Монголд төмөр зам байгуулж түүхий эд, байгалийн баялагийг нь тээвэрлэх гарц бий болгох, Монголын зонхилох шарын шашны байр суурийг багасгаж Хятадын соёл, шашин /Бумбын шашин/, бичиг үсгийг дэлгэрүүлэх, үүний дараа Хятад иргэдийг маш олноор нь оруулах гэх мэт шат дараалсан үйл ажиллагаа багтаж байв.

Шинэ засгийн бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор Бээжинд 1906 онд “Нүүлгэх ажил эрхлэх тусгай товчоо”-г байгуулсан бөгөөд энэхүү товчоо Монгол дахь хүн ам, мал сүрэг, газар нутгийг бүртгэн дансалсан “Хязгаар нутгийн ойллого бичиг” гэдэг олон боть номыг 1907 онд гаргажээ. Энэхүү Монголын тухай дэлгэрэнгүй толийг хаан сайшааж “Монгол нутгийг хагалбарлан тариа тарих тухай” зарлигт гарын үсэг зуржээ. Зарлиг ёсоор “Нүүдлийн хэрэг эрхлэх товчоо” байгуулагдаж зохион байгуулалттайгаар Хятадын хойд захын мужуудаас ядуу иргэдийг олноор нь оруулах бэлтгэл ажил хийж эхлэв. Ийнхүү Хятадууд аймшигт царцааны нүүдэл лугаа адил Өвөрмонголын өмнө зүгийн аймаг хошуунуудад олноороо нэвтрэн орлоо. Өвөрмонголчууд үүнийг эсэргүүцэж энд тэнд тэмцэл хөдөлгөөн өрнүүлж байсан ч нэгдсэн удирдлагагүй, хүчирхийллээс болгоомжлон хий дэмий бухимдцгааж байв.

Шинэ засгийн бодлогыг хэрэгжүүлэх бүрэн эрхт төлөөлөгчөөр Бээжингээс Сандоог томилон 1910 оны эхээр Их хүрээнд ирүүлжээ. Сандоо 1911 оны эхээр Манжийн үеийн төрийн нүсэр том аппаратын эрхийг түр түдгэлзүүлж эдийн засаг, аж ахуй, улс төр, соёлын бүх салбаруудаар 20 орчим тусгай хороо гэгчийг байгуулж колоничлогчдын товчоонд захируулснаар Халхын бүх аймаг хошуудыг хянах бүх эрхийг Сандоо амбан өөрийн гартаа авчээ. Үүний улмаас 200 гаруй жилийн турш хээл хахууль, албан тушаал, зэрэг хэргэмээрээ өрсөлдөн Манж хаанд үнэнчээр зүтгэж байсан Монголын ихэнх ноёдын дургүйг ихэд хүргэн тэртэй тэргүй эсэргүүцэн тэмцэхэд бэлхэн байсан ард түмэнтэйгээ нэгдэх үндсийг тавьсан юм. Шинэ засгийн бодлого нь олон мянган жил нүүдэлчидтэй харилцаж тэдний зан аалийг сайтар мэддэг гэж өөрсдийгөө үздэг Хятадуудын, түргэдэж хийсэн ээлжит алдаатай бодлогуудын нэг нь байлаа. Тэр үеийн монголын нийгмийн хамгийн манлайлагч хэсэг нь сэхээтний давхрага байлаа.

Сэхээтэн гэж хэн бэ? Еврейн соёл судлаач Ж. Бенда “Оюун ухааны урвалт” гэдэг зохиолдоо “Сэхээтнүүд бол анги, улс төрийн бүлэглэл, үндэстэнгүүдийн хоорондын үзэн ядалтыг хөөргөн дэвэргэж байдаг нийгмийн хамгийн зохион байгуулагдсан давхрага. …Орчин үе бол улс төрийн хүчнүүдийн хоорондын үзэн ядалтыг оюун санааны хувьд зохион байгуулж буй цаг үе юм. Сэхээтнүүд хууль ёс, үнэн зүйлд итгэдэггүй атлаа “Хэрэв манай улс буруу замаар явж байлаа ч бид үүнийг зөвөөр ойлгох нь ойлгох ёстой” хэмээн номлодог. Тэд гадаадынхныг дорд үзэж догшин түрэмгий зан авирыг өргөмжлөн, инстинктийн давуу талыг магтахын зэрэгцээ оюун ухааныг хамгийн их хүсэмжилдэг. Иймд сэхээтнүүд “Оюун ухааны идэвхт чанар үндэсний эрх ашгийн хүрээнд хүцэнгүй байх ёстой” гэдэг учраас эксонофоби үзлийг (гадаадынхныг үзэн ядах үзэл) ашигтай гэж үзжээ” хэмээн сэхээтнүүдийг дүгнэсэн байдаг.

Харин ХХ зууны эхэн үеийн Монголын сэхээтнүүдийг ертөнцийг соёлоос ангид тасарсан шашны боловсролтой хүмүүс байсан боловч энэ хоцрогдлоо аль болох түргэн арилгахыг туйлаас их хүсэж, энэ хөдөлгөөнийг Монголын сэхээтнүүдийн элит хэсэг тэргүүлж байсан. XYIII-XX зууны дэлхийн соёл иргэншил бол Европын бүтээлч-Элит хэсгийн хөдөлмөрийн үр дүн юм. Тэдний бүтээсэн нийгмийн тогтолцоонд Mass буюу олон түмэн идэвхгүй хэсэг байж, хэн нэгнээр хөтлүүлэн жолоодож байхын тулд л байдаг. Хэрэв ингэхгүй бол олон түмэн Хаос буюу эмх замбараагүй хэсэг болж хүн төрөлхтөн хамаг үнэт зүйлсээ алдана гэсэн үг. Иймээс олон түмэн өөрийн амьдралаа шилмэл цөөнхөөс бүрдсэн дээд давхрааныханд бүрэн захируулж нийгэм эмх журамтай байдаг. Тэр цөөнх нь элитүүд үү? Сэхээтнүүд үү? гэдэг дээр түүх зангилгаа олон асуудлуудыг бий болгожээ.

1911 оны 7 сард Богд гэгээнд даншиг өргөх Халх ноёдын ээлжит чуулган болж, ноёдууд шинэ засгийн бодлогыг хэрхэхийг авч хэлэлцсэн байна. Үүгээр халх ноёд хоёр үзэл бодолтой байсан ч ихэнх нь шинэ засгийн бодлогыг эсэргүүцэж , шашин төр, үндэс-угсаа, газар нутгаа хамгаалж тусгаар тогтнох арга зам хайхыг хүсч байлаа. Энэ нь Монгол угсаатанд олон жил үгүйлэгдэж байсан эрчимт хүмүүс цагийн аясын нөлөөгөөр нийгэмд өөрсдийн байр суурийг бэхжүүлэх гэсэн анхны түүхэн том явдал байсан юм. Тийм хүмүүст Түшээт хан аймгийн туслах жанжин Ханддорж, Түшээт хан Дашням, Түшээт хан аймгийн чуулган дарга Чагдаржав, Их шавийн Да лам Цэрэнчимэд, Сайн ноён хан Намнансүрэн, Өвөрмонголоос ирсэн занги Дамдинсүрэн, ван Удай, түшмэл Хайсан гэх мэт шилдэг элитүүд байснаас олныг хамгийн чадварлагаар байлдан дагуулж чадах (харамсалтай нь шашин шүтлэгээр) хүн бол YIII Богд Жавзандамба хутагт байлаа. Эдгээр эх орончдын идэвх зүтгэлээр “Монголыг тусгаар тогтноход Цагаан орос туслалцаа үзүүлнэ үү” гэдгийн үүднээс Монголын Богд хутагт, Халхын 4 хан нар 1895, 1900, 1911 онуудад 3 удаа элч илгээжээ. Ханддорж, Да лам Цэрэнчимэд, Хайсан нарын 1911 оны 7-р сард Хаант Орос улс руу авч явсан бичигт “Шашныг мандуулагч, амьтныг жаргуулагч Жавзандамба хутагт лам, Халхын Түшээт хан Дашням, Сэцэн хан Наваанцэрэн, Засагт хан Содномравдан, Сайн ноён хан Намнансүрэн нар хичээнгүйлэн Их Оросын цагаан хааны амар амгаланг эрж үнэн байдал учрыг гарган айлтгах нь. …Монголын хан, ван засгууд өөр өөрийн албат арддаа эзэн болж газар орны ашгаа өөртөө эдэлж маш амар тайвнаар аж төрж буй дор ойроос янагш Хятад түшмэд эрхийг барьж улсын хэргийг элдвээр самууруулахын дотор ялангуяа шинэ засгийн дүрэм хэмээн нэрийдэж завшаалд Монгол орны газар нутгийг ашиглан тариа тарьсугай хэмээн хуучин хэв суртлыг эрх хүчээр бууруулан бүрэлгэх нь үнэхээрийн гашуун. Их Орос улсын цагаан хаан эрдэм өршөөлөөр аугаа хүчин нэн ихийн дээр шарын шашныг бадруулж буян чуулганыг хязгаарлашгүй хураах тул урьд ноёдын гуйснаар их улсад шүтэж, бага улсын ёсоор харилцан туслалцваас бидний хуучин хэв суртал алдагдахгүй бөгөөд шарын шашин нэн бадарч ашид амар тайван баймуй. Ийм санаа хүсэлтэй нь Өвөр Монголд бас үлэмж буй. Өдгөө учрыг гаргаж туслах хамгаалахыг эрсүгэй хэмээн олноор санаа нийлж зөвлөлдөн тогтсон. Үүн дор Лам би санаваас урьд хожид байдал төлөв үнэн бөгөөд миний бие санаа мөн адил хянахуй олон улсын хуульд аливаа дорд бага улс болбоос чийрэг их улсыг шүтэж, өөртөө тогтох их улс болбоос дорд бага улсыг тэтгэн туслах ёс буй тул учрыг гарган бичиг өргөж тусгайлан жанжин чин ван Ханддорж, Да лам Цэрэнчимэд, түшмэл Хайсан нарыг зарсны тул Их хаан үнэн байдал төлөвийг нэвт толидон агуу өршөөлөөр нигүүлсэн үзэж даруйхнаа туслахыг их ганд бороог хүсэх адил сүслэн гуйж өчүүхэн блэг сэлтийг хичээнгүйлэн өргөв. Цагаагчин гахай жилийн зуны сүүл сарын 4” гэсэн байдаг.

Хаант Орос улс энэ асуудалд түдгэлзсэн байр сууринаас хандаж, Их гүрнүүд Төв ази, Алс дорнодын талаар ямар байр суурьтай байгаа, түүнийг хэрхэн ашиглаж болохыг анхааралтай ажиглаж байсан юм.Төв ази болон Алс дорнод нь их гүрнүүдийн улс төрийн бодлогоос нэлээд хол байсан ч шинээр их гүрнүүдийн тоонд зүй ёсоор орж байсан Япон, өөрийнхөө нөлөөг дорно дахинд хэвээр нь хадгалж үлдэх гэсэн их Орос хэмээх хоёр улсад энэ бүс нутаг нэн хэрэгтэй байлаа.Орос улс дээрх нутагт нөлөөгөө тогтоохын тулд судалгаа шинжилгээний ангиудыг олноор нь илгээх уламжлалт аргаасаа гадна буриадуудыг их ашиглаж байжээ. Тухайлбал, Оросын хаан III Александрын хувийн эмч, үзмэрч Агийн дацангийн лам Петр Бадмаев. Тэр “их Орос улсад Монгол, Төвд, Хятадыг нэгтгэх тухай” хэмээх төлөвлөгөө боловсруулан хаанаас 2 сая рублийн санхүүжилт авч Чита, Буриад, Монгол, Төвд, Бээжингээр 3 жил аялжээ. Үүнийхээ дараа Оросын хаан II Николайд шинээр барьж буй Транссибирийн төмөр замын зүүн салааг Сэлэнгэ мөрөн, Монголоор дамжуулан Төвд рүү чиглүүлэхийг ятгасан боловч II Николай их гүрнүүдээс болгоомжлон зөвшөөрөөгүй бөгөөд Транссибирийн төмөр замыг (1891-1894 он) 3 жилийн дотор Уралын нурууг Владивостоктой холбожээ. Гэхдээ Петр Бадмаев XIII Далай лам, YIII Богд нарыг Хаант Орос улстай холбогч ганц хүн байсан ба түүний нөлөөгөөр хожим Монголын төрөөс урвасан шанзов Бадамдорж Да лам байхдаа 1895 онд XIII Далай лам 1908 онд тус тус Орост очиход нь зуучилж байжээ. Оросууд Манж Чинь улсад шахалт үзүүлэн 1896 оны YI сарын 3-нд нууц гэрээ байгуулан Дорнод Хятадын төмөр замыг үргэлжлүүлэн барих онц эрхтэй болжээ.

Мөн Японы тал ч зүгээр суусангүй. 1868 оны Мэйжи-ишиний сэргэлтийн үр дүнд Японд аж үйлдвэр, шинжлэх ухаан-технологи хөгжиж ХIХ зууны төгсгөл үе гэхэд Эртний уламжлалт улс төрийн тогтолцоогоо хадгалан үлдсэн аж үйлдвэржин хөгжиж буй дэлхийн шинэ их гүрэн болж чаджээ. Япон улсын эзэн хааны нэрийн өмнөөс улс төрийн бодлого явуулдаг нууц зөвлөл буюу Генро нь Алс дорнодод идэвхтэй үйл ажиллагаа явуулж, Солонгос, Зүүн хойд Хятадыг өөрийн эрхшээлдээ авчээ. Япон, Орос хоёр ийнхүү Алс дорнодод сөргөлдөн зогссон нь тэднийг 1904-1905 онд Орос-Японы дайнд хүргэж Орос энэ дайнд их хохиролтойгоор ялагдал хүлээжээ. Дайны дараа болсон Портсмутын найрамдлын хэлэлцээгээр Монголын тухай заасан зүйл нь хожим Монголчуудын хувь заяаг сөргөөр шийдвэрлэх аюултай тохиролцоо байсныг Монголчууд огт мэдээгүй юм.Монголчууд хоёр хөршдөө болж буй улс төрийн үйл явцыг чадварлагаар ашиглан маш богино хугацаанд тусгаар тогтносон шинж чанартай болж чадав.

Ялангуяа Учаний хөрөнгөтний хувьсгалыг тэд ашиглажээ. Ингэхэд нь 1. Өвлийн хахир хатуу цаг байсан тул үймээн самуунтай байсан Хятад оронд Монголчуудыг анхаарах зав байсангүй. 2. ХОУ Монголд өөрийн нөлөөгөө тогтоох сонирхол, Монголчуудын тусгаар тогтнох гэсэн хоёр сонирхол нийцэж байсан нь нөлөөлжээ. Энэ хоёр нь дан ганц гадаад нөхцөл ч Монголчууд дотооддоо хөгжин дэвших чадавхитай байлаа. Үүний тулд Монголчууд маш түргэн хугацаанд шинэ байдалд тохирсон үндэстний хэв шинжээ бүрэлдүүлэх, тусгаар тогтнолоо дотооддоо баталгаажуулах, нийгэмд шинэчлэл хийх гэх мэт маш их ажил хийх ёстой байв. 1911 оны 11-р сарын 28-нд байгуулагдсан “Бүгд Хэргийг түр ерөнхийлөн шийтгэгч газар” нь сарын дараа 5 яамтай Засгийн газар болж 1913 оны 7-р сард анхны ерөнхий сайдаа томилон цааш цаашдаа өргөжиж монгол улсын төрийн бүрдэл хэсгүүдийг бий болголоо.

1913 оны 9-р сарын 17-нд 26 хүний бүрэлдхүүнтэй Монголын төр засгийн төлөөлөгчид Хаант Орос улс руу айлчлахаар явахдаа Түшээт хан аймгийн Далай Чин вангийн өндөр Гонгор, Эрдэнэ бандид хутагтын шавийн өндөр Цэрэнжанцан нарыг дагуулж явахдаа тэр хоёрт тус бүрт нь 45 хурганы нарийн арьсаар доторлосон нацагдорж хээтэй хөх торгон дээл, жанжин малгай (тэр үеийн цэргийн малгай), цэрэг урт сэлэм, модон хуйтай богино буу зүүлгээд, хувийн гоёлд нь Далай Чойнхор вангийн урчуудаар угалз хээтэй хаш чулуун соруултай гаанс, хэт хутга, мөнгөн аяга тус тус хийлгэн хиагаараа авч явж Марианскийн театрт дагуулж очиж байсан нь жижиг орны төлөөлөгчийн дипломат нарийн арга хэрэглэсний нэг жишээ билээ. Монгол Улсын Засгийн газар 1913 оны өвөл ХОУ-тай анхны гэрээ хэлэлцээр байгуулаад нэлээд хэмжээний зээл туслалцаа авч нийгэмд хийх шинэчлэлээ эхэллээ. Богд хаант Монгол улсын үед хийгдсэн шинэчлэлүүд нь голдуу төрийн байгуулалд хандаж байв. Төрийн байгуулалд шинэчлэл хийхдээ европ маягийн загварыг сонирхож Намнансүрэн, Ханддорж чин ван нар Ж. Цэвээн, Дандаа чинсан нараар Европын улс төрийн боловсрол өндөр хөгжсөн улс орнуудын төрийн тогтолцоо, хуулиудыг орчуулуулж Монголд нэвтрүүлэх анхны оролдлого нь 1914 онд байгуулсан “Улсын дээд, доод хурал” байлаа. Дорно дахины улсуудад консерватив шинж давамгайлж байдаг тул энэхүү парламентын анхны байгууллага нь нийгэмд төдий л нөлөөлж чадахааргүй байв. Японы 1871 оны үндсэн хууль, Парламенттай бараг адилхан шинж чанар бүхий, Азид гурав дахь нь болсон Монгол улсын энэ парламент нь хууль батлахгүй, хууль санаачлан зөвхөн Богд хаанд зөвлөх эрхтэй байгууллага байжээ. Парламентаас ялгаатай нь сонгогдохгүй, Угсаа язгуур, авьяас билэг, эр зоригийг нь харгалзан томилдог байсан. Дээд хурлын гишүүд нь бүх сайдууд, Шанзав, Да лам, Хангууд, засаг ноёд, тайж язгууртнууд, мяндагтан лам нар байсан ба ерөнхий сайд дээд хурлыг даргалдаг. Харин доод хуралд яамдын дэс түшмэл, цэргийн дарга нар гэх мэт дунд давхрааныхан оролцож ерөнхий сайдын томилсон тусгай түшмэл тус хурлыг удирдаж байжээ.Энэ хурлууд олон хууль гарган 9 эрүүг халж (1914 онд), улсын төсөв санхүүг бүрдүүлж, тогтмол хэвлэлийг бий болгон, төрийн бэлэгдэл ёс заншлийг хуульчлан баталж, тусгаар тогтнолын бэлэг тэмдэг Мэгжиджанрайсэгийг босгосон гээд л том том шинэчлэл хийсэн боловч үүнээс илүү их зүйл хийх бололцоо алдсан юм. Учир нь нийгмийн дээд давхраанд эрчимт хүмүүс маш цөөхөн, аминч хүмүүс зонхилж байснаас Үндэстний сэргэн мандалтын галыг бүрэн гүйцэт асааж чадаагүй юм. 1916 онд төрийн дээд албан тушаалуудад гарагсад Манжийн үеийнх шигээ улсын хөрөнгө мөнгө хамаагүй үрэх, хахууль авах шинэлэг санаануудыг үл дэмжин эх орончдыг хавчих нь ердийн үзэгдэл болжээ. Тусгаар тогтнолын хөдөлгөөний лидерүүд болох Да лам Цэрэнчимэд, Түшээт хан Дашням, Засагт хан Содномравдан, ГЯЯ-ны сайд Ханддорж чин ван, Сангийн сайд Чагдаржав, Цэргийн яамны сайд Гомбосүрэн, Ерөнхий сайд Намнансүрэн, Хайсан гүн нар зуурдаар нас барсныг судлаачид хорлогдсон байх гэж таамагладаг. “Хувьсгал хийсэн лидерүүд нь өөрсдийн байгуулсан төрийн машиныхаа золиос болдог” гэсэн түүхэн санамсаргүй хууль тусгаар тогтнолын төлөө хөдөлгөөний явцад ийнхүү хэрэгжиж эхэлсэн төдийгүй дараагийн нийгмийн хөдөлгөөн, хувьсгалд халджээ. 1911 онд олсон тусгаар тогтнол нь маш хэврэг байснаас 1919 оны өвөл Хятадууд маш амархан цэргийн хүчээр эрхшээлдээ оруулав. Энэ нь Монголчуудад өмнө зүгээс өдөөсөн эрчимт хүчний түлхэлт байжээ. Учир нь автономитыг устгасан их баяр ёслол нь Монголын бүх давхрааны уур хилэн, бухимдлыг дэгдээж эрх чөлөөний сэтгэлгээ, эх оронч үзлийг нь улам бадрааж дургүйг нь хүргэжээ. Үүний үр дүнд 1921 онд үндэсний ардчилсан хөдөлгөөн болсон ба одоо ч судлаачид нийгмийн үйл явцыг юу гэж дүгнэх вэ гэдэг дээр янз бүрийн байр суурь дээр байдаг. Үндэсний ардчилсан хөдөлгөөн, Импортын хувьсгал, социалист шинж чанартай хувьсгал гэх мэт аль нь вэ? гэдгийг дүгнэхдээ бус харин нийгмийн энэ үйл ажиллагаа нь Монголчуудын амьдралд цаашид хэрхэн нөлөөлсөн, ямар дэвшил, доройтлыг авчирсан гэх мэт үр дүнгээр нь дүгнэх хэрэгтэй болов уу?Ямар ч гэсэн шинэ зууны босгон дээрээс харахад 1921 оноос хойшхи Монголд хийгдсэн шинэчлэл өөрчлөлт нь хөгжил дэвшил, гай гамшиг, буурал доройтол аль алиныг нь авчирчээ. Харин хэдэн зуун жилээр хоцорсон байсан Монголчууд бид өсөж үржин эрүүл ард түмэн болж боловсрол, шинжлэх ухаан, аж үйлдвэрийн соёлын тодорхой түвшингүүдэд хүртлээ хөгжиж ирсэн юм. 1921 оны Үндэсний ардчилсан хувьсгал нь 1911 оны үйл явдлын шууд үргэлжлэл байсан учраас Монгол үндэстний сэргэн мандалтыг үргэлжлүүлж “Ялсан пролетариудын тусламжаар буурай улс орон нийгмийн нэг үе шатыг алгасан Нийгэм журамд (Коммунизм, Социализм) шилжиж болно” гэдэг үл гүйцэлдэх туршилтын онолыг ХХ зууны 70 жилийн турш хэрэгжүүлэх гэж оролдон сүүлд нурж унахдаа Хүйтэн дайны үеийн 2 системийн өрсөлдөөн, Социалист системийн орнуудын баялагаа шудрага бусаар хуваалцдаг өвөрмөц тогтолцоо зэргийн ачаар 1990 он гэхэд Боловсрол, Шинжлэх ухаан, Эрүүл мэнд тогтолцоо өндөр хөгжсөн улсуудын тоонд зүй ёсоор орсон улс байлаа.

Коммунист систем юунаас болж унасан тухайд, уг ситемийн тогтолцоо буруу байсан, улс төрийн дарангуйлал хүчтэй байсан гэх зэргээр бидэнд хэвшмэл ойлголт болж хоногшсон тайлбарууд шууд орж ирэх байх. Харин оросын нэрт сэтгүүлч В. Листьевийг мат үрэгдсэнд гашуудан “Аргумент и Факты” сонинд “Орос маягийн Посткоммунизм. Урьд яг үнэндээ энд ямарч олон нийтийн юм байгаагүй. Одоо ч байхгүй. Хэзээд бүх юм ганцхан ТЭД-энд харъяалагдаж ТЭД-ний мэдэлд байв. Нийгмийн бүх давхрагын бие сэтгэлийн эрч хүчийг гагцхүү ТЭД л сорон авч материаллаг байдалд оруулан өөртөө завшиж байсан. Коммунистуудад яагаад өөрчлөн байгуулалт, Капитализм, Эрх чөлөө, Ардчилал хэрэгтэй болсон юм бэ? энд хоёр л шалтгаан бий. 1-рт, Бууны сум, ГУЛАГ олтригийн шоронгоор зүрхийг нь зүссэн ард түмнээс авах ёстой юм болгоноо авсан. Ийм ч учраас дахин яаж ч шахсан ийм ард түмнээс дахиад ганц ч “дусал” гарахгүй. Ийм боолчлолыг өөрчлөх хэрэгтэй гэдгийг ТЭД ойлгосон. 2-рт, Коммунистууд Капитализмыг сэргээн амьдруулах шаардлагатай болсон. Яагаад гэвэл ХХ зууны чөлөөт нийгэмд ТЭД нэгэнт хуримтлагдсан баялагийнхаа дотор үзэл суртлынхаа улмаас хоригдол шиг амьдрахыг хүссэнгүй. ТЭД бүр Сталин, Брежневийн үед хөрөнгөтнүүд болчихсон байсан. Тэр үеэс ч өөрийнхөө хөрөнгийг тортой төмөр бетон хашаанд нуун өөрөө өөртөө бөөнөөр нь хорих лагерь байгуулсан. Гэтэл энэ луйварчдад Коммунист хуулийн дор нуугдаж байх нь цаашид уйтгартай санагдсан хэрэг. Иймээс цаашид дээрэмдсэн зүйлээ хууль ёсны болгож чөлөөтэй амьдрахыг хүсцгээсэн. Үүний үр дүнд ТЭД улс орныг эзэгнэж ард түмнийг төр засаг, өмчтэй нь хувьчилж авсан” гэж бичжээ. Москвад ханиалгахад Улаанбаатарт найтайдаг гэдгийн адил Монгол оронд ардчилал бараг ийм замаар гаднаас орж иржээ. Учир нь жижиг орон түүхэн жам ёсыг сөрөн алхдаггүй түүнийг цаг хугацаанд нь зөв ашиглаж чадвал хождгийн үлгэрээр бидний ахмад үе өөрсдийн хөдөлмөрөөрөө ЗХУ-аас 1921-1990 онд 10 тэрбум шилжих рублийн (Жилд 250 сая $ буюу нийт төсвийн 70%) зээл, тусламж авч өөрсдийн тулгамдсан олон асуудлыг шийдэж чадсан юм.

1990 оны ардчилсан хувьсгал Монгол улсад маш их дэвшил, өөрчлөлтийг авчирчээ. Бид дэлхийн олон улсуудаас хөгжлөөрөө хаана нь явж байгааг мэдэж, үзэл суртлын хүнд дарамтаас гарч, эрх чөлөөг жинхэнэ утгаар мэдэрсэн ч “жижиг орны жижиг улс төрийн” улмаас багагүй хохирол амссан. Тухайлбал, 1990 он гэхэд Монгол улс 25 сая толгой малтай, 370 тэрбум ₮-ийн орон сууцтай, 900 тэрбум ₮-ийн 400 гаруй том жижиг үйлдвэртэй хоёрхон сая хүн амтай монголчууд, хөрөнгийг нь тоолохоос өмнө тоносон Оросын цэргийн баазтай, 1991-199 онд 932,9 сая $ зээл тусламж хандивлагчдаас авдаг, Ази-Африкийн буурай орнуудыг бодвол боломжийн хөрөнгөтэй улс байснаа сүүлийн 7 жилд “Африк өвчин”-өөр яагаад өвдөв. Үүнд: 1-рт, Улсын дээрх их хөрөнгийг 10000 ₮-ийн үнэтэй “Хөрөнгө оруулалтын эрхийн бичиг”-ийг үнэ төлбөргүй тарааж төр засаг түүнийгээ хэрхэн ашиглах ойлголтгүй хүмүүс үнэгүй өгсөн юмны үнэ цэнийг ухааралгүй хэдэн төгрөгийн илүүгээр зарж байсан төдийгүй, хувьцаагаа хэрхэн ашиглах эрх зүйн орчинг төр засаг бий болгохдоо маш удаан байсан. Ингээд 25 сая малыг 74000 өрхөд, 370 тэрбум орон сууцыг 84000 өрхөд хувьчилж Хотоос хөдөөрүү малчид хошуурснаар боловсролын тогтолцоо хямарсан (эдийн засаг, санхүүгээс гадна). 900 тэрбум ₮-ийн 400 гаруй том жижиг үйлдвэрүүд эрх мэдэл, хээл хахуулийн хүчээр ихэнх нь шударга бус хувьчлагдсан. 2-рт, Сүүлийн 7 жилд Монголд хээл хахууль бүх давхраанд бүх хэлбэрээр газар авчээ. Монголчууд түүхэндээ хээл хахуулийг хэнээс ч ичихгүй, уралдан авч байх үедээ мөхөн доройтож байжээ. Хээл хахууль гэж юу вэ? Энэ бол хүн нууцаар өөрийнхөө биеийг тун соёлтойгоор ичихгүй үнэлэхийг хэлнэ. Оросын өвчин Монголд тун ноцтой өвөрмөцөөр халдварладгийн үлгэрээр Черномырдений буянаар Борис Брезовский Оросын тэргүүн баян болсон бол Ш. Отгонбилэг улс хоорондын өмчийг Хувьцаат компани болгох оролдлого хийж Монголын тэргүүн баян болж түүний буруутныг хайх их аянд ерөнхийлөгч, улс төрийн хүчнүүд, сонин хэвлэлийнхэн тэр бүү хэл өөрөө хүртэл морджээ. Гэтэл үүнд буруутан хайх хэрэггүй, зөвхөн Монголд ч бус Дэлхий нийтэд тэнцвэргүй шударга бус хуваарилалтын түгээмэл зүй тогтлын хүн хэзээд хүч мөхөсдөх нь түүхэнд олон тэмдэглэгдсэн байна. Гэхдээ хамгийн гол нь Монголчууд бид дээрх зүйлүүдийг ухаарах чадвартай сэргэн мандсан ард түмэн.

Үүнийг нотлох олон тоо баримтуудаас ганцыг дурьдвал 1918 онд Богд хааны зарлигаар хүн амын тооллого хийхэд 600.000 хүн тоологдсоноос 100000 хятад, 5000 орос болон бусад үндэстэн, 495000 Монголчуудын 110000 нь лам нар байжээ. 1000 хүнд төрөлт 14, нас баралт 30, дундаж наслалт 37 байсныг өнөөдөртэй харьцуулахад Монголчууд үнэхээр сэргэн манджээ. “Зуугаас нэг нь дутуу бичиг үсэгтэй, зургаагаас нэг нь дуган олбогтой” харанхуй бүдүүлэг ард түмэн XXI зууны босгон дээр хүн төрөлхтний соёл иргэншилтэй мөр зэрэгцэн алхах болжээ.

No comments:

: