Tuesday, December 23, 2008

Өмнөд хөршийн талаархи анхны дипломат бодлого


Монгол улсад дипломат алба байгуулагдсаны 95 жилийн ой ирэх 12-р сарын 29-нд тохионо. Тусгаар тогтнолоо сэргээсэн гэдгээр “1911” оноор авч хэвшсэн нь ГХЯ-ныхны хувьд маш зөв ухаалаг алхам, гэтэл зэвсэгт хүчний ойг 1921 оноор, санхүүгийн албаны ойг 1921 оноор гэхчлэн бүтэн 10 жилийг орхигдуулсан нь түүхийн харалган бодлого гэж дүгнэхэд хилсдэл болохгүй.
Бүрэн эрхт Монгол улсын өмнөд хөрштэй харилцаагаа тогтоон хөгжүүлэх нь тус улсын 20-р зууны гадаад харилцаа, дипломатийн түүхэн дэх хамгийн ярвигтай асуудал байв. Учир нь Монгол-Оросын харилцаан дах Хятад, Орос-Хятадын харилцаан дах Монгол, Монгол-Хятадын харилцаан дах Орос гэхчлэн харилцан хамааралтай боловч, ялгаатай эрх ашиг сонирхол хосолсон гурвалжин бий болсон явдал юм.

Энэхүү ашиг сонирхол нь нэгд хэзээ ч Хятадын бүрэлдэхүүн хэсэг байгааагүй, туурга тусгаар Монгол улсын зүй ёсны бүрэн эрхт байр суурь, хоёрт Монголыг халхавч бамбай болгох гэсэн Оросын хэдийнээс баримталж ирсэн далд бодлого, гуравт Монголыг Хятадын салшгүй хэсэг гэж үзэж байсан өмнөд хөршийн илэрхий бусармаг явуулга байр суурь байв. Өөрийн нутаг дэвсгэр дээр дээд эрхийг хэрэгжүүлэн, бие даасан гадаад бодлого явуулахыг төрийн бүрэн эрхт суверенитет хэмээх агаад энх тайвнаар оршин тогтнох, бусад улс гүрэнтэй харилцаа тогтоон, хамтран ажиллах, гэрээ хэлэлцээр байгуулах, дипломат консулын болон бусад төлөөлөгчид солилцох, олон улсын хурал чуулганд оролцох, өөрийн иргэд байгууллагын эрх ашгийг олон улсын тавцанд хамгаалах зэрэг эрх бол бүрэн эрхийн гадаад илрэл болдог билээ.
Ардын эрхт төр анх үүсэн байгуулагдсан цагаасаа эхлэн баримтлахыг чармайж ирсэн билээ. Монгол-Хятадын харилцаанд Зөвлөлт Оросын зуучлах бодлого үйл ажиллагаа нь хувьсал өөрчлөлтийн үе шатыг дамжиж ирсэн нь тодорхой байна. Зөвлөлтийн дипломатч И.А.Юрины 1921 оны 7-р сар, А.К.Пайкесын 1921 оны 12-р сар, А.Л.Иоффейн 1922 оны 6-р сар, Л.М.Караханы 1923 оны 9-р сард Бээжинд шил дараалан айлчилсан нь Зөвлөлт-Хятадын харилцааг илэрхийлж байсан боловч Монголын асуудал онцгой чухал байр суурь эзэлж байлаа.

1921 оны 6-р сарын 27-нд Г.В.Чичеринээс “Хятадтай мөргөлдөх аюул өдөр ирэх тутам хурцадсаар байна. монголын асуудлыг түүний автоном болон Хятадын суверенитетийг хүлээн зөвшөөрөх үндсэн дээр зохицуулахын тулд Бээжинд очигтун. Манай цэргийн ажиллагаан нь Хятадын ч дайсан Унгернд цохилт өгөх зорилготой.бид Хятадын эрхийг зөвшөрч дайсныг дарсан даруй гарах болно гэж тайлбарласугай” хэмээн Бээжин явах элчдээ бичиж байжээ.
Монголын хязгаарыг захирах Жан Зо-линь цэргийн хүчээр гадаад монголыг булааж авах бодолтой байсан ч түүний жинхэнэ бодол санаа гадаад монголд биш цагаан хэрмийн дотор талд байсан болохоор Унгернтэй ойлголцож болох юм гэж үзсэнээр Хятадын засгийн газар цэрэг илгээх шийдэлд хүрээгүй ажээ. И.Л.Юрин гэгч тэр элч Бээжинд 1921 оны 7-р сарын эхээр очсон ба монголын үйл явдалтай шууд холбогдов. Хятадын тал монголын асуудлыг дорвитой хэлэлцэхээс татгалзсан боловч уг асуудлыг Юрин хэлэлцээн дээр албан ёсоор тавьсан нь Москва АДБНУ-аар дамжуулан гадаад монголын ирээдүйн статусын тухай Бээжингийн байр суурийг тандахыг оролдсон хэрэг байв. Тэгэхдээ Зөвлөлтийн дипломат алба “Хятадын суверенитетийн дор автономит монголыг сэргээхийг” эш үндэс болгожээ.

Москва, АДБНУ-ын удирдлагатай зохицуулснаар Юрины байр суурийг нотлон, Бээжингийн засгийн газарт 1921 оны 8-р сард мэдэгдэхдээ “Монголын байдлыг Монголын талаар хуучин хаант орос ба хятадын гэрээгээр тодорхойлох болно, АДБНУ хятадаас монголыг тусгаарлахад үл хүргэнэ” гэж мэдэгдсэн боловч үүнийг нь ч Бээжин хангалтгүй гэж үзэн монголыг шууд өөрийн бүрэлдэхүүнд авах бодлогоо илэрхийлэв. Москва Бээжинтэй дипломат харилцаагүй байсан учир 1921 оны 6-р сарын 27-нд Лондон дахь зөвлөлтийн дипломат төлөөлөгч Л.Б.Красин хятадаас Лондонд суугаа амбан сайд Гу Вэйзюнд тусгай бичиг ирүүлж, монголтой холбогдох асуудлаар хятадтай зөвлөлдөх аргыг сүвэгчилж байжээ.
Дипломат ажиллагааны гол шат нь 1921 оны 12-р сарын 12-оос оросын анхны албан ёсны бүрэн эрхт төлөөлөгч А.К.Пайкес бээжинд трсэн үеэс холбогдох юм. Монголын асуудлаар Пайкесийн хэлэлцээ хийх төсөл нь гурван этгээдийн хиагтын аргад тулгуурласан, тухайлбал монголын төлөөлөгчдийг хэлэлцээнд оруулах, зөвлөлт оросын зуучлал, хятадын бүрэлдэхүүн дэх гадаад монголын автоном гэх тодорхой зүйлсүүд байв. Зөвлөлтийн удирдлага монголд олсон байраа алдахгүй, цэргээ байлгаж, улс төр болон монгол зөвлөлтийн анхны хэлэлцээрийг өөрчлөхгүй хадгалахын хамт хятадтай түүний хшүлээн авахуйц автономит байдлаар гадаад монголыг тохинуулах хэлбэрийг Пайкесаар дамжуулан эрэлхийлнэ гэж тооцож байв. Элчин төлөөлөгч Пайкес хятадын төлөөлөгч атташе Ли Хэнгунтэй хэлэлцээ хийв.

ГЯЯ-ны сайд Ян Хуэцентэй уулзаж “ЗОУ-ын засгийн газар монголд түрэмгийлэх гэсэн санаа өчүүхэн ч байхгүйн дээр бээжингийн засгийн газар монголын хувьсгалт засгийн газрын хоорондын харилцааны асуудлыг даруй шийдвэрлэхэд зуучлахыг хүсэн хүлээж байна. одоо ЗОУ-ын цэргийн анги монголын хувьсгалт засгийн газрын хүсэлтээр цагаан намынхныг цэвэрлэн дарж орон нутагт хэв журмыг сахиулах үүднээс монголд түр байрлаж байгаа болно” гэж мэдэгдсэн байна.
Харин энэ үеэр францад сууж хятадын амбан сайд Чэнь Лу ГЯЯ-наасаа заавар авсаны дараа Хүрээ Хиагтын асуудлыг одоо 1922 оны 4-р сард эхлэх гэж үндэстнүүдийн холбооны Женевийн хуралд өргөн мэдүүлээд хятадын тусын тулд шийдвэр гаргуулах аргагүй байлаа гэхэд наад зах нь уг асуудлыг олон улсын анхааралд хүргэсний дараа нь орос улстай харилцах ахул хятад улсад арай ашигтай болж мэдэх юм гэж үзжээ. Энэ үед бээжингийн удирдлага монгол зөвлөлтийн гэрээний талаар тодорхой мэдээлэлгүй байсан боловч 1922 оны 4-р сарын эхээр Чита дах хятадын консул гэрээний бүрэн эхийг бээжинд цахилгаан мэдээгээр илгээжээ.

1922 оны 4-р сарын 26-нд Ли Хэнгун А.К.Пайкестай уулзахад Монгол-Оросын гэрээний асуудал шинээр босч ирэв. Гэрээ нь Хятадын итгэлийг хөсөрдүүлсэн нь илэрхий байсан учир Пайкес түүнийг аргагүй эрхэнд хүлээн зөвшөөрсөн боловч хэрэг явдлыг сайн мэдэхгүй дүр эсгэжээ. 5-р сарын 1-нд Хятадын ГЯЯ Пайкест эсэргүүцлийн мэдэгдэл гардуулж түүнд дурдахдаа “Монгол бол Хятад улсад харъяалагддаг, дэлхийн нийтэд зөвшөөрөгдсөн сауудал юм гэдгийг эрхбиш мэдэж байх нь зүйтэйн дээр ажилчин тариачны засгийн газар монголтой ямар нэгэн гэрээ байгуулахыг хятадын засгийн газар хэрхэвч зөвшөөрөхгүй. Үүнийг Москвад тусгайлан уламжлах нь чухал болно” гэсэн байв.
7 сар сунжирсан маргааны зэрэгцээгээр Дорнод хятадын төмөр зам хаант ороосд төлөх хятадын өр зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцэхийг оролдсон боловч хэлэлцээний нийт явц монголын асуудлаас шалтгаалж, түүнийг урьдчилан шийдвэрлэхгүйгээр бээжин бусад сэдвийг хэлэлцэхээс татгалзаж байлаа.

А.А.Иоффее тэргүүтэй Зөвлөлтийн 2 дахь удаагийн албан ёсны дипломат төлөөлөгчид 1922 оны 8-р сарын 12-нд бээжинд хүрэлцэн ирсэн нь зөвлөлтийн дипломат алба хятадад хандах түүний дотор монголын асуудлаар зарчмын шинэ хандлагыг эрэлхийлсэн зэрэг байв. А.Иоффе москвад явуулсан анхныхаа албан бичигтээ “Монгол бол хятадын талаархи манай бодлогын хамгийн эмзэг газар.Империалистуудаас бидний эсрэг барьсан ганц хөзөр нь мөн” гэжээ. Монголын талаархи байр сууриа үндсээр нь хянан үзэх, өөрөөр хэлбэл И.Л.Юрин, А.Пайкес нарынх шиг 3 этгээдийн хэлэлцээ хийх үзэл санаа монголын асуудлыг салангид буюу урьдчилан тусгайлж хэлэлцэхээс татгалзаж, хамгийн гол нь гадаад монголын автомитоос татгалзан, түүнийг хятадын бүрэн мэдэлд шилжүүлэх хэрэгтэй гэж тэрбээр москвад үнэмшүүлэх зорилт тавьжээ.
ОК/б/Н-ын ТХ-ны УТТ ийм хандлагыг эрс татгалзан, 1922 оны 9-р сарын эхээр Иоффен бичгүүдийг хэлэлцээд урьдын шаардлага бүхий зааврыг дахин илгээжээ. Иоффег Бээжинд ирж байх үед 8-р сарын эхээр зөвлөлтийн дипломат албаны тэргүүн Г.Чичерин германд очжээ. Хятадаас берлинд сууж байсан амбан сайд Вэй Ченьзу түүнтэй уулзах үүднээс 8-р сарын 4-ний үдэш элчин сайдын яаман дээрээ Чичеринийг урьж дайллага хийжээ. Дайллагын үеэр монгол, шинжаан, төвдийн асуудлаар ярилцав. Амбан сайд Вэй хятад оросын удаа дараагийн уулзалт үр дүнгүй болж байна. Ар монгол дорнод манжуурын төмөр замын асуудал бүхэлдээ, тэгээд энд дурьдаад байгаа монгол бол манай нутаг, орос манай хил рүү цэрэг оруулчихаад байна.

Мөн аймшиггүйгээр гэрээ хэлэлцээр байгуулчихаад тусгаар тогтнолыг нь зөвшөөрч байнга харилцан нэвтэрч, найрсаг харилцаж байхыг гол сэдэв болгож байгаа нь хятадын ашиг сонирхолд харшил байна гэдгээ уламжилжээ. Ноён Чичерин хариулахдаа монголд цэрэг оруулсан нь манай улс өөрийгөө хамгаалах зайлшгүй ажиллагааны нэг төрөл. Бодит байдал дээрээ танай улсад ч ихээхэн ач тустай юм гэжээ. Ийм нөхцөлд Иоффе хэлэлцээг аврах, Чичерин, Тройцкий нарыг ятган үнэмшүүлэхийн тулд ноцтой нотолгоо гаргасан нь нэгд: монголоос татгалзах нь хятадын хувьсгалт хөдөлгөөн болон эцсийн дүнд дэлхийн хувьсгалд тус хүргэнэ. Монголын автономизмыг зөвлөлтөөс дэмждэгийг дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон явдал төдийгүй, бүр дордож, Сун Ятсений эсрэг хандсан эсэргүү байр суурь гэж хятадад үздэг.
Хоёрт: дэлхийн хэмжээнд туркуудийн үндэсний хөдөлгөөн, армяний үндэсний тэмцлээс хавьгүй чухал, монголтой харьцуулахад манай алс дорно дахины хувьсгалт хөдөлгөөний асар их зорилготой уялдан, монголын автономи хятадаас тусгаарлах эрх уршигтай бөгөөд шаардлагагүй болж байна гэсэн дүгнэлт ажээ. Иймэрхүү хувьсгалт агуу их үзэл санааны төлөө бүхэл бүтэн улс ард түмний хувь заяаг наймаалцах явдал тэр үеийн олон улсын харилцааны нийтлэг үзэгдэл байв гэж оросын судлаач доктор С.Лузянин бичжээ.

1922 оны 11 сарын 30-нд монголын ГЯЯ-ны сайд Цэрэндоржоос ЗОУ-ын элчин Любарскийд өгсөн нот бичигт “Ойрноос гадаадын олон сонин бичигт зөвлөлт орос улсын төлөөлөгч бээжинд очиж, монгол улсын өөртөө тогтносон хэргийг хятадын засгийн газартай зуучлан хэлэлцэхэд урьдын 3 этгээдийн гэрээ бичгийг журамлан автономит эрхийг эдлүүлэхээр саналаа илтгэжээ гэх зэргийн үгс бий. Тийм хэмээвч энэ хэр манай монголын ард олон ихэд хиртхийн шүүмжлэгдэж буй тул үүнийг эрхэм элчин сайд мэдтүгэй.” гэсэн байна. 2 сарын дараа элчингийн хариу нот бичигт “Бээжинд суугаа төлөөлөгч Иоффен биед өвчин тохиолдсоор нэлээд удсан учир хятадын талтай энэ хэр нүүр тулан харилцан хэлэлцсэн зүйл үгүй. Ийм яриа бол санаанаас зохиосон худал зүйл” гэж аргалахыг оролджээ. 1922 оны 9-р сарын 4-өөс Чанчунд японы талтай хэлэлцээр хийгээд бүтэл муутайхан байсан Иоффед хятадын ГЯЯ-аас эсргүүцлийн санамж бичиг илгээжээ.
Түүнд ... улаан оросын цэрэг ар монголыг түйвээж, ард иргэдийн мал хөрөнгө, мөнгө зоосыг булаан авч, орос руу зөөж, орос иргэдэд тусламж болгон өгч байна. Одоогийн байдлаар ажилчин тариачны засгийн газар гааль татварын албадыг нэмэн байгуулж хятадын худалдаачдыг хавчин саатуулж, хятад хүмүүсийг монгол руу нэвтрэн орохыг татгалзаж, нийтийн ёс горимыг илэрхий гажуудуулж манай төлөөлөгчдийн мэдэгдлийг зөрчсөөр байна. Үүний тулд хятадын засгийн газар эл улсын төлөөлөгчдөд ноцтой эсэргүүцлээ илэрхийлж үүнийг ажилчин тариачны засгийн газарт яаралтай цахилгаанаар мэдэгдэж, олон удаагийн амлалтаа ойрын үед хэрэгжүүлж, монголд оросын цэргийг суулгаж байгаа болон дур мэдэн гааль татварын газар байгуулж байгаагаа зогсоож, манай улсаас өөрийн нутаг дэвсгэрээ эзэмших эрхийг зөвшөөрөн, хүндэтгэхээ илэрхийлэх хэрэгтэй байна гэж дурьдсан байна.

1922 оны 11-р сарын 7-нд бээжинд октябрийн хувьсгалын 5 жилийн ойг тэмдэглэх үед Иоффе өвчтэй байсан учир орлогч Иванаов түүний өмнөөс үг хэлжээ. Тэрээр Монголын асуудлыг шийдвэрлэхээс татгалзах, монголд улаан цэрэг байгаа учир холбогдол хаант засгийн байгууллагаас өвчүүлж үлдээсэн цорын ганц өмч хөрөнгө дорнод хятадын төмөр замаа эргүүлж авах эдгээр байв. Гэтэл яг энэ үед Чита-д сууж байгаад москвад консулийн түшмэл болсон Чэн Зунсюнээс хятадын ГЯЯ-нд ирүүлсэн мэдээнд монгол оросын худалдааны талаар нууц хэлэлцээ хийж байна гэсэн байв. Хятадын ГЯЯ Чэн Зунсюнд мэдээ илгээж, монголтой ямар төрлийн гэрээ байгууллаа ч хятадын засгийн газар хүчингүй гэж үзэж байгааг москвад мэдэгдэхийн хамт 11-р сарын 15-нд Иоффе-д дахин эсэргүүцэл илэрхийлжээ.

Д.Уламбаяр /доктор/

No comments:

: