Wednesday, December 17, 2008

Монгол улсын хилийг тогтоох бүрд газар нутгаа алдсан байдаг

/Галсангийн ЖАМЬЯН (МУСГЗ)/

Одоогийн хилээр бол Ю.Цэдэнбал ОХУ-д төржээ

Дэлхий дээр хоёр зуу гаруй улс орон байдаг. Тэд бүгд хилтэй. Хил нь НҮБ-аар зөвшөөрөгдөн баталгаажсан байдаг. Зарим зөвшөө­рөг­дөөгүй хил ч бий. Улс гүрнүүд дотроо холбооны улсууд, муж дүүрэг, аймаг сум гээд өчнөөн хилтэй. Дэлхийн улс орнуу­дын дагаж заншиж ирсэн энэ хил гэдэг зүйл хамгийн эмзэг асуудал билээ. Дэлхийн бүх дайн тулааны гуравны хоёр нь хилийн зөрчил, хилийн мар­гаан, нутаг усаа булаацалд­санаас үүдэлтэй гэж эрдэм­тэн судлаачид үздэг юм байна.

Тэгвэл Монгол улс хилтэй, бас тусгаар тогтнолоо баталж НҮБ-аар баталгаажуулсан байдаг. Энэ хил хэдийд яаж тогтсон, хэрхэн шийдсэн та­лаар сонин баримтууд түү­хэнд үлджээ. Улсын хилийг тогтоох хэдэн зарчим байдаг юм байна. Хамгийн гол нь тэр ард түмний олон жил нутаглаж идээшиж дассан газраар нь, тэдний санаа бодолд тул­гуурлах зарчим байдаг. Мөн хиллэж байгаа хоёр улсын эдийн засгийн нөхцөл байдал, газрын хэвлийн баялаг, ирээ­дүйн төлөв байдлыг харилцан ойлголцлын үндсэн дээр ший­дэх явдал чухал юм. Хоёр талаасаа олон зуун жилээр нутаглаж байсан уул нуруу, ундаалж байсан нуур гол мөрөн, гол шугуй тааралддаг. Энэ бүхнийг хил тогтоодог олон улсын жишгээр тогтоодог зарчим бий.

Монгол Улсын хил ямар байв? Одоогийн энэ хилийг яаж тогтоов оо? Чингисийн эзэнт гүрэн задарч унасны дараа хүүхдүүд нь тус тусдаа улс байгуулан гал голомт салцгаасан. Гал голомтоо сахиж үлдсэн монголчуудад тодорхой тогтоогоод хилийн овоо босгочихсон хил хязгаар байсангүй. Газрын зураг дээр бол олон янзаар тэмдэглэг­дэж ирсэн. Сүүлд Манжийн колончлолд 200 жил байх хугацаанд хилийн тухай асуу­дал дахин дахин сөхөг­дөж байсан тухай түүх но­монд бий. Тэгэхдээ урд тал, зүүн талын хилийг төдийлөн анхаарч байсангүй. Үе үеийн монголын ноёд өмнө болон зүүн талын хилээ сэргээн тогтооё гэсэн шаардлага та­вин тэмцэж байсан боловч төдий л амжилтад хүрсэнгүй. Харин хойт талын хил, ту­хайлбал Орос, Туватай хил­лэсэн хилийг нарийн тогтоох шаардлагатай хэмээн зарим оролдлого хийж байсан бай­на. Ийнхүү Монгол Оросын хилийг бүдүүвчлэн тогтоож хоёр талаас хилийн харуу­лууд суудаг болсон тухай баримт бий. 1927 онд Манж, Оросын "Буйрын хэлэлцээр"-ээр тогтоосон хил, монголын хойд талаар үйлчилж байв.

Ийм байдлаар явж ирсэн, хоёр талын хилийн асуудлыг энх тайвнаар зэрэгцэн орших зарчмын үндсэн дээр шийдэх асуудал ардын засгийн үед хэд хэдэн удаа сөхөгдөж, нам төрийн дээд хэмжээнд ший­дэгдэж байв. Гол ээдрээтэй асуудал Монгол, Тувагийн хил байв. Олон зуун км үргэл­жилсэн энэ хил орчмын ард түмэн "Нутаг нэгтнүүд" гэж өөрсдийгөө нэрлэдэг. Үнэ­хээр ч энэ өргөн уудам нутагт Монгол Тува иргэд олон үе дамжин нутаглаж айл хот­лоороо амар жимэр амь­дардаг байсан. МАХН-ын Төв хорооны улстөрийн товчооны гишүүн ахалсан, гол яамдын сайд дарга нар багтсан, орос монголын хилийн хэлэлцээр хийх, улсын хил тогтоох ко­мисс 1958 онд анх байгуу­лагдаж хориод жил энэ ажил үргэлжиллээ. Оросын тал ч бас ЗСБНХУ-ын сайд нарын зөвлөлийн орлогч даргаар ахлуулсан комисс байгуулж, хэлэлцээрийн ширээний ард хэд хэдэн удаа сууж хилийн зааг нутгаар олон удаа явж үзсэн байна. Улсын хилийг тогтоох асуудал амаргүй байж. Зөвхөн нэг уул, нэг гол, нэг нуурын талаар хэдэн өдөр маргалдаад тарж байсан гэнэ. Хилийн наана цаана гар­чихсан, овог аймаг ах дүү, төрөл саднууд ч байдаг гэнэ. Яг хил дээр хоёр талаасаа өвөлжөө хаваржаагаа бариад он удаан жил амьдарсан уул ус зөндөө байдаг Жишээ нь, олны сайн мэдэх Увс аймгийн Давст уул. Энэ бараг давсаар бүтсэн сайхан уул юм байна. Цаад талаас нь тувачууд ухаж авдаг. Наад талаас нь монголчууд ухаж авдаг. Хилээ хаагуур нь тогтоох вэ гэсэн асуудал анхаарал татаж байв. Давст уулын зонхилох хэсгийг оросын хилд оруу­лаад хил тогтоочихсон. Энэ нутаг бол манай нам төрийн удирдагч Ю.Цэдэнбалын төрж өссөн нутаг. Тэгээд ийм нэг яриа байдаг юм. Хил тог­тоо­сон комиссынхонтой Ю.Цэ­дэнбал дарга уулзаад "Манай өвөлжөө хаана нь орчихов" гэхэд комиссынхон "Оросын хилд орчихсон" гэж. Цэдэнбал дарга нэлээн бодолхийлснээ "За, хаана ч яахав дээ" гэсэн гэдэг.

Монгол Оросын хилийг шинэчлэн тогтоох тухай асуу­дал хорь гаруй жил үр­гэл­жилж 1979 онд Монгол-ЗХУ-ын хилийн хэлэлцээрээр эцэслэн шийдэж өнөөгийн хил тогтоогджээ.
Хамгийн түвэгтэй асуу­дал нь 4672 км үргэлжилсэн өмнөд хилийн асуудал байв. Өмнө, зүүн өмнө, баруун өмнө хилийн асуудлыг ший­дэх явдал 1957 оноос хур­цаар тавигдсан юм. Монгол Улсын Засгийн газраас Хята­дын засгийн газарт ноот явуулж улсын хилээ нэгмө­сөн шийдье гэсэн асуудал тавьж байлаа. Ингээд 1962 оны арванхоёрдугаар сарын 26-нд БНХАУ-ын төрийн зөв­лөлийн ерөнхий сайд Чжу-Энь Лайн урилгаар тус улсад айлчил­сан Монголын нам, төрийн тэргүүн Ю.Цэдэнбал Бээжин хотод өмнөд хилийн асууд­лаар хэлэлцээ хийж прото­колд гарын үсэг зурахад хүр­гэсэн юм. Хэлэлцээрийн да­гуу комисс байгуулагдаж газрын ажил нь 1962-1963 онд үргэлжилж дууссан юм. Улсын хилийн өмнөд цэг нь Өмнөговь аймгийн Орвог-гашууны бор толгой, нутгийн хилийн зүүн цэг нь Дорнод аймгийн Соёолж-Уул гэдгээр баталгаажуулсан байна. Өм­нөд хил тогтоох асуудал маш маргаантай, шийдэхэд хэцүү асуудал их байсан. Зарим үед хоёр талын комиссынхон маргалдаад суучихдаг, хаяад явцгаадаг, тэр ч битгий хэл бууны гэр рүү гар явах то­хиолдол ч байсан гэж газрын ажилд оролцож явсан хүмүү­сийн дурсамж яриа бий. Мар­гаантай нутгуудаас заримыг жишээ болгон авахад Байтаг-Богд уул юуны өмнө орно. Монголчуудын тахиж хүн­дэтгэж ирсэн, нутгийн ард түмний тахин сүсэглэж бай­даг үзэсгэлэнт сайхан нутаг бол яах аргагүй Байтаг-Богд уул. Баруун хязгаарын байл­даан тулалдаанууд энд болж, нэр нь түүхэнд мөнхөрсөн газар нутаг. Энэ уулын төлөө амиа өгсөн баатрууд олон бий. Байтаг-Богд, Хавтага-Уул, Бүдүү харгайтын гол гэдэг бидний амны уншлага болсон газрууд. Гэтэл өнөөдөр Бай­таг-Богд уул маань хилийн цаана, ар сугаар нь Мон­голын хилийн багана бос­гогдсон байгаа. Энэ хилийг тогтооход их маргалдсан юм билээ. Яагаад гэвэл Шин­жаныхан, аль дөч, тавиад оны үеэс энэ газар нутагт санаар­хаж олон айл Байтаг-Богдыг давж ирээд нутаглачихсан байв. Өвөлжөө хаваржаа, худаг ус, суурьш­мал барилга байшин, тариа ногооны газар, бүх л зүйлтэй болчихсон байв. Ингээд нут­гийн ард түмний олон удаа­гийн санал асуулга, хилийн комис­сынх­ны удаан хуга­цааны уулзалт ярилцлагаар Байтаг-Богд хи­лийн цаана гарчээ. Улсын хил тогтоох явцад ганц Байтаг-Богд ч биш, олон газрын маргаан үүсч Монголын хилд оруулж тог­тоосон газрууд ч байсан юм байна.


Зүүн хилийн асуудал бүр ч их маргаантай байсан аж. Мана уулын асуудал маргаан төдийгүй, галт зэвсэг хан­гинуулахад хүргэж байсныг бүгд мэднэ. Байгалийн үзэс­гэлэн бүрдсэн газар нутаг. Энэ хөөрхөн уулыг дан мана эрдэнээр бүтсэн уул гэж нут­гийнхан ярьдаг. Зарим нь "хилээ мана!" гэж өгсөн нэр ч гэдэг.
Зүүн хил дээр Нөмрөгийн гол гэж бий. Халх гол, Буйр нуурт цутгадаг түргэн урс­галтай гол. Гэтэл Нөмрөгийн халуун рашаан, тэр хавийн үзэсгэлэнт газар нутаг Хята­дын хилд байх жишээтэй. Нөмрөгийн гол, Нөмрөгийн халуун рашаан гэх мэт "Нөм­рөг"-өөр нэрлэгдсэн үзэсгэ­лэнт газар нутаг бол яах аргагүй монголчуудын олон жил нутагласан газар нутаг юм. Ингэж урд хилийн газрын ажлаа дуусгаад, хилийн шу­гамаа тогтоон анхлан 439 хилийн багана босгож байв. Үүнээс хойш улсынхаа хи­лийг хоёр удаа шинэчлэн одоо 1000 гаруй багана бос­гоод байгаа юм байна. Энэ дархан хилээ өнөөдөр Мон­голын хилийн цэрэг манаж, нүд цавчилгүй сахин хам­гаалж байдаг.


Өнөөдөр, улсын хил ямар байна вэ? Дэлхийн газрын зураг дээр тусгай хилтэй, тугсаар тогтносон улс гэж тэмдэглэгдсэн байдаг. НҮБ-ын гишүүн "хэн ч халдашгүй монголын сайхан орон". Гэтэл сүүлийн үед өмнө талын хи­лийг маань устгаж, хөрш их гүрний хилд оруулж зурсан, бичсэн зүйл нэг биш удаа хэвлэгдэж дэлхий нийтийн сонорт хүрлээ. Хэдийгээр хувь хүмүүсийн алдаа, уран бүтээлчдийн хувийн үзэл бодол гэж үзэх явдал байгаа ч улс төрийн амьдралд үүнийг "Дасгах үйл ажиллагаа" гэж нэрлэдэг юм байна. Ирээдүйн бодлогоо хувь хүнээр дам­жуулан гаргаж "дасгах" явдал түүхэнд олонтаа гарчээ. Ийм "дасгах" үйл ажиллагаа сүүл­дээ, хэдэн арван жилийн дараа ч юм уу, хэдэн зуун жилийн дараа хэлэлцээний ширээнд суухад хүргэдэг, эсвэл хүч хэрэглэж цус ур­сахад хүрдэгийг түүх харуул­саар байгаа.

Харамсалтай нь өнөөдөр Монголын хилийг устгаад хэвлэж байгаа удаа дараа­гийн оролдлогуудад Монголын далбааг уруу нь харуулаад байрлуулж байгаа доромж­лол, монгол хүмүүс дэлхийн өнцөг булан бүрд тэнэж гуй­ланчилж, амь насаа алдаж, шорон гянданд тарчилж бай­хад Монголын төр огт дуу­гарахгүй нь сонин санагддаг.

Бид чинь хилтэй, хэлтэй, үндэсний бичиг соёлтой Мон­гол шүү дээ!

No comments:

: