Tuesday, December 23, 2008

Автономит Монгол


Өнгөрсөн зуунд одоогийн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд жил хирээтэй сунжирсан хэлэлцээр болжээ. Үүнийг Хиагтын гурван улсын хэлэлцээр гэдэг. Энэ нь Монголын түүхэн дэх хамгийн гутамшигт үе байлаа.

Тэр үеийн Орос, Хятад хоёр гүрэн Монголыг хэн нь авах вэ гэдэг дээр улаан хэрүүл болж хайнаа хагалуулахаар тусгаараа дөнгөж зарласан Монголын төлөөлөгчдийг урьжээ. Энэ өдөр, 1915 оны тавдугаар сарын 25-нд найман сар үргэлжилсэн хэрүүл сая дуусч монголчууд автономит гэдэг сонин нэртэй болж хоцорсон. Гэхдээ тэр автономид Өвөрмонгол, Барга гэсэн асар уудам нутаг хамрагдсангүй. Зөвхөн ар Монголыг ийн нэрлээд орхиж. Уг гэрээг Орос, Хятад хоёр тохирохдоо Хятадын харьяат тэгсэн мөртлөө хагас эрхтэй аль аль нь цэрэг цуух оруулахгүй ийм бүс нутаг болгоё гэж аль хэдийнэ үгссэн байдаг. Монголчууд болохоор Ар Монгол төдийгүй Хөлөнбуйр Тува, Цахар, Түмэд, Казах бүхий нутаг Монголын хил хязгаарт багтаан харьяалагдана гээд гүрийчихсэн.

Төлөөлөгчөөр нь зориуд Баргын манлай ван Дамдинсүрэн нарыг томилсон. Янз бүрийн дарамт шахалтын эцэст Монгол нь өөрөө тусгаар тогтнолоо дөрвөн жилийн дараа ийн алдсан юм. Тэр үед Гадаад Монгол улс 650.000 хүн амтай, 90 хувь нүүдлийн мал аж ахуйтай, 20 сая малтай хоцрогдсон орон байв. Харамсалтай нь энд 700 сүм хийдэд 100.000 лам шавилж шашинжсан. Энэ нь ХХ зууны соёл иргэншлээс хүртэхэд том саад болж байсны жишээ.

Гурван улсын хэлэлцээрээр Орос хожиж, Хятад, Монгол хоёр сэтгэл гонсгор үлджээ. Оросууд ирээдүйн дайсан Хятадаасаа Монголыг жийрэг хийхийг хичээн өөртөө хэзээ ч нэгтгэдэггүй байсан тэр ёсоор нь болов. Хэдийбээр Хятадууд Монголыг бүрэн эрхт муж болгож амжаагүй ч дуртай өдрөө хүслээ гүйцээх боломжтой хэмээн үзсэн. Гадаад Монголын хувьд оргүйд охинтой гэгчээр нэг л өдөр учир нь ойлгомжгүй автоном гэдэг үгийг авч хаяна даа гэсэн зуултаар хоцорсон. Тэр ерөөл 1921 оноор биелэгдэж өнөөдөр бид бүрэн эрхт тусгаар улс болсон билээ.

No comments:

: