Monday, December 22, 2008

Өчигдрөөс өнөөдөр хүртэл


Стэнли Кубрикийн 2001: A Space Odyssey (1968, Metro Goldwyn Mayer Studio) кинонд хүний өвөг нэгэн сармагчин учир шалтгаангүй үйлдэл хийж байхдаа гарт тааралдсан чөмөгний ясаар санамсаргүйгээр юм цохин буталж, бараг л анхны гэмээр ухамсарт үйлдэл хийсэндээ, өөрийнхөө гараар бус өрөөлийн ясыг ашиглаж үйлдэл хийж болдогийг танин мэдсэндээ хөгжин цэнгэж буйг харуулсан гайхамшигтай дүрслэл байдаг. Анхны тэр цагаас хойш хүн төрөлхтөн маш их замыг туулжээ. Танин мэдэх их хүсэл эрмэлзэлдээ хөтлөгдөн өдрөөс өдөрт хөгжиж, боловсорсоор. Гэвч өнөөдрийг хүртэл бид нэг л чухал асуултанд хариулт олж чадаагүй байна. Энэ бол “Бид хаанаас үүсэлтэй вэ?” гэсэн хэт философи гэмээр асуулт юм.

Бидэнд тоост ертөнцөд шороо хөдөлгөж явах эрх олгосон тэрхүү анхдагч нөхцөл байдал хаанаас эхтэй вэ? Түүхийн хугацаанд үүнийг тайлбарлах олон оролдлогуудыг эртний соёл иргэншлүүд-Хамукар, Маяа, Ацтек, Мессир, Грек, Ромын эрдэмтэн мэргэд хийж байсан ч логик үндэслэгээгээр хангалтгүй хариултыг өгч байжээ. Ихэнх л тэнгэрийн мэт эзэн бурхан биднийг бүтээсэн, түүнээс бүх юм хамааралтай мэтээр сэтгэж байсныг бид мэднэ. Өнөөдөр ч энэ сэтгэлгээ хүчээ алдаагүй, амь бөхтэй оршсоор...Шөнийн тэнгэрт үзэгдэх их оддоос өөрсдийн гарал үүслийг тайлан таних оролдлогуудын эхлэл өдгөөгөөс ердөө дөрвөн зуухан жилийн өмнөх цаг хугацаанд хамаарна. Харин өнөөдөр бид өөрсдийн гарал үүслийг тайлбарлахад шаардагдах асар их баримт нотолгоог шинжлэх ухааны хөгжлийн хүрсэн түвшинтэйгээ уялдуулан гарган дэвшүүлчихээд байгаа нь сайн хэрэг.

Амьдралын энэ их үйл явц бүрэлдэхэд хүргэсэн шалтгаан нөхцлийг астрофизикийн судалгаанд өнөөдөр дэмжигдэж буй онолын үндэслэл болох их тэсрэлтийн дараахь их задралтаар тайлбарлавал илүү үр дүнтэй бизээ.Хэмжиж үл дийлэм тийм их хэмжээний халуун бүхий үл мэдэгдэх биет оршин байснаа гэнэт тэсэрчээ. (Харин үүнээс өмнөх үйл явцын талаар мэдэж чадаагүй байгаа шүү.) Тэсрэлтээс бараг нэг минутын дараа энэхүү үл мэдэгдэх биетүүдийн температур арван тэрбум градус хүртлээ буурсан байна. Дахиад хагас минут өнгөрөхөд өнөөх биетийн температур өнөөдрийн бидний мэдэх хамгийн халуун оддын температуртай тэнцэхүйц нэг тэрбум градус болтлоо асар хурдтай буурчээ. Энэ үйл явцыг Жорж Гамов 1948 онд анхлан тайлбарласан юм.

Аугаа их тэсрэлт болсноос хойш хэдхэн цаг өнгөрөхөд гелийн атом, устөрөгч бүрэлдэх үйл явц дууссан. Ингээд 900 000 орчим жилийн турш орчлон ертөнц онцгой содон үйл явдал багатай тэлсээр байв. Дараахан нь температур хэдхэн мянган градус хүртлээ буурч, атомууд үүсэх шалтгааныг нөхцөлдүүлжээ. Орчлон ертөнц бүхэлдээ тэлсээр байсан энэ үед дундаас дээш нягттай байсан зарим жижиг хэсгүүдэд тэлэлт зогсож, бүр хумигдаж эхэлсэн бөгөөд тэдгээр жижиг хэсгүүд нь тэлж буй бусад биесийн таталцлын хүчинд автан түүнийг тойрон аажмаар эргэлдэж эхэлсэн нь энэ үеэс улбаатай. Энд бичиж буй зүйл товчхон атлаа ганцхан л зүйлийн тухай өгүүлээд буй юм шиг санагдаж магадгүй. Үнэндээ бол өөрийн гэсэн хөдөлгөөнтэй, эргэлддэг зууван дугуй хэлбэртэй, эсвэл өөрийн гэсэн хөдөлгөөнгүй хэрнээ түүн доторхи одод нь эргэлдэж байдаг хэдэн зуун тэрбум галактикуудын үүсэл хөгжлийг л ярьж буй хэрэг гэдгийг эрхэм уншигч Та надаар хэлүүлэлтгүй мэдэж буй бизээ.

Галактик доторхи өнөөх гелийн атом, устөрөгч маань хийн үүлс болон задран байх үед supernova буюу хэт шинэ оддын тэсрэлт дахин явагдсан нь өдгөөгөөс 5 тэрбум жилийн тэртээ манай Нар хэмээх жижигхэн шар одыг үүсгэх шалтгаан болсон юм. Нарыг үүсгэсэн хийн үүлсийн зарим жижиг хэсэг нь түүнийг тойрон эргэх гараг эрхэсийн элементыг бүрэлдүүлсэн гэж С.Хокингийн бүтээлд тайлбарласан байдаг.Олон жижиг гарагуудын тойрог замын хөдөлггөөн ийнхүү эхэлсэн бөгөөд манай дэлхийн хувьд маш халуун, агаар мандалгүй байснаас хөрч, уул чулуулгаас хий ялгарсны үр дүнд агаар мандал бүрэлдсэн ч энэ нь амьт биет оршин тогтноход хангалтгүй байсан хэрэг. Тийм ч учраас амьдралын бичил хэсгүүд өөрсдийгөө усан дотор хөгжүүлэх шаардлагатай болсон ба нөхөн төлжиж, олширч эхэлжээ. Гэхдээ нөхөн төлжилт дардан замаар явагдаагүй агаад түүнд алдаа мадаг гарсны улмаас зарим биет устаж үгүй болоход хүрч байв. Гэсэн атал зарим алдаа нь шинэ, хүчирхэг биетийг төлжүүлэх боломж олгосон бөгөөд анхны болхи биетүүд хүнд нөхцөлд амьдрах чадвартай болсноор хүчилтөрөгч ялгаруулах болсон ажээ. Тэрхүү болхи биетүүдийн ялгаруулсан хүчилтөрөгч нь хэвлээр явагчид, сүүн тэжээлтэн, улмаар хүний өвөг сармагчинг амьдрахад шаардагдах агаарын найрлагыг бий болгож, өөрчилж чадсан нь хачирхалтай.

Бидний өвөг болох сармагчин нь хүн хэмээх илүү дээд хэлбэрийн хөгжилтэй амьтныг бий болгоход шаардагдах анхны ухамсарт үйлдлийг хийснээс хойшхи бидний хөгжлийн түүх орчлон ертөнцийн үүсэл хөгжилтэй харьцуулахад түүний нэг секундэд ч хүрэхгүй хугацаа билээ. Хүмүүс өнгөрсөн цаг хугацааны түүхийг энэ хэмжээнд тодорхойлох хүртлээ хөгжчихөөд байгаа нь сайшаалтай хэрэг.Цаашид түүнээс өмнө юу болж өнгөрснийг танин мэдэх, “Бид хаанаас үүсэлтэй вэ?” гэдгээс илүү “Яагаад бид оршин байна вэ?” гэдэг асуултанд хариулт олох хүндхэн даалгавар, эцэс төгсгөлгүй оролдлогууд биднийг хүлээж байна. Гэхдээ бид эхний асуултандаа бүрэн төгс хариулт олж чадаагүй байгааг мартаж болохгүй.

Хүн төрөлхтөн ажил, амьдралынхаа үйл хэрэгт анхааран сандран амьдарсаар, өдөр шөнө солигдсоор, дэлхий нарыг тойрсоор... Энэ зуур орчлон ертөнцийн өөр нэг хязгаарт шинэ амьдрал бүрэлдэж, бас нэг хязгаарт хуучин амьдрал дуусгавар болж буйг хэн мэдэх билээ.

No comments:

: