Wednesday, December 10, 2008

Дундад эртний үеийн Төв азийн нүүдэлчид


Дэлхийд угсаатан үүсэх процесс явагдаж байх тэр үед анхны соёл иргэншлийн голомтууд үүсч хөгжжээ. Энэ соёл иргэншилийн нэг голомт нь эртний Хятадын соёл иргэншил буюу Шар мөрний соёл иргэншил байлаа. Аливаа соёл иргэншил нэг шалгуур, түүний мөн чанарыг хадгалагч нь бичиг үсэг бөгөөд Хятадын ханз үсгийн үүслийг судлахад МЭӨ III мянгаас ч өмнө үүссэн гэж үздэг. Хятадын ард түмэн 5000 ханз үсэг бүхий бичиг үсгийн аугаа их соёлтой, түүнийгээ үр хойчдоо уламжлуулахад их анхаардаг байснаас Ханз үсэг одоо ч хэрэглэгдсэн хэвээр байна. Мөн МЭӨ III мянгаас өдгөө үеийг хүртэл Хятадад 24 хүчирхэг төр бие биенээ халан оршиж байсан тухай маш дэлгэрэнгүй түүх бичиг “24 төрийн түүх” гэдэг нэртэйгээр хадгалагдан ирсэн байдаг. Энэ эмхэтгэлүүдийн хамгийн анхны судар “Яао-шу”-д эртний нүүдэлчдийг анх тэмдэглэн үлдээсэн бөгөөд тэдэнтэй эртний Хятадууд огт харилцаагүй байсан учраас тэднийг ерөнхийд нь ГУЙФАН гэдэг байжээ. Төв Ази нь далайгаас асар хол, Сибирь, Хянганы нуруугаар таслагдан, хүрээлдэг өндөр уулсад нь далайн чийг шимэгдчихээд ирдэггүй, том гол мөрөн, ой ширэнгээр тун ядмаг, өвөл-зун 1000С, өдөр-шөнө 200С температурын ялгаатай эрс тэс гэхэд хамгийн их эрс тэс уур амьсгалтай газар суудаг догшин ширүүн ард түмнийг “Чөтгөрийн газар”-ынхан ч гэлгүй яахав. Инь, Шань улсын дараах Чжоу улсын үед Хятадууд Нүүдэлчидтэй улам гүнзгий харилцаатай болсны үр дүнд тэднийг угсаа гарал, зан заншил, соёл, орших нутгаар нь ялгаж ДИ, ЖУН, ХУ гээд, тэдгээрийг дотор нь Бэй-Ди, Бай-Ди, Динлин, Шань-Жун, Гоу-Жун, Линь-Ху, Дун-ху гэх мэтээр улам нарийн ялган тэмдэглэж ирсэн. Эртний Хятадыг судалдаг эрдэмтэд Ху аймгуудыг өвөг Монгол угсаатан мөн болохыг тогтоосон бөгөөд “Чжоу-Шу”-д “Линь-ху аймгийн бүрэлдэхүүнд багтах Хүннү аймаг МЭӨ 745 онд Чжоу улсын умард хилийг уулгалан довтолсон” тухай тэмдэглэсэн нь талын нүүдэлчдээс анх удаа төр улс байгуулж хүчирхэг болсон Хүннү аймгийн тухай түүхэн эх сурвалжийн анхны мэдээ байлаа.

Хүннүчүүд нь МЭӨ III зууны үед хүчирхэгжин нүүдэлчин олон овог аймгуудыг нэгтгэн 24 аймгийн холбооны хүчирхэг улс байгуулсан бөгөөд Төв ази, төдийгүй дэлхийн түүхэнд асар том үүрэг гүйцэтгэжээ. Хүннүчүүдийн угсаа гарал ямар байсан тухай судлаачид 2 үндсэн хэсэгт хуваадаг.
1. Өвөг Түрэг
2. Өвөг Монгол.

Хүннү нь археологи, эртний сурвалж судлал, антропологи, генетик, угсаатны зүй гэх мэт түүхийн шинжлэх ухааны бүх салбар судалгаануудаар өвөг Монгол угсаатан болох нь бүрэн батлагдсан гэж үзэж болно. Монголын нутаг дэвсгэрт байдаг Хүннүгийн үеийн булшнаас олддог эд өлгийн материаллууд, оршуулгын зан үйл, тахил тайллага нь хожмын Монгол угсаатнуудын эдийн боловсрол, оюуны соёлтой адил төдийгүй Төв аймгийн Хараагийн Ноён уулын булш Хүннүгийн шаньюй нарын их хориг байсныг судлаачид тотоосон байна. Хүннүгийн тухай хятадын “Хань шу” (Хань улсын судар), Сыма-Цяний “Ши-чжи” (Түүхэн тэмдэглэл) зэрэг зохиолуудад Хүннү гаралтай гэсэн 254 ханз үсэг тэмдэглэгдэн үлдснийг хэлний шинжлэлийн эрдэмтэд сэргээж Монгол утгатай үг болохыг нотолжээ. Тухайлбал, Түмань (түмэн), Чжичжи (жижиг), Хуханье (хүүхэн), Мохуай (могой), Харь мүрин (хар морь), Шаньюй (сайн, сайд), Сютугэ (шүтээн), Дэнгиз (тэнгис) Чэнли гүтү (тэнгэрийн хүү), Хуян (Хиян, Хиад), Кюбүлэ (Хубилай) зэрэг үгүүд нь хятад мэт боловч монгол утга бүхий үгийг хятад ханзаар буулган бичснийг нь ийнхүү сэргээсэн байна. Антропологийн шинжилгээнээс үзвэл, Хүннүгийн булшнаас гардаг хүмүүсийн толгойн ясны хэв маяг нь монголжуу их арьстны салбар палеосибирийн болон Төв азийн хэв маягт хамаардаг болохыг тогтоожээ. Генетикч Ж. Батсуурь “Монголчуудын генийн сан өнөөгийн нутагт тархах процесс 5 үе шаттайгаар 2000 жилийн турш явагджээ. Энэ 5 үе шат дунджаар 400 жил үргэлжлэхдээ гол төв нь Орхон, Сэлэнгэ, Туулын сав газраар байсан гэж тогтоосон нь Хүннү, Сяньби, Жужань улсын нутаг дэвсгэртэй давхцаж байна” гэж судалгааны зохиолдоо онцлон тэмдэглэжээ. Хүннү нарыг Их гүрний шинж чанартай болгосон хүн бол Модунь бөгөөд тэр МЭӨ 209 онд умар зүгт байгаль далай, өмнө зүгт Цагаан хэрэм, дорно зүгт Хянган уулс, өрнө зүгт Алтайн Ил тарвагатай хүрсэн нутаг дахь нүүдэлчдийг захирч эхэлжээ. Хүннү гүрэн ихэд хүчирхэг байсны нэг баталгаа нь хүчирхэг Хань улсын хуанди Гао-Ди хүннүчүүдийг 200000 их цэргээр довтолсон боловч Бээжинд бүслэгдэн найрамдлын хэлэлцээр байгуулж Хятадууд буулт хийжээ (198 он). Ер нь нүүдэлчид-хятадын эртний харилцаагаар дэлхийн гайхамшгийн нэг эрдэнэ, сансараас энгийн нүдээр харагддаг, Сяо, Инь (Шань) улсын үеэс (МЭӨ XIX зуун) Цагаан хэрэм баригдсан юм. Энэ барилгыг Монголчууд Түмэн газрын цагаан хэрэм (1 газар буюу ли нь 503 метр), Хятадууд Урт хот (zhang cheng)-ыг Нанхиадууд арав, хорин жилийн барьчихсангүй, Нүүдэлчидтэй дайсагналцаж, ширүүн дайн тулаан явуулж байх үед Цагаан хэрмийг идэвхтэй барьдаг, харин нүүдэлчдийн эрч хүч суларч Нанхиадын эрхшээлд орсон үед түүнийг барих үйл ажиллагаа сулардаг байжээ. Ер нь Нанхиадууд дайн байлдаанд цэрэг, зэвсгийн хүч хэрэглэхийн оронд цэрэг дайны бэхлэлт, цайз барихад маш их анхаардаг хөдөлмөрч ард түмэн болохыг түүхээс нь мэдэж болно. МЭ XIY-XYII зууны үед Монгол, Минь улсын харилцаа хурцдаж үргэлжийн дайн самуун болж байсан учир Цагаан хэрмийг одоогийн байдлаар нь барьж дуусчээ. Суурьшмал амьдралт нийгэм өөрийн олон талт хэрэгцээгээ хангаж чаддаг бол нүүдлийн нийгэм чаддаггүй. Иймээс нүүдэлчид иргэншиж хөгжихийн хэрээр хэрэгцээ нь ихсэж түүнийгээ дайн байлдаан, дээрэм тонуул хийж хангадаг байлаа. Суурьшмал иргэд-Нүүдэлчдийн хоорондох худалдаа нь суурьшигчдад алдагдалтай, ашиггүй байдаг ч нүүдэлчдийг бага ч атугай худалдаагаар тайтгаруулдаг боловч өдрөөс өдөрт өсөх хэрэгцээг нь хангаж чадахгүй нь ойлгомжтой. Иймд нүүдэлчдийг аль болохоор тархай бутархай, үргэлжийн дайн самуунтай байлгаж оргилсон их хүчийг нь задалж умард хилээ амар амгалан байлгахыг л туйлаас хүсэж байв. Хятадын эртний төр улсууд үүнд анхаарч нүүдэлчидтэй харилцах арга тактикыг бүхэл бүтэн 2000 жилийн турш боловсруулан цааш уламжлуулж өөр өөрсдийн төрийн гол бодлого болгожээ. Модунь амжилтаа улам баталгаажуулахын тулд Дивань газрыг /Дундад ази/ довтолж Дорно-Өрнийн холбосон худалдааны их зам алдарт “Торгоны зам”-ыг гартаа авав. Энд дайтаж явахдаа тухайн үед дэлхийд хүчирхэгээрээ гайхуулж байсан Ромын легионеруудыг бут ниргэж тэднээс олзолсон Ромчуудыг Лицзянь хотод (Шинжаан-Уйгар) суулгаж өмнөд хилээ сахиулж байсныг судлаачид тогтоосон байна. Үүнийг батлах эх сурвалжийн мэдээ нь Хань-шу-д ийн тэмдэглэгджээ “МЭӨ 30 онд Хүннүчүүдтэй хийсэн тулалдаанд тэдний цэргийн бүрэлдэхүүнд Өндөр хамар, хонгор шаргал үстэй харь хүмүүс өндөр бамбайгаараа загасны хайрс, яст мэлхийн хэлбэр гарган тулалдаж байсан”. Амьдралын хэвшил, аж ахуй, байгаль нь нүүдэлчдийг заяагдмал эрх чөлөөтэй хүмүүс болгосон ч байгуулсан төр, “боловсруулсан” хэв хууль-ёс журам нь тэднээс хатуу сахилга бат, шударгуу чанар, ёс төрийг шаарддаг байв. Хүннү гүрэн нь ийм төрт ёсыг анхлан гаргаж хожмын нүүдэлчин улсуудад хэв хуулиар нь уламжлуулжээ. Хүннү гүрэнд нь нийгмийн ялгарал нь овог аймгийн хамааслаар зохион байгуулагдаж байсан ба МЭӨ209-МЭ98 он хүртэл Хүннүд нийт 29 шаньюй зөвхөн Сюйляньти овгоос гарч барьж байжээ. Сюйляньти овог нь зөвхөн Сюйбу, Цюлинь, Хуянь, Лань овогтой худ ураг барилдан Хүннүгийн төрийн бүх том албан тушаалуудыг эрхэлж байсан байна. Өөрөөр хэлбэл Хүннү гүрэнд овгийн давхар холбоо маш хатуу мөрдөгдөж байжээ.

Давхар байгууламж гэж юу вэ? Хүй нэгдлийн үед хүмүүсийн харилцаанд Полигами буюу бэлгийн замбараагүй харилцаа буюу бүлэг эрчүүд, бүлэг эмэгтэйчүүд харилцан бие биенээсээ хамаарч хардаж хажиглахгүйгээр бүлгээрээ гэр бүл бололцож нийт дундын хүүхдүүдтэй байсан үе ноёрхож байлаа. Иймээс тэдэнд овог, өрх гэр байсангүй хүн сүрэгт цус ойртолт ихсэж хүн төрөлхтөн биологийн хувьд цэвэршиж чадахгүй байлаа. Харин тэдгээр илүүдэл хүмүүсийг Байгаль-ертөнц араатан амьтадаараа, удамшлын мутациараа өөрөө цэвэрлэдэг байжээ. Үүний дараа хүн төрөлхтөнд овог, өрх гэрийн анхны шат Яс, махан төрлийн өрх гэр үүссэн. Энэ хэлбэрт гэр бүл, овгийн хүмүүс үе үеээрээ хуваагдан харилцан гэр бүл болж байсан нь өмнөх Полигами ёсыг халж чадсангүй. Харин палеолитын дунд үед үүсээд, одоо зарим овог, угсаатанд ч хадгалагдсан хэвээрээ байгаа Пуналуа өрх гэр нь хүн төрөлхтнийг ах дүү, үеэл хаяал гэх мэтээр ялгаж тэднийг гэр бүлийн харилцаатай байхыг хориглосноороо өрх гэрийн хөгжилд нэг том алхам хийв. Пуналуа ёс хүн төрөлхтнийг биологийн хувьд цэвэршүүлэх үйл явцын эхлэлийг тавьсан боловч удам угсааг цэвэр байлгадаг хамгийн гол зүйл болох хүний үеүдийг чухалчлахыг мэдэхгүй байсан тул хүний бэлгийн болон биологийн харилцааг төгс төгөлдөр болгож чадсангүй. 40-өөд мянган жилийн өмнөөс овог буюу яс, махан төрлийн гэр бүлийн дунд Хосолмол буюу Дуальный гэр бүл бий болжээ. Энэ гэр бүлд Полигами, Пуналуа гэр бүлийн харилцааг бүрмөсөн устгаж улам боловсронгуй болсоор Моногами ёс буюу Нэг эхнэр, Нэг нөхөртэй байх ёс үүсэв. Хүмүүс эхийн талыг барьж гэр бүл, овог болсноор Эгзогами буюу Нэг овгийнхон хоорондоо гэр бүлийн харилцаатай байхыг хориглосон ёс гарчээ. Ийнхүү хүн төрөлхтөн биологийн хувьд цэвэршиж “бэлэн болсон анхны нийгэм” гэж үүнийг нэрлэжээ.

Овгийн байгууллын үед давхар байгууламж үүсч хөгжжээ. Эрт үед 2 харь овог худын холбоо тогтоон эгзогами 2 овог байгаад сүүлдээ фратри болон хувирч угсаатан болохдоо харь бус ураглахуй (эндогами) ёсыг хатуу баримтлан шинэ овог аймгууд болж өсдөг байгууламж юм. Өөрөөр хэлбэл нэг угсааны овог аймгууд хоорондоо байнгын худ ургийн харилцаа тогтоож шинэ овог аймгууд үүсэх ёсыг хэлнэ. Давхар байгууламж нь овгийн байгууллын задралын үед алга болдог боловч нүүдэлчдэд хатуу мөрдөгдсөөр өдийг хүрсэн байна.
Хүннү гүрэнд байсан дээрх давхар холбооны үр дүнд Дунху аймгийн бүрэлдэхүүнд багтдаг Ухуань, Сяньби, Тоба, Моюн, Жужань, Хятан, Шивэй аймгууд үүсчээ. Тэд бүгд “Хүннү эцэгтэй, Сяньби эхтэй” гэж ярилцдаг угсаа нэгтэй аймгууд байлаа.

Хань улсын хатгаасаар гарсан дотоодын хямралаас болж нэг эцгийн хөвгүүд болох Хуханье, Чжичжи нар эвдрэлцэн Баруун-Өмнөд 2 хэсэгт Хүннү гүрэн хуваагдлаа. Хуханье шаньюй тэргүүтэй Өмнөд хүннүчүүд Хань улсад дагаар орж говийн ар, Цагаан хэрэм дотор нутаглаж Хань улсынхан тэднийг 10 хуваан тус бүрт 10 шаньюйгаар захируулан тэдний доромжилсон утгаар “гүннү” (хүлцэнгүй боол) гэж нэрлэв. Харин дүү Чжичжи шаньюйгаар толгойлуулсан Умард хүннүчүүд тусгаар тогтнолоо хадгалан тэмцэж байсан боловч Хуханье ах, Хань улсын ээлж дараалсан довтолгоо, байгалийн гамшигийн уршигаар аргагүйн эрхэнд өрнө зүг нүүдэллэв. Ийнхүү Өмнөд хөршийн үеэс үед дамжин баримталж ирсэн “Хүр хорхойн бодлого” биелэлээ олж цаст уулын цагаан барсыг аажим аажим мэрсээр эрхшээлдээ оруулдаг шоргоолжны үлгэр лугаа адил Хүннү гүрэн мөхжээ. Умард хүннүчүүдийн өрнө зүг хийсэн хүн төрөлхтний анхдугаар их нүүдэл нь хамгийн олон угсаатнуудыг зэрэг хамарсан дэлхийн шинж чанартай анхны том түүхэн үйл явдал, угсаатны дэсрэлт байлаа.

Хань улс болон өмнөд хүннүчүүдэд бут цохигдсон умард хүннүчүүд МЭ 98 оноос салхинд хөөгдсөн хамхуул шиг зорилго чиггүйгээр, хүчтэй хүчгүй ч байсан замдаа тохиолдсон бүх хот улсуудыг уулгалан түйвээгээд нүүдэллэн өнгөрч байсан юм. Тэдний нүүдлийн зорилго, шалтгаан, үйл явц түүхэнд одоо ч оньсого хэвээрээ бөгөөд Төв азиас Дундад ази - Каспи - Урал - Днепр - Хар тэнгис- Дунай гэсэн чиглэлээр 375 он хүртэл их нүүдэл хийж тэнд байсан Саки, Сармат, Готт, Кельт, Славян гэсэн олон нүүдэлчин аймаг, овгуудыг Европын гүнрүү түрэн оруулжээ. Энэ догшин ширүүн нүүдлийн улмаас хүчирхэг Ром /378 он/ мөхөж, Европын олон угсаатан үүсэх процесс эрчимжин, хүн төрөлхтний түүх Дундад зуун руу шилжжээ. Энэ үйл явдлуудыг ганцхан хүннүчүүдийн их нүүдэл бий болгосон бөгөөд хүннүчүүд одоогийн Унгарын нутагт төвлөрсөн улс байгуулсан нь Атиллын үед (445-453) хамгийн хүчирхэг байснаа түүнийг төрийн удгандаа хорлогдсны дараа удалгүй мөхөж Европын олон угсаатнуудын дунд уусан алга болжээ.Харин европт цаг төрийн ийм үймээн болж байх энэ үед Төв азид дайн самуун багасаж Сяньби (Сүмбэ) аймгийн холбоо Таньшихуайн үед хүчирхэгжин өөрийн улсыг байгуулсан ч түүний залгамжлагчдын дараах үеэс (МЭ III зуун) Сяньби бүрмөсөн задран унажээ. Тэдний бүрэлдхүүнд байсан Тоба, Моюн аймгууд Хятадын Хань улс задарсныг ашиглан Умард Хятадад өөрсдийн хүчтэй засаглалыг амархан тогтоож “Суурьшмал маягийн” улс байгуулжээ. Муюнхай Сяньбигаас бутарсан зарим аймгуудыг нэгтгэн өөрийн нэрээр Моюн гэж аймгийн холбоогоо нэрлэн 318 онд өөрийгөө Шаньюйгаар өргөмжлөн умард Хятадын 3 жижиг мужийг нэгтгэн захиран Лунчин хотыг суув. Моюнчууд хүчирхэг байх үедээ Солонгос хүртэл газар нутгаа тэлж байсан боловч “Суурьшмал маягийн улс” хятадчилагдаж 410 онд Тоба улсад бут цохигджээ. Моюнчуудыг эрхшээлдээ оруулсан Тоба аймаг (гөрмөл гэзэгтэнгүүд) Монголын зүүн, өмнөд хэсэгт тусгаар байдлаа анх олоод өмнө зүг нүүдэллэн тэргүүлэгч Тоба-Гүйн удирдлага дор 386 онд Тоба Вэй улсыг байгуулан хожим хүчирхэгжин гарч ирэх Гао-гюй (Түрэг), Жужань нарын нүүдэлчин аймгуудыг нэгтгэж эхэлжээ. Тоба Вэй улсын умард хэсэгт нүүдэлчид нутаглан хүчирхэг цэргийнх нь гол мөхлөг болж байсан бол өмнөд хэсэгт нь нанхиад хүмүүс газар тариалан эрхлэн нүүдэлчдийн харъяан дор өөрсдийн зан заншил, шашин шүтлэгтэйгээ хэвээр амьдарч байсан тул Тобачуудыг Моюнтай адилхан уусахад хүргэжээ. Тобачууд Хүннү нартай адил мод сийлж тэмдэг үсгээр санаа нэврэлцдэг “Кэмү” гэдэг бичиг хэрэглэхийн зэрэгцээ 425 онд ханз үсэг хэрэглэн ном судар хэвлүүлж, бумбын шашин шүтэх болсон зэрэг нь хятадчлагдан 535 онд мөхөх эхлэлийг тавьжээ.Моюн, тоба улсын энэ эмгэнэлт түүх нь нүүдэлчид яагаад хятадчлагддаг хүчрхэг төр нь яагаад доройтон буурдаг болохыг харуулсан түүхэн анхны эхлэлийг нь тавьсан юм. Учир нь нүүдэлчдийн амьдрах хэв маяг, эдийн засгийн хэрэгцээ, түүнийгээ хангах арга нь суурьшмал иргэдийнхээс ялгаатай тул улс төр, философийн, эдийн засаг, оюуны сэтгэлгээ огт өөр байх нь ойлгомжтой. Гэтэл энэ бүхний үндэс болсон өөрсдийн амьдрах хэв маягаа өөрчлөх нь тэдний сэтгэлгээ өөрчлөгдөхөд шууд хүргэдэг байв. Ийм магадлал маш өндөр байсан тул Хятадууд нүүдэлчдийг маш өвчлөмтгий ард түмэн гэж нэрлэдэг байв. Тэд “Хүннү эцэгтэй, Сяньби эхтэй” хэмээн төрөлсдөг байсан ч Жужаниудыг олонтаа уулгалан довтолдог байжээ. Жужанчууд Хүннү, Сяньби улс урьд байсан хил хязгаарыг дахин сэргээн хүчирхэг улс болсон ч тэдний харъяанд байсан Түрэгүүд төмөрчдийн бослого дэгдээн 555 онд Жужан улсыг мөхөөлөө.

Ийнхүү Төв азид түрэг угсааны нүүдэлчид ноёрхож эхэлжээ. Урьд нь түрэгүүд бүр хүннүгийн үеэс буюу өвөг Монголчуудын хүчтэй үед харъяанд нь байсан бөгөөд тэднийг Хятад эх сурвалжуудад Ди, Динлин, Гаоюй, Туцзюй гэх мэтээр тэмдэглэдэг байв. 555 онд Бумань Түргийн хаант улсыг (555-745) байгуулахад өвөг Монголын олон овог аймгууд үндсэн гурван хэсэгт таран бутарчээ. Шивэй тэргүүтэй ихэнх хэсэг нь Дорно зүгт Хянганы улсаар дүрвэн нутагласан байхад зарим нь өрнө зүг нүүдэлчдийн 2 дахь их нүүдлийг хийснийг Византи болон Түрэгийн түүхэн эх сурвалжид Авар, Апарчууд гэж тэмдэглэсэн байдаг. Аварчууд гэж нэрлэгдсэн олон аймгууд Евразийн өргөн тал нутгийг туулж ихэнх нь Дунай-Карпат, Византид очиж нутаглажээ. Тэд хүч доройтож мөхсөндөө зугатсангүй, ясны эрх чөлөөг хүсдэг нүүдэлчдийн төрөлхийн зан, Хүчирхэг Түрэгүүдийн атаатнаа бүрмөсөн мөхөөх гэсэн мөрдөлт Аварчуудыг Төв азиас гаргаж 552 онд Балхаш нуур, Арал, Каспийн тэнгис, 555 онд Хар далайн араар явуулж Дунай мөрний эрэгт 568 онд ирүүлжээ. Түрэгийн хаан Бумангийн элч 558 онд Византигаас 30000 өрх аварчуудыг эргүүлж өгөхийг шаардахад Византийн хаан Аварчуудад өөрсдөө алба өгч байснаас “дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу” гэдэг шиг маш хэцүү байдалд орсон гэдэг. Аварчуудын угсаа гарлыг Монгол уу? Түрэг үү? Гэдгийг бүрэн шийдвэрлэж чадаагүй ч ихэнх судлаачид тэднийг Түрэгүүдээс зугатсан Жужаньчууд төдийгүй Кавказын Дагестан, Унгарын Мажар угсаатануудтай холбогдсон гэдгийг тогтоогоод байна. Манай нэрт эрдэмтэн, Билгүүн номч Б. Ринчен 1956 онд Будапешт хотод Хэл шинжлэлийн докторын зэрэг хамгаалахаар очихдоо Унгарчуудыг хөх толботой төрдөг, Монгол-Мажар хэлэнд төстэй үг хэллэг олон байдгийг өөрийн замын тэмдэглэлдээ онцлон бичжээ. Ямарч байсан Аварчуудыг 555-559 онд буюу дөрөвхөн жилийн дотор Хүннүчүүдийн мөрөөр Төв азиас Дунай, Кавказ хүрснийг судлаачид одоо ч хүртэл тааж яддаг билээ.

Харин цөөхөн хэсэг нь Түрэгийн харъяанд орсныг Огуз-Датань, Токуз-Датань гэж руни бичгийн дурсгалууд дээр үлдсэн бөгөөд Түрэг угсааны 3 их улс Монголын нутагт оршиж байсан нь Түрэг хаант улс (555-745)-д бугу, бекли, таринах, карлук, таргай, кыбыр, булак, сыгыр зэрэг олон аймаг багтсан тирек холбоо байсан. Тэд өөрсдийгөө Ашина гэдэг өлгөчин чоноос гаралтай гэж чоныг тотем шүтэж байсныг Сыма Цянь өөрийн зохиолдоо тэмдэглэсэн байдаг. YI зууны сүлчээр Түрэгийн хаант улс дорно(Телес), өрнө(Тардуш) гэсэн хоёр хэсэгт хуваагдсны дараа хятадын Тань улс хүчирхэгжин 50 гаруй жил Түрэгийг өөрийнхөө харъяанд байлгажээ. Гэвч 680 онд Түрэгүүд Күтлүгийг удирдлага дор бослого гаргаж Тань улсын харъяанаас гарч эзэнт улсаа сэргээн Кутлүкийг “Элтэрэс” (улсыг хураагч) цолоор өргөмжлөн хожуу Түрэгийн хаант улс мандан бадрав. Энэ улсын мандан бадралын талаар Кюль-тегин хааны гэрэлт хөшөөнд ийн бичжээ “Нанхиадууд хутган эвдрүүлж хөнөөсөөр дүү нар ану ах нар лугаа эвдрэлцэн муудалцаж бэги нар албат олон лугаа харшлан хөнөөлцсөн тул Түрэг улс эрхэм болсон эл улс юугаан эвдэж, эзэн болсон хаад юугаан тэвчлүгээ. Хүчирхэг хөвгүүд ану нанхиадын боол, Ариун охид ану нанхиадын шивэгчин боллоо…Эл улс маань хаана байна? Эзэн хаад маань хаана байна? хэмээн хэлцэж Нанхиадын эсрэг босож хүчирхэг улс юугаан оллоо” Бадамласан зул удалгүй унтардгийн адил Түрэгийн хаант улс 745 онд Уйгаруудад бутцохигдон ихэнх хэсэг нь өрнө зүг нүүдэллэн Монголын нутагт Уйгарын хаант улс (745-840)-ын үе эхлэв. Энэ улс нүүдэлчдийн эртний улсуудаас Манихей, Исламын шашин Согдоос (Одоогийн Тажикуудын өвөг дээдэс) оруулж ирснээрээ, Согд бичгийг өөрсдөө тохирсон хэлбэрээр авч хос бичигтэн байснаараа, монгол нутагт зургаан хот суурин дурсгал үлдээснээрээ хамгийн их соёл иргэншилтэй улс байсан юм. Уйгарын хаант улс өш хонзонтой маш олон овог аймгуудыг нэгтгэсний улмаас дотоодын зөрчил маш ихсэж 840 онд Енисейн Киргизүүдэд цохигдон ихэнх хэсэг нь дундад азийн Туркестанд очиж, үлдсэн хэсэг нь Хиргизийн харъяанд орлоо. Хиргисүүд (840-917) (дөчин хүүхэд гэсэн утгатай) нь Түрэг, Уйгарын эрхшээлд байж байгаад Монголын нутагт хүчирхэгжсэн гурав дахь түрэг угсааны улс байв. Тэд бөө мөргөлийг хүчтэй шүтэн нүүдэлчдийн хэв хуулийг хамгийн хатуу мөрддөг, харгис хэрцгийгээрээ алдаршсан улс гэж эх сурвалжууд дээр тэмдэглэгджээ. Тэдгээр улсуудын үлдээсэн бичгийн болон археологийн дурсгалууд Монголд маш их бөгөөд тэд бие биенээ халахдаа мөн л өрнө зүг нүүдэл хийснээр ХҮI зуун гэхэд түрэг угсаатнууд Хар тэнгис хүрсэн юм.

Түрэгийн хаант улсын харъяанд байсан Хятангууд YII зууны эхээр хүчирхэг Тань улсад олзлогдон Хянганы эх Сунгари мөрөнд нутаглаж байхдаа өмнө зүгийн ард түмний соёл, зан заншилд гүнзгий нэвтэрчээ. Гэхдээ тэд нүүдэлчдийн хүчирхэг морин цэрэгтэй байсныгаа Тань улс сулрахад нь ашиглаж умард Хятадыг эзлэн авч Тоба Моюн улсын жишээгээр Дай Ляо улсыг байгуулжээ (917-1125). Амбага хааны байгуулсан Хятаны хүчирхэг улс нь Төв азид өвөг Монголчуудыг дахин хүчирхэгжүүлж, мөн асар их өндөр соёл иргэншил, бичиг үсгийн өв үлдээсэн юм. Гэвч тэд ХII зуун гэхэд хятадчилагдан 1125 онд Зүрчид угсааныханд эзлэгдэн тэдний байгуулсан Алтан буюу Цинь улсын харъяанд оржээ. Зүрчидүүд Ляо (Төмөр) улсыг мөхөөж “Төмөр ийнхүү зэвэрлээ. Бид алт (Цинь) шиг зэврэлгүйгээр оршин тогтнох болно” гэсэн болж Өгөөдэй хаан 1233 онд Цинь улсыг эзлэн авч “зэврээжээ”. Харин өөрсдийн соёл, аж төрөх ёсоо алдаагүй Хятангуудын хэсэг нь дундад азид нүүдэллэн очиж Хар Хятаны хаант улсыг байгуулжээ. Ийнхүү Төв азид нутаглаж байсан нүүдэлчид 800 жилийн дотор 9 хүчирхэг улсыг дараалан байгуулж Солонгосоос Хар тэнгис хүртэл нүүдэллэн тархжээ.

Дээрх бүх улсууд яагаад нүүдэллэдэг байв? Тэд малын билчээрээс болж нүүдэллээгүй нь ойлгомжтой. Яагаад гэвэл, Төв азид билчээр хүрэлцэхгүй, шахалдсан олон сая мал, түүнийг өсгөж, амьжиргаандаа хэрэглэх олон сая хүн ам түүхийн бүхий л үеүдэд байсангүй. Мөн улс төрийн шалтгаан үүнд бага зэрэг нөлөөлж байсан болов уу! Угсаа гарал өөр, өөр нүүдэлчид бие биедээ дайсагналцаж хоорондоо цус асгаруулан дайтаж байсан ч Хүннү, Жужанийг 10000 гаруй км, Түрэг, Уйгаруудыг 8000 гаруй км, Хятангуудыг Дундад ази хүртэл цус хөлс, хагцал аймшиг дундуурх алс хол замыг богино хугацаанд туулахад хүргээгүй бизээ! Харин энэ их нүүдлүүдийн шалтгаан нь овог, аймгийн нарийн зохион байгуулалттай, хэв хууль, шударга ёсыг хатуу чанд баримталдаг, үргэлжийн дайн байлдаанаар амьдарч, цэргийн ардчилал өндөр хөгжсөн хүчирхэг нүүдэлчдийн улсууд энх амгалангаар зэрэгцэн оршиж чаддагүйд оршино. Хүч султай болсон овог, аймгууд нь шинэ газар нутаг руу тэмцэн нүүдэллэж нөгөө л эрх дураар амьдрах эрх чөлөөгөө эдлэхийг хүсдэг байжээ.Өвөг Монгол, түрэг угсаатнууд ээлжлэн өөрсдийн төр улсаа байгуулж нүүдэлчдийн төрт ёсны уламжлалыг улам хөгжүүлжээ. Энэ хугацаанд олон улс, аймгууд мөхөн доройтож, уусан алга болж, өрнө зүг их нүүдэл хийсээр XII зуунд Дунху угсааны Шивэйн олон аймгууд Төв азид товойн гарч ирлээ. Энэ үед Евро ази нь Христос-Исламын шаштнуудын хооронд болсон олон жилийн турш цус асгаруулан үргэлжилсэн загалмайтны дайн, олон жижиг угсаатнуудын дайн самуунд нэрвэгдсэн хамгийн замбараагүй тив байв. Ийм нөхцөлд харанхуй бүдүүлэг, харгис хэрцгий хэмээн доромжлогддог өвөг Монголчууд (шивэй) хэнээс ч хамаарахгүй байхын тулд зөвхөн хүчирхэг болох ёстой байв.

Нүүдэлчдийн төр ёс: Төр анх хэзээ үүсснийг түүхч судлаачид МЭӨ IY-III мянганы Египет, Меспотамиийн анхны төр улсуудадтай холбон тайлбарладаг. Төр яаж анх үүссэн тухай судлаачдын дунд 5 янзын үзэл баримтлал байна. Үүнд:

1. Хүмүүсийн дунд гарч өмч, эрх мэдлийн ялгарал гарч Нийгэм анги бүлэг, давхараанд хуваагдснаас хүмүүс бие биенээ дарангуйлах болсон гэж үздэг Засаглалын онол. (К. Маркс)
2. Хүмүүсийн дунд тохиролцоо бий болж харилцан бие биенээ удирдах болж төр нь ард түмэн, засаглалын хооронд байгуулсан гэрээний үндсэн дээр бий болсон гэж үздэг Гэрээний онол. (Жон Локк, Жан Жак Руссо)
3. Түүхэн хөгжлийн явцад хэд хэдэн нэр бүл нэгдэж нэг овог, овог нь аймаг, аймаг нь нэгдэж ард түмэн болж тэр нь тодорхой нэг нутаг дэвсгэр дээр ямарваа нэг засагт захирагдан оршин тогтнох болсон гэж үздэг Өсөлт хөгжилтийн онол. (Карл фон Сангвини)
4. Төр бол Бурханы хүсэл зорилгын үүднээс бий болсон, түүнийг хамгаалагч, Бурханы хүсэл зорилгыг биелүүлэгч юм гэж үздэг Фома Аквинскийн онол байдаг. Нүүдэлчдийн төр ёс эдгээр онолуудын алинд хамаарах бол? Ямартаа ч Нүүдэлчдийн төр ёсны түүх 2200 жилийн өмнөөс эхэлжээ. Хүннү гүрний үед анх үүсч 1000 гаруй жилийн турш угсаа гарал үл харгалзан Хүннү-Сяньби-Моюн-Тоба-Жужань-Турк-Уйгар-Хиргис-Хятан хэмээх улсуудад уламжлагдан хөгжиж Монголын эзэнт гүрний үед улам төгөлдөр боловсронгуй болжээ.Нүүдэлчдийн төр ёсны бүрдэл хэсгийг тус бүрд нь авч үзье. Үүнд:


· Төр өөрийн дээд эрх барих байгууллагатай байх ёстой. Хүннү, Сяньби, Түрэг, Хятан, Хиргисүүд алив чухал асуудлыг хэлэлцэн шийдвэрлэдэг “Эе” гэдэг хурал зөвшилдөөн нь XIII зууны Их гүрний үед “Их хуралдай” гэдэг дээдсийн чуулган болж хаан өргөмжлөх, хууль батлах, цуцлах, дайтах-найрамдах талаар эцсийн шийд гаргадаг эрх бүхий байгууллага болжээ.
· Төр өөрийн эзэнтэй байх ёстой. Нүүдэлчид өөрсдийн удирдагчдаа Зонхилогч, Шаньюй, Хан, Эль-эзэн, Хаган гэх мэт цолуудаар өргөмжилдөг ёс байсан.
· Төр өөрийн нутаг газартай байх ёстой. Тунгалаг байгалийн мандлаас Түмэн газрын цагаан хэрэм, Хянганы ногоон нарст даваанаас Мөнх цаст Алтайн чанад Иль тарвагатайн өргөн уудам нутагт Төв азийн гурван угсааны нүүдэлчид 2000 шахам жил бие биендээ өвлүүлж нутагласан билээ.
· Төр өөрийн харъяат ард иргэдтэй байх ёстой. Дээрх нутгийн уул ус, гол мөрөн, тал хээр, говиор идээшин тархсан олон овог аймгийг аль хүчтэй нь хураан нэгтгэж захирсаар ХIII зууныг хүргэсэн билээ.
· Төр өөрийн бэлэгдэлтэй байх ёстой. Түрэг-Монгол нүүдэлчид бүгд Хөх чоно эр чадал, тэнгэртэйг нь биширч өөрсдийн тотем шүтлэгээ болгосон төдийгүй чононоос бүх овог аймгийн шашин шүтлэг, онгон шүтээн, бэлэг тэмдэг бий болж цааш уламжлагдан иржээ.
· Төр өөрийн гэсэн эдийн засгийн үндэс-өмчлөлийн хэлбэрүүдтэй байх ёстой. Нүүдэлчдийн эдийн засгийн үндэс нь мал-газар байсан бөгөөд газрыг өмчлүүлэхдээ малаар болон эрх мэдлээр дамжуулан өмчлүүлдэг байсан бөгөөд бүх нүүдэлчдийн улсуудад “Газар бол улс гэрийн үндэс мөн” гэсэн бичигдээгүй хууль байжээ. Нүүдэлчдийн эрх мэдэл нь овог аймгийн хамаасал байсан бөгөөд бүх улсад язгуурын овог гэж байв.
· Төр өөрийн гэсэн зохион байгуулалтын бүтэцтэй, түүгээрээ цэрэг армиа бий болгодог. Хүннүгээс аваад Монгол их гүрэн хүртэлх бүх улс улсын баруун зүүн төв гэсэн гурван гарт хувааж түүнийгээ аравтын системд зохион байгуулж цэрэг-иргэний хамгийн шалгарсан зохион байгуулалттай байжээ.
· Төр хууль цаазтай байх ёстой. Нүүдэлчдийн хууль ёс хамгийн сайн биелдэг, хүмүүс нь хуулиа сайн мэдэж, түүнийгээ ихэд дээдэлдэг үлгэр жишээ хууль бол Хэв хууль юм. Хэв хууль олон зуун жилийн турш боловсронгуй болж хөгжсөөр 1206 онд Их засаг (Яса) хуулийн үндэс болжээ.
· Төр өөрийн гэсэн соёл, заншил, ёс горимтой байх ёстой. Төв азид нутаглагч бүх нүүдэлчид дээр хөхрөгч Хөх тэнгэр, наран-саран-од эрхэс, доор орших уул ус, гол мөрөн, онгон сахиусаа дээдэлдэг бөө мөргөлийг шүтэж, түүнээс улбаалан бий болсон соёл зан заншил, наадам тоглоом, үлгэр домог туульсыг бүтээн өнөө үед өвлүүлжээ.
· Төр улс өөрийн улс төр, эдийн засаг, соёлоо цогцлоосон төв нийслэлтэй байх ёстой. Хүннү гүрнээс хойшхи бүх нүүдэлчдийн улс Орхон голын тэгш сайхан талд өөрсдийн хааны орд, төрийн төвийг байгуулсаар иржээ.

1 comment:

Dr Adity said...

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

: