Хүрэл, төмөр зэвсгийн үеэс эхлэн Хүннү нар 24 том аймаг болж хуваагдаад сайн үүлдрийн адуу, үхэр, хонь, ямаа голлон маллаж, тэмээ, илжиг, луус бага зэрэг өсгөдөг байжээ. Жилийн 4 улиралд өвс усны аяыг дагаж оторлон нүүж амьдардаг байсан. Тэдэнд газар тариалан, хот суурин, төр улс, бичиг үсэг гэж байсангүй, аман уламжлал дамжин үлдсэн ердийн хуулийг дагаж мөрдөн аж төрдөг байжээ.
Эрэгтэй хүүхдүүд нь хонь, ямаа унаж чадах болмогц өчүүхэн жижиг амьтад болон шувуухайг нум сумаар харваж чаддаг байжээ. Арай том болохоороо үнэг, туулай намнан хоол хүнсэнд хэрэглэх жишээтэй байжээ. Тайван цагт Хүннү нар мал маллахын хажуугаар ан гөрөө хийж эрх дураар амьдран суудаг байжээ. Дайн дажны аюул нүүрлэсэн үед нум сум харваж чадах эрчүүд цөм хуягт морь цэрэг болж, цэрэг дайны сургууль хийж, дайсантай тулалдах, довтлох бэлтгэл хийдэг байжээ. Залуу чийрэг зарим эмэгтэйчүүд нь мөн түүнд оролцдог байсан тухай мэдээ бий. Эхний үед нум сум, сэлэм, жаднаас өөр хүчтэй зэвсэггүй байсан боловч Хүннү нар дайн тулалдаанд ихээхэн зориг самбаатай, чадварлаг хүмүүс байжээ. Дайн тулааны үед Хүннү нар амжилт олмоор бол шууд довтлон байлддаг, хүч түрэмгий бол ухран зугтахаас ичиж нэрлэхдэггүй байсан гэдэг бөгөөд тэр нь хожмын үеийн монголчуудын байлдааны арга тактиктай ижил төстэй байжээ.
Ашиг завшаан харсан цагтаа ичүүр сонжуур, шударга журам мэддэггүй гэх зэргээр хятад түүхэн сурвалжид тэмдэглэгдсэн үзэгдэнэ. Тэдний дунд төр ёс, бичиг үсэг, соёл иргэншил үүсэхийн өмнөх үед дээгүүр доогуургүй цөм малын мах, сүү цагаан идээгээр хооллож арьс үсээр нь хувцас хийж өмсдөг байжээ. Аль хүчтэй нь хоолны сайныг идэж ядуу буурай нь үлдэгдлээр нь амиа тэжээдэг, идэр чийрэг эрсийг ихэд хүндэлж, сул доройг бага анхаардаг гэсэн баримт дайралддаг. МЭӨ 5-3-р зууны үед Хүннүгийн нийгэм тийм байдалтай байхад Хятад улс хуваагдмал байдалтай байлаа ч гэсэн Хүннүтэй хиллэдэг умард хэсэг нь аажмаар хүчирхэг болж Төв Азийн нүүдэлчдийн эсрэг түрэмгийлэл хийх хүчин чадалтай болж байжээ. Тэдний зарим нь цэрэг дайны үйл ажиллагаандаа амжилт олохын тулд Хүннү тэргүүтэй нүүдэлчдийн амьдрал ахуйг судалж, цэргийн эрдмээс нь тусгайлан суралцаж байжээ. МЭӨ 307 онд Умард Хятадын Чжао улсын Үлин ван хэмээх цэргийн жанжин нь өөрийн харъяа нарт Хүннүгийн маягийн хувцас хийлгэж өмсгөн, морь унуулаад давхиан дунд нь нум сумаар бай харвуулан сургаж байжээ. Тэгээд умар зүг аян дайнд мордож, Хүннү аймгийн зонхилогч, түүний харъяат гол овгууд оршин амьдарч байсан Шар мөрний дунд урсгалын тохойн доторх Ордос нутгаас Хүннү нарыг шахан зайлуулж, Шар мөрнөөр хилийн зааг тогтоон, түүний хойдох Муна уул тэргүүтэй Иньшань уулын урд хормойгоор бэхлэлт хэрэм босгож, Хүннүгийн хувьд цэрэг стратегийн чухал холбогдолтой уугуул нутгийн нэгэн хэсгийг нь эзлэн авч байжээ.
Түүний дараа умард Хятадын Янь улсын хааны ордноос баривчлагдан үлдээд байсан Цинь Хай хэмээх сурвалжит язгууртан залуу тэдний амьдрал ахуйд амархан дасч итгэл хүндэтгэлийг олж цэргийн эрдэмд сайтар суралцжээ. Гэсэн ч тэрээр нутагтаа буцаж ирсний дараа Үлин вангийн нэгэн адил цэргээ нүүдэлчдийн маягаар сургаж аваад Дүнхү нарын эсрэг гэнэт довтолж, ихээхэн газар нутаг эзлэн авч урдуур нь хил тогтоон бэхлэлт хэрэм босгож хаасан байна. Харин Хүннү нар Ордос нутгаа эргүүлэн эзлэн авсан боловч тэр нь төдийлөн бат бэх, найдвартай хамгаалагдаж байсангүй. МЭӨ 221 онд умард Хятадын Цин улсын хаан Цинь Шихуан бусад зургаан улсыг байлдан дагуулж өөрийн улст нийлүүлэн нэгтгэж, эртний хятадын анхны хүчирхэг эзэнт гүрэн байгуулсан нь Хүннү, Сихү, Дүнхү нарт нэн ноцтой аюул занал учруулах болжээ. Цинь Шихуан өмнөх үеийн Цинь, Чжао, Янь улсын хилийн бэхлэлт хэрмүүдийг өвөр хооронд нь шинээр бэхлэлт хэрэм барин залгаад, түүнийг баруун зүүн тийш уртасган, Хятадын баруун хойд, умард, зүүн хойд талын бүх хилийн дагуу 5000 км урт «Түмэн газрын урт цагаан хэрэм» бариулж бэхлүүлээд умар зүгийн нүүдэлчдийн эсрэг асар их далайц хүчтэй түрэмгийлэл хийж эхэлсэн байна. МЭӨ 214 оны үест Цинь гүрний анхны эзэн хаан Цинь Шихуан өөрийн цэргийн жанжин Мын Тянь тэргүүтэй 100 мянган цэрэг хөдөлгөж Хүннү нарын нутгийн өмнөд хэсгийн Ордос болон одоогийн Өвөр Монголын Хөх хот, Бугат хот орчмын газар нутгийг эзлэн авч урд талаар нь Цагаан хэрэм нэмэн босгожээ.
Тэдгээр нутагт 44 хошуу сум байгуулж, Хятад нутгаасаа олон тооны гэмт хэрэгтэн, ялтангуудыг шилжүүлэн орогнуулж, хил хязгаар сахин хамгаалах цэрэгтээ арын албаны маягийн түшиг тулгуур болгож байжээ. Цинь Шихуан тухайн үеийн Хятад орныг нэгтгэн анхны эзэнт гүрнийг байгуулж, улсаа ихээхэн хүчирхэг болгож, жин хэмжүүр, бичиг үсгээ жигдлэн хөгжүүлсэн гавъяатай байсан боловч олон тооны сүрлэг орд харш, зам гүүр, хот суурин, ялангуяа Цагаан хэрэмийг барих зэрэгт Хятадын ард түмнийг асар их хэмжээний алба татвар, биеийн хөдөлмөр, цэрэг, өртөө, харуулын албаар дарамтлан хэрцгийлсэн явдал нийт олны дургүйцэл хилэнгийн галыг бадрааж, энд тэндгүй бослого хөдөлгөөн, эсэргүүцэл тэмцэл гарч, улс гүрэн аажмаар сулран доройтох үүд хаалгыг цэлийтэл нээсэн байна. Удалгүй Цинь Шихуан, Мын Тянь нас барж, Хятадын зүгээс умар зүг их хэмжээний аян дайн хийх боломж хомсдсон боловч дараачийн эзэн хаан Шихуаны үед Цинь улс нэг хэсэгтээ бас умар зүгийн нүүдэлдийн нутгийн өмнөд хэсгийг эзлэн захирсан нэлээд хүчирхэг эзэнт гүрэн хэвээр үлдээд аятай нөхцөл гарсан цагт Хүннү нарт ахин дахин аюул учраалах нь магадтай байжээ. Цинь Шихуаны үед Хүннүгийн цэрэг аймгийн холбооны Шаньюй цолтой зонхилогч нь Түмэн хэмээн сурвалжит язгууртай байсан бөгөөд Мын Тяны довтолгоонд эрсдэн Ордос нутгаа алдсаны дараа өөрийн нутгийн умард хэсэг болох хойчийн үеийн Ар Монголд шилжин ирсэн байна.
Тухайн цагт Юэчжи болон Дүнхү аймгийн холбоод харьцангуй хүчирхэг болоод Хүннүгийн Шаньюйгаас залгамжлах хөвгүүнээ барьцаанд очуулахыг хүртэл шаардах болжээ. Хүннүгийн нийгэмд овгийн байгуулал улам задарч, сурвалжит язгууртнуудын дундах цусан төрлийн барилдлага суларч эцэг үр, ахан дүүс, эр эм, гэр бүл, өмч хөрөнгө, эрх мэдлийн харилцаа ихэд ээдрээтэй болж, хүй нэгдлийн байгууллын үеийн овог аймгийн ердийн хууль, уламжлал зан заншлын дагуу шийдвэрлэхэд бэрх болж байжээ. Шаньюн их хатнаасаа Модун хэмээх ахмад хөвгүүнтэй байсан учир тэр хөвгүүн эцгийн орыг залгамжлах ёстой байжээ. Гэтэл Түмэн өөрийн хайртай бага хатнаас төрсөн өөрийн хөвүүнээр өөрийг залгамжлуулах бодолтой байжээ. Тэгээд тэрээр Модун хөвгүүнээ Юэчжи аймгуудын холбоонд барьцаанд ачуулаад түүнийг хордуулах зорилгоор тус аймгийн эсрэг гэнэт довтолжээ. Юэчжи нар үнэхээр түүнийг барьж алах гэсэн боловч Модун ихээхэн ухаалаг бөгөөд самбаатай, чийрэг эр байсан тул зай сиймхийг олж, хурдан хүлэг морь олж унаад нутагтаа эсэн мэнд зугатан иржээ. Түмэн Шаньюй арга буюу түүний ухаан, зоригийг үнэлж, нэг түмэн морьт цэрэг өгч захируулжээ. Тухайн үеийн Хүннүд хятадын Цинь Гүрэн заналхийлж байснаас эх орноо батлан хамгаалах, түүнд эзлэгдсэн Ордос нутгаа чөлөөлөн авахын тул аймаг овгуудаа баттай нэгтгэн хүчирхэг зангидмал хүчин болгох, дотоодын ээдрээтэй байдлыг цэгцлэн засах гээд амин чухал зорилтууд тулгаран тавигдаад байсан юм. Түүний тул нэн түрүүн төрийн бодлогоо урьд урьдынхаас дээгүүр тавьж, нарийн боловсруулан, нэн тууштай болгож, цэргийн сахилга, дэг журмыг чангалан чандлах хэрэгтэй болжээ.
Тэр бүхнийн Түмэн шаньюй тэргүүтний сурвалжит язгууртан нар, бусад зарим хүмүүс ч гадарлаж байсан боловч тэдний дундаас хэргийн байдлыг хамгийн гүнзгий ойлгож зөв чармайж байсан хүн нь Модун хөвгүүн байсан бололтой байдаг. Модун өөрийн аймгийн холбоооны удирдлага, цэргийн хүчийг гартаа авч, хүчирхэг Хүннү улс байгуулах, тэгэхийн тулд нэн түрүү өөрт нь далдуур дайсагнаад Хүннү аймгийн холбоог олигтой удирдаж, дайсны эсрэг эрчимтэй тэмцэж чадахгүй байсан эцэг шаньюйг замаасаа зайлуулахаар шийдсэн ажээ. Модун цэргүүддээ хандаж би өөрөө хаашаа юуг харвана вэ, та нар мөн тэр зүг түүнийг харваж байх ёстой, хэрэв тэгээгүй хүн гарвал түүний толгойг авна хэмээн тушааж, хатуу журам тогтоожээ. Түүхэн домог ёсоор Модун нумаа татаад тавимагц исгэрэн дуугарч оддог дуут сум үйлдээд нэг өдөр ан хийж явахдаа гэнэт өөрийн хүлэг морины зүг сум тавьжээ. Цэргийн дийлэнх ихэнх нь түүний хүлэг морийг харвасан боловч зарим нь тэгсэнгүй,. Модун тэгж харваагүй цэргүүдийн толгойг тас цавчжээ. Хэд хоногийн дараа Модун өөрийн хатандаа сум зоож орхижээ. Зарим дагалдагчид нь айж хэлмэгдээд хатны зүг сум тавьсангүй үлдээд толгойгоо авахуулжээ. Дараагийн удаа анд явж байгаад Модун эцэг шаньюйн хүлэг морийг харваж орхижээ. Дагалдагчид нь цөм тэрхүү хүлэг моринд сум зоожээ. Өөрийн цэргийг одоо юунд ч хэрэглэсэн болох боллоо хэмээн үзээд Модун анд явж байхдаа гэнэт эцгийн зүг дуут сумаа харважээ. Цэргүүд нь бас цөм шаньюйн зүг сум харваж алжээ. Модун өргөө гэртээ буцаж ирээд шаньюйн бага хатныг, өөрийнх нь дүү болох хөвгүүн, түүнчлэн эсэргүүцэн дургүйцсэн сурвалжит язгууртан нарыг бүгдийг нь цаазаар авчээ.
Тэгээд МЭӨ 209 онд Модун, Хүннүгийн Шаньюй хаан болж, бүх 24 аймгаа нэгтгэн захирч Хүннү улсыг үндэслэн байгуулсан байна. Хүннү улс бол Төв Азийн түүхнээ байгууладсан нүүдэлчдийн анхны төр улс байсан бөгөөд тэр нь чухамхүү Монгол нутагт үүсэн бий болсон нь сонин бөгөөд чухал юм. Хүннү улсын шаньюй хаан Модунгийн өргөө ордог нийслэл Луут хот нь Монгол орны төв хэсэгт , Хангайн нуруу, Орхоны хөндийд, хожмын монгол улсын нийслэл Хархорум хот баригдсан газрын орчим байжээ гэж зарим эрдэмтэд үздэг. Модун Шаньюйн үеийн Хүннү улсын хааны өргөө ордон нь их олон орд харштай том хот байгаагүй боловч бас Түмэн Шаньюйн үеийнх шиг зөвхөн өргөө гэрүүд байгаагүй, аажмаар байшин барилгатай өргөө ордон болж байсан нь тодорхой байгаа юм. Хүннү улс төрийн тамгатай байсан, хятад зэрэг гадаад улс орнуудтай харилцахдаа хэрэглэдэг тусгай тамга, бичиг үсэгтэй байсан болно. Хятадын түүхийн зарим сурвалжид Хүннү нарыг бичиг үсэггүй хэмээн тэмдэглэсэн байдаг боловч тэр чухамдаа төр улс байгуулагдахаас өмнөх үеийн Хүннү нарт хамаарах бөгөөд Хятад дүрс үсгийг Хүннү нар мэддэгггүй байсан гэсэн үг байсан болно. Нүүдэлчин Хүннү нарын төр улс нь анх үүсээд удаагүй байх үедээ, түүнчлэн нэлээд удаж, нарийсан жигдэрсэн үедээ ч гэсэн Хятад зэрэг эртний суурьшмал иргэмшилт улс гүрнүүдийн төр засгийг бодвол тийм их ээдрээтэй, хүнд суртлын олон давхар, нүсэр их байгууламжгүй харьцангуй хөнгөн хялбар тогтолцоотой байсан юм.
Тэдний төр засаг, нийгэм улс төрийн байгуулалд овгийн байгууллын нөлөө их байснаар үл барам ерөөс Хүннүгийн төр ёс нь гадаад, дотоод нөхцөл байдлын учир Хүннүгийн аймгийн холбооны задран байсан овог аймгийн үндэс суурь дээр шууд гарч ирсэн болохоор Хүннүгийн төр нь хөрөнгө чинээ, баян, ядуугийн ялгаа гүнзгийрч , ангийн тэмцэл хурцдаад ноёлогч анги нь жирийн талчин ардуудыг дарангуйлан захирч дарлах мөлжих, цэрэг улс төрийн дарангуйллын зэвсэг болж гарч ирсэн гэвэл үнэн байдалд эс нийцнэ. Ер нь нүүдэлчдийн төр ёс нь хүй нэгдлийн байгууллын эцсийн шатны цэргийн ардчилал хэмээгдэгчийн нөхцөл байдалд овог аймагтаа суурилан овог аймгийн улс төр, цэрэг иргэний нүүдэл иргэншлийн зохион байгуулалттай тусгай аппарат гарч ирдэг байжээ. БНХАУ-ын Ма Чаншоу, АНУ-ын Дэнис Синор, Оросын Л.Гумилев, И.С.Урбанаева нарын зэрэг эрдэмтдийн сүүлийн үеийн судалгаа, туурвисан шинэ бүтээлүүдээс үзэхэд Хүннү зэрэг нүүдэлчин улс түмний төр ёс, түүний гарвал үүсэл, мөн чанар, шинж төрхийн хувьд чухам иймэрхүү өвөрмөц онцлог байдлаар хандах болсон нь илт байгаа юм. Хүннү нарын дунд тийнхүү төр улс үүсч, бичиг үсэг үүсэхийн хамт мөн тэдгээр дээр тулгуурласан шинэ ёс, шинэ маягийн амьдрал, соёл аажмаар бүрэлдэн тогтох нөхцөл бүрдэж, Монгол ба нийт Төв Азийн нүүдэлчин малчдын өвөрмөц соёл иргэншил, Монголын онцлогтой нүүдлийн иргэншлийн эх суурь тавигдсан юм.
2210-аад жилийн тэртээ үеэс эхлэн Төв Ази, Монгол орны нүүдэл иргэншлийн тухай бүрэн дүүрэн, итгэл үнэмшилтэйгээр ярьж бичих бололцоотой болсныг цохон тэмдэглэхэд таатай байгаа юм. Монгол орон, Монгол улсыг дэлхий дээр хамгийн эртний, хамгийн өндөр хөгжилтэй байсаар ирсэн улс орон биш юм аа гэхэд Төв Азийн нүүдэлчин улс түмний дундаас 2200 гаруй жилийн төр ёс, нүүдэл иргэншлийн бат уламжлалтай улс орнуудын тэргүүний эхний нэг нь хэмээн тооцоход бодит байдалд өчүүхэн ч харшлахгүй түүхэн үнэн мөн билээ. Монгол орон, Төв Азийн анхны тэрхүү Хүннү улс, түүний нүүдэл иргэншлийн улс төр, нийгэм, соёлын бүтэц, зохион байгуулалт чухам ямар байв гэвэл, төрийн тэргүүн нь мэдээжийн хэрэг нэгэнт хаан болсон Модун Шаньюй, түүний хойчийг залгамжлагчид байсан юм. Тухайн үеийн Хүннү улсын аймаг овгуудын дотроос хамгийн их сурвалжит язгуур, нэр хүндтэй нь Модун шаньюйн Люаньти буюу Сюйлянти (Ляньти) овог байжээ. Ляньти овгоос дараачийн бусад Шаньюй нар гарч хэрэг дээр хаан суудаг байжээ. Шаньюй нар хаан хэмээх цол хэрэглээгүй боловч Модун тэргүүтэй дараачийн хэдэн үед үнэндээ жинхэнэ хаан буюу эзэн хааны хэмжээ төвшинд гарсан байв. Түүнчлэн Хуянь, Лань, Сүйбү хэмээх ихээхэн сурвалжтай гурван овог байснаас Шаньюйн Яньчжи хатан, бэр төрхмүүд, ихэс ноён жанжин нар гардаг байжээ. Зарим сурвалжид Сүйбү овгийг нилээд сүүл үед шинээр тодрон гарч ирсэн овог хэмээн дурдсан зүйл байдаг. Гэвч түүнийг цаашид нарийвчлан судлаж тодруулах шаардлагатай байгаа юм.
Анхаарууштай нэгэн зүйл бол Хуянь овгийг зарим эрдэмтэд хожмын Монголын Хиян овог болсон хэмээн үздэг явдал юм. Тэд монголчуудын гарвал үүслийг маш эрт цагаас улбаалуулан судлаад хэдэн мянган жилийн өмнө өвөг Хүннү, Монгол угсааны аймгийн зонхилогчийнд Монгол, Татар гэдэг ихэр хоёр хөвгүүн төржээ. Тэд нарын Монгол нь язгуурын Монгол, Татар нь татар нарын өвөг дээдэс болжээ. Хэдэн үе өнгөрсний дараа язгуурын Монгол аймгийн зонхилогч нь Хиад (хурц ширүүн), Нукуз (нохос, чоно-нохос) гэдэг хоёр хөвгүүнтэй байжээ. Тэр хоёр удам угсааныхан нь Хияд, Чонос (ноход) овогтон болжээ гэсэн түүхэн домог байдаг. Гэтэл Хүннү нарын дунд Мүгель (Монгол), Хуянь (Хиян) овгууд байсан, тэд нарын өвөг дээдэс болох Ди, Хяньюань, Хүньюй нарын Хятад зурлагад чоно-нохой гэсэн үсэг орсон байдаг зэргээс үзэхэд Хүннү, Монголын зарим гол овгуудын нэрс ижил давхцаж байгаа байдал харагдаж байна. Энэ нь Хүннү нарын бүрэлдэхүүнд язгуурын Монголын Монгол, Хияд Чонос овгууд багтаж байсныг харуулж байна. Тэр байтугай Хүннүгий дөрвөн гол овгийн нэгэн болох Сүйбү аймгийг зарим эрдэмтэд хожмын Монголын Зүбү аймаг хэмээн үзэх болсон байна. Харин Татар аймгийг Хүннү нарын төр байгуулагдахын өмнөх болон эхэн үед Дүнхү аймгийн бүрэлдэхүүнд зонхилох нэгэн аймаг болж байсан хэмээн Иакинф Бичурин нарын зэрэг эрдэмтэд үзэж байсан нь үнэний хувьтай байгаа юм. Тэдгээрийн дотроос бас дээгүүр тушаалтан, сайд, жанжин нар гардаг байсан байна. Хүннүгийн шаньюйн удаах ихэс сайд түшмэд, жанжин нар зургаан зэрэг дэв байжээ. Хамгийн томоохон нь зүүн, баруун этгээдийн чжүки (цзюйкүй) ноёд байжээ. Зүүн этгээдийн чжүки шаньюйг залгамжлах хан хөвгүүн байдаг байжээ. Наран мандах зүүн зүгийг хойч үеийн монголчуудын нэгэн адилаар Хүннү нар онцгой ихэд эрхэмлэдэг байжээ. Чжүки ноёны цолын чжүки гэдэг үг нь сэцэн гэсэн утгатай байв хэмээн хятад сурвалжууд нэг бус удаа тэмдэглэгдэн үлдсэн байдаг.
Үнэхээр чжүки, сэцэн гэсэн үгс зарим талаар төсөөтэй байж болох талтай боловч эртний хятад хэлний аялга дуудлагаар үг чухам ямар байсан, сэцэн хэмээх Монгол үгтэй тохирч байгаа эсэхийг жич судлан тогтоох хэрэгтэй байгаа болов уу. Зүүн, баруун этгээдийн чжүки ноёны дараах томоохон тушаалтан нь зүүн, баруун этгээдийн лүли ноёд байжээ. Чжүки, Лүли ноёдын удаах томоохон тушаалтан нар нь зүүн, баруун этгээдийн их тэргүүлэгч, тэдний удаах нь зүүн, баруун этгээдийг их дүюй, дараах нь зүүн, баруун этгээдийн гүдү-хэү нар байжээ. Чжүки ноён, Лүли ноён, тэргүүлэгч, дүюй , данхү, гүдү-хэү гэсэн ийм зургаан зэрэг дэвийн ноёд, жанжин нар Хүннү улсын төр, засаг захиргаа, цэрэг, эдийн засаг, соёл шашин мөргөл, ёс суртахууны үйлийг шаньюйд туслан захирч явуулдаг байжээ. Тэдгээр сайд, түшмэд, жанжин нарын зэрэг тушаал нь үе залгамжилдаг байсан ажээ. Тэд тус бүр нэг түмэн айл өрх захирч, түмэн морьт цэрэг удирдан явдаг байжээ. Хүннүгийн 24 аймаг тус бүр нэг түмт болж, түмний ноён цолтой цэргийн жанжин толгойлдог байжээ. Түмэн нь хожмын Монголын нэгэн адилаар мянгатууд болж хуваагддаг, мянгат нь зуутууд, зуут нь аравт болж хуваагддаг байжээ. Үүгээр үзвэл Хүннү улс анх байгуулагдах үедээ нэгэнт 240 орчим мянган морьт цэрэгтэй байсан бөгөөд цаашид бусад улс орныг байлдан дагуулахын хамт тэр тоо өсөн нэмэгдэж байсан нь үзэгдэнэ, Хүннү улс байгуулагдахын өмнө Түмэн шаньюйн үед зүүн зэргэлдээх Дүнхү аймгийн холбоо, баруун урд залгаа Юэчжи аймгийн холбоо тус тус ихээхэн хүчирхэг болж ялангуяа Дүнхү нар Хүннүд сүрхий дэрэлхэх янзтай болсон байв. Модун шаньюй гарч ирж, Хүннү улс байгуулагдан хүчийг олох шинжтэй болж ирсэн нь тэдэнд таалагдсангүй. Дүнхү нар түүнийг янз бүрээр өдөөн хатгаж байгаад дайн гаргаж, цохин доройтуулах бодлого явуулжээ.
Эхний ээлжинд Дүнхү аймгийн холбооны зонхилогч нь Модун шаньюйд элч илгээж Түмэн шаньюйн хэрэглэж байсан, өдөрт мянган ли газар (нэг газар буюу ли нь 576 метр орчим) давхиж чаддаг хурдан хүлэг морийг авахыг хүснэ, хоёр талын найрамдлын учир найр тавьж олгох ажаамуу хэмээн албан ёсоор хүсэмжилжээ. Дүнхүгийн зонхилогч нь Хүннүг хүчирхэг болохоос өмнө дайн байлдаан өдөөд даруй бут цохихын тул нэг хэсэг хугацаа өнгөрсний дараа Модунд дахин элч илгээж, яньчжи хатнуудынхаа аль нэгийг найр тавьж өгмүү хэмээн өдөөн хатгажээ. Шаньюйн зөвлөхүүд маш их ундууцан зэвүүцэж, Дүнхү нар ичих нүүрэндээ элэг наасан үл бүтэх амьтад болжээ, шаньюйн хатнаас нэгийг авахаар нэхнэ гэнэ ээ, тэдэнд шууд дайн зарлавал зохино хэмээн зөвлөжээ. Модун шаньюй Хүннү улсын хүчин чадал жигдэрч цэрэг дайны бэлтгэл арай хангагдаагүй хэмээн үзэж, найрамдалт хөрштэйгөө аль нэг хатны улмаас эв эвдрэх хэрэггүй биз гээд өөрийн хамгийн дотно хайрт хатнаа Дүнхүд найр тавьж илгээжээ. Түүний дараа удалгүй Модун шаньюй улсын дотоодыг засч, цэрэг дайны бэлтгэлийг үндсэнд нь ханган, дайн тулаанд бэлэн болгож чадсан бололтой. Дүнхүгийн дараагийн хүсэлт шаардлагад тэс өөрөөр хандсан байна. Хүннү, Дүнхүгийн хилийн харуулуудын хооронд Хүннүгийн харъяаны говийн нэлээд урт нарийн зурвас газар ямар ч эзэнгүй байдаг байжээ. Хүннүгийн нутгийн зүүн өмнөд хязгаарын цөл говийн хужир марз болсон тэр газрыг Хүннүгийн мэдэлд үлдээх явдал зохимжгүй байна хэмээн Дүнхүгийн зонхилогч тусгай элч илгээж, Дүнхүд найр тавьж өгөхийг хүсчээ. Модунгын зөвлөх сайд, түшмэд тэр газар бол үржил шимгүй, хэрэггүй дэмий газар, Дүнхүд өгсөн ч үгүй ч ялгаагүй, найр тавихад бүрэн болно гэж зөвлөжээ. Модун шаньюй маш их ундууцан хилэгнэж, «Газар бол төр улсын үндэс суурь мөн билээ. Түүнийг бусдад өгч яаж болох вэ?!» гээд зөвлөхүүдийнхээ дотроос найр тавиулах санал гаргасан этгээдүүдийг бүгдийг цаазаар авчээ. Тэгээд Модун шаньюй цэргээ удирдан хөдөлж, Дүнхү нарыг санаандгүй байхад гэнэт довтлон дайрчээ. Дүнхүн нар Модун шаньюйг өөрсдөөсөө айж болгоомжилдог, хулчгар дорой хэмээн үздэг болоод зохих бэлтгэлгүй байсан учир Хүннүд тэр дороо бут цохигдон эзлэгджээ. Модун шаньюй Дүнхүгийн бүх газар нутаг, хүн малыг цөмийг эрхшээлдээ оруулж аваад урьд авсан хүлэг морь, хайртай хатнаа эргүүлэн авч ирсэн байна.
Дүнхү аймгийн холбоог байлдан эзэлж, цэрэг дайны бэлтгэл бүрэн хангагдсан тул Модун шаньюй тэр дороо баруун урагш хөдөлж, Юэчжи аймгийн холбоог бут цохин доройтуулжээ. Юэчжи аймгуудын тав нь баруун зүг зугатан гарч, зам зуур Тэнгэр уулын Өвөр, Их Юэчжи, Бактри зэрэг газарт нэлээд саатан байгаад одоогийн Афганистанд очиж суурьшин 1 зууны үед Кушан гүрнийг байгуулан эртний Энэтхэгийн Кушаны соёл иргэншлийн үндэс суурийг тавилцсан юм. Модун шаньюй бас Монголын умард хязгаар, Буриад, Тува, Хакас нутагт оршин амьдарч байсан Хүньюй, Динлин, Гэгүнь, Кюэше, Цайли зэрэг нүүдлийн малчин, цаатан, анчин гөрөөчин аймаг, овгуудыг эзэлж, дэвсгэр нутгаа Хакас, Байгал нуур хүртэл тэлсэн байна. Дараа нь Модун шаньюй цэргээ хөдөлгөж, урьд нь эртний Хятадын Мын Тянь жанжны булаан эзэлсэн Ордос газар болон тэр хавийн нутгийг чөлөөлөн, эргүүлж Хүннү улсдаа нэгтгэн авсан байна. Түүнчлэн баруун зүг хөдөлж, одоогийн Казахстаны нутагт оршин амьдарч байсан нүүдэлчин малчин Үсүн аймгууд болон Дорнод, Өрнөд Туркестаны 36 том, жижиг хотуудыг байлдан эзэлж, Хүннү улсын эрхшээл нөлөөнд оруулжээ. Манай эриний өмнөх 3-2-р зууны зааг дээр хүннү улс нь тийнхүү олон улс аймгуудыг эзлэн захирсан Монгол ба Төв Азийн нүүдэлчдийн анхны хүчирхэг том эзэнт гүрэн болсон байна. Тэр цагаас эхлэн Модун болон дараа үеийн Хүннү гүрний төрийн тэргүүн нь урьд адил зөвхөн шаньюй гэгдэхгүй, харин их шаньюй (эзэн хаан) гэгдэх болсон байна. Хүннү улсыг анх байгуулагдах үед эртний Хятадын хүчирхэг эзэнт гүрэн Цинь улс дотоодын зөрчил тэмцэл, нүүдэлчдийн довтолгоон зэргээс нэлээд сулран доройтоод мөхөх тийш хандаж байжээ. Модун шаньюй тэргүүтэй Хүннү улсын цэрэг Хятадын умард хилд үе үе цөмрөн орж, Цинь улсын эсрэг Хятадуудын тэмцлийн ил, далд дэмжиж байсан явдал эртний Хятадын тэрхүү хүчирхэг гүрний мөхлийг түргэтгэсэн талтай. Цинь улсыг үндэслэн байгуулагч Цинь Шихуаны нас барснаас хойш нэг жилийн дараа Хятадын тариачид зэвсэглэн босч, хоёр жил гаруй ширүүн тэмцэл хийж, Цинь улсыг мөхөөсөн юм.
Бослого гаргасан тариачдын удирдагчдын нэгэн болох Лю Бан 206 онд Хятадыг дахин нэгтгэж, Чанань (одоогийн Сиань) хот нийслэлтэй Баруун Хань улсыг байгуулсан нь урьдах Цинь улсаас илүү хүчирхэг эзэнт гүрэн болсон ажээ. Тийнхүү МЭӨ 3-р зууны эцсээр Монгол орон, Төв Азид Хүннү улс хэмээх нүүдэлчдийн хүчирхэг эзэнт гүрэн бий болоход Хятадад Баруун Хань улс хэмээх суурьшмал соёл иргэншилт бас нэгэн хүчирхэг эзэнт гүрэн үүсч, өвөр хоорондоо өрсөлдөн тэмцэлдэх болжээ. Баруун Хань улс газар нутаг ихтэй, хүн ам олонтой, эдийн засаг соёлын хувьд тухайн үедээ харьцангуй ихээхэн өндөр хөгжилтэй улс гүрэн байжээ. Хүннү гүрэн хүн амын хувьд Баруун Хань улсаас хэдэн арав дахин цөөн, шинжлэх ухаан, соёлын хувьд түүнээс давуугүй байсан боловч газар нутгийн хувьд хэд дахин илүү, төрийн бодлогын хувьд хэнээс ч дутахгүй зарим талаар давуу талтай улс гүрэн байжээ. Баруун Хань улс хүн амын хувьд бараг дан ганц Хятад иргэдээр бүтсэн, удам угсааны талаар нэгэн жигд улс гүрэн байжээ. Хүннү гүрэн нь Монгол, Түрэг, Манж-тунгус, Иран (юэчжи) зэрэг Урал-Алтай, Энэтхэг-Европын язгуурын янз бүрийн хэлний аймаг овгуудаас бүрэлдсэн улс байжээ. Арьс өнгө, хэл яриа, удам угсааны хувьд Хүннү гүрэн ихээхэн эрээвэр хураавар, зөвхөн хүчээр түр нэгтгэгдэн захирагдсан хэврэгхэн төр улсын бүрдэл мэт санагддаг, тэгэж ч ярьж бичигддэг байв. Гэтэл сүүлийн үеийн судалгаагаар нилээд өөр маягийн санаа дүгнэлт Хүннү, дараа үеийн Монгол, Түрэг, Манж-тунгус угсааны улс аймгуудын талаар хийгдэж байгаа юм. Жишээлэхэд, Оросын эрдэмтэн Л.Гумилев, И.Урбанаева нар Монгол орон, Төв Азид удаа дараалан бий болж байсан. Хүннү, Түрэг, Монгол тэргүүтэй нүүдэлчдийн их эзэнт гүрнүүд нь санамсаргүй тийм том улс гүрнүүд болж байгаагүй, харин монгол, түрэг угсааны янз бүрийн овгууд нь хэдийгээр тус бүр өөр хэлтэй болоод байсан ч гэсэн гарал үүсэл, удам угсааны хувьд ихээхэн нэгдмэл, нийтлэг байдалтай нийтлэг угсаатан суперэтнос байсан, тийм учир нэг янзын удам угсааны улс аймаг гарч ирмэгц бусдыгаа нийлүүлэн нэгтгэж, нэгдсэн нэгэн том улс гүрэн, нийтлэг нэгэн том угсаатан болдог байв хэмээн үздэг болжээ.
Тэдний бодлоор Монгол угсааны Хүннү нар түүхийн тавцан дээр гарч ирээд түрэг, манж-тунгус нарыг өөртөө нэгтгэж байсан нь нарийн яривал ямар нэгэн харгис байлдан дагуулал биш, харин нийлэг нэгэн угсааны нэг нь нөгөөгөө зүй ёсоор өөртөө нэгтгэж байгаа буюу өөрсдөө бусадтайгаа нэгдэн байсан явдал байжээ. МЭӨ 201 онд Модун шаньюй 400 мянган морьт цэрэгтэйгээр Хятадын хилд цөмрөн орж, Тайюань, Датун хүртэлх газрыг эзлэн авчээ. Хятадын Баруун Хань улсын эзэн хаан Гаоди цолтой Лю Бан морьт цэрэг бүхий тэргүүн ангийн хамт Датун хотын ойрлцоох Пинчен хотод хүрэлцэн ирсэн боловч намар орой сэрүүн байсан учир цэргийн нэлээд нь гарын хурууг хөлдөөж, сүрхий даарч бээрсэн ажээ. Хятадын цэргийн гол хүчин, дийлэнх олонх болох явган цэрэг нь морьт тэргүүн ангиа гүйцэж ирээгүй байжээ. Модун шаньюй цэргээ авч ухран зугтах дүр үзүүлээд замын хоёр талаар олон цэрэг нуувчид бөгүүлэн үлдээжээ. Лю Бан морьт цэргээ удирдан нэхэж явтал нэг мэдэхнээ Модунгийн аргад хууртан Пинчен орчим Хүннү нарт бүслэгдсэн байв. Лю Баныг бүсэлсэн Хүннү цэргийн баруун талынх нь цагаан морьтон, зүүн талынх нь саарал адуутан, умард талд нь хар хээр хүлэгтэн, өмнө этгээдэд шар зүсмийн морь унасан цэргүүд байжээ. Дөрвөн этгээд тус бүрээс 100 мянган Хүннү морьт цэрэг бүслэн хаасан тул Лю Баны морьт цэрэг дотроо 7 хоног хориглон байлдаад хичнээн дайран гарахыг оролдовч хүч хүрэхгүй байв. Хятадын явган цэрэг гаднаас хүнс хоол залгуулах гэж хэдий их оролдсон ч бүтсэнгүй. Баруун Хань улсын эзэн хаан арга мухардаад хятад ухаан сийлж, Хүннүгийн шаньюйн гол хатанд элч төлөөлөгчөө илгээн хээл хахууль өгч, гарцаагүй байдалд оруулж байгаад тулган шаардахаар шийджээ.
Тухайн үед Модунд туслахаар ирэх ёстой байсан хоёр Хятад жанжин цэргийн хамт хүрэлцэн ирсэнгүй, Лю Бан хааныхаа талд орсон бололтой байжээ. Бас Хятадын цэргийн гол хүчин, олон тооны явган цэрэг байлдааны талбарт нэгэнт хүрэлцэн ирсэн тул хоёр талаас асар их цус асгаруулсан ширүүн тулалдаан болох ёстой байжээ. Тэгэх нь Лю Бан, Модун хоёрын хэн хэн нь дөнгөж шинэ мандаад бүрэн бэхжиж амжаагүй, зөвхөн анхны амжилт олж байсан хоёр хааны аль алинд нь ашиггүй болохыг сайтар ойлгон, шийдвэрлэх тулалдаанд орохоос түдгэлзэн байжээ. Тэгэж байтал гол яньчжи хатан нөхрийн зүг хандан: Лю Бан та хоёул их хаан байж, бие биенийг ингэж шахамдуулах ёсгүй, эдүгээ чи Хань улсын нэлээд газар нутгийг эзлэн авчээ. Гэсэн ч чи түүн дээр амьдран суухгүй шүү дээ. Түүнээс гадна Хань улсын хаан нь ухаантай, хэл амаа ололцож болох хүн юм. Шаньюй та энэ тухай эргэцүүлэн бодож үзвэл зохилтой юм хэмээжээ. Модун шаньюй Хань улсын хаанд элч зарж, ураг холбон найрамдлын гэрээ байгуулах амлалт түүнээс аваад бүслэлтийн нэг газрыг нээж хоолой гарган Лю Бан тэргүүтэй Хятадын цэргийн тэргүүн анги, морьт цэргүүдийг тавьж явуулахаар шийджээ. Лю Баны зарлигаар Хятад цэргээр итгэж ядан нум сумаа тал тал тийш харвахад бэлнээр онилон, хоолой дундуур явсаар бүслэлтээс мултарч гол хүчинтэйгээ нийлжээ. Тэгээд Модун цэргээ авч нутгийн зүг буцсанд Лю Бан сая үнэмшиж мөн нийслэлийн зүг эргэн оджээ. Одоо гагцхүү Лю Бан амласандаа хүрч Хүннүтэй найрамдал, ургийн гэрээ байгуулах эсэх асуудал үлджээ. Бүдүүлгүүд, зэрлэгүүд хэмээн үздэг байсан Хүннү нартай ураг холбон найрамдлын гэрээ байгуулах нь Хятад их гүрний хувьд хэдий эвгүй мэт санагдаж байсан боловч чухам тийм гэрээ байгуулахад шахагдан орохдоо зэрлэг бүдүүлэг нүүдэлчний эхнэрийг хахуульдан тулгаж, царайчлан гуйж гувшиж байж бүтээх арга хэрэглэсэн нь гутамшгийн туйл байсан хэмээн Хятад хаад, ноёд ихэд нэрэлхэн, түүнийгээ аль болохоор нууж далдлан, түүх сударт тусгуулахгүй үлдээхийг оролдож байсан ажээ. Хятадууд Модун шаньюйн хатныг залуу сайхан хүүхнүүдийн зургаар аргалж, шаньюйд хэлүүлэн бүслэлтийг нээлгэсэн хэмээн бодсон боловч үнэндээ Хань улсын хаан буулт хийж ураг холбон, урт удаан хугацааны найрамдлын гэрээ байгуулахыг зөвшөөрүүлж, урьдчилан хүлээж байгаад дараа нь шаньюйд нөлөөлсөн дүр үзүүлэхээр тохиролцсон бололтой байгаа юм.
Модун шаньюй Хань улсын бүслэгдсэн цэргийг бут цохин хааныг нь олзолж авах бүрэн бололцоотой байсан боловч тэгээгүй нь хатны үгэнд орсондоо биш, харин шаньюй, яньчжи хоёр үгсэн, Хятадын Хүннүтэй урт удаан хугацааны ургийн холбоот найрамдлын гэрээ байгуулж, алба татвар жил бүр төлүүлэх болгож байж бүслэлтийг тавьж, хэдэн удаагийн цуст дайн, байнгийн өс хонзон бололцон дайсагналцалгүйгээр асуудлыг найрамдлын дотор ихээхэн ухаалаг шийвэрлэсэн ажээ. Хятадийн төр ёсонд ураг холбосон найрамдлын гэрээ буюу найрамдал, ургийн гэрээ гэгч нь гагцхүү өөртэй нь эн сацуу хүчирхэг, өндөр их соёл иргэншил бүхий, суурьшмал улс оронтой дуртай, дургүй байгуулбал байгуулдаг, үгүй бол үгүй ховор чухал дипломат үйлдэл байсан бөгөөд «зэрлэг бүдүүлэг» нүүдэлчидтэй тийм гэрээ байгуулахыг төр улсын сүр сүлдэнд харш, ёсонд хязгаар зүйл гэж хатуу цээрлэдэг байжээ. Модун шаньюйтай тохиролцсон ёсоор Хятадын Хань улс Хүннүгийн шаньюйд өөрийн эзэн хааны гүнжийг хатан болгож өгөөд үүрд найрамдалтай байх гэрээ байгуулж, жил бүр их хэмжээний мөнгө, торго, бүс бараа, эх хэрэглэгдэхүүнээр алба барьж тогтмол хүргүүлэн байх ёстой байжээ. Тэр асуудлыг хэрхэн яаж аргалан бултаж зайлах вэ? хэмээн Хятадын хааны ордонд хэлэлцэхэд нэг сайд нь Модун шаньюйд үнэхээр хааны гүнж нэгэн охинийг хатан болгож өгье, хэрэв тэгвэл шаньюй түүнийг яньчжи болгоод өөрөө манай хүргэн болно, Модунг үхсэний дараа гүнж хатны хөвгүүнээр шаньюй тавиад нийт Хүннүг Хань улсын харъяат болгож, дайн дажин хийж, цус урсгалгүй найрамдал, ургийн дотор эрхшээл нөлөөндөө бүрэн оруулж, амархнаар эзлэн авч болно гэж байжээ. Гэсэн ч Модун шаньюй тийм амархан хууртаж, Хүннү нар Хятадад хараат болж орж ирэхгүй хэмээн Лю Бан үзээд өөрийн нэгэн шадар сайдын охинд гүнж цол олгоод Модунд хатан болгож хүргүүлэхээр шийджээ. Тэр зорилгоор МЭӨ 198 онд Хань улсын эзэн хаан Лю Бан өөрийн бас нэгэн сайдад үүрэг өгч Ордны сайд ноёны охинийг гүнж хэмээн Модун шаньюйд ихээхэн бэлэг сэлттэй хүргүүлж, найрамдал, ургийн гэрээ байгуулжээ.
Тэрхүү гэрээ ёсоор, Хүннү гүрэн, Хань улс хоёр бие биеийг тусгаар тогтнож, биеэ даасан, бүрэн эрхт, эн сацуу хоёр их эзэнт гүрэн мөн хэмээн хүлээн зөвшөөрөөд Хань улсын хаан нь «Урт цагаан хэрмээс хойшхи нум барьсан улс (нүүдэлчид) Шаньюйн цаазыг дагасугай, Урт хэрмээс дотогш дээл малгайт улсыг (Хятадыг) би захирсугай» хэмээн тохиролцож, жил бүр Хүннүд их хэмжээний алт мөнгө, торго дурдан, сүйх тэрэг, гар урлалын бусад нандин бүтээгдэхүүн, тариа будаагаар алба татвар барьж байх үүрэг авчээ. Хүннү нар тэргүүтэй Төв Азийн нүүдэлчдийн довтолгооноос болгоомжилж, Хань улсын засгийн газар жил бүр үнэхээр тийм албыг Модун шаньюйн өргөө ордонд хүргүүлж байжээ. МЭӨ 192 онд Баруун Хань улсын анхны эзэн хаан Лю Бан таалал төгсөөд түүний гол хатан төр хамаарч байх 16 жилийн хугацаанд Хүннү гүрэн, Хань улсын хооронд найрамдал, ургийн гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байжээ. МЭӨ 179 онд Хань улсын хаан ширээнд Сяо Вэньди хэмээх эзэн хаан сууж, Хүннү, Хятадын хоорондох найрамдал, ургийн гэрээг сэргээн баталсан байна. Хүннү, Хятадын хаад өвөр хоорондоо албан ёсны бичиг захидал солилцон харилцдаг байсан бөгөөд Модун шаньюй Хань улсын эзэн хаанд илгээх бичиг захидлаа "Тэнгэр язгуурт Хүннүгийн их шаньюй Хуандийн (Хятадын эзэн хааны . –Н.И) амар амгаланг эрж хүндэтгэн ёсолж байна. " шаньюйд бичиг захидал илгээхдээ "Хуанди Хүннүгийн их шаньюйн амар амгаланг эрж, хүндэтгэн ёсолж байна" гэж эхлэн бичдэг байжээ. Энэ нь Хүннү гүрэн, Баруун Хань улс хоёр албан ёсны дипломат харилцааны шугамаар үнэхээр эрх тэгш, эн сацуу харилцаж байсныг харуулж байна. Модун шаньюй 35 жил Хүннү гүрний төрийг барих зуур түүнийг ихэд өргөтгөн бэхжүүлж, тухайн үеийн хамгийн хүчирхэг гүрнүүдтэй эн зэрэгцэхүйц хэмжээнд хүртэл хөгжүүлээд МЭӨ 174 онд нас барсан юм.
No comments:
Post a Comment