Monday, December 22, 2008

Тариан талбай


Орчлон ертөнцийг гийгүүлэгч гэрэлт нарны туяанд цогцолсон их амьдралын тухай бодох ахуйд хүний төрөлтнүүд /ер нь амьд амьтад/ бид ямар их аз золтой учраа вэ хэмээн сэтгэхэд хүргэх юм. Нарны аймгийн 9 /одоо бол 10 гариг/ гариг дотроос амьдрал цогцолсон цорын ганц гариг бол манай дэлхий гэдэг нь нэгэнт тодорхой болоод олон зуун жилийг ардаа орхиод байгаа ч нарны аймаг битгий хэл манай одод орчлон дотроос оюун ухаант бусад төрөлтнүүдөө хайх их үйл хэргийг цуцалтгүй үргэлжүүлсээр байгаа билээ.Манай одод орчлон буюу бидний нэрийдэж заншсанаар Сүүн зам хэмээх олон арван тэрбум их оддын нэгдэл дотроос амьдралтай гариг олох нь техник технологийн хөгжлийн түвшин ийм хэмжээнд байгаа өнөөгийн бид бүхний хувьд өвсөн дотроос зүү эрэхтэй адил хүнд хэцүү ажил гэдэг нь тодорхой. Орчлон ертөнц үнэхээр уудам агаад хүмүүн төрөлтний хувьд агуу ихийн хэмжээсээр үнэлэгддэг Сүүн зам маань харин одод ертөнцөд өчүүхэн нэг молекул мэт гэдгийг уншсан ном, дуулсан сониноосоо үзээд үнэхээр айхах, гайхах зэрэгцэх юм.

Хэдэн жилийн өмнө Men in Black киног үзэж байхад киноны төгсгөлд манай одод ертөнцийг бүхэлд нь нэг шилэн бөмбөгөн дотор багтаачихсан, тэрхүү шилэн бөмбөгнүүд нь хомоолны араг адил том сагсан дотор багтаж ядан овоолоостой агаад тэрхүү бөмбөлгүүдээр нь бас нэг үлэмж биетэн амьтан гольф шиг тоглоом тоглоод сууж байгааг харуулдаг.

Ер нь аливаа уран зөгнөлт киноны шинжлэх ухаанд үзүүлэх үр нөлөө ямар их вэ гэдгийг хэлээд дуусахгүй. 2001-Space Odyssey, Star Wars, Close Encounters of the Third Kind, сүүл үеийн кинонуудаас Time Machine, AI, Minority Report, бас Bicentennial Man гээд дурьдаж болно. За энэ ч яахав.Үнэхээр бид бүхэн хязгааргүй их орчлон ертөнцийн хаяа хязгаар хаана байгааг мэдэхгүйгээс цаадар энэ мэт уран төсөөллөөр кино бүтээхэд үүний үнэн худлыг харьцангуй үнэний хуулиар батлах гэж лавтай 100 сая жил шаардагдах бизээ. Минйи нэг найз "Ядаж нэг сая жилийн дараа ч юм уу энэ хорвоод мэндлэх минь яалаа гэж бодох юм" гэж хэлж байсан юм. Тэр ч үнэн...

Бид бүхэн манай одод ертөнцөд хамгийн ойр орших Хөхдэй мэргэн хэмээх од руу хүрэхийн тулд гэрлийн хэдэн арван жил зарцуулах ёстойг мэдэх үү... Тэгээд зогсохгүй гэрлийн хурдаар аялахын тулд хүн төрөлхтөнд 5 грамм жинтэй сансрын хөлөг шаардлагатай гэдгийг дуулгавал өнөөх нано технологи, бичил схемүүдийн хөгжлийн түвшинг дээд шатанд хүрэхийг хүлээх шаардлагатай болно. Ингэхийн тулд 1 сая жил ч багадна.

Гэхдээ сэтгэлээр уналгүй... "Асар том тариан талбай дотор буудайн ганц үр ургадаггүйн нэгэн адил одот ертөнцөд цорын ганц амьдралтай гариг байна гэж хэзээ ч байхгүй" гэсэн үнэмшилтэй нэгэн өгүүлбэрээр энэ бяцхан гарчгийг өндөрлөе.

No comments:

: