Sunday, December 7, 2008

Буриад Монголчуудын гарал vvсэл


Буриад Монголчуудын гарал vvсэл язгуурын тухай өөрсдийн нь тvvхэн баримт, сурвалж бичиг, угийн бичгvvд нь гол төлөв XIX, XX зуунд бичигдсэн байна. Энд юуны өмнө буриадын өөрсдийн бичсэн тvvхийн баримтаас vзье. Эмч багш Сахийн 1845 онд бичсэн хори буриадуудын тvvх, ахлагч лам Цэвээний 1843 онд бичсэн тэмдэглэлvvд нь тvvхийн баримтаас нэлээд баялаг юм. Хори буриадуудын тvvхийн тухай, соёл боловсролын тvvхийн талаар Т.Тобоев, В.Юмсvнөв, Ш.Н.Хобитуев нар сонирхолтой тvvхэн бичгvvдийг XIX зуунд зохиожээ.

Мөн Ломбо-Цэрэнөв, Д.Гэмпилөв нар Сэлэнгийн буриадын тvvхийг бичсэн байна. Ах дvv Цэдэнжав, Николай Сахаров нар 1869 онд Баргужины тvvхийг тус тус бичжээ. Буриадын уг язгуурын тууж, угийн бичгийн тухай ахмад эрдэмтэн доктор Ц.Б.Цидэндамбаев “Буряцкие исторические хроники и родословние” (Улан-Yдэ, 1972 он) хэмээх номондоо дэлгэрэнгvй бичжээ. Дашням Ёндоновын 1887 онд бичсэн “Эхирид Булагадай цонгоол отогийн тvvх” зохиолыг 1949 онд Монгол хэлээр Улан-Yдэд хэвлэжээ. Ер нь 1960-80 аад онд буриадын тvvхийн зохиолуудын тухай эрдэмтэд нэлээд бичсэн нь ажиглагдана. Монгол улсад хэвлэгдсэн номын тухайд гэвэл уг сэдвээр академич Б.Ринчен 1959 онд Сэлэнгийн буриадуудын 6 отог, Найман эцэг нарын тухай домог, мөн Буриад газар бурхан шашин дэлгэрсэн товч тvvх хэмээх номоо Энэтхэгт англи хэлээр хэвлэжээ. 1965 онд хори-буриадуудын уг гарвалын тухай Ринчен гуайн зохиол Унгарт хэвлэгдсэн байна. 1956 онд Сумьяабаатарын зохиосон “Буриадын угийн бичиг” хэмээх зохиол Улаанбаатарт хэвлэгдсэн бөгөөд мөн буриадын уг язгуурын тухай тvvхэн бичиг монгол, орос, англи хэлээр хэвлэгдэн гарчээ. Өвөр Монголын эрдэмтэн Эрхэмбатын “Барга аймгийн товч тvvх”, Тvвшиннямын “Баргачуудын тvvхэн эргэлт”, Алтан-Оргилын “Монголын тvvхийн сурвалж бичиг есөн зvйл”, Японы эрдэмтэн Эгами Намио “Умарт Азийн тvvх” Сакамота Коретада “Азийн хэрэг vйлсийн тvvх” зэрэг бvтээлvvд бий. Буриадын ард тvмний угсаа судлалын (гарваль судлал) асуудал маргаантай хэвээр байна. “Буриад” угсаатан гэдэг нь анх хори тvшмэд, баргууд ойрад болон бусад хөрш зэргэлдээ оршиж байсан ард тvмний хамт Монголын нууц товчоонд дурьдагдсан байдаг. Yvнд “…Туулай жил (1207 он) Зvчи баруун гарын цэргийг авч, ойн иргэдийг эзлэхээр мордоход Буха газарчлан явав. Худуга Бэхи ирээд Зvчийг газарчлан тvмэн ойрдын нутгаар явж Шигшид голд хvрэв. Зvчи өйрд, буриад, барга, урсуд, хабханас, ханхас, тува аймгыг оруулаад тvмэн хиргисийн нутагт хvрвэл… Бас Борхул ноёныг хори тvмд (хори буриад) иргэнийг эзлvvлэхээр явав…” хэмээн өгvvлжээ. Бvриадуудын уг язгуурын тухай зохиолуудаас vзэхэд нутаг, нутгийн буриадуудын тvvхийг бvгд л тус тусад нь бичсэн байдаг. Бvх буриад отгийн хамтарсан нэгдмэл тvvхэн бичиг гараагvй байна. Учир нь урьд цагт XVIII,XIX зуунд буриад аймаг отог отгоороо, нутаг нутгаараа хэсэг бvлэг болон суудаг байв. Тэдний хоорондын харилцаа сул байснаар буриадуудын нэгдмэл хамтын тvvх бичигдээгvй ажээ. Төгөлдөр Товын 1863 онд бичсэн Хорийн болон Агын буриадуудын эртний тvvхэнд монголын хори тvмэд угсаатны Барга баатар дайчин ноёны гурван хvvгийн отгон нь Хоридой мэргэн гэж байгаад тvvний анхны гэргий Багужин гуайгаас Алунгуа нэртэй ганц охин хоёрдахь Шаралдай гэдэг гэргийгээс нь Галзууд, Хуасай, Хvвдvvд, Гучид, Шарайд, гэж таван хvv, гуравдахь Нагатай хэмээх гэргийгээс нь Харгана, Худай, Бодонгууд, Халбин, Цагаан, Батанай гэж 6 хvv төрж нийт 11 болсон байна. Эд нар өсч өндийгөөд арван нэгэн овогтон болж эцгийн нэрээр тэдний нэр хори буриад болжээ гэж дурьджээ. Yvнээс гадна өөр нэгэн домогт өгvvлэхдээ: Буриад хэмээх язгууртан Байгал нуурын урд талаар суурьшиж, Бэдэ Улстай, Бvртэ-Чөнийн язгууртай нийлж баруун зvг тийш нvvж тархжээ. Баргажин гэж нутагт Барга баатрын Буриад, Хөридай гэдэг хоёр хvvтэй байсан аж. Буриад нь Байгалийн эсрэг талд Зvлхэ голоор нутаглаж, загас агнуураар амьдран сууж байв. Энэ хоёр хvvгээс гарсан нь овооцой, өлцөн, чоно гэх мэт Эхиридийн 8 эцэг, алагуй, хурумша, ашабагад гэх мэт Булагадай 9 эцгийн зон болжээ гэжээ. Ийнхvv Байгаль нуурийн өврөөр нутаглаж байсан буриадуудын өвөг дээдэс эртний анчин гөрөөчин ойн иргэдийн нэгэн бөгөөд XIII зуунаас өмнөх vед Байгалаас хойш Хилого (уялго), Зvлэг (Лена) мөрний сав, Сэлэнгийн адгаар мөрний эхэн, адгаар сууж байсан Булгачин, Хэрэмчин хийгээд Горлог (Енисэй) мөрний эхэн, Байгаль орчимд амьдарч байсан Хори-Тvмэд, Баргажин, (баргажин буриадууд өөрсдийгөө эртний зvvнгарын монголын өөлд овогтон гэж vздэг. Зvvнгар монголоос гарч ирсэн 6-7 хvн баргажин буриадуудтай хамтарч нэгдэн суусан гэлцдэг юм. Монголын өөлдийн олон тvмэн баргажин ба нуурын цаадах буриад овгуудын нэр –Эхирид, Булагад, Бурууд, Галзууд гэх мэт адил байдаг Баргууд зэрэг Монгол угсаатны аймгууд байсан ажээ. XIII зууны эхээр Монгол угсааны олон аймаг нэгдэхэд 1207 онд Монголын эзэнт улсын харьяанд буриад оржээ. XV зууны vед ойрадууд өрнө зvг нvvдэллэхэд Барга, буриад аймгууд Зvvн Монголын мэдэлд vлдэн, Батмөнх даян хааны харьяат зургаан тvмэн Монголын зvvн гурван тvмний нэг Урианхай тvмэн хуваагдсанаар Барга, Буриад нь Халх тvмний харьяалалд багтан буриадын уг нутаг халхын Тvшээт, Засагт хааны захиргаанд хамаарах болжээ. XVII зуунд Халх Монголд гурван том аймаг: Тvшээт хан, Засагт хан, Сэцэн хан байсан бөгөөд эхний хоёр нь хvчирхэг газар нутгаараа Байгалийн чанадын буриадуудын газартай шууд хиллэдэг байв. Монголын эдгээр хаант аймгууд зэргэлдээ газар нутаг тvvний дотор буриад өвгvvдийг өөрийнхөө эрх чөлөөнд байлгасаар иржээ. Оросуудыг Байгаль орчмын газарт ирэхээс өмнө Байгаль хавийн буриадууд монгол ноёдод тогтмол бус алба барьж байсан бол Өвөр Байгалын буриадууд монголын хааны албатууд байв. Тэд Монгол ханы өргөө гэрт нь алба татвараа хvргэж өгдөг байжээ. Өөрөөр хэлбэл оросуудыг Өвөр Байгалд ирэхээс өмнө буриадын газар нутаг монголын Тvшээт ханы бvрэн мэдэлд байжээ. Сибирийн тvvх сvдлаачдын анхных нь болох П.А.Словцэв бичихдээ “Энэ газар нутаг тухай цагтаа эзэн Чингисийн болон тvvний vе залгамжлагчдын их гvрний бvрэлдэхvvнд багтаж байсан бол сvvлдээ XVII зууны дунд vе хvртэл халхын хоёр ханы vгийг дагаж байсан” гэжээ. Эрт цагт буриадууд тэмээ, адуу, vхэр, хонь, ямаа таван хошуу малаа эрхлэн өсгөж байжээ. Малын бэлчээрээ сонгож, жилийн дөрвөн улиралд сайн ургацтай газар нутгаар нvvдэллэж, малаа саан сvvгээр нь бvхэл жилдээ идэх өрөм, тос, ааруул хийж, архи нэрж, хөдөө талаас зэрлэг мангир төмс тэргvvтнийг хураан хатааж, тэдгээрийг малын тарган өөхтэй махтай хольж иддэг, малын арьс элдэж, хvвцас хунараа оёдог байжээ. Yvнээс гадна ой хөвчийн элдэв ан агнаж, ангийн vнэт арьсаар арилжаа наймаа хийж олсон мөнгөөрөө эзэн ханд алба дээж өргөж, vлдсэнийг нь өөрийн хэрэгцээнд зардаг байсан ажээ. Мөн ангийн арьсаар дээл хvвцас оёдог, адууны сvvл хялгасаар тор нэхэж загас барьдаг, урхи зангаар ойн шувуу барьж, усны шувуу харваж агнан амьдардаг байсан байна. Буриадуудын дунд бурхны шашин бага дэлгэрсэн, лам хувраг нар цөөн, зарим нэг нь бөөгийн мөргөлийг шvтдэг байсан юм. Хожим бурхны шашин улам дэлгэрч лам хуврагууд олширч, бурхны ном судрууд монгол хэлээр орчуулагдан тархаж, тvvнээсээ уламжлан ард олон хааны элдэв хатуу зөөлөн хуулийг мэддэг болжээ. Сvvлд нь монгол ба тvвд номын сургуулиуд нээгдэж хvvхдvvдээ сургуульд өгч лам хувраг болгож байжээ. 1773 оноос хойш нутаг бvхэнд дацан баригдаж бурхны шашны элдэв янзын сургуулиуд нээгдэж залуучууд олноороо шавилан суух болжээ.

No comments:

: