Xуучин Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошууны нутаг хойшоо Хүй Мандал, урагшаа Авдарбаян, баруунаа Сонгино өнгөртөл, зүүнээ Хэрлэн хүртэл уул усыг эзлэж байв. Дархан ван ноёны дээд нэг үе Богд дархан ван Дондовдорж 1697 онд Манжийн Энх Амгалан хааны гүнжийг хатнаа болгон авч, олон он жил ханилан суужээ. Хожим тэр хатныг нас барахад Манжийн хааны зарлигаар Баруун Баянд /одоогийн Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг бөгөөд Улаанбаатар хотоос 100 гаруй км-т оршино / сүм барьж тэр сүмийн хөлөмжид шарилыг нь оршуулж, Гүнжийн сүм гэж нэрлэх болсон бөгөөд хошуунаасаа нэг отог таслаж уг сүмийг сахиулжээ. Сүмчин гэгдэх тэр отгийнхон хожим өсөж олшроод бараг нэг сумын дайтай болжээ.
Лам нар нь хурал хурж, сүмээ байнга тахин шүтэж, харчууд нь сүмийн мал, тарианы ажлыг эрхэлж өөр алба үздэггүй байжээ. Гүнжийн сүмийн бүх эд хогшил эгээ янзандаа, өрөө тасалгааны нь тавилга, эд хогшил, ширээ сандал, олбог түшлэг, авдар шүгээ, толь, хувин, домбо сэлт, хаш чулуу, нарийн шаазан, зандан, суман зэрэг модоор маш нарийн урлаж хийсэн үнэт эдлэл цөм удтал хадгалагдаж байгаад 1938-1942 оны үеэр с?үйтгүүлсэн байна. Гүнжийн сүмийн үлдэж хоцорсон байгууламж нь:
а/ Богдын хаалганаас хоёр тийш үргэлжилсэн 2,5 м өндөр, 4900 ам дөрвөлжин м талбайтай хэрмэн доторхи гол сүм
б/ Хэрмийн гадна талд орших харгалзагчийн байшин
в/ Цамхаг
г/1740 онд бариулсан "Хичээнгүй Амарлингуй гүнж"-ийн шарилын хөшөө зэрэг болно.
1949 онд Шинжлэх ухааны хүрээлэн гүнжийн булш, хөшөөний орчимд хэд хэдэн газар малталт хийж газар дор байсан шарилын байшинг олжээ. Урьд өмнө нь тоногдсон булшаас цагаан зандан авс, чулуун хайрцаг сэлт гарсан байна. Гүнжийн сүм нь 18-р зууны үеийн Монголын уран барилгын хийгээд эд оюуны соёлын чухал дурсгал юм. Энэ дурсгалыг 1971 онд БНМАУ-ын СнЗ-ийн 420-р тогтоолоор улсын хамгаалалтанд авчээ.
No comments:
Post a Comment