Улаанбаатар хот анх 1639 онд Хутагтын өргөө нэртэйгээр эх суурь нь тавигдаж, 150 шахам нүүдэллэн, 1778 онд одоогийн байгаа газраа суурьшсан түүхтэй. Тийнхүү нүүж сууршиж байсан дурсгалт газруудын нэг нь Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Бага Хэнтийн нурууны салбар Хийдийн сарьдаг уулын аманд орших Сарьдгийн хийд юм.
Түүхийн сурвалжид тэмдэглэснээр, халхын өндөр гэгээн Занабазар өргөөгөө улам өргөтгөж шарын шашны төв болгох зорилгоор 1654 онд Хэнтий уулын өвөрт Рибогэжайганданшадублин гэдэг хийд байгуулж эхэлсэн бөгөөд 1 680 оны зун үндсэнд нь барьж дуусгасан байна. Гэвч Хэнтий уулын өвөрт байгуулсан энэ хийд Монголын шашны төвийн үүргийг төдий л удаан гүйцэтгэж чадсангүй. 1687 оноос Халх, Ойрадын дайн болж, Галдан бошигт Халхын нутгийн гүнд цөмрөн Хэрлэн гол, Хэнтий уул хүртэл давшихдаа өндөр гэгээний байгуулсан уг хийдийгэвдлэн сүйтгэсэн байна. Сарьдгийн хийдийн туйрыг 1915-1916 онд П.А.Виттегээр удирдуулсан оросын шинжилгээний ангийнхан анх шинжин үзэж шавраар хийсэн бурхны эвдэрхий, цац, барилгын дээврийн паалантай ваар болон барилгын гоёл чимэглэлийн зарим зүйлийг олжээ.
1920-иод оны эхээр Монголын судар бичгийн хүрээлэнгийн жинхэнэ гишүүн Бат-Очир, оросын эрдэмтэн В.И.Лисовский нарын зэрэг хүмүүс хийдийн ерөнхий байдал төрхийг судлан шинжлэх ажил хийсэн. 1995 оны зун ШУА-ийн Түүхийн хүрээлэн, Төв аймгийн ОНО музейтэй хамтран энд хээрийн шинжилгээний ажил зохион явуулж бага хэмжээний малталт хийжээ. Сарьдгийн хийд бол өндөр Гэгээн Занабазарын оролцоотойгоор байгуулсан сүм хийдүүдийн дотроос барилга байгууламжийн ажил өрнүүлсэн цар хүрээгээр нэлээн томоохонд тооцогдох төдийгүй, ялангуяа хийд байгуулах газрын байршлыг сонгож авсан байдлаараа ихээхэн өвөрмөц онцлогтой. Угхийд Хагийн хар нуураас зүүнхойш 10-15 км орчим, Туул голын Ламын гацаанаас баруун хойш 12 км орчим зайтай оршдог. Хийдийн байршлаас ажихад хүн амьтны хөлөөc аглаг зайдуу ч уул усны тэгш газрыг сайхан сонгож байгуулсан нь илт байдаг.
Баруун хойд, зүүн өмнөд талаас нь уулын гол урсаж хийдийн баруун өмнөд талд 500 м орчим зайд нийлнэ. Хийдийн өмнө харалдаа оройн хэсэгтээ нүцгэн, нуранги асгатай Бух Ян хэмээх сарьдаг, зүүн хойно далайн түвшнээс дээш 2665 м өндөр Хийдийн сарьдаг, зүүн талд 2428 м өндөр Хийдийн Эрээн зүрх хэмээх ян сарьдгууд оршино. Хийдийн арын сарьдагт хонин арц их ургадаг бөгөөд өндөр гэгээн Халх, Ойродын самууны үед Галдан бошигтын түйвээнээс дайжин явахдаа "ум хум" гээд атга арц тэнд цацсан нь хожим их арц болон ургасан гэдэг домогтой. Иймд тэндэх арцыг нутгийнхан өндөр гэгээний аравнайлсан тарнитай арц хэмээн ихэд сүсэглэдэг. Энэ мэтчилэн, Сарьдгийн хийдийн ойр орчимын газар усны олон арван нэрииг нутгиин ардууд өндөр гэгээн, Галдан бошигт нарын түүхэн үйл явдалтай холбон домоглосоор иржээ.
Сарьдгийн хийдийг уулын энгэр өөд өгсүүлж тусгайлан дагтаршуулсан суурин дээр 200x175 м орчим талбай эзлүүлэн байгуулсан бөгөөд түвэд загварын үндсэн долоон том барилга, гурван суваргатай байжээ. Барилгын чулууг өрсөн байдал нь Хар Бух, Хөх Бүрдийн сүм, Хөгнө Тарна, Сүмийн толгой, Цогтын цагаан балгасынхтай ижил бөгөөд хавтгайлан дөрвөлжилж зассан шаргал боржин чулууны завсраар нимгэн хавтгай чулуу хавчуулан өрж гадуур нь шавардаж шохойдсон байна. Мөн үндсэн барилга нэг бүрийн хананд наалдуулан жижиг тасалгаануудыг ийш тийш нь тэлж салбарлуулан гаргасан бөгөөд барилгын өөрийн уснаас хамгаалах шуудуу татаж байсан ором мэдэгддэг. Хийдийн үлдэгдэл барилгуудын чулуу нурж овоорон асар том нуранги үүсгэсэн бөгөөд харьцангуй бүтэн үлдсэн ханын өндрийг хэмжиж үзэхэд зарим нь бүр 6 м хүрнэ. Хийдийн туйр дээгүүр эдүгээ мод ихээр ургаж, унангиуд халхалсан тул хайж олоход нэлээд бэрхшээлтэй болжээ.
Хийдийн туйраас улаан тоосгон дээврийн ваар, янз бүрийн хэмжээний тоосго, барилгын чимэглэлийн хэсэг, алтан боронзтой дээврийн ваарны хагархай, янз бүрийн хэмжээний шавар цац олноор олддог. Сарьдгийн хийдийн гурван суварганы хамгийн зүүн талын суварганы /орой нь уудлагдсан/ оройд 5x3 м хэмжээтэй, 1 м гүн малтаж үзэхэд малтлагын бүх давхаргаас янз бүрийн хэмжээний улаан, шар өнгийн олон шавар цац, шатсан мод, эмтэрч хагарсан шавар бурхан зэрэг зүйлүүд олджээ. Сарьдгийн хийд бол Монгол орон Манжид эзлэгдэхийн өмнөх үеийн болон Улаанбаатар хотын түүхэнд холбогдох түүх, уран барилгын нэг чухал дурсгал юм.
No comments:
Post a Comment