Wednesday, July 9, 2008

Чин толгойн балгас


Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт нутгийнхан "Чин толгой" гэдэг эртний хотын энэхүү туйр бий. Энд эртний гэрэлт хөшөөний суурь хоёр том чулуун мэлхий бий бөгөөд олдсон зарим дээврийн ваар нь кидан бичигтэй байжээ.
Эл балгасны дэвсгэр газарт эртний судлалын нарийн малтлага судалгаа хийгээгүй боловч судлаачид түүхийн сурвалж бичгийн мэдээнд тулгуурлан Киданы Чжэнь-Чжоу хотын үлдэгдэл гэж үзжээ. Чжэнь Чжоугийн хамт бас хоёр хот дараалуулан барьсан гэж Ляо /Кидан/ улсын газар зүйн бичигт өгүүлсэн бий. XIII зууны үед Монгол нутгаар дайран өнгөрсөн нангиад газрын лам Чань Чунь бомба үүнийг Чжэнь Чжоу хотын үлдэгдэл болохыг нотолж бичиж байсан ба Туул голоос баруун тийш явахад Киданы эвдэрхий гурван хот тааралдаж байсныг тэмдэглэжээ.
Үнэхээр ч Чин толгойгоос баруунтай Хадаасан-Хар бухын балгас, зүүн тийш "Талын улаан" гэдэг балгас бий. Эртний судлалын шинжилгээгээр "Чин толгой", "Хар бух" хоёр нэгэн цаг үеийнх болох нь ноттой батлагдсанаас гадна "Талын улаан балгас" ч мөн Киданы үед холбогддог. Киданы түүх сударт тэмдэглэснээр Чжэнь Чжоу-д Киданы баруун хойд гадаад аймгийн 20.000 дарангуй цэрэг сууж байснаас гадна бас хятад, зөрчидийн 700 гаруй өрх айлыг нүүлгэн ирүүлж цөлөн суулгаж байжээ. Чин толгой болон Хадаасан-Хар бухын балгасны талаар нутгийн ард түмний дунд нэлээд хожмын түүхэн үйл явдалтаи холбогдсон сонирхолтой домог бас хадгалагдан үлджээ.

No comments:

: