Wednesday, July 9, 2008

Угтаал сангийн далай хийдийн цогчин дуган


Угтаал сангийн далай хийдийн Цогчин дуган нь Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын төвд оршдог бөгөөд хийдийг 1810 онд байгуулж, Буддын шашныг мандуулж, түмэн амьтныг амар тайван байлгах зорилгоор Цогчин дуганыг 1918-1919 онд барьжээ.

Түшээт хан аймгийн Говь Түшээ гүнгийн хошууны Тотьгальдаа /гарын дарга/ гэгч хүн Цогчин дуганы өмнө 1-2 км-ийн зайд байдаг ундраа сайтай Сангийн далай гэдэг нэртэй усанд адуугаа усалж, Хар бутангийн дэнж дээр хомын байшин бариулснаар Сангийн далай хийд гэж ард нийтэд нэрлэгдэх болсон домогтой.


Угтаал сангийн далай хийдийн цогчин дуган

Цогчин дуганыг бариулсны дараа YIII Богд Жавзандамбад өргөж, түүний айлтгаснаар Жапүтэй /айлтгалтай/ сүм хэмээн Дамбадаржаалин /шашныг бадруулагч/ гэж нэр хайрласан байна. Сангийн далай хийдийн Цогчин дуган нь 10 сүм дугантай, 300 лам хурдаг, цам тоглодог гол дуган байжээ. Цогчин дуганг бариулах хөрөнгө мөнгийг Даншуур жасаас буюу өглөгийн эздийн өргөл бадрын мөнгөөр бариулж, барилгын мод, шавар шохойг нутгаас нь бэлтгэн хөх тоосго, хөх ваар, чимэглэлийг хиисэн байна.

Цогчин дуган нь тэгш өнцөгт байгуулалттай, 2 давхар, гол хаалгандаа гонхонтой, гонхоны гол дэлийг алтан шармал хорол, бодь гөрөөсөөр чимсэн, хөх тоосгон ханатай, 4 том, 36 жижиг модон багана, модон дам нуруутай, хөх вааран дээвэртэй, дотор гадна талыг үндэсний хээ угалзаар чимсэн уран барилгын дурсгал юм. Уг Цогчин дуганыг 1994 онд улсын хамгаалалтад авсан.
Сангийн далай хийдийн дугануудаас Цогчин дуган нь бараг бүтэн үлдсэн бөгөөд Түүх, соёлын дурсгалт зүйлийг сэргээн засварлах газраас 1989 онд хэмжилт судалгаа хийж, сэргээн засварлах зураг төслийг боловсруулан 1990-1991 онд сэргээн засварласан байна. 1991 оноос буддын шашны хурал номын үйл ажиллагаа эхэлсэн байна.


No comments:

: