Oдоогийн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг Булган уулын энгэрт 1631 онд Заяынхүрээг үүсгэн байгуулжээ.
ХYII зууны эцсээр Заяын хүрээнд Гүдэн сүм, Лавиран, Сэмчинг байгуулж, 1696 онд байгуулсан Гүдэн сүмийг нь хоёрдугаар Зая бандид Лувсанпэрэнлэй өөрийн лавиран болгосон байна. Лавирангийн дээд давхрын сүмийг шүтээний гурван сүм гэх бөгөөд баруун Гүдэнд үүрд нам гүм нойрссон Зая бандид хутагт Лувсанпэрэнлэй, Лувсанняндаг, Лувсанжигмэддорж нарын шарилыгоршуулсан гурван суварга, зүүн Гүдэнд тавдугаар хутагт Лувсанжигмэднамжилын шарил туc туc байдаг байжээ. Гол сүмд лам Чодог бурхныг тахиж, жасаа хурал хурдаг байсан бөгөөд дээд давхрын тасалгааны хутагтын номын санд эртний түүх, уран зохиол, шашны ном судрыгтөвд, монгол, хятад хэлээр төрөл ангиар нь ялган байрлуулж байжээ.
Заяын хүрээний зүүн, баруун Сэмчин, Гүндэнгийн хэсэг
Гуравдугаар Заябандид Лувсанжигмэддоржийн үед 1802 онд Зүүн, Баруун Сэмчинг барьсан бөгөөд анх дээд давхар нь модон, асар дээвэртэй, доод хоёр давхар нь тоосгон төвд хэлбэрийн барилга байжээ. 1908-1909 онд Сэмчингийн гуравдугаар давхрыг буулган хурлын дуган, нөгөө Сэмчинг Цогчин дуган болгон 1909-1910 оны үед засвар хийж одоогийн байдалтай болгосон байна. Заяын хийдийн сүм дуганыг 1887 онд тухайн үед нэрд гарсан монгол дархан, урчууд сэргээн засварлаж байжээ.
Заяын хүрээг хоорондоо 5 км алсдах газарт дээд, доод хүрээ болгон хуваарилж байгуулсан бөгөөд дээд хүрээнд зургаан аймгийн бүгд 26 сүм дуган, лам нарын орон сууц, жижиг байшин барилга, доод хүрээнд нь хоёр аймгийн дуган, лам нарын байшин барилга байв. Заяын хүрээнд ямагт 1000 лам суудаг байсан бөгөөд нэгжилдхэдэн удаагийн их хурал хурах үеэр 4000 орчим, түүнээс илүү лам нар цуглардаг байжээ.
Хуучны Заяын хүрээнээс үлдсэн сүм дуган тухайлбал, Зүүн, Баруун Сэмчин, Хүлгийн сүм, Гүдэнг сэргээн засварлаж өдгөө аймгийн Угсаатны зүйн музей болгон ашиглаж байна. Эдгээр барилгыг 1971 онд аймгийн хамгаалалтад, 1994 онд улсын хамгаалалтад авсан юм. Уул, ус, байгалийн гоо үзэсглэнтэй хосолсон Заяын хүрээний сүм дуганууд төвд, төвд-монгол, төвд-хятад хийцийнх бөгөөд барилгын үндсэн материал нь мод, чулуу, хөх тоосго, ваар юм. Барилгуудыг толь, жанцан, ганжир зэргээр чимэглэсэн бөгөөд маш уран гоё сийлбэртэй, хурц тод өнгийн дагнаас будагтай ажгуу.
No comments:
Post a Comment