Манжийн хаадын шүтээн гэгддэг Мандширийн хувилгаан нь анх Х.Т.Ө II зууны үед Энэтхэг оронд гарсан бөгөөд түүнээс хойш Төвдөд хэдэн удаа, Монгол оронд таван удаа тодорч байжээ. Анхны Мандширийн хувилгаан Наваанжамбалцанг залан ирж 1733 онд Богд хан уулын өвөрт төвд хэлбэртэй 80 жан хэмжээтэй анхны сүмийг барьж эхлэн 1747 онд дуусгажээ.
1748 онд уг сүмийг равнайлж, Дашчойнхорлин /Буяныг залбирагч сүм/ хэмээн нэрлэжээ. Энэхүү сүм нь Мандширийн хийдийн анхны дуган байсан учраас өвгөн Лаврин гэж нэрлэгдэх болсон. 1750 онд Мандшир лам Агваанлувсанжамбалданзан II Богд Жавзандамбад багшаар залагдаж уул хийдийг түүнд өргөсөн учир Богдын их шавийхан засаж сэлбэдэг болжээ. өвгөн Лаврингийн зүүн, баруун талд хоёр Сэмчин байсан. ХYIII зууны сүүлчээр Цогчин дуганыг байгуулсан бөгөөд дуганы өмнө талд Богд хан уулнаас ус татаж хиймэл нуур хийсэн байжээ. Цогчин дуганд цанидын хурал хурах болсонтой холбогдуулан 1760 онд Дамдинянсангийн Бадам ёгогийн дацан, 1756 онд Цанидын дуганыг барьсан. 1770 онд Цогчин дуганы ар талд Шар хүрээ гэдэг нэртэй Богдын ордонг барьсан байна. Энэ ордонг хожим 1919 онд сэргээн засаж 1920 онд YIII Богд сууж байжээ. Цогчин сүмийн өмнө цамын талбай байдаг. 1780 онд Сэрүүн Лаврин хэмээх ордонг барьжээ.
Мандширийн хийдийн хэсэг (сэргээсэн)
Мандширийн хийдийг 1937 онд нурааж буулгасан ба хийд нь бүгд 21 орон савтай гэж 1938 оны бүртгэлд бүртгэгдсэн байдаг. Одоо Мандширийн хийдийн Хангал, Өрөнхан, Цогчин, Богдын Шар хүрээ, өвгөн Лаврин, Эргэдэг Майдар, Сувраган сүм, Сэрүүн Лаврин, Мамба, Цанид, Бадам его, Жүд, Мангал зэрэг сүм дугануудын буурь, турь үлджээ. Мандширийн хийдийн арын хадан дээр сийлсэн зургийг 1971 онд орон нутгийн хамгаалалтад, мөн уг хийдийн турь, сийлмэл зурагт хадыг 1994 онд улсын хамгаалалтад туc туc авчээ. 1989 онд гэрэл зургийг үндэслэн Сэрүүн Лавринг шинээр сэргээн босгожээ. Хийдийг орчин тойрны байгальтай нь уран сайхнаар зохицуулж байгуулсан бөгөөд барилгууд нь үелүүлсэн чулуун дэвсэг дээр түүхий болон шатаасан тоосго, мод, чулуугаар барьж, жанцан, толь, ганжир, өнгө будаг, хээ угалзаар чимсэн төвд, төвд-монгол, монгол хийцийн барилгууд бүхий байжээ. Мандширийн хийдийн сүм дугануудаас хамгийн том нь болох Цогчин дуган нь өндөр чулуун суурин дээр түүхий тоосгоор өрж, шавардаж цагаан шохойгоор шохойдсон бөгөөд дээд эрмэгийг нь толиор тойруулан чимэглэсэн, төвд хэлбэрийн барилга байв.
No comments:
Post a Comment