Дарь эхийн сүмийн үлдэгдэл нь Улаанбаатар хотын Баянзүрхийн дүүрэгт Амгаланд байдаг. Их хүрээ нь нүүдлийн чанартай гэр ба гэр маягийн барилгуудаас бүрэлдсэн бөгөөд нүүдэллэж, олон газар байрлаж байгаад 1779 онд Туул голын хойд талд одоогийн байгаа газарт суурьшиж эхэлжээ.
Их хүрээний баруун талын хятад пүүсийг нүүлгэн Наймаа хотод нэгтгэсэн байна. Их хүрээ байгуулагдсантай холбогдож Наймаа хот үүссэн түүхтэй. Хүн ардын амьдралын хэрэгцээг хангах, арилжаа худалдааны ажлыг өргөтгөхөөр зорьж Их хүрээний газар хятад худалдаачдын Наймаа хотыг байгуулах болжээ. Үүнтэй холбогдуулан буддын шашны зан үйлийг хүндэтгэн жил бүрийн Майдар бурхан өргөх жагсаалын замыг боогдуулахгүйн тулд Их хүрээнээс арван газар/5 км/зайтай Улиастай голын адагт Наймаа хотыг байгуулжээ. Уг хотыг "Элбэг-Амгалант гацаа", Наймаа хот, Амгаланбаатар хот хэмээн туc туc нэрлэж байжээ.
Наймаа хотод долоон сүм байсны нэг нь Дарь эхийн сүм юм. Наймаа хотын хятад иргэдийн сүшиг бишрэлийг хүндэтгэж хотын зүүн өмнө талд Дарь эхийн сүмийг бариулжээ. Сүмийн барилгуудын хийц нь модон яс модтой, хөх тоосгон ханатай, муутуу цаас наасан сараалжин цонхтой байжээ. Сүм нь эргэн тойрон хөх тоосгон хэрэмтэи, хэрэм нь өмнө талдаа том хаалгатаи, зүүн талдаа жижиг хаалгатай. Гол сүм нь ар талдаа жижиг сүмтэй, уг сүмийн баруун зүүн талаар барьсан жижиг сүмүүдтэй байжээ. Гол сүмээс нэлээд урагш сангийн хүрэл тогоотой түүний өмнө талд боржин чулуугаар маш уран сийлсэн хоёр багана босгожээ.
Дарь эхийн сүм
Баруун талын чулуун баганад: "Олон тивийн амьтанг зуурдын орноос гэтэлгэн тэнхрүүлнэ", зүүн талын чулуун баганад: "Түмэн амьтныг их энэрэнгүй сэтгэлээр аварна" гэж хятадаар бичсэн байдаг. Гол сүмд хятад маягийн Дарь эх бурхны зургийг халхлан залсан, зүүн, баруун талын 2 давхар сүмд хашин хаан, цагаан өвгөнийг залсан байжээ. Сүмийн хурал номын талаар: Жил бүрийн зуны эхэн сарын арван тавны өдөр Дарь эх бурхны буултын өдөр хэмээн хуушаан нар хурал ном үйлддэг байна. Энэ өдрөөс эхлэн гурав хоног хятад ший тоглон, хятад, монгол хүмүүс цугларан, монгол эмэгтэйчүүд гоёл чимэглэлээ зүүж баяр ёслолын байдалтай өнгөрүүлдэг бөгөөд хүн бүр хүж асааж, цаас шатааж, хорин мөнгө өргөж мөргөл хийдэг байжээ. Сүмийн их хурлын үеэр өмнөх том хаалгыг нээж хүж зул асаан, бөмбөр дэлдэн, хонх цохиж, мөргөлчдийг хүлээн авч буян номыг үйлддэг уламжлалтай байв. М?н хуушаан нар хулсан төлөг үзэж өгдөг байна. Өвлийн цагт хуушаан лам нар сүмийн гадна чулуун довжоон дээр улаан олбог дэвсэж, хэнгэрэг балбаж, Дарь эх бурхныг тахидаг. Их хурлын үеэр чулуун багана дээр хятад үсэгтэй хар туг өлгөж ший жүжиг, янгуу тоглоход Баруун сүмийн давхар дээр заргачийн яамны монгол, хятад түшмэл, Зүүн сүмийн давхар дээр хуушаан лам, хятад ажилчид сууцгаан үздэг байжээ. Уг сүмийг 1937-1938 онд нураасан байна. Дарь эхийн с?мийн төлөвлөлт, хийц, гоёл чимэглэл, өнгө будаг зэрэг нь хятадын сүм хийдийн уран барилгын жишээ юм. Дарь эхийн сүмийн чулуун багана нь боржин чуулуун дээр хүн, амьтан, хээ угалз. бичиг үсгийг маш уран чадварлагаар сийлж хийснээрээ онцлог бөгөөд монголд 11м өндөр, уран хийцтэй ийм чулуун багана байхгүй. Иймээс уг хоёр чулуун баганыг 1994 онд улсын хамгаалалтад авсан юм.
1990 онд Дарь эхийн сүмд Түүх, соёлын дурсгалт зүйлийг сэргээн засварлах газраас бүрэн хэмжээний хэмжилт судалгаа хийсэн бөгөөд 1991 онд Гол дуганыг сэргээн засварлах зургийг хийж, 1994-1995 онд сэргээн засварлаж Дарь эхийн хурал хурж байна.
No comments:
Post a Comment