Sunday, July 20, 2008

Доголон Төмөр


Түүниий жинхэнэ нэр нь Төмөр. Энэтхэгээс Бага ази хүртэл асар уудам нутгийг байлдан дагуулж Ертөнцийг байлдан дагуулагч хэмээн алдаршсан Төмөрийг (1336-1405) өрнө дахинд Тамерлан нэрээр нь андахгүй. Нэгэн тулаанд шарх олсоны улмаас доголон болсоноор түүнийг ийн дуудах болжээ. Бас багадаа хүнд өвчин туссанаас ч доголон болсон гэдэг. Мэдээж хэрэг амьд ахуйд нь ойр тойрныхноос нь хэн ч ингэж дуудаж зүрхлэхгүй байсан нь ойлгомжтой.

Угсаа гарал

Монголын түрэгжсэн Барлас овгийн Төмөр нь 1336 онд Трансаксонийн Кеш тосгоны ойролцоо (Узбекстан) овгийн ахлагч Тарагайн гэрт мэндэлжээ. Энэ үед Цагаадайн удмын хаад бие биенээ халаад төв засаглал нилээд суларсан цаг үе байлаа. Багаасаа л ихэмсэг хүүхэд байв. Дандаа удирдагч, жанжин болж тоглодог бөгөөд бусад хүүхдүүдийн тоглоом наадааныг цаг үрсэн ажил мэтээр үзэж шатар тоглож, яруу найраг сонирхдог байжээ. Морь унахдаа эрэмгий байсан учраас тэр үед аавынх нь нулимс дуслуулан хэлсэн үгс их Александерын түүхийг санагдуулам байдаг.
Барлас болон Жалайр овгууд бол Цагаадай хааныг дагаж Туркестаны нутагт ирсэн овог,аймгуудын хоёр нь юм.

Төмөр ба Цагаадайн улс

1350-аад онд гэхэд Төмөр өөрийн ах дүүс, садан төрлийнхөнтэйгээ Трансаксоныг хуваан захирчээ. Ерөнхийдөө Цагаадайн улс хоёр хэсэгт бутарсан байв. Моголистаныг Дуглатын эмирүүд, Трансаксоныг Баян Сүлдүс тус тус захирч байжээ. 1360 онд Моголистаны дуглатын язгууртанууд өргөмжилсөн Цагаадайн улсын эзэн байсан Эсэнбух хааны хүү гэлцдэг Туглагтөмөр цэргийн хамт Трансаксонид цөмрөн орж ирэв. Бүх язгууртанууд түүнийг эзэн эрхийг хүлээн зөвшөөрөв. Төмөрийн авга ах Хажибег ч түүнийг хаан гэж үзсэн боловч айн зугтсан байна. Энэ нь Төмөрийн хувьд завшаан болж авгынх нь газрыг Туглаг-төмөр хаан түүнд захируулахаар өгчээ. Дараа жил Цагаадайн хаан нилээд хатуу цээрлэл ноёдод үзүүлж заримыг нь цаазлав. Харин сэргэлэн, зоригтой Төмөр хааны угсаа залгамжлах хүү Ильяс Хожагийн шадар туслагч болов. Гэвч өөрийг нь илүү том албан тушаалд томилох байх гэж найдаж байсан Төмөр өөр хүнийг баруун гарын ноёноор томилсон Туглаг төмөрт хилэгнэв. Ийнхүү бослого гаргатал Төмөрийг нутгийн ард түмэн идэвхтэй дэмжсэнгүй. Төмөрт зугтах л үлджээ. Эхнэр, өөрийн шадруудаа авч тэнүүчилсээр ууланд Нэгүдэр овгийн Хазаган (Казаган) эмирийн ач хүү, өөрийн эхнэр Ажайн ах Хуссейнтэйгээ учрав. Тэр бас хаанаас нуугдан тэнүүчилж байжээ. Өлсөх, даарах, нөхөддөө хаягдах, дээрэмдүүлэх гээд олон бэрхшээлийг туулсаар тэр хоёр өөрсдийн тойрон хүрээлэгчдийг бий болгож чадсан байна.

Алдрын зам

Овжин аргаар цагаадайн ноёдын цайз бэхлэлтүүдийг цөөн боловч чамгүй тоотой цэргийнхээ хүчээр эзэлж эхлэв. Трансаксониас хаан хүү Ильяс-Хожагийн монголчуудыг хөөж чаджээ. Нэгэн гол дээр болсон тулаанд Илья-Хожа өөрийн хаан эцэг Туглаг-төмөрийг нас барсан мэдээ авсанаар цэргээ Моголистанруу татжээ. Энэ нь Хуссейн, Төмөрийн хувьд амрах завшаан олгов. Гэвч удсангүй Цагаадайнхан дахин дайрч хэд хэдэн хотыг эзэлж, хоёр эмирийн цэргийг ялжээ. Золоор орон нутагт монголчуудыг эсэргүүцсэн хөдөлгөөн хүчтэй өрнөж, бүслэлт хийж байсан Цагаадайн улсын цэргүүдийн дунд халдварт өвчин гарсанаар дундад ази Моголистаныхнаас ангижирч Ильяс-хожа Цагаадайн улсыг нэгтгэх мөрөөдлөө үүрд алджээ.
Хуссейн Маверенхарыг эмир цолтойгоор өмнөх түрэг ноёдын адил Цагаадайн удмын тоглоомон хаадын өмнөөс захирч байв. Гэвч түүний бодлогогүй, цаваан зан нэр алдарт дуртай Төмөрт саад болж байсан нь тодорхой. 1370 онд Төмөр Хуссейныг түүний хүүхэлдэй хаан Кабул шахтай нь хамт хороогоод улсыг дангаар удирдах болов. Гэхдээ л тэр өөрийгөө Хаган буюу хаан гэдэг цолоор чимэж зүрхэлсэнгүй. 1368-1369 онд бусад ноёдоос болгоомжлохдоо Өгөөдэйн удмын Сюргатимишийг хаан хэмээж өөрөө түүний эмир болсон байна. Гэвч хаан титэмгүй жинхэнэ эзэн нь Төмөр байсан юм.
Төмөр ойр хавийн уулын афгани овгуудтай дайтаж, зүүн Ираны Сарбадаруудыг буулган авч багагүй газар нутагтай болсон.

Төмөр ба Алтан орд

1359 оноос Зүчийн улсад хаан ширээний төлөөх тэмцэл өрнөж нэгэн цагт хүчирхэг байсан тус гүрнийг хямралд оруулжээ. Гэхдээ Цагаан ордны Урус хаан Алтан ордыг бараг нэгтгээд байв. Үүнд нь эсэргүүцэл үзүүлсэн өөрийн садан Туйхожаг хороожээ. Түүний хүү Тохтамыш Төмөрлүү зугтсан байна. Төмөр түүнийг хил дагуух хотуудын захирагчаар томилсон боловч үүнийгээ эзлэх ёстой байв. Энэ бол Төмөрийн алсын хараатай бодлого байсан юм. Тэрээр дотроо зүчийн удмын хүнийг хаан болгосоноор Алтан ордыг хараатаа болгож, газар нутгаа өргөжүүлэхийг хүсчээ.
Тохтамыш түүнээс цэрэг авч 3 удаа Цагаан ордныхонтой тулалдсан бөгөөд сүүлд Төмөр өөрөө цэргээ удирдаж Уруст цохилт өгөхөөс нааш ялж үзээгүй байна. Шинэ хаан 1381 онд Алтан ордны нэгдмэл байдлыг сэргээж дараа жил нь татвар төлөхөөс тээршааж байсан Москвагийн вант улсыг шатааж 10,000 оросуудыг цаазлав. Ийнхүү 2 жилийн өмнө оросууд Куликовын тулаанаар монгол-татаруудыг ялсан нь тус болсонгүй. Төв болон өмнөд оросын бүх ван ноёд Тохтамышд сөгджээ.
Эрх мэдлийн оргилд хүрсэн Тохтамыш өвөг дээдсийнх нь эртнээс санаархаж ирсэн Өвөр кавказруу довтлож тонож дээрэмдээд буцжээ. Харин удалгүй энэ газар Төмөрийн цэргүүдэд эзлэгдсэн билээ. Гэвч дахиад л үүнийг үл тоомсорлон Төмөрийн дарангуйлалыг үзэн ядсан гүржийн вантай холбоо тогтоон Тохтамыш Азербайжанруу цөмөрчээ. Энд тэр Төмөрийн моголчуудтай (персээр Монгол гэхийг Могол, Могул гэдэг) тулалдав. Төмөрийн том хүү Жахангирийн туслах цэрэг амжиж ирсэнээр Алтан ордны армийг ухраажээ.

Тохтамышийн олзлогдсон цэргүүдийг Төмөр хооллож, хувцаслаад ихэд энэрэнгүй хандаж дахин ийм алдаа гаргахгүй байхыг эзэнд нь анхааруулаад буцаажээ. Тохтамыш Чингисийн удмын хүн байгаагүй бол тэр ингэхгүй байсан биз ээ.
Гэвч Тохтамыш Төмөрийг өрнөд перст Жалайрынхан болон Хар хонь, Цагаан хонь түрэгүүдтэй байлдаж байх зуур хорезмруу дайрч Самаркандыг бүсэлжээ. Төмөр даруй цэргээ татаж тэднийг ухраав. Ингээд хурилдай зарлаж Алтан ордруу дайрах шийдвэр гаргасан.
1394 онд Төмөр цэргүүдтэйгээ Хибчакын зэрлэг тал дундуур 2720 км замыг туулан Ижил мөрөн дээр Тохтамышийг гүйцэж ялжээ. Хэт хол удаан явсанаас цааш түүнийг хөөсөнгүй орхиж нийслэл Самаркандад буцав. Төмөр энэ удаа дайснаа дутуу үнэлсэн ч байж мэднэ. Тохтамыш Крымд хүчээ дахин бөөгнүүлж эхэлжээ.

Иймд перс дэхь Түрэг, монгол гаралтай эздийн байгуулсан улсуудад хүчтэй цохилт өгөөд Кавказаар дамжин Хипчакийн хаант улсруу дайрав. Замдаа бослого гаргасан Гүржийн вант улсыг хатуу гэсгээн цээрлүүлээд Тохтамышийн ард түмэнийг хүйс тэмтрэх аймшигт аянаа цааш үргэлжлүүлэв. Астрахан, Сарай хотыг эвдээд улам цааш аялж Азовьд очив. Крымийн хойгт 1280-аад оноос хойш Мөнхтөмөр хааны зарлигаар хэд хэдэн боомт хот эзэмшиж байсан Италийн Генуя хотын худалдаачид түүнд ая тал засаж угтсан боловч Төмөр дээрэмдэн, галдан шатаасан юм.
Цааш давшиж байсан Төмөрийн арми Оросын Ельц хотод тулж тус бяцхан хотыг эзлээд вангуудыг нь олзолжээ. Энэ үед Оросууд бусад европын орнуудтай нийлж түүний эсрэг загалмайтны аян дайн хийх тухай ярилцаж эхэлсэн байв. Тэдний азаар Төмөр эргээд явж замдаа Булгар, Аланчуудыг хядаад дундад азидаа буцсан.
Тохтамышийг Литваруу хулжин зугтсаны дараа Алтан ордын хаан ширээнд Төмөрхүтлүгийг гаргажээ. Төмөр одоо хойд хил дээр айх аюулгүй болов. Гэвч Кастилийн элчийн захианаас үзэхэд тэр шинэ хаанд төдий л итгэхгүй байсан бололтой.
Тохтамыш 1405 онд Төмөрөөс уучлал гуйж эвсэхийг хүсэн элч илгэжээ. Төмөр зөвшөөрөн үнэн сэтгэлээс бууж өгвөл дахин нэг мужын захирагч болгоход бэлэн буйгаа мэдэгджээ. Гэвч тэр хоёр ахиж уулзаж чадаагүй юм.

Энэтхэг рүү

Энэтхэгт хийсэн Төмөрийн аян дайн бол түүний хамгийн харгис аян дайнуудын нэг байсан юм. Энэ үеэс түүний хүний гавлын ясаар пирамид босгосон домог түгсэн билээ. Өмнөд персийн Мансур шагийг ялсаны дараа фарс, кирманы ард түмэн үүнийх нь золиос болсон юм.
Тухайн үеийн Делийн султант улс хямралд орсоныг Төмөр ашиглажээ. Умард хэсэгт хүчээ төвлөрүүлсэн Делийн султант улсын лалууд нь уугуул Хиндучуудтай мөргөлдөхөөс гадна хаан ширээ булаалдсан тэмцэлд татагдан орсон байв.
Төмөрийн арми 1398 оны 9-р сард Инд мөрөнг гаталсаны дараа Дели хот хүртэл ямар нэг хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсангүй. Зам дагуу хот, тосгодын шатаан, ард иргэдийг нь хүчирхийлсээр байсныгаа тэд буруу номтон Хиндичуудтай хийж буй ариун дайн гэж үзэж байв. Гэхдээ тэр цагт мусульман Насир-ад Дин Мехемуд султан тус орныг хаанчилаж байсан юм. Нийслэл Делийн гадна султаны армийг ялж хотыг нь дээрэмдэж, тоноод газрын хөрснөөс арчив. Султан нь зугтсан байна. Харин түүний олзлогдсон 100,000 хүнийг Төмөр цаазалжээ.
Энэтхэгээс олзолсон байлдааны заануудыг Төмөр хожим том тулаануудад ашигладаг байв.

Баруун хязгаарыг төвшитгөсөн нь

Жалайрын улсын эзэн Ахмед Тохтамыш, Оттаманы султан, Мамлюкүүдтэй Төмөрийн эсрэг холбоотны гэрээ байгуулсан боловч тэрээр хорогдох газаргүй болтлоо Төмөрийн армид нутгаа алдсаар байв. Түүний дээр Тохтамыш ялагдсан явдал одоо түүнрүү бүх анхаарлаа хандуулах боломжийг Төмөрт олгожээ. Оттаманы туркийн султан Баязид Ахмедийг аврах гол хүч байлаа. Адилхан Аллахыг шүтдэгийн хувьд тэр хүчирхэг хаантай дайтах чин эрмэлзэл Төмөрт байгаагүй юм. Хувь заяаны эргүүлэг л тухайн үеийн баруун азийн хоёр гол хүчийг хоорондоо дайтахад хүргэсэн. 1399 онд Төмөр сирирүү цөмөрч мамлюкийн томоохон армийг ялаад Дамаск, Аллепог эзлэн авчээ. 1400 онд армени, гүржийг дахин түйвээгээд бага азийн хилд өнгөлзөх болов. Ийм аюултай нөхцөлд оттоманчууд Балкан дахь байлдан дагуулалтаа зогсоож цэргээ эх нутагруугаа татаж эхэлжээ. 1401 онд Жалайрын улсын Ахмедаас Багдадыг булаан авч 20,000 иргэдийг нь хядаж, хотыг түймэрджээ.
Дараа жил нь Оттоманы туркийн Баязид султан өөрийнх нь нутагруу хүрч ирсэн Төмөртэй Анкара хотын ойролцоо түүхэнд Анкарын тулалдаан хэмээн алдаршсан том тулааныг хийжээ. Үүний дараа Оттаманы эзэнт гүрэн нэг хэсэгтээ зогсонги байдалд орсон юм. Баязид султан олзонд байж байгаад нас баржээ.

Сүүлчийн аян дайн

Хятадын Мин улсын эзэн хаан Хонъву (洪武帝) Хубилайн угсааныханы их Юан улсын залгамжлагч болсон гэж өөрийгөө үзэн 1370-аад оноос хуучин Их Монгол улсын эзэмшилд байсан улс түмэнд хараат болохыг шаардсан элчсийг илгээжээ. Үүнийг бас Монголын хаадаас ч давхар шаардаж байсан юм. Эхэндээ Төмөр эгдүүцсэн боловч үүнийг хүлээн авсан байна. Нанжин дахь засаг захиргаанд 3 удаа татвар төлжээ. Гэвч ертөнцийг байлдан дагуулагч хэмээх алдарыг хүртэж, Чингисийн эзэнт гүрнийг дахин сэргээхийг хүссэн Төмөрт энэ нь доромжлол мэт санагдсан юм. Мин гүрний цэргүүд монгол нутагт аюул учруулж, олон монголчуудыг хүйс тэмтэрсэнийг ч тэрээр дуулсан нь гарцаагүй.
Төмөр өөрийн итгэлт нэгэн жанжинг элчээр илгээж Монголын Энх хаантай холбоотны гэрээ байгуулжээ. Үүний хариуд Энх хаан Төмөрийн асрамжинд хожим Умард Юан улсын хаан Өлзиий Төмөр хэмээн алдаршсан ач хүү Буянширыг илгээв. Самаркандаас хил хүртэл бүх замыг аян дайнд зориулж сайтар бэлтгэсэн байна. Ач хүүгийнхээ найран дээр олон ноёдыг цуглуулж хятадад Лалын шашныг дэлгэрүүлье хэмээсэнд эмир, ноёд бүгд дэмжив. Өмнө нь ч Төмөр Кастилийн вангийн элчийн доогуур хятадын элчсийг суулгаж үгээр доромжилж байсан юм. Дайн зарласанаас хойш Хятадууд хил дагуу бэхлэлтээ чангалж, дайнд бэлтгэж эхэлсэн байна. 1405 онд цэргээ авч Хятадын Мин гүрэнтэй дайтахаар явж байгаад Бухар хотын орчимд өөд болжээ. Амьсгал хураахын өмнө үр удамд нь жанжид, ноёдоос нь үнэнч байх тангараг авч, ач хүү Пир Мухаммедийг гүрний хаан ширээг залгамжлуулахыг захисан байна. Ийнхүү Их цэрэг эзэн хаанаа оршуулахаар нийслэл Самаркандруугаа буцаж Хятад орон бас нэгэн аюулаас аврагдсан түүхтэй.

Төмөрийн өв

Байгуулсан эзэнт гүрэн нь бараг Төмөртэй хамт үгүй болсон. Хэдийгээр Төмөрийн үр удам нэг хэсэгтээ хүчирхэг байсан боловч тэдний хоорондын хэрүүл,тэмцэл хаан ширээний маргаанаас болж Хар хонь болон Мохаммед Шейбаны Узбекүүдийн шинээр гарч ирж буй хүчинг эсэргүүцэх чадваргүй болжээ. Цагаадайнхан ч үүнтэй зэрэгцэн тэдэнд аюул учруулах болсон аж. Харин түүний удмын Бабур 16-р зуунд энэтхэгт гарч Их Моголын эзэнт гүрэнг үндэслэжээ. Мэдээж Төмөр Чингисийн эзэнт гүрэнг дахин эмхлэн байгуулахын төлөө зүтгэсэн ч уг хоёр агуу суутны хооронд асар их ялгаа байсан юм.

Өнөөдөр энэ түүхэн хүний тухай ярихдаа янз бүрээр шүүмжлэлтэй хандаж байна. Зарим нь түүнийг харгис хэрцгий залхаан цээрлүүлэгч мэтээр бичсэн байхад бурхан мэт шүтэх нь ч бас байна. Үзбекчууд түүний гал голомт болсон Маверанхар, Трансаксонийг сахиж сууснаараа Төмөрийг үндэсний баатар гэж үздэг билээ.


No comments:

: