Ноён хутагт Д.Данзанравжаа одоогийн Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Галбын ууланд байгуулсан гурван хийдийн нэг энэ хийдийг Рийтэд ч гэж нэрлэдэг. Эл хийдийг байгуулсан тухайгаа ноён хутагт Д.Данзанравжаа өөрийн товч намтартаа "...Туулай жил Галбын хийдүүдийг бариулж дуусган Чойлонгийн хийдээс их улаан сахиусыг залвай" гэсэн байдаг. Улаан сахиус гэдэг нь Жамсран бурхан юм.
Энэ хийдэд бясалгал агийн ёсны хурал хурдаг байжээ. Хийд нь туйпуун ханатай төвд маягийн том дугантай бөгөөд түүнийг хадны агуйтай ханаар холбож байгуулжээ. Хананы наана сүсэгтэн олон үзэхэд зориулж хадан уул босгож дундуур нь ус урсгаж янз бүрийн үзмэрийн зүйлс байрлуулсан байжээ.
Агуйн хойд хэсэгт бурхан нь байсан бөгөөд хоёр талын хадан ууланд нь дээрхи үзмэрүүдийг байрлуулж наагуур нь хайс тавьсан байжээ. Галбын улаан сахиус нь маш том Жамсран бурханы дүр байсан бөгөөд түүний дээр нь лавир гэж хүний арьсыг дэлгэн хадсан, энэ арьс нь нуруугаараа үстэй байсан гэж нутгийн хууччуул хөөрдөг. Хийдийн хадны агуйгаас ханаар холбогдсон дуганаас одоо зөвхөн туйр л үлджээ.
No comments:
Post a Comment