Их бурхант
Өнгөрсөн зууны монголын соёл, түүхийн томоохон дурсгалын нэп болох "Их Бурхант" нь Дорнод аймгийн Халх гол сумын төв Сүмбэрээс хойш 35 км-т, Халх голын баруун эргийн тохойн 35 градусын налуу энгэрт оршино.
Халхын Сэцэн хан аймгийн Илдэн жун ван Бат-Очирын Тогтох төрийн /То-Ван/ /1797-1868/ санаачлага, удирдлагаар 1859-1864 онд бүтээсэн энэ дурсгал "Их шүтээн", "Их бурхант" хэмээн олноо алдаршжээ. Наймам аюулаас аврагч Жанрайсиг /Жигжид-жав/ бурханы дүр эл шүтээнийг То ван болон Сэцэн хан аймгийн хошуу ноёд, ихэс дээдэс чулуугаар хэвтээ байдлаар бүтээн залахаар шийдэж аймаг, хошуу нутгийнхны хандив хөрөнгөөр зуу шахам гар урчуудыг оролцуулж урлан бүтээсэн байна. 90 тохой буюу 30 метр уг бурханыг их, бага хоёр хүрээн дотор цогцлуулжээ.
Том хүрээ нь 220x97 метр бөгөд үүний дотор талд дунджаар 165x110 см хэмжээтэй 20 ланз үсгийг хэвтээ байдлаар шигтгэж, бага хүрээн дотор 200x110 см орчим 12 ширхэг суварга болон Их бурханыг тойруулан чулуугаар урласан 20 гаруй жижиг бурханы дүр бүтээсэн аж. Гэвч энэхүү гайхамшигт дурсгалыг XIX зууны эцэс XX зууны эхээр дорнод Хятадын төмөр замын хэд хэдэн будлиан, үймээний үеэр эхлээд эвдэн сүйтэгсэн байна. Сүйтгэл цааш үргэлжилж Ардын хувьсгалын дараа бурхан шашныг хавчин гадуурхагчдын ширүүн гарт өртөн чулуугаар нь барилгын суурь, малын хашаа саравч барьж үрэн таран болгосон билээ. Харин 1990-ээд оноос уг дурсгалыг хуучин байдлаар нь сэргээн бүтээх санаачлага гарч 1995-1997 онд холбогдох судалгаа шинжилгээ, малталт, сэргээн засах ажил тэнд өрнөсөн билээ. Ингээд 1997 оны намар сэргээн зассан Жанрайсиг бурханыг аравнайлж ёслол үйлдсэнээр XIX зууны соёл, түүхийн гайхамшигт цогцолбор энэ бүтээл хойч үеийхэнд бодит байдлаар уламжлагдан үлдэх боломжтой болжээ.
Их бурхантын Жанрайсаг болон бусад бурхад (сэргээсэн)
Их Бурхантын талаар академич Ш.Нацагдорж, Х.Пэрлээ болон Оросын эрдэмтэн А.П.Окладников, В.Казакевич нар зохиол бүтээлдээ дурьдаж байжээ. А.П.Окладников 1949 онд Халх голын сав нутгаар судал- гааны ажлаар явах далимдаа "Их Бурхант"-ыг үзээд гайхан биширч энэ дурсгал бол уг газар нутагт оршин тогтнож байсан хүчирхэг гүрний бүтээл болов уу. Энэ нь Х-Х! зуунд холбогдох байх хэмээн үзсэнийг нэрт эрдэмтэн, археологич Х.Пэрлээ залруулж XIX зуунд бүтээгдсэн болохыг баримтаар нотолжээ.
No comments:
Post a Comment