Ноён хутагт Д. Данзанравжаагийн говь нутагт байгуулсан олон хүрээ хийдийн нэг /Галбын уулын гурван хийдийн нэг/ болох Дэмчигийн хийдийн туйр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь Галбын уулын байц хадан дунд бий. Энэ хийдийг ноён хутагт Данзан Равжаа ирээдүй цагийг билэгдэн байгуулсан гэдэг бөгөөд Цогцалын хийд ч гэж нэрлэдэг.
Дэмчигийн хийдийн туурь
Дэмчигийн хийд бол давхар хэрмэн хашаан дотор есөн жангийн жантан бүхий төвд маягийн хоёр давхар сүмтэй, хойд хэсэгт нь хоёр гэр, эргэн тойрон жижиг дөрвийн зэрэг байшинг өмнө хойно нь барьсан, хэрэм нь том дааман хаалгатай байжээ. Мөн түүний дээд хэсэгт хоёр цонх бүхий гүндэ /сэхээвч/ байшинтай хоёр талд нь суваргатай жижиг хэрэмтэй байжээ. Сүмийн хойд хэсэгт голдоо давхарлиг бүхий их суваргыг тойруулан найман суварга босгож цэцгийн дэлбээ хэлбэртэй хэрмэн ханаар хүрээлжээ. Эдгээрийн үлдэгдэл одоо бий. Дэмчигийн хийдэд 30 орчим лам шавилан сууж ирээдүй цагийн хурлыг гүйцэлдүүлдэг байсан бөгөөд сүсэгтэн олны хүсэлтээр цагийн хурлыг хурдаг байжээ. Энэ сүмийг Ноён хутагт тоосго шатаалгаж бариулсан бөгөөд барилгын зарим нэгэн хэсгийг байгалийн хад чулууг бэлнээр ашиглаж хийсэн онцлогтой. 1937-1938 оны үед энэ хийд устгагдсан байна.
No comments:
Post a Comment