Ховд хотноо буй манжийн дарангуйллын үед холбогдох хэрэм бэхлэлтийн үлдэгдлийг Сангийн хэрэм / Сангийн хот/ гэнэ. Энэ хэрэм 300 гаруй жилийн түүхтэй юм. Манж амбан, түүний ордныхон, түшмэл цэргүүд байрлаж байсан Сангийн хот нь дорно дахины уламжлалт хэрмэн бэхлэлтийн нэгэн адил дөрвөлжин хэлбэртэй, жан цохисон шавран хэрэмтэй, хэрэм нь баруун, зүүн өмнө талдаа нижгээд хаалгатай, дөрвөн өнцөгтөө алсын бараа харах асартай, хэрмийн гадна талаар тойрсон усан хаалттай, түүн дээгүүр хаалга туc бүрийг тосуулсан модон гүүрүүдтэй байжээ.
Хэрэмийн өндөр нь 3 метр гаруй, өргөн нь 1,5 метр, эргэн тойрон 1,2 км байв. 1878 онд Ховдыг дайрч өнгөрсөн оросын жуулчин М.В.Певцов үүнээс арай өөрөөр уг хэрмийн өндрийг 4,5 м, суурийн өргөн нь 1,9 м, дээд талаараа 0,6 м байсан гэж бичсэн байдаг.
Сангийн хот өмнөд, хойд хоёр хэсэгт үндсэндээ хуваагдан өмнөд хэсэгт нь Ховд дахь манжийн Хэбэй амбан, сан, монголчуудын хэргийг эрхлэн шийдэх яамд, цэргийн байр бөөгнөрч байв. Сангийн хотын зүүн талыг худалдаа арилжааны том пүүсүүд эзэлж, баруун хойд өнцөгт нь хятад гоёмсог хийцтэй Гэсэр сүм, зэргэлдээ нь Цагаан өвгөн ба лал мөргөлтний сүм, баруунтай нь тусгайлан заагласан гацаанд гянданы газар зэрэг байрлаж байсан аж. 1912 онд Ховд хот манжаас чөлөөлөгдсөнөөс хойш Сангийн хот дээшилж дэвжилгүй нурж ноорсоор өдгөө түүний жан цохисон эмтэрхий сэтэрхий шавар хэрмийн турь төдийхөн үлдэж хэрмийн үлдэгдлийн доторхи тэгш талбайд хүнсний ногоо тариалах болжээ.
No comments:
Post a Comment