Монголчуудын өвөг дээдсийн цогцлон бүтээсэн олон арван хот суурины дурсгалын нэг нь Гуа дов хэмээх эртний хотын туйр юм. Уг дурсгал Төв аймгийн Баянжаргалан сумын нутаг Хэрлэн мөрний баруун этгээд Цагаан арал гэдэг газар /сумын төвөөс зүүн хойш 28 км зайтай/ оршдог. Гуа дов бол монголын аман зохиол, түүх сударт Бурхан Халдун уул, Онон, Хэрлэн мөрнүүдтэй эн зэрэгцэн дурдагдаж ирсэн бөгөөд нутгийн ардын аман домогт Чингис хааны отгон охины орд хэмээн хэлэлцдэг байсан түүхт газар билээ.
Гуа довын туйрын тойм зураглал
Гуа довыг мянга есөн зуун хориод онд Монгол улсын Судар бичгийн хүрээлэнгийн анхны дарга Онходын Жамъян нутгийн ард түмнээс сурвалжлан мэдэж анх олж үзсэн түүхтэй бөгөөд 1952 онд тэнд эртний судлаач Х.Пэрлээ малтлага хийж холбогдох он цагийг Хүннү гүрний үе буюу Х.Т.Ө II зуун - Х.Т I зуунд хамааруулжээ.
1952 онд археологийн шинжилгээ хийх үед уг суурин нь өмнө, хойд талдаа их хаалганы ор бүхий дөрвөлжин шороон хэрэмтэй, хэрмэн дотор түүнд тулгаж дотогш харуулж барьсан бяцхан барилгын оромтой, мөн хэрмийн төв хэсэгт "Гуа дов" хэмээн нэрлэгдсэн 3 м өндөр, 4 м өргөн, 56 м урт хэмжээтэй том шавар барилгын ор үлдэцтэй байжээ. Тэр үед Гуа дов хэрэм нь хэмжээгээрээ хойноос урагш 367 м, баруун зүүн тийшээ 360 м, хэрмийн өргөн 3,5-7,5 м, өндөр нь 50-70 см байсан бөгөөд Х.Пэрлээ энд нийтдээ 12 газар малтаж, дагтаршуулсан шавар шалд суулгасан барилгын баганын суурь чулуу (заримд нь модон баганы хугархай) үлдсэн байсан бөгөөд үүнээс дендрох-ронологийн шинжилгээ хийж Гуа довын холбогдох он цагийг нарийвчлан тогтоох боломжтойг илрүүлж, дээврийн ваарны хагархай, ширмэл ширдэгний хээтэй дөрвөлжин тоосгоны хэлтэрхий, шатсан туйпуу олныг гарган, хятад үсгийн хээтэй төмөр товч, шаазан савны хагархай зэрэг сонирхолтой олдворууд олсон.
Мөн шинжилгээний явцад хэрмийн зүүн урд өнцгөөс 190 м зайд нэгэн барилгын үлдцийг малтахад зүүн тийш хандуулан, хоёр хөлийг атийлгаж, нүүрийг хойд зүг харуулан, гар биеийг дагуулан баруун хажуугаар нь тавьж, чулуун зэвсгийн эцсийн үед холбогдмоор сумны ясан зэв дагалдуулсан оршуулга илэрчээ. Дээрх эх хэрэглэгдэхүүнд тулгуурлан X. Пэрлээ Гуа дов хэрмийг хүннү нарын мандсан үед холбогдох нэгэн тахилгын газар хэмээн үзсэн бөгөөд "Энэхүү барилга нь хүннү нарын өвөг дээдсийн хүүрийг хадгалсан бунхан байсан тул, хожим хүн эвдлэн малтаж, хүүрт дагалдуулсан зүйлүүдийг тоносон байж болохын гэрч нь энэхүү барилгын баганын суурь чулуунуудыг ихэвчлэн, анх суулгасан байрнаас сандаан хөдөлг?сөн хийгээд хүүрийн зарим /нэг гарын шуунаас урагш яс, нөгөө гарын бүтэн/ яс алга болсон явдал байж болох юм хэмээн бичжээ.
No comments:
Post a Comment