Wednesday, July 9, 2008

Улаанбаатар дахь гэр хэлбэрт модон дуган


Монголын уламжлалт уран барилгын дурсгалын нэг нь гэр хэлбэрт модон дуган бөгөөд түүний төлөөлөл нь хуучин Их хүрээний арван дацан 30 аймгийн сүм дуганаас үлдсэн Эрхэм Тойны, Вангаа, Эх дагины аймгийн гэр дуганууд юм.

Эх дагины аймгийн гэр хэлбэрт модон дуганууд. 1903 онд YIII Богдын хатан Дондогдуламын нэртэй дуганыг байгуулж Эх дагины аймаг гэж нэрлэсэн байна. Богдын хүрээний 30 аймгийн хамгийн сүүлийн аймгийн дуган бөгөөд уг дуганд Чойнхор бурхныг шүтээн болгож мянга орчим лам хурал хурж байжээ. Улаанбаатар хот дахь гэр хэлбэрт модон дугануудаас үлдсэн дугануудын хамгийн том нь Эх дагины аймгийн дуган юм. Эл дуганыг 1940 онд Улсын циркт шилжүүлсэн бөгөөд ардын зураач Намхайцэрэнгийн зураг төслөөр циркийн зориулалтаар өөрчлөн засварлаж одоо хүртэл ашигласаар байна.


Эрхэм Тойны аймгийн гэр дуганууд. Эрхэм Тойны аймаг нь ХYII зууны эцэст байгуулагдсан боловч гэр хэлбэрт модон дуганыг 1778 онд барьжээ. Түүний анхных нь Y, YI Богд Жавзандамбын үед баригдан 300-гаад лам хурал хурж байв. Тэдгээр дуганаас үлдсэн гурван дуганы том нь 19м голчтой, 6 м өндөр, голдоо зургаан баганатай, дөрвөн цагираг нуруутай , зассан чулуун суурьтай модон гэр юм. Нөгөө хоёр дуганыг нийлүүлэн барьж хаалгаар холбосон байна. үүний хойт жижиг гэр дуган нь 9,5м голчтой, 5м орчим өндөр, голдоо дөрвөн багана, засаагүй чулуун суурьтай, хаалга, цонхгүй зөвхөн урд жижиг гэрийг дамжин гадагш гардаг байжээ. Урд жижиг гэр дуган нь 7,5м голчтой, 4м орчим өндөр, засаагүй чулуун суурьтай, дөрвөн баганатай байжээ. Вангаа аймгийн гэр дуганууд. Вангаа аймгийн гэр хэлбэрт модон дуганууд 1790 оны орчим баригдсан бөгөөд 500-600 лам хурал хурж байжээ. Хийц нь Эрхэм Тойны аймгийн том дугантай ижил бөгөөд 19 м голчтой, 6 м өндөр юм.

Улаанбаатар хотын гэр хэлбэрийн дугануудад 1975-1976 онд хэмжилт судалгаа хийж, сэргээн засварлах зураг төсөл боловсруулан 1981-1982 онд сэргээн засварласан. Одоо эдгээр дуганд Дайшчойлин хийд буддын шашны хурал номын үйл ажиллагаа явуулж байна. Зүүн хүрээний гэгдэх гэр хэлбэрт модон дугануудаас үлдсэн эдгээр гэр дуганууд нь монголын үндэсний архитектурын дурсгал учраас 1971 онд Улаанбаатар хотын хамгаалалтад, 1994 онд улсын хамгаалалтад авчээ. Энэ дугануудыг барихад монголчуудын хамгийн түгээмэл сууц гэрийн үндсэн хийц, зохиомжийг үндэслэн түүний орон зайн зохиомж, бүтээцийг үргүжүүлэн бүтээлчээр зохион төлөвлөсөн байдаг.


No comments:

: