Tuesday, July 8, 2008

Баянбулагийн туйр


Өмнөговь аймгийн Номгон сумын хоёрдугаар багийн нутаг Баянбулаг гэдэг газар, сумын төвөөс урагш 30 гаруй км зайтай газар энэ туйр бий.

Туйр бороо салхи болон малым хөлөөр талхлагдан эвдэрч эдүгээ хэрмийн хойд тал, хана харьцангуй бүтэн үлдэж, баруун талын ханын үлэмж хэсэг, мөн зүүн тал нь огт мэдэгдэхгүй болжээ. Дэнжийн дор хоорондоо холбоотой хоёр овгор байх бөгөөд Х.Пэрлээ үүнийг хогийн газар гэж үзсэн. Хэрмийг шороо дагтаршуулан хийсэн бөгөөд хойд тал нь 180 м, /ханын өргөн 10-16 м/ баруун тал 110м урт болно. Хойд талын хоёр овгор нь нэлээд өндөр, ойролцоогоор хоёр метр орчим. Энд харуул хамгаалалтын газар байрлаж байсан бололтой. Хэрмийг чанх хойд зүгт харуулан барьжээ.


Баянбулагийн туйрын тойм зураглал

1957 онд Х.Пэрлээ туйрыг судлан дэвсгэр зураг хийж тодорхойлоод, хэрмийн урд талд буй "хогийн" үлдцээс хүннүү улсын үеийн хээтэй шавар ваарны хагархай, төмөр шилбэтэй хүрэл зэв зэрэг зүйлийг олжээ. Мөн эндээс шавар сав шатаасны үлдэц, төмрийн баас их олдсон тухай дурдаад тэнд хуучин тариа тарьж байсан ор байдгийг мэдээлсэн. Үүний дараа 1976 онд Д.Наваан очиж хэрмийн баруун хойд талын овгор "хогийн" үлдцэд сорилтын малталт хийгээд у-шу зоос, зориулалт нь үл мэдэгдэх хүрэл эдлэл, ваар савны хагархай зэрэг зүйл олж, он цагийн хувьд хүннүгийн үе, ХII-ХIV зууны үеийн дурсгал гэж үзжээ.

1990 онд ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн "Хүннүгийн дурсгал судлах анги" Баянбулагийн туйрыг хоёр хэсэг газарт бага хэмжээгээр малтан судалж түүхий тоосгоор өрсөн барилгын үлдэгдлийг илрүүлж ваарны хагархай, хүрэл зэв, у-шу зоос, элдэв төмөр эдлэлийн үлдэгдэл, хүрэл толины хагархай, хүрэл тамга, зориулалт нь үл мэдэгдэх хүрэл төмөр эдлэлийн үлдэц зэрэг судалгааны ач холбогдол бүхий олдворууд олсон байна. Тус хэрмээс олдож буй эх хэрэглэгдэхүүнээс үзэхэд Баянбулагийн турь хүннү улсын үед холбогдох нь тодорхой бөгөөд зарим судлаачид эндээс жинхэнэ хүннүгийн төрхт ваар сав гараагүй баримтыг хятад сурвалжийн мэдээтэй харьцуулж үзээд энэ нь Х.Т.Ө 123 онд хүннүд хятадын хань улсаас дагаар орсон Жао Синь гэгч жанжинд зориулан босгосон Жао Синь чен хэмээх балгас байж магадгүй гэж бичсэн байдаг.


No comments:

: